Манай улсын дайчид энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөд Суданд он гарсаар байдал улам түгшүүртэй болж байна.
Өнгөрсөн ням гарагт Өмнөд Суданы Засгийн газрын цэргүүд НҮБ-ын төлөөлөгчийн газар руу дайран орохыг завджээ.
Өмнөд Суданы Жонглей мужийн төв Бор хот дахь энхийг сахиулагчдын хамгаалалтад байдаг НҮБ-ын төлөөлөгчийн газар ийм хэрэг гарчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өөрийн албан ёсны төлөөлөгч Мартин Несиркигээр дамжуулан үүнийг шүүмжлэв. Несирки мэдэгдэл хийхдээ “Төлөөлөгчийн газрын хамгаалалттай объект рүү жирийн иргэдийг хөөн хүчээр нэвтрэх гэсэн Засгийн газрын цэргүүдийг оруулаагүй НҮБ-ын ажилтнуудад Өмнөд Суданы армийнхан заналхийлсэнд Ерөнхий нарийн бичгийн дарга онцгой түгшиж байна” гэжээ. Гэтэл НҮБ ба Өмнөд Суданы эрх баригчдын хооронд хийсэн тохиролцооны дагуу тус улсын армийнхан төлөөлөгчийн газрын хэрэгт оролцохгүй байх ёстой.
Өмнөд Суданы хүн амын олонх болох динка үндэстний төлөөлөгч Ерөнхийлөгч Салва Киир ба хүний тоогоор хоёрт ордог нуэр үндэстний төлөөлөгч экс Ерөнхий сайд Риек Мачарыг дэмжигчдийн хооронд зөрчил гарсны улмаас өнгөрсөн оны сүүлээс тус улс иргэний дайны байдалтай байгаа юм.
Өмнөд Суданы Засгийн газрын мэдлийн цэргүүд НҮБ-ын төлөөлөгчийн газар руу дайран орохыг завдсан Жонглей мужийн Бор хот нь нэгэн үе босогчдын бүрэн мэдэлд байсан аж. Өөрөөр хэлбэл нуэр үндэстний төлөөлөл болсон босогчид Бор хотыг эзлэн авч, бусад мужид динка үндэстний цэргүүдэд шахагдсан дүрвэгчид ийшээ ирж бөөгнөрсөн байжээ.
Засгийн эрхийг барьж байгаа динка, бослого гаргасан нуэр үндэстний төлөөлөгчид харилцан бие биенээ харгислал үйлдсэн гэж буруутгаж байгаа. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүний эрх хариуцсан туслах Иван Шимонович нь Өмнөд Суданд айлчлал хийснийхээ дараа “Мөргөлдөгч хоёр тал хоёул энгийн номхон иргэдийн яс үндсээр нь ялган олноор хороох, шүүхийн шийдвэргүйгээр цаазаар авах, хүүхдүүдийг хүчээр цэрэгт элсүүлэх гэсэн хэрэгт адилхан буруутай” хэмээн мэдэгдэл хийсэн.
Дашрамд сонирхуулахад манай улсын энхийг сахиулагчид дэлхийн цөөнгүй улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бөгөөд эдгээрийн дийлэнх нь Африкийн орнууд байв. Жишээлэхэд, Сьерра Леон, Чад, Баруун Сахар, Конго, Өмнөд Судан, Судан.
Энэ бүхэн нь Африкт байдал ямар түгшүүртэй байгааг бэлхнээ харуулж байгаа хэрэг. Эдгээр улсад НҮБ энхийг сахиулагчдаа оруулах болсон шалтгаан нь Өмнөд Судантай адил улсын доторх үндэстэн, ястан хоорондын мөргөлдөөн юм.
Шинжээчдийн тогтоосноор өнөөдөр Африк тивд 500 орчим үндэстэн ястан амьдардаг. Эдгээрийн 11 нь тус 10 сая гарсан хүнтэй бол 111 нь тус бүр сая давсан хүнтэй, бусад нь үүнээс арай цөөн хүнтэй.
Дээр нь колончилолын үеэр их гүрнүүд үндэстэн ястны уугуул нутгийг үл харгалзан өөрсдийн дураараа хил татан шинэ шинэ улсыг байгуулсан. Үүний үр дүнд энэ олон зуун үндэстэн ястан хоёр эсвэл дөрөв таван улсын харьяалалд багтах болж хуваагдсан нь үндэстэн хоорондын мөргөлдөөн гарах, салан тусгаарлаж, тусдаа шинэ улс байгуулах үзэл газар авах болсон нэг шалтгаан. Үүнээс болж орчин үеийн Африкийн орнуудын нийт газар нутгийн 20 хувь маргаан будлиантай болж хувирсан. Африк тивийн улсууд хоорондын нийт хилийн 40 хувийг нарийн тогтоож, баримтжуулаагүй, нийт хилийн 44 хувийг нь өргөрөг ба уртрагийн дагуу хүчээр татсан, 30 хувийг нум хэлбэртэй мурий үүсгэн татсан бол ердөө 26 хувийг нь үндэстнүүдийн оршин суудаг уугуул нутгийн заагаар татсан байдаг.
Дээр нь өнөөдрийн байдлаар Африкийн 17 улс франц хэлийг, 11 улс нь англи хэлийг албан ёсны хэл гэж зарласан байдаг бол бусад оронд энэ хоёр хэлний аль нэгийг орон нутгийн үндэстнүүдийн хэлтэй хамтаар бүгдийг нь албан ёсных гэж заасан байдаг. Тиймээс Африкийн улс хэдий олон үндэстэн ястнаас бүрдсэн байна, тэр хэмжээгээр хоорондоо ойлголцож чаддаггүй гэчихвэл хэтрүүлэг болохгүй. Өөрийн омог, үндэстний эрх ашгийг хамгаалах хэрэгтэй бол англи эсвэл франц хэл сурч байж л бусадтайгаа ойлголцохоос өөр аргагүй.
Үндэстэн хоорондын мөргөлдөөн тасралтгүй үргэлжлэхэд хүргэсэн өөр шалтгаан нь газар тариалан эрхэлдэг суурин болон нүүдэлчин малчин үндэстнүүд хоорондын олон зуун дамжсан тэмцэл.
Гурав дахь шалтгаан нь шашны ялгаанаас үүдэлтэй зөрчил тэмцэл. Африк тивийн хүн амын тавны хоёр нь лалын, тавны нэг нь христийн шашинт бөгөөд үлдсэн нь уламжлалт бөө мөргөлтэй.
Манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөд Суданы хүн амын дийлэнх нь христийн шашинтнууд бөгөөд шашны ялгааны улмаас төвтэйгээ олон жилийн турш зэвсэгт тэмцэл хийсээр 2011 онд Суданаасаа салж, тусгаар болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.
Энэ бүх таагүй хүчин зүйлсийн нөлөөгөөр Африк тивийн улс гэдэг нь Оросын нэг судлаачийн хэлснээр бильярдын ширээн дээр янз бүрийн өнгөтэй олон бөмбөгийг хүчээр нийлүүлээд гурвалжин дотор багтаасантай адил болж. Хүчээр нэгтгэж байгаа гурвалжин мод буюу төв Засгийн газрын хүч сулрахад л өнгө өнгийн бөмбөлгүүд бүгд тал бүр тийш бутарч одоход хэзээд бэлэн.
Улмаар Африкийн орнууд колончлолын дарамтаас гарч тусгаар тогтнолоо зарласан ч үндэс угсаагаар ялгаварлан хийгдсэн аллага, зэвсэгт тэмцэл, төрийн эргэлтийн тоо жил ирэх тусам буурахгүй, харин ч нэмэгдсээр ирсэн юм.
Ямар их дайн дажин, мөргөлдөөн болдог талаар бодит ойлголт төрүүлэхийн тулд зарим нэг тоо, статистик мэдээ дурдах хэрэгтэй. Зөвхөн 1970-1990 онд Африкт 78 удаа төрийн эргэлт гарч, 25 Ерөнхийлөгч амиа алджээ. Улмаар 35 удаагийн томоохон зэвсэгт мөргөлдөөн 10 сая гаруй хүний аминд хүрсэн бөгөөд амиа алдсан хүний дийлэнх нь ямар ч гэм зэмгүй энгийн иргэн. Ангол, Сомали, Судан, Ардчилсан Конго, Руанд, Брунди, Либери, Нигер, Этиоп, Мозамбик, Баруун Сахар, Уганд, Чад гээд үндэстэн хоорондын зэвсэгт тэмцэл гарсан улсын тоо олон.
Үндэстэн хоорондын зөрчил тэмцэл ямар их аймшигтай байдалд хүргэдгийн хамгийн тод жишээ нь Руандад 1994 онд хуту үндэстний зэвсэгт бүлэглэл, армийн удирдлагын зүгээс явуулсан тутси үндэстнийг хомроглон устгасан аймшигт аллага. Хуту нар Руандын хүн амын 85 хувь, тутси 14 хувь байжээ.
Түүхийн явцад газар тариалан эрхэлдэг хуту нар хүн амын дийлэнх байсан ч ядуу тарчиг амьдралтай, малчин тутси нар цөөнх ч гэлээ бүх эрх мэдлийг гартаа авсан байдалтай амьдарч иржээ. Тус газар нутгийг колончлон авсан бельгичүүд 1950-1960 онд өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс боловсрол, мэдлэг, хөрөнгө чинээгээр давуу тутсичуудыг шахах, эрх мэдлийг нь хасан оронд нь хутучуудыг суулгах бодлого явуулж эхэлжээ. Үр дүнд нь хуту ба тутси хоорондын хагарал тэмцэл улам гаарч.
1994 онд хутучуудаас бүрдсэн армийн удирдлага нь Ерөнхийлөгчийн онгоцыг буудан унагаж, төрийн эргэлт хийгээд Руандын эдийн засаг, улс төрийн бүх л таагүй, бүтэлгүй болгонд тутсиг буруутган улс даяар тэднийг аймшигтайгаар хэрцгийлэн устгаж эхэлсэн байна. Жишээлэхэд, Кибуе хотын дарга хуту хүний тушаалаар тус хотын бүх тутси иргэд нийт 15 мянга гаруй хүнийг цэнгэлдэх хүрээлэнд бөөгнөрүүлж байгаад хэрцгийгээр хороосон. Кигали хотын сургуульд бөөгнөрөөд байсан 2000 гаруй тутси дүрвэгсдийг хэрцгийгээр хөнөөсөн. Ерөнхий сайдын бие хамгаалагч байсан Бельги цэргүүдийг баривчилсны дараа аймшигтайгаар тамлаж, агтлан буудаж хороосон. Тутсичуудыг дугуйны гадар резин хийж шатаасан шуудуй руу түлхэн шатааж алсан гээд тоочоод байвал ухаан санаанд багтамгүй аймшигт харгислал олон гарсан байдаг. Энэ бүхний үр дүнд 1994 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд 937 мянган тутси хүн алагдсан байна.
Тутсичуудын байгуулсан Руандийн эх оронч фронт цэргүүд хутучуудын армийг ялж нийслэлийг эзлэн авсны дараа энэ бүх харгислал нэг талаас зогссон юм. Нэг талаас гэдгийг учир нь тутсичууд ялалт байгуулж, Руандийг эзэлсний дараа хэдэн сая хутучууд өс хонзонгоос айн хөрш зэргэлдээ орнууд руу зугатан гарсан байгаа юм.
Ялалт байгуулсан цэргүүдээ дагаад буцан ирсэн тутси дүрвэгсэд өс хонзон авахын тулд харгислал их хэмжээгээр үйлдсэн гэдэг. 1994 онд Руандид бий болсонтой адил эмгэнэлт явдал үүсч болзошгүй олон оронд Африкт байсаар л.
Өмнөд Судан, Мали, Төв Африкийн Найрамдах улс гээд иргэний дайны байдалтай улс Африкт цөөнгүй. Арабын хувьсгалын нөлөөгөөр төр эргэсэн Египет, Ливи улс мөн л зарлаагүй ч гэлээ хагас иргэний дайны байдалтай.
Ямартай ч Африк тив бүхэлдээ тайвшран, дээр нь оршдог улсад үндэстэн, шашин, улс төрийн үзэл бодлоос үүдэлтэй буу дуугаралгүйгээр ядаж долоо хонодог болтол нэлээд олон жил шаардлагатай болох нь.