Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Билэгт: Манай компани оршин суугчдаа дарамтгүй амьдруулж чаддаг

“Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгттэй ярилцлаа.

-Цаг наашилж барилгын салбарынхан ажлаа эхлэх нь. Танай компанийн хувьд энэ жилийн барилгын ажлын бэлтгэл хангагдсан уу?

-Манай хамт олон 2012-2013 онд “Сэлэнгэ 888” хорооллынхоо хоёрдугаар ээлжийн барилгыг дуусгаж Улсын комисст хүлээлгэж өглөө. Төлөвлөгөө ёсоор энэ жил хорооллынхоо “C” хэсгийг барьж эхлэх учиртай. Гэсэн ч манай хамт олон “С” хэсгийнхээ барилгын суурийг өнгөрсөн онд тавиад, ихэнхийг нь барьчихсан учраас ирэх сард Улсын комисст хүлээлгэж өгнө. Ирэх сарын 15-наас хорооллынхоо дөрөв, тавдугаар хэсгийн суурийг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

-Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж эдийн засаг доголдох нь гэсэн мэдээлэл гарах боллоо. Валютын ханшийн өсөлт барилгын салбарынханд яаж тусахаар байна вэ?

-Ажлаа эхлэхэд ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалаад хүндрэлтэй байгаа нь үнэн. Өнгөрсөн жилийн өдийд ам.доллар 1460 төгрөгийн ханштай байсан. Харин өнөөдөр тэр үеийн ханшаас даруй 300 төгрөгөөр өсчихлөө. Тэр хэрээр барилгын материалын үнэ нэмэгдэж байна. Барилгын материал, түүхий эдийн үнэ өсч байгаа учраас барилгын салбарынханд хүнд тусах нь гарцаагүй. Гэхдээ валютын ханш өслөө, хэцүү боллоо гээд зүгээр суухгүй. Улс эх орныхоо өмнө үүрэг хүлээж “Сэлэнгэ 888” гэдэг том төсөл хэрэгжүүлж байгаагийн хувьд аль болох чанартай материалаар бат бөх орон сууц барихаар төлөвлөгөөгөө гаргаад, бэлтгэлээ базааж байна. “Сэлэнгэ 888” төслийн хүрээнд 540 айлын орон сууц барих учиртай. 2012 оноос хойш 220 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна.

-Барилгын салбарынханд ажиллах хүч гэж том асуудал бий. Ихэнх нь Хятад, БНАСАУ-аас ажилчид авдаг. Танай компанийн хувьд?

-Манай компанид нэг ч гадаад ажилчин байхгүй. Монголчуудаа сургаад, ажиллуулаад байхад хүндрэл алга. Компанийн үндсэн ажилтан 70 гаруй хүн бий. Үүнээс гадна улирлын чанартай, гэрээт ажилчидтайгаа нийлээд 180 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Тэд маань өдийгөөс арваннэгдүгээр сар хүртэл уйгагүй ажилласны хүчинд төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг. Бид төлөвлөгөөндөө жилд нэг орон сууцны нэг блокыг барих төлөвлөгөөтэй байсан ч өнгөрсөн хоёр жилд давуулан биелүүлсэн. Ингэж сэтгэлтэй, урам зоригтой ажиллаж байгаа хамт олноо бололцооныхоо хэрээр урамшуулахыг хичээж байна. Хамт олныхоо дунд байнга шахам уралдаан, тэмцээн зохион байгуулдаг. Үүнийгээ дүгнэж хэд, хэдэн хүнийг орон сууцаар шагнасан. Салбарын яаманд тодорхойлолт гаргаж өгсний дүнд нэлээд хэдэн ажилчин маань “Хүндэд барилгачин”, “Барилга, хот байгуулалтын яамны жуух бичиг”, “Барилга, хот байгуулалтын яамны хүндэт ажилтан” зэрэг цол тэмдгээр шагнууллаа. Олсон орлогоо зөвхөн өөртөө, компанидаа шингээгээд байлгүй хамт олондоо зориулаад байхаар ажилчдын сэтгэл зүрх ч нэгдэж чаддаг юм байна.

-540 айлын орон сууц барина гэдэг том бүтээн байгуулалт. Төрөөс дэмжлэг авч байгаа юу. Эмэгтэй хүн барилгын салбарт ажиллахад хүнд байдаг болов уу?

-Барилгын салбарынхны дэмжсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй. Бор зүрхээрээ ажиллаад өдий хүрч байгаа. Энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүдтэйгээ холбоотой байдаг. Эмэгтэйчүүд шавар зуураад явахгүй ч гэсэн нарийн чимхлүүр ажлыг олж хардаг юм байна. Хоёрдугаарт, сэтгэл зүрхээ зориулаад ажиллаж байгаа учраас тууштай, үр дүнг нь харж чаддаг. Ажилчидтайгаа өдөржин хамт байж, эх хүний сэтгэл зүрхээр хандахад нэг айлынхан шиг эвтэй байдаг. Тэр хэрээр амжилттай байдаг юм байна.

-Орон сууцны үнэ хөөсөрч байна. Барилгын салбарынхан үнийг хөөрөгдлөө гэж ярих юм. Энэ салбарт үнэхээрийн хөөрөгдөл байна уу. Эсвэл бодит үнэ үү?

-Эрэлт ихсэхээр барилгын салбарынхан үнээ хөөсрүүлчихлээ гэдэг яриа байдаг. Гэхдээ найман хувийн хүүтэй зээл олгож эхэллээ гээд үнэ нэмэгдэж мэдрэгдээгүй. Манай компани гэхэд төсвөө урьдчилаад баталчихсан. Төсөвт заасан үнээрээ л орон сууцаа борлуулж байгаа. Үүнд эрэлт нөлөөлөөгүй. Нэг ам.метр талбайн үнээ 1.5 сая орчим төгрөгөөр борлуулж байгаа. Энэ үнэ өнгөрсөн жил ч, одоо ч тогтвортой байна.

-Танай компанийн хувьд орон сууцны үнэ харьцангуй хямд юм байна. Дундаж орлоготой өрхөд зориулсан бага талбайтай орон сууц барьж байгаа юу?

-Манай орон сууцны хувьд дундаж орлоготой иргэдэд зориулсан. Өөрийн гэсэн онцлогтой. Нэг давхарт байгаа есөн айлын гурав, дөрөв нь хоёр гурван өрөөтэй. Бусад нь нэг өрөө. Гэхдээ нэг өрөө байр нь гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа иргэдэд зориулсан 29.5-38 ам.метр талбайтай байдаг.

-Хорооллын хэлбэр дизайны хувьд ч онцлогтой юм. Тагтан дээрээ үндэсний хээ шигтгэх санаа яаж төрсөн бэ?

-2012 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Ноёд констракшн” компанийг худалдаж авахад улсад татвар төлдөггүй, үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан. Ингээд тавдугаар сараас эхлээд улирал бүрт татварын тайлан гаргаад, ажилчдаа нийгмийн даатгалд хамруулж эхэлсэн. Ингэж хуулийн дагуу ажиллаад эхлэхээр судалгааны байгууллагууд чиглэл, чиглэлд нь үзүүлэлт гаргадаг юм байна. Судалсны дүнд манай компанийг “Нийгмийн даатгалын түнш байгууллага”-аар хоёр удаа шалгарууллаа. Найдвартай татвар төлөгч байгууллагаар бас шалгарсан. Өнгөрсөн жил орон сууцныхаа тагтан дээр алхан хээ тавьж, нийслэлийнхээ өнгө үзэмжид нэмэр болохыг зорьсон. Хээ тавих нь чимхлүүр ажил ихтэй юм. Энэ нь иргэдийн таашаалд нийцэж л дээ. Тэр утгаараа Барилгын салбарт үндэсний брэндийг нэвтрүүлэгч анхны компаниар шалгарлаа. Сэтгэж, зүрх сэтгэлээ зориулсан бүхнийг ард түмэн дүгнэдэг, үнэлдэг юм байна гэж баярлаж сууна.

-Шинэ орон сууц авсан иргэд СӨХ ажилласангүй, халаалт муу байна гэх зэрэг гомдол тавих нь их байдаг. Танай хотхоны оршин суугчдын сэтгэл ханамж хэр байгаа вэ?

-Манай компани оршин суугчдаа дарамтгүй амьдруулж чаддагаараа онцлогтой. Учир нь СӨХ, ашиглалтынхаа үйлчилгээг өөрөө хариуцдаг. Сар бүр оршин суугчдынхаа цахилгаан, ус гээд хэрэглээнийх нь мөнгийг компаниасаа төлчихдөг. Тэгэхээр иргэд банкинд очиж мөнгө төлөх дарамтгүй. Компанид хэрэглээнийхээ мөнгийг тушаачихдаг юм. Өнөөдрийн байдлаар манайхаас байр авсан нэг ч хүн гомдол мэдүүлж ирээгүй.

-Энэ хотхон төвийн дулаанд холбогдоогүй. Дулаанаа яаж шийдсэн вэ. Энэ нь оршин суугчдад хүндрэл учруулж байна уу?

-Төвийн дулаанд холбогдоогүй гэхээр халаалтгүй байр гэж ойлгох нь бий. Орчин үед төвийн дулаанаас гадна өөр олон аргаар халаалтыг шийдэх боломжтой. Манай хотхон төвийн дулаанд холбогдох боломжгүй байршилтай. Тавдугаар цахилгаан станц 2015 онд ашиглалтад орохоор Баянзүрх дүүргийн нутагт баригдаж байгаа бүх орон сууцыг дулаанаар хангах боломжтой гэсэн. Тэр хүртэл халаалтаа компанийн зүгээс шийдсэн. Германаас халаалтын зуух захиалж авчруулаад өөрсдөө дулаанаа тавиад эхний барилгаа ашиглалтад өгсөн. Ингэхэд төвөөс дулаан авснаас илүү халж, оршин суугчид үнэхээр сэтгэл хангалуун байсан.

-Оршин суугчид төвөөс дулаан авч байгаагаас илүү өртөг төлөх үү?

-Зөрүү гардаг. Гэхдээ энэ зөрүүг оршин суугчид биш компани төлдөг. Оршин суугчид төвөөс ямар үнээр дулаан хэрэглэдэг түүнийгээ л төлдөг. Төвөөс дулаан татаж авах нь харьцангуй бага зардалтай. Өөрөө дулаанаа шийдээд гадаадаас чанартай, хүчин чадал өндөртэй зуух авчирахад зардал нэлээд гарсан нь нууц биш. Энэ зардал барилгын төсөвт тусгагдаагүй.

Цахилгаанаар ажилладаг зуух учраас цахилгаан тасрахад яахаа бас шийдэж өгсөн. Тиймээс өөрөөсөө цахилгаан үүсгүүртэй байгууламжийг хийлээ. Дөрвөн цаг шатахуунаар ажиллах автомат генератор байрлуулсан учраас оршин суугчид дулаанаар тасалдана гэсэн ойлголт байхгүй.

-СӨХ, ашиглалтаа өөрөө хариуцдаг барилгын компани цөөн. Танай компани цаашид ч оршин суугчидтайгаа хамт байх уу?

-“Сэлэнгэ 888” орон сууцны төсөл нь зургаан жилийн дотор 13 давхар таван орон сууц барих учиртай. Манай компани өнгөрсөн хоёр жилд гурван барилга барьсан гэдгийг дээр ярьсан шүү дээ. Тэгэхээр 2015 онд таван барилгаа бариад, тохижилтыг нь хийнэ. Хүүхдийн тоглоомын талбай, зогсоол, цэцэрлэг гээд нэлээд том тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ маань хоёр жилд хийгдэнэ.

Д.ЭРДЭНЭ

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан