-Гэвч огруулах, орны хүнийг тмилох шийдвэр В.Медведевийн гарын үсэгтэй байв-
Роснефтийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь Европ, Азийн зах зээлд гардаг. Харин Монгол Улс тус компаниас нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг авдаг. Тэгэхээр “Роснефть” компанийн зүгээс гаргасан аливаа шийдвэр Монголын зах зээлд шууд буудаг билээ. Энэ даваа гаригаас тус компани шинэ удирдлагатай болсон. Хэдийгээр захирлуудын зөвлөлийнх нь гишүүд өөрчлөгдөөгүй ч 12 жил тус компанийг толгойлсон ерөнхийлөгч нь огцорлоо.
Хэдхэн өдрийн өмнө “Роснефть” компанийн ерөнхийлөгч Сергей Богданчиков огцрох талаар мэдээлэл тархсан. Гэвч тэрээр өөрөө энэ мэдээллийг үгүйсгэн “Роснефтийг ямар ч шалтгаанаар орхих бодолгүй байна. Би бол хувьцаа эзэмшигч, ерөнхийлөгч, түүнээс гадна захирлуудын зөвлөлийн гишүүн” хэмээн мэдэгдэж байлаа. Харин түүнийг огцруулах шийдвэр аль зургадугаар сарын эхээр гарчихсан байсан гэдгийг зарим нэгэн эх сурвалж баталж байгаа аж.
2007 онд анх Богданчиков огцрох гэж буй талаар хэвлэлүүд шуугиж байсан ч энэ бодит мэдээлэл биш байлаа. Харин энэ оны зургадугаар сарын 29-нд түүний хувьд Роснефтийн ерөнхийлөгчөөр ажиллах гэрээний хугацаа нь дууссан . Гэхдээ яагаад түүнийг зургадугаар сарын эхээр огцруулах шийдвэр гарсан бэ гэхээр түүний байнга эсэргүүцэж байсан “Crescent Petroleum” компанитай “Роснефть” Шарджэд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ерөнхийлөгчийн үүрэг оролцоо бага байсныг илтгэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ үед л түүний орны хүний асуудал тавигдаж эхэлсэн байна.
Үнэндээ Богданчиков бол Роснефтийг үндэслэж, хөл дээр нь босгосон гэхэд маргах хүн үгүй. Түүнийг 1998 онд тус компанийн удирдлагаар томилогдон ирэхэд дампуурах дөхсөн олон компанийн цуглуулга болчихсон , одоо сард олборлодог нефтээ л жилд олборлож байв. Өөрөөр хэлбэл жилд 12 сая тонн нефть л олборлож байжээ. Тэрээр маш хурдан компанийнхаа хувьцааг цэгцэлж, удирдлагыг төвлөрүүлж чадсан юм.
Ийн Роснефтийн ашиг маш хурдан өсч эхлэв. ЮКОС-ын хувьцааг худалдаж авах чадалтай болж, 2006 оноос IPO хийсэн нь олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний компани болгосон. Түүнийг В.Путины хүн гэж улс төр бизнесийн хүрээнд хүлээн зөвшөөрч эхэлжээ. Тиймээс ч байр суурь нь олон жил ганхаагүй гэж хэлж болно.
Гэвч Роснефть бол улсын мэдлийн компани. Томоохон шийдвэрийг захирлуудын зөвлөлийн хурлаас гаргадаг. Захирлуудын зөвлөлийг нь Ерөнхий сайдын орлогч Игорь Сечин тэргүүлдэг.
Харин Богданчиковын зарим шийдвэр, үйлдэл Сечинд таалагдаагүй учраас түүнийг огцруулах асуудлыг түргэвчилсэн гэдэг. Өмнө нь Богданчиков Сечин нарын таагүй харилцааны улмаас захирлуудын зөвлөөлийн шийдвэрээр хэмээн команданд нь ажиллаж байсан хэд хэдэн голлох хүнийг нь халсан байна. Харин Богданчиковыг халахыг В.Путин хүлээн зөвшөөрдөггүй байсан гэдэг.
Тиймээс ч Богданчиковыг огцруулж орны хүнийг томилох тушаал Ерөнхий сайдын биш Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ирсэн аж. Уг нь энэ асуудлыг шийдэх гол үүрэгтэй хүн нь В.Путин.
Харин Роснефтийн шинэ удирдагчаар сонгогдсон Эдуард Худайнатов бол “Газпром”-ын “ бүтээгдэхүүн. Тэрээр 2008 онд Роснефть-д томилогдож ирэхээсээ өмнө “Севернефтегазпром”-ын удирдлагаар ажиллаж байсан. Харин яагаад Сечин түүнийг онцлох болов. Зарим эх сурвалжид бичсэнээр тэр бол Сечинтэй тийм ойр нэгэн биш бололтой. Харин захирлуудын зөвлөл Эдуард бол шударга нэгэн гэдгийг л нэг дуугаар зөвшөөрч.
Харин шинэ ерөнхийлөгч бол нефтийн мэргэжилтэн биш. Тэгэхээр Богданчиков шиг шийдвэрүүд гаргаж чадна гэдэгт эргэлзэх хүн олон. Тэр бол төрийн түшмэл. Албаны эр гэсэн үг. Тиймээс түүний шийдвэрүүд нь улс төрийнх байх болно гэж шинжээчид үзэж байна. Харин хөрөнгө оруулагчдын хувьд түүнээс дөлөх ямар ч шаардлагагүй гэнэ. Эдуард бол маш сайн гүйцэтгэгч байна гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм.
Сүүлийн хэдэн өдөр В.Путин, И.Сечин нар хаалттай хаалганы ард хэд хэдэн удаа уулзжээ.Мэдээж тэдний ярьсан сэдэв нь Богданчиковын орны хүнийг томилох. Ямар ч байсан орны хүнийг олжээ. Харин Богданчиков одоо хаачих бол гэдэг асуулт олон хүний анхаарлын төвд байна. Тэрээр улс төрд хутгалдах тун дургүй нэгэн. 2008 онд Нэгдмэл Орос намаас Думын гишүүнд нэр дэм жих санал Богданчиковт тавьсан ч хүлээж аваагүй юм. Харин түүнийг В.Путины толгойлж буй Засгийн газрын Эрчим хүчний сайдаар томилох байх гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл одоогийн Эрчим хүчний сайд Шматко суудлаа чөлөөлөх хэрэгтэй болно.