Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ШАРАВ: Одооноос л өөрийгөө жаахан тоож эхэлж байгаа шүү

Энэ цаг үеийн Монголын хөгжмийн урлагийг цалгисан их авьяас билгээрээ нүүр бардам авч яваа цөөхөн уран бүтээлчийн нэг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравтай ярилцлаа. ЮНЕСКО-д хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн зохиолч маань  шинэ баячуул шиг хоёр гурван давхар хауст биш 10 дугаар хорооллын энгийн сууцанд амьдарч, хаммер жийп унасангүй, явган л явж байх юм. Харин сэтгэлээрээ л баян, инээд цацруулсан нэгэн байлаа.
-Та сайхан хаваржиж байна уу. Уран бүтээл арвин байна уу?
-Сайхан хаваржиж байна аа. Ах нь одоо бол өрхийн тэргүүний хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч “одоо л нэг бүх юм нь тэгшрээд, жигдэрсэн” гэж ярьдаг шүү дээ. Тийм л цаг үе дээрээ явна гэж ойлгож байгаа. Ойрноос л өөрийгөө жаахан тоож эхэлж байгаа гэх үү дээ. Нэлээн хэдэн шинэ бүтээл гараас гаргалаа. Дээр нь хуучин бүтээлүүдээ эмхэлж цэгцэлж, засч янзаллаа. “Чингис хаан” дуурийнхаа засварын ажил дээр нэлээд суулаа. “Үлэмжийн ертөнц” гэдэг дан хөгжмийн томоохон тоглолт хийж  DVD гаргалаа. Найрал дуучдад зориулсан “Замба тивийн наран” гэдэг том бүтээл маань Парис хотод байрладаг Дэлхийн шилдэг хөгжмийн фондод хадгалагдаж байгаа. Энэ бүтээлээ нотолж хэвлэн гаргалаа. Ер нь, зүгээр суусангүй дээ. Ачаалалтай л он өнгөрлөө дөө.
-Хүмүүний амьдрал богинохон. Бид бүхэн амьдралаас буцаж байгаа хүмүүсийнхээ араас таны “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг л эгшиглүүлэх юм даа?
-Зурагт харж суухад голцуухан л тэгэх юм билээ. Уг бүтээл минь жаахан гунигийн аязтай боловч уг нь гашуудлын хөгжим биш л дээ. Манайхан тэнгэрт одсон нэгнийхээ араас “Сэтгэлийн эгшиг”-ийг явуулаад байдгийг би ойлгож л байна. Гэхдээ би  анх бичихдээ  гэгээн сайхан хайрын тухай л бичсэн юм. Тэнгэрлэг хайрын дуулал гэж ойлгож болно л доо. Зохиосон  эзнийх нь хувьд  байнга  гашуудалд хэрэглээд байхаар жаахан тиймхэн л санагддаг юм.



-2006 оны Нобелийн шагнал гардуулах ёслол дээр таны “Хэрлэнгийн домог” бүтээл эгшиглэсэн. Хэдэн зууны урлагийн их соёлтой хөгшин Европт  сонгодог урлагийг үнэлэх үнэлэмж их өндөр байдаг. Таны энэ сайхан бүтээлийг эгшиглүүлснийхээ  төлөө танд ямар шагнал урамшуулал олгосон  бэ?
-Хамгийн гол нь Нобелийн шагнал гэдэг маань юу билээ, тэнд Монголын хөгжмийн зохиолчийн бүтээл гээд зарлуулах нь ямар их нэр төрийн хэрэг билээ. Тэр том оркестрын хөгжимчид нь АНУ-ынх байдаг. За тэгээд тэнд чинь зохиогчийн эрхийн асуудал бол яг л хууль дүрмийнхээ дагуу явдаг.  Энэ бүтээл маань анх 2000 онд АНУ-д тоглогдсон юм. Алдарт хөгжимчин Ёо Ёо Ма тэргүүтэй оркестр дэлхийн 30 гаруй  оронд тоглосон. Тэнд миний зохиогчийн эрхийн асуудал ердөө ч зөрчигдөөгүй. Харин ч миний хөгжмөөр Монгол орны гадаад нэр хүнд зохих хэмжээгээр дээшилж эргээд надад эдийн засгийн болоод нэр хүндийн өгөөж хишгээ хайрласан.
-Орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн чадал чансааг гадаадын улс  орнуудад сурталчилахад таны хөгжим зохих үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Өөрийгөө дөвийлгөсөн болчихгүй байгаа. Гэхдээ яг одоохондоо Монголын хөгжмийн зохиолчдоос гадаадын улс орнуудад  миний зохиосон хөгжим л хамгийн  олноороо эгшиглэж байгаа. Миний  морин хуурын концерт, бас   “Зуурдын орон” бүжгэн  жүжгийн хоёрдугаар чуулбар  нь  удахгүй АНУ-д тоглогдох гэж байна.
-АНУ-руу хөлгийн жолоо хэзээ залах вэ. Аль муж улсын  ямар хотуудаар тоглогдох вэ?
-Калифорни мужийн Стэнфорд, Бёрклийн их сургуульд зохион байгуулж байгаа энэ тоглолт  битүүний өдрөөс эхэлнэ. “Бөртэ” хамтлагтай хамт явна. АНУ-д ажиллаж амьдарч байгаа элэг нэгт монгол ахан дүүстэйгээ шинийн золголт хийх энэ удаагийн аялан тоглолтдоо яараад  сэтгэл их өндөр байгаа. Энд бас нэг зүйл хэлэхэд 2002 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт дээр  миний хөгжим эгшиглэхэд их л сайхан санагдаж байсан.
-Таны зохиосон энэ сайхан хөгжмүүд дэлхийн олон улс гүрэнд эгшиглэж байхад  зохиогчийн эрхийн дагуу танд зохих хэмжээ¬ний шагнал урамшуулал нь ирдэг л байх даа?
-/Инээв/ Үгүй яах вэ. Бас зохих хэмжээний шагнал, мөнгө ирдэг юм аа. Гэхдээ Монголын хөгжмийн зохиолчид өөрсдийн эрхээ  дэлхий нийтэд  бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрүүлээд  хамгаалагдчихсан  юм байна гэж ойлгож болохгүй шүү. Шагнал мөнгөө бүрэн бүтэн авч чадахгүй л байна. Миний хөгжмөөр бизнес хийгээд, мөнгө хурааж байгаа хүн бол хаа сайгүй л байна.
-Энэ онд Якутын соёлын сайдын захиалгаар “Өүлэн эх” дуурь, Бээжингийн телевизийн захиалгаар 21 ангит киноных нь хөгжмийг бичнэ  гэсэн байх аа. Энэ ажлуудын чинь бэлтгэл аль хэр хангагдаж байна вэ?
-Якутын соёлын яамны сайд нь Борисов гэж ОХУ, Европт их алдартай драмын найруулагч хүн байдаг юм. Миний сайн найз л даа. Бид хоёр Москвад уулзахад мань эр надад ийм захиалга өгсөн юм. Гэхдээ  энэ дуурийн асуудал жаахан хойшлогдоод байгаа. Ямар ч байсан энэ намрыг хүртэл хойшлогдсон. Бусад гадаад захиалга маань төлөвлөгөөний дагуу л явж байна. Бээжингийн телевизийн захиалга бас л нэг жаахан хойшлогдсон байгаа. Улс дамжсан томоохон уран бүтээл гэдэг бол цаг зав, хөрөнгө мөнгө, хүн хүч гээд маш их ажил болдог. Яг цэгцрээд ажил нь эхэлтэл нэлээн ажил болдог л доо. Харин нэг л эхэлчихвэл  шуураад л өнгөрнө.
-АНУ-ын  Чикагогийн оркестр  таны  бүтээлийг тоглосон  байх аа?
-”Үлэмжийн ертөнц”  гэдэг жижиг хэлбэрийн симфонийг минь тоглосон. 2003 онд Буриев гэдэг Узбекстан гаралтай  удирдаач Чика¬гогийн филармонийг удирдаж байхдаа тоглуулсан юм.  Хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээлийг гадаадад тоглуулна гэдэг хэн хүний хийдэг ажил биш. Үнэхээр хэцүү үе олон гардаг.  Дунд зэргийн оркестр гэхэд л 80 -120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгээд төсөөлөөд бодохоор ойр зуурынхаас эхлээд, төвөгтэй асуудал их гардаг юм. Одоо хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна. Удаан хугацааны яриа хэлэлцээ, олон нарийн тохиролцоо гээд ёстой л нөгөө хувьсгалын тохироо нь бүрэлдэж байж л иймэрхүү том хэмжээний тоглолт зохион байгуулагддаг л даа.
-Би андуураагүй бол та “Чингис хаан “ гэдэг нэг л дуурь бичсэн. Дуурь бичих сонирхол муутай юм аа даа?
-/Инээв/. Дуурь бичнэ гэхээр л айж бэргээд, үстэй толгой минь арвайгаад байх юм алга л даа. Бичвэл ч биччих аялгуу эгшиг нь байж л байна. Ганцхан өнөөдрийн маань амьдрал, хүмүүсийн сонирхол, хөгжим ойлгох боловсрол л жижиг хэлбэрийн бүтээл рүү намайг хөтлөөд байгаа хэрэг. Яваандаа дуурийн театрт маань хэрэгцээ гараад, үзэгчдийн хүлээлт ирвэл нэг байтугай дуурь бичиж л таарна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны дотны анд Х.Билэг-жаргал  агсны зохиосон “Цахилж яваа гөрөөс” киноны дууг хөгжмийн зохиолчид “багш дуу” гэж ярилцах юм билээ. Сүүлийн үед даацтайхан дуу гарахгүй байгаагаас болж ийм яриа гарсан байх л даа?
-Эхлээд 40 гаруй жил нөхөрлөсөн их андынхаа тухай ганц хоёр үг хэлье. Ёстой нэг эр хүн, тэгэхдээ гайхмаар энгийн сайхан хүн байсан даа миний муу найз. Яаж ч болохгүй хатуу хорвоог яалтай ч билээ. Халгиж цалгисан, аялгуу эгшиг нь бялхаж явсан хүн л дээ. Манай нутаг руу хоёулаа явна гэж ярьж байсан юм. Амжаагүй л дээ. Түүний “Ламба гуайн нулимс” шиг дуурь дахиж хэзээ ч гарах юм мэдэхгүй шүү дээ. Миний сэтгэлд хэзээ ч нөхөхдөхгүй орон зайгаа үлдээгээд одсон ч мөнхийн сайхан бүтээл нь эзнээ орлоод л эгшиглэж байх юм даа.
-Өнөөдөр таны ч гэсэн энэ сайхан авьяас, аялгуу эгшиг Монгол Улсын хөгжмийн соёлын үнэтэй  өмч. Та ер нь өөрийгөө эрхлүүлж, хайрлаж чадаж байна уу?
-/Инээв/ За яах вэ өөрийнхөө хэмжээнд л хямгадах юм байна шүү дээ. Би ч тэгээд жаахан хэнэггүй талдаа хүн. Санаж бодож яваагаа  бүтээчих  юмсан, найз нөхдийнхөө хийж амжаагүйг гүйцээчих  юмсан гэсэн бодол их л байх юм аа.
-Ц.Чинзориг, Х.Билэг¬жаргал агсан та гурав уулзахаараа “Монголын хөгжмийн урлагт би том, чи том” гээд  л цагаахнаар нэг нэгнээ явуулдаг байсан гэдэг. Одоо бодоход хэн нь том байж вэ?
-Бид гурав бол найз нөхөд гэхээсээ ах дүү нар шиг байсан болохоор хоорондоо л зүгээр тэгж наргидаг байсан хэрэг. Харин гурвуулаа хөгжмийн урлагийн өөр өөр төрөл жанраар бүтээл туурвисан хүмүүс. Ц.Чинзориг гэхэд  дууны төрлөөр Х.Билэгжаргал бол дуурь, бүжгэн жүжиг гээд театрын том хэмжээний хөгжмийн төрлөөр харин би симфони, дан хөгжмийн төрлөөр ихэнхи бүтээлээ бичсэн. Бидний хэн нь том байсныг цаг хугацаа л шүүнэ. Бурхан надад цаг хугацаа, боломж өгвөл найз нөхдийнхөө хийж амжаагүйг туурвин бүтээж  сайхан нөхөрлөлийнхөө дурсгалыг мөнхлөн  үлдээнэ л гэж бодож явдаг даа.
-Дэлхийн 30 гаруй оронд эгшиглэсэн таны уран бүтээлүүдээс эдийн засгийн хувьд өгөөжөө хамгийн их хайрласан нь аль нь вэ?
-За даа “Хэрлэнгийн домог” бүтээл минь АНУ-д гурван удаа цомог хэлбэрээр хэвлэгдэж одоо ч гэсэн өгөөжөө хайрласаар л байгаа. Тэгэхээр энэ л юм болов уу даа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ. Таныг залгамжлах хөгжмийн зохиолч  бий юү?
-Тэр ч харин байгаа шүү. Би гурван хүүхэдтэй л дээ. Дунд хүү минь Москвад  хөгжмийн академи төгсөөд ирсэн. Одоо СУИС-д  багшилж  байна.  Анхны симфонио өнгөрсөн “Алтан намар”-ын үеэр тоглуулсан. Миний хүү аавынхаа ая эгшгийг зэврүүлчихэлгүй аваад явчих байх аа.
-Та өнөөдрийнхөө амьдралд  сэтгэл хангалуун байж чаддаг уу. Уран бүтээлүүдээсээ  “За энэ минь л нэг ланжгар юм боллоо доо” гэж тоосон бүтээл тань аль нь бол?  
-Амьдралдаа сэтгэл тэнэгэр явдаг шүү. Илүү юм алга, дутуу ч юм алга. Харин миний бүтээлүүд бол миний нойргүй хоносон  шөнүүд, миний баяр хөөр,  миний  уйтгар шаналан холилдож бүтсэн болохоор бүгдэд нь хайртай. Одоо л би өөрийгөө хөгжмийн зохиолч  болж  явна гэж дүгнэдэг болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан