Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ингээд дууслаа гэж үү
Н.Саркозигийн сонгуулийн штаб өнгөрсөн ням гаригт болсон санал хураалтын дүнгээс эерэг хэмээн харж болох бүхнийг шүүрдэж суух зуур Францын хэвлэлүүд Ерөнхийлөгчөө ялагдал хүлээлээ хэмээн гашуун үнэнийг хайр найргүйгээр бичиж эхлэв. Үнэхээр Н.Саркозигийн хувьд ингээд л бүх зүйл дууслаа гэж үү. Түүн шиг ид насандаа яваа /57 настай / улстөрчийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа ганцхан удаагийнхаар төгсгөл болгоно гэдэг төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Гэвч гурав хоногийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны дүн яалт ч үгүй ингэж бодоход хүргээд байгаа юм.
Н.Саркози Ерөнхийлөгчийн сонгуульд есөн нэр дэвшигчтэй өрсөлдсөнөөс дөнгөж 27.2 хувийн л санал авсан нь өнгөрсөн таван жилд хэр олны итгэл хүлээсэн төрийн тэргүүн байсан бэ гэдгийг нь батлаад өгсөн билээ. Гэтэл түүний гол өрсөлдөгч Франсуа Олланд 28.6 хувийн дэмжлэг хүлээж, түүнээс ядаж хуруу илүү байгаагаа харууллаа. Гэхдээ тэдний аль аль нь 50 хувийн босгодоо хүрэх нь бүү хэл, ядаж 30 хувь ч шүргэж чадсангүй. Ийнхүү нэр дэвшигчдээс хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учир хууль ёсоор хоёр дахь шатны сонгууль явуулж, ялагчийг тодруулах болоод байна. Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 6-нд болно. Тиймээс одоо Н.Саркозид нөхцөл байдлыг өөрчилж, ялалтыг өөрийн талд эргүүлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа л үлджээ. Гэвч тэр чадах уу. Түүнд тийм боломж олдох уу.
Н.Саркози эхний шатанд ялагдсан шалтгааныг ерөөсөө түүний нэр хүнд сэхэхээргүй унасных гэж ажиглагчид тайлбарлаж буй. Үнэхээр ч тэрээр бүрэн эрхийн хугацаандаа Францын түүхэнд байгаагүй хамгийн муу рейтингтэй Ерөнхийлөгч байсан. Түүний энэ удаагийн ялагдал ч Францын түүхэнд тохиолдож байгаагүй зүйл. Түүнээс өмнө хоёр дахиа сонгуульд нэр дэвшсэн ямар ч Ерөнхийлөгч нэгдүгээр шатандаа ялагдаж байсан удаагүй ажээ.  Гэтэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр рейтинг нь ийм сул байхад сөрөг хүчний нэр дэвшигчид хэлэлцсэн юм шиг чөлөө завгүй түүн рүү довтолсоор нэр хүндийг нь бүр унагаж орхисон юм.
Н.Саркози сонгуулийн нэгдүгээр шатанд есөн хүний эсрэг ганцаараа зогссон гэж хэлж болно. Сөрөг хүчний нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ бүгдээрээ л Ерөнхийлөгчийн алдаан дээр тоглож, түүний хийсэн ажлуудыг гоочлон шүүмжилж, тал талаас нь галлаж байв. Тийм ч учраас Н.Саркози нэгдүгээр шатны сонгуульд бага санал авсан гэж хэлж болно. Харин хоёрдугаар шатны сонгуульд тэр ганцхан Ф.Олландтай нүүр тулах учир түүнд өөрийнхөө давуу талыг товойлгоход илүү хялбар болж ирнэ.  
Үнэндээ Ф.Олландын мө­рийн хөтөлбөр Н.Саркози­гийнхтой тун төстэй. Түүнд одоогийн Ерөнхийлөгчөөс ял­гарч тодроод байх гойд зүйл үнэхээр байхгүй. Францчууд ч үүнийг нь мэднэ. Тиймдээ ч түүнийг “Мистер Нормал” гэж нэрлэдэг. Товчхондоо бол Ф.Олландад  Н.Саркозигоос илүү юу ч байхгүй, тэр бол зүгээр байдаг л нэг нэр дэвшигч гэдэг санаан дээр Н.Саркозигийн сонгуулийн штаб үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд тоглолт хийх биз ээ. Хэвлэлүүд ч энэ мессэжийг түгээгээд эхэлж.
Гэхдээ Н.Саркози өрсөлдөгчөө тийм ч амар дарж чадахгүй гэдэг нь сөрөг хүчний нэр дэвшигч Жан Лук Меленхоны сонгуулийн маргааш хийсэн мэдэгдлээс тодорхой байна. Нэгдүгээр шатны сонгуульд 3.8 сая сонгогчийн санал авч чадсан тэрээр хоёрдугаар шатны сонгуульд Ф.Олландыг дэмжи­хээр болсноо мэдэгдсэн бөгөөд өөрийнхөө дэмжигчдийг түүний төлөө саналаа өгөөрэй хэмээн уриалжээ. Өөрөөр хэлбэл Жан Лук Меленхоныг дэмжиж байсан дөрвөн сая шахам сонгогч шууд Ф.Олландын халаасанд орж байгаа юм. Тэгэхээр Н.Саркозигийн хувьд ялалтын дуу улам л цааш алсарч байна гэсэн үг.  
Францын улс төр судлаач, ажиглагчдын хэлж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны дүн яаж гарах нь нэгдүгээр шатны маргааш, нөгөөдөр гэхэд л тодорхой болдог байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр шатны дүнг харсан сонгогчид тэр даруйдаа хэнийг сонгохоо дотроо ерөнхийдөө шийдчихдэг ажээ. Гэтэл тэр шийдвэр гардаг үед нь Ф.Олландыг дэмжсэн уур амьсгал Францад ноёрхжээ. Тийм ч учраас Н.Саркозид ялах найдвар тун бага гэж ажиглагчид дуу нэгтэй хэлж байна. Гэхдээ тэрээр сүүлчийн боломжоо шавхан ялалтын төлөө тэмцэж байна. Тухайлбал бусад нэр дэвшигчийнхээ сонгогчдыг татахын тулд ажиллаад эхэлжээ. Тэрээр нэгдүгээр шатны сонгуульд төсөөлж байснаас хавьгүй өндөр санал авсан алс барууны хүчний нэр дэвшигч Ле Пений дэмжигчдэд хандан “Би та нарыг сонсч байна” гэсэн нэртэй кампанит ажил эхлүүлжээ. Хатагтай Ле Пен нэгдүгээр шатанд 18 хувийн санал авсан бөгөөд хэрэв түүний сонгогчдыг Н.Саркози өөртөө урвуулж чадвал ялах найдвар гарч ирэх юм. Гэвч Н.Саркози тэднийг сонсч байгаа шиг сонгогчид харин түүнийг сонсох болов уу гэдэгт л хамаг учир байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан