Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчин цагаар аялах ”Бремен хотын хөгжимчид”

Нэгэн үе уран бүтээл туурвидаггүй унтаа хойрго хэмээн шүүмжлэлд өртөөд байсан “Улаанбаатар чуулга”-ын уран бүтээлчид Германы алдарт зохиолч ах дүү Гриммийн “Бремен хотын хөгжимчид” үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт” дуулалт жүжгээ үзэгч түмэндээ өргөн барихад бэлэн болжээ. Бүтэц, зохион байгуулалт гээд багагүй шинэчлэл хийсэн эл чуулга энэ сарын 7, 8, 9-нд ээлжит уран бүтээлээ та бүхэнд толилуулах юм. Шинэ уран бүтээлийн бэлтгэлийг шимтэн сонирхохоор “Улаанбаатар чуулга”-ыг зорилоо. Өнгө засч үзэгч түмнээ хүлээн авахад бэлэн болсон чуулга багагүй засвар үйлчилгээ хийн барилга байшингаа ч засч сэлбэжээ. Мөн чуулгын хамт олон ч тайз, дэлгэц, сонгодог урлагийн сор болсон залуу уран бүтээлчдээр эгнээгээ тэлснийг энд дурдах нь зүйтэй болов уу. Нэг үгээр, шинэчлэлт, шинэ бодлого төлөвлөлт, шилдэг уран бүтээлчдээр “цус сэлбэсэн” чуулга үүдээ нээн үзэгч түмнээ урин залж байна.
Сурвалжлага хийхээр очвол чуулгын төв тайз руу хөтлөх урт хонгилын мухраас уянгалаг дуу хуур эгшиглэн бэлтгэл сургуулилт болж буйг илтгэнэ. Тайзны арын хаалгаар орвол дуулж хуурдах уран бүтээлчид бүдэг гэрэлтэй тайзыг хэдийнэ эзэгнэжээ. Үзэгчдийн суудлаас өндийн босч бүжигчдийг гараараа дохиж занган байр байдлыг нь эзлүүлэх хүн хамгийн түрүүнд нүднээ тусав.
Энэ хүн бол Оросын холбооны Буриад улсын Төрийн шагналт залуухан найруулагч Олег Юмов юм. Өдгөө 30 дөнгөж гарч буй залуу найруулагч “Анхны үнсэлт” дуулалт жүжгийг “амь оруулах”-аар манай жүжигчид, дуучидтай хамтран ажиллаж байгаа аж. Монголоор шаггүй ярьчихдаг тэрээр үзэгчдийн суудлын дунд жижиг ширээний гэрэлд жүжгийн зохиолоо барьсаар суухад нь уулзаж цөөн хором ярилцсан юм.

ОЛЕГ ЮМОВ: Алтан загасны үлгэр шиг л алдартай зохиол

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Монголд мэргэжлээрээ ажиллаад чамгүй удаж байна. Найрсаг, элгэмсүү их сайхан ард түмэн. Урлагийн бидэнд уран бүтээлчидтэй нь хамтран ажиллахад ямагт таатай байдаг. Танай сонины уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.
-Таны найруулан тавьж буй энэ удаагийн жүжиг их шинэлэг санагдлаа. Нэгдүгээрт, үлгэрээс сэдэвлэсэн учраас тэр. Хоёрдугаарт хөгжмийн найруулгын хувьд?
-Тийм ээ. Би хэтэрхий энгийн, хэлбэрт баригдсан юманд дургүй хүн. Тиймдээ ч хэзээд шинэлэг байхыг эрмэлздэг. Энэ нь ч надад эрч хүч, их таашаал төрүүлдэг. Бусдаас өөр байх нь миний арга барил гэх юм уу. Юутай ч үлгэрээс сэдэвлэн өнөөгийн залуусын хайр дурлал, хамтын амьдрал, анхны бүхнийг ямар ариун нандин бас ч гэж ээдрээтэй байдгийг харуулахыг зорь­сон. Мөн жүжиг, мюзикл маань хөгжилтэй хөөртэй, уйтай гунигтай гээд олон ч үйл явдал, өрнөлүүдээр баян. Би үзэгчдийг өчүүхэн төдий ч уйдаахаас айдаг. Тэд театрт уярах гэж, уйлах гэж, уйдахгүй гэж ирсэн атал бидний бэлтгэсэн хөтөлбөр, уран бүтээл уйдаагаад байвал жинхэнэ эмгэнэл. Би үүнээс л их айж эмээдэг дээ. Яагаад гэвэл бид чинь “урлагийн” гэх их том алдар нэрээр овоглосон хүмүүс.
-Тийм шүү, тантай санал нэг байна. Хөгжмийн найруулгын хувьд?
-Хөгжмийн хувьд “A Sound” хамтлагийн залуусыг энэ жүжигт яг тохирно гэж бодсон. Тиймдээ ч тэднийг сонгосон. Тоглолд эхлэхээс аваад дуусах хүртэл 30 гаруй дууг хамтлагийн залуус амьдаар тоглоно.
-Монголчууд энэ зохиолыг төдийлэн сайн мэдэхгүй юм шиг?
-Магадгүй ээ. Гэхдээ энэ бол үнэхээр мундаг зохиол. Хэдий Германы ах дүү Гриммийн зохиол ч гэлээ Орос оронд ихэд түгэн дэлгэрсэн, тун ч алдартай. Ер нь, сүүлийн жилүүдэд ах дүү Гриммийн зохиол бүтээл, үлгэрүүд их эрэлттэй байгаа. Тэдний гайхалтай зохиолуудаар кино уран бүтээл туурвиж байна. Тайз дэлгэцийнхэн ч тэр тэдний зохиолуудаар жүжиг, дуурь, дуулалт жүжиг буюу мюзикл хийдэг. Орост гудамжинд яваа ямар ч хүнээс энэ зохиолыг асуувал андахгүй сайн мэднэ.
-Яг л Алтан загасны үлгэр шиг үү?
-Тэгэлгүй яахав, Алтан загасны үлгэр шиг л алдартай зохиол.
-Таныг өмнө нь “Black Box” театрт хоёр ч жүжиг найруулан тавьсныг мэдэх юм байна. Хамгийн сүүлд “Сандлууд” жүжгийг найруулсан гэсэн?
-Гурав. Би Монголын уран бүтээлчидтэй хамтран ажилласаар нийт гурван жүжиг дээр ажилласан. Ер нь, монголын жүжигчид хамтран ажиллахад хамгийн хялбар хэр нь үнэхээр бахдам байдаг. Хөнгөхөн хэр нь дүрдээ гайхалтай ордог шинэ залуу жүжигчдийг цөөнгүй нэрлэж болно. Тэр тусмаа тайзны уран бүтээлд Монголын жүжигчид жинхэнэ шилдгүүд байж чадна.

 М.СОНОР: Үнэнч хайр гэж юу болох, үнэ цэнэ нь юунд оршдогийг ойлгуулна


Рок хэмээн олноо танигдсан хөтлөгч Мөнхсайханы охин Сонорыг чөлөөт уран бүтээлч гэдгээр нь залуус андахгүй. Хөгжим бүжгийн коллежийг Төгөлдөр хуурч мэргэжлээр дүүргэн мөн Хятад хэлний багш, орчуулагч мэргэжил давхар эзэмшсэн түүнийг урлагийнхан дундаа чамгүй өндөр боловсролтой нэгэн гэлцдэг юм билээ. Тэрээр, уран бүтээлээ түр завсарлан урд хөршид магистерт суралцаад ирсэн аж. Ирсэн даруйдаа эргэн уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа тэрээр Хаус хөгжмийн шинэхэн цомгоо бэлэн болгосон аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Дүрийнхээ тухай ярихгүй юу?
-“Анхны үнсэлт” нэртэй “Бремен хотын хөгжимчид” зохиолоос сэдэвлэсэн энэ дуулалт жүжигт гүнжийн дүр бүтээж байна. Бусад гүнж нараас юугаараа онцлог юм гэвэл хэдий ганцаардмал ч гэсэн их эрэлхэг, зоригтой гүнж. Гэхдээ ордонд удаан амьдарч нэг бодлын торонд орсон шувуухай шиг л болсон. Тиймээс шувуухай торноос гарч орчлон ертөнцтэй танилцаж олон адал явдлуудтай учрахыг хүснэ. Бас хайрлаж дурлахыг. Гэвч бүх юм санасанаар болдоггүй хойно гүнжийн хайр дурлалд багагүй саад бэрхшээл тулгардаг. Гэхдээ түүнийг хэрхэн даван туулж хайрынхаа төлөө тэмцэж байгаа тухай өгүүлнэ. Жүжгийн гол санаа бол ердөө л энэ. Хэн ч бүтэхгүй болохгүй гээд жинхэнэ хайр дурлалаасаа нүүрээ буруулж бууж өгч болно. Тиймээс одоогийн залууст үнэнч хайр гэж юу болох, үнэ цэнэ нь юунд оршдогийг ойлгуулах тийм л жүжиг.
-Хамтран тоглож буй уран бүтээлчдийн тухайд?
-Нийт 30 гаруй уран бүтээлч оролцон тоглож байгаа, тэдгээр уран бү­тээл­чид бүгд л дуулна, бү­жиглэнэ, жүжиглэнэ. Дуу­чин нь бүжиглэнэ, бүжигчин нь дуулна гээд л тал талын авьяас шаардсан үнэхээр шинэлэг уран бүтээл болно. Мөн манай тоглолт амьд хөгжимтэй тоглогдоно. “A Sound” хамтлагийн залуус хамтран ажиллаж, нийт 40 орчим дууг хамтран тоглоно. Энэ нь урьд урьдын дуулалт жүжгүүдээс давуутай болж байгаа юм. Дуулагдах дуунууд нь ч тэр рок, поп дуунаас гадна Оросын алтан үеийн алдарт дуучдын бүтээлүүдээс ч дуулагдана. Товчхондоо, хэт хэлбэр загварт баригдсан биш орчин үеийн уран бүтээл болж байгаа.

Б.АМАРХҮҮ: Жавар үргээж байна гэж ойлгож болно

Бүжиг, дуу, жүжиг хосолсон бэлтгэл сургуулилт түр завсарлах хооронд дуучин Б.Амархүүтэй уулзаж ярилцан уран бүтээлийнх нь сонин хачнаас сонирхсон юм. Тэрээр, “Анхны үнсэлт” дуулалт жүжигт дурлалт ханхүүгийн дүр бүтээж байгаа гэнэ.
Томоос том харшид амьдарч гадаад ертөнц рүү гарах нь битгий хэл үерхэн нөхөрлөх үеийн найз ч үгүй гүнжид өнөөх ханхүү дурлана. Хоёр биедээ татагдавч гүнжийн эцэг ханхүүг үл тоомсорлон хайртай хосуудыг салгахыг оролдоно.
Гэсэн ч үлгэр бүхэн сайхнаар төгсч үнэнч хайр дурлал ялдаг болохоор “Анхны үнсэлт” мюзикл ч аз жаргалтайгаар төгсдөг аж.
Цөөнгүй кинонд дүр бүтээж дуулахаас гадна шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан дуучин Б.Амархүүг дуулалт жүжигт дүр бүтээж байгааг харахад ихэд сонирхолтой санагдсан. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Дуучин Амархүү дуулалт жүжигт дүр бүтээж байгаа нь ихэд содон санагдлаа?
-Анх удаа эх орондоо мюзиклд дүр бүтээн дуулж байгаадаа сэтгэл хангалуун, сайхан байна. Тэр дундаа Орос орон гэлтгүй дэлхий дахинаа алдаршсан “Бременский музыканты” буюу “Бремен хотын хөгжимчид” гэх үлгэрээс сэдэвлэсэн алдартай зохиол, бүтээлд дуулж байгаа болохоор сэтгэл өндөр байна. Чуулгынхан маань гол дүрд намайг сонгосонд ч баяртай байна. Мөн Улаанбаатар чуулга засвар үйлчилгээ хийж ийм сайхан болсон үед анхны уран бүтээлд нь оролцож байгаа нь сэтгэлд их тааламжтай байна. Энэ мюзиклийг тайзнаа амилуулж буй  уран бүтээлч залуус хэсэг үүд хаалгаа бариад байсан чуулгын уур амьсгалыг шинээр бий болгож байна.
-Жаврыг нь үргээж байгаа ч гэж болмоор..?
-Тийм шүү, салхи хагалж, жавар үргээж байна гэж ойлгож болно. Нүүрээ угаасан хүүхэд шиг өнгө нэмсэн чуулгын уран бүтээлчидтэйгээ ч хамтран ажиллах үнэхээр тааламжтай байна. Дан чуулгынхан гэлтгүй циркийн уран бүтээлчид, хамтлаг дуучид, тэр ч байтугай уртын дуучид хүртэл манай мюзиклд тоглож байна.
-Бэлтгэл сургуулилт хийгээд ачаалал ихтэй байх шиг?
-Тэгэлгүй яахав, бид сүүлийн хоёр сар орчим бэлтгэл хийж байна. Зүгээр нэг дуулах бус жүжиг, бүжиг, дуулах гурвыг хослуулж байгаа болохоор ачаалал ч их байна. Мөн зохиол маань энгийн нэг мюкиклтэй харьцуулахад жүжигчдээс олон талын авьяас шаардсан. Тиймдээ ч миний бодлоор Монголд анх удаа тавигдаж буй шинэлэг мюзикл болно гэж бодож байна.
-Таны хувийн уран бүтээлээс сонирхвол?
-Ямар ч байсан хувийн уран бүтээлээсээ хөндийрөөгүй, завсарлаагүй. Мюзиклээ тоглож дууссаны дараа эргэн ажилдаа орно. Энд нарийн юмыг нь хэлэлгүй нууцалсан нь дээр болов уу гэж бодож байна. Юутай ч, удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ сонсогчдодоо бэлэг барина аа.
Ийнхүү яриа дуусч эргэн бэлтгэлдээ гарсан дуучин Б.Амархүү дэлгэцийн ч гэлтгүй театр, тайзны урлагт ч тун чадварлаг жүжигчин гэдэг нь бэлтгэлийн үед ч анзаарагдаж байсан. Түүний уянгалаг яруу дуу хоолой “Улаанбаатар чуулга”-ын жаврыг үргээж буй.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан