Соёл, спорт аялал жуулчлалын сайдын 2013 оны наймдугаар сарын 14-ний өдийн A/296 дугаар тушаалын дагуу энэ оны наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 25-ныг дуустал иргэдийн оролцоотой соёлын биет болон биет бус өвийг бүртгэн баримтжуулах аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд иргэдийн идэвхи оролцоо их байсан ба өөрсдийн санал, хүсэлтээр үнэлж барамгүй өв соёл болох биет болон биет бус өвийг бүртгэлжүүлэн баримтжуулах цаашилбал холбогдох яам, тамгын газрын дэмжлэг, оролцоотойгоор түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, өвлүүлэн үлдээх сонирхолтой иргэн олон байсан аж. Аян хэрэгжиж эхлээд удаагүй байхад ССАЖЯ, Соёлын өвийн төвд хандсан иргэдийг ССАЖ-ын сайд биечлэн хүлээн авч уулзжээ. Хамгийн анх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Урчууд овогт Хан-уул дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Ц.Батбуян нэлээд мартагдаж буй соёлын биет бус өв болох алт, мөнгө, хүрэл зоос дэлдэж хийдэг, ширж мэтгэх урлаг “Зоос ширээ” сүлжмэлийн урлагийг бүртгүүлсэн аж. Ц.Батбуян өв тээгчийн хувьд энэ мартагдаж буй өвийг өвлүүлэн үлдээхийн төлөө мэдээллийн хэрэгсэлд зар байрлуулан 200 гаруй хүнд үнэгүй зааж сурган, гарын шавиа бэлтгэсэн ба өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч, энэ урлагийн талаар номоо хэвлэсэн өв тээгч юм. Мөн Ховд аймгийн Буянт сумын нутаг Дам ус хэмээх газар өөрийн өвөлжөөний дэргэд байрлах хадны сүг зургийг Ц.Даваасүрэн, Ю.Должинсүрэн гэх хоёр ахмад зурагжуулан, түүхэн мэдээллийг бичин баримтжуулж Соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгүүлсэн гэнэ. Ард иргэдийн оролцоотойгоор Соёлын өвийг бүртгэн баримтжуулах аяны хүрээнд Соёлын өвийн улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн өв тээгч, Соёлын үл хөдлөх дурсгал бүртгүүлсэн иргэдийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч, хууч яриа өрнүүлэн батламж олгож, гарын бэлэг гардуулсан.
Энэ үеэр зарим өв тээгчтэй ярилцсан юм.
Т.Золчулуун: Монголд байтугай дэлхийд байхгүй-Таныг зүү ороох оёдлоор соёлын өвд өөрийн бүтээлээ бүртгүүлнэ гэж сонслоо?
-Анх биет болон биет бус соёлын өвийг өвлөн тээгчдийг бүртгэж байгаа тухай сонсоод шууд холбогдсон. Зүү ороох аргаар Дорждэрэм судрыг урлаж буйгаа хэлтэл их нааштайгаар хүлээн авсан. Тэгээд л бүтээлээ соёлын өвд бүртгүүлэхээр боллоо.
-Хэзээнээс зүү ороох оёдолд суралцав?
-Наймдугаар ангид байхаасаа л аавдаа хөөрөгний даалин оёж өгдөг байсан. Цагаан сар болгон шинэ даалин оёж өгч дадлагажихдаа энэ оёдлыг эзэмшсэн дээ. Даалин гэлтгүй зүү ороох оёдлоор юм урлахад цаг хугацаа их шаарддаг болохоор намар нь эхлээд цагаан сараас өмнө арай гэж амжиж дуусгадаг байлаа.
-Оёдол, шаглаа гээд олон ч арга техниктэй урлал байх. Энэ талын юмыг хэнээс сурч, өвлөж авав?
-Манай ээж, аав их гарын дүйтэй, хөдөлмөрч хүмүүс л дээ. Ээж маань дээл хувцас сайхан оёдог бол аав дархан,сийлбэр ч хийчихдэг болохоор сурсан хэрэг. Мөн эрэгтэй хэр нь дээл хувцас оёж, шиддэг нэг ах маань “Зүү орооход утасныхаа жингээр оёдог юм” гэж нарийн учрыг нь хэлж өгч байсан юм.
-Энэ оёдлын онцлог нь юундаа байдаг юм бол?
-Зүү ороох оёдлыг хоёр утас, нэг зүүгээр хийдэг. Зүүгээ хатгамлынхаа доороос дээш чиглүүлэн гаргаж, сул утсаараа ороож нөгөө утсаар нь дарж оёдог. Утасныхаа эрчлээ болгоныг зүүгээрээ дарж оёдог болохоор их нарийн ажиллагаа шаарддаг.
-Бусад оёдол, урлалтай харьцуулахад зүү ороох арга техник хэрэглэдэг хүн ховор байх?
-Тийм шүү. Жишээ нь, миний одоо урлаж буй Дорждэрэм судар шиг шашны судар ном хийсэн хүн бараг байдаггүй юм билээ. Үндэсний түүхийн музейд 8х15 хэмжээтэй нэг жижиг судар байхаас өөр юм байхгүй. Монголд байтугай дэлхийд байхгүй гэж намайг л онгироогоод байгаа юм. /инээв/ Түвдийн том лам Одсэррэнбүүчий гуайтай уулзаж байсан юм. Тэр хүн зүү ороох оёдлоор урласан судар ном дэлхийд байхгүй гэсэн.
А.Цогтбаатар: Хутганд маань 70 лан цалин цагаан мөнгө орсон-Монгол дархан гэхээр маш их юм ярих болно. Тийм учраас хоёулаа танай нутгийн хийц болоод соёлын өвд бүртгэгдсэн бүтээлийн тань тухай ярилцъя?
-Ах нь тийм айхтар мундаг дархан биш дээ. Хэр хэмжээнийхээ л юмыг яръя.
-Дархны урлал гэхээр хийц хамгийн чухал зүйл. Таны хийц бусдаас юугаараа давуу вэ?
-Бусдад байхгүй хийц гэж байхгүй. Миний хувьд Хэнтий аймгийн Батноров сумын өвгөд хөгшдөөс уламжлан суралцсан эрдэм гэж бий. Энэ эрдмээрээ дархан хийгээд 23 жил болж байна. Харин одоо өөрийнхөө үр хүүхэд, хойч үедээ уламжлуулах гэж л зүтгэж явна даа.
-Таны хэлж буй эрдэм бусад аймгийн дархчуудаас юугаараа онцлогтой вэ?
-Манай сумын хийц нь Тожил дархны хийц гэдгээрээ халх даяар алдартай. Эмээлийн баавраас аваад хэт, хазаар ногт гээд хамаг л эдлэлийг урладаг. Голлох онцлог гэвэл шавраар хэв барьж хийдгээрээ бусдаас ялгаатай. Тожил дархны хийцээр Монголын олон олон дархчуул дарх хийж ажилладаг.
-Соёлын өвд бүртгүүлж буй энэ хэт хутганыхаа тухай тайлбарлаач?
-Би Дорноговь аймагт 16 жил ажилласан юм. Тэр нутагт алт, мөнгөөр дарх хийж байсны хувьд тухайн нутаг орныхоо холбогдолтой нэг юм хийе гэж шийдээд говийн Догшин хутагт Данзанравжаа мэндэлсний 210 жилийн ойд зориулж энэ хэтээ урласан юм. Хутагтын тахиж дээдэлдэг байсан хилэнц гэх амьтныг 25 удаа хутгандаа дүрсэлснээрээ онцлог. Ер нь, хилэнц урласан эдлэл, хутга өөр байдаггүй юм билээ.
-Энэ урлалд хэнээс суралцаж эзэмшив?
-Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Пүрэвжалын Баттулга гэдэг багшдаа 16-настайдаа шавь орж, дарх урлалд суралцсан даа. Мөн Б.Наваанжамба гэж миний өвөг дээдэс ч дархан хүн байсан нь их нөлөөлсөн гэж боддог.
-Одоо танай нутгийн энэ хийцийг уламжлан авч үлдсэн хэчнээн хүн байна?
-Одоо ч яг 59 хүн л энэ хийцээрээ урлаж, уламжилж авч үлдсэн. Нэг үеэ бодвол харьцангуй цөөрсөн гэж хэлж болно.
-Цаашид өвлүүлэн үлдээх талаар ямар ажил хийгддэг бол?
-Манай суманд гэрийн багш, гарын шавь гэхчлэн энэ хийцээ уламжлан үлдээхээр сургалт хичээллүүлж байна. Яамнаас дэмжиж байгаа нь сайшаалтай. Бидний ажилд дэм өгч урам хайрлаж байна даа. Энэ хутганд маань нийт 70 лан цалин цагаан мөнгө орсон. Мөн соёлын өвд бүртгэгдэж буйгийн хувьд дахин ийм хутга хийхгүй гэж бодож байгаа. Хожмоо Батноров сумын дарх энэ хэтийг тийм арга, хийцээр урлаж байсан гэж яривал үнэ цэнэ нь тэр болно.
-Хутганы тань ирэн дээрх хээ их сонирхол татлаа?
-Тэгэлгүй яахав. Энэ хээг чийжүүдэх гэдэг аргаар төмөр дээр гараар тавьдаг юм. Одоо ийм хээ угалз хийдэг дарх бараг байхгүй. Цахилгаан машинаар хутгаа хээлж болох ч гараар хийдгийг нь би л лавтай мэдэхгүй. Нутгийн хөгшчүүлээс энэ аргын тухай судалж, ганц, нэг зүйл сонсч байж сурсан юм.
А.Дагзмаа: Сум, нум уухайнд хүртэл улс түмний үүх түүх шингэсэн байдаг-Соёлын өвийг бүртгэлжүүлж байгаа тухай хаанаас дуулав?
-Анх зурагт радиогоос олж сонссон. Халх сурын уухай, Монгол уртын дуу нь гарцаагүй бидний язгуураас үүсч хөгжсөн урлаг. Тиймээс үүнийг хойч үедээ өвлүүлэхийн тулд энэ соёлын өвд бүртгүүлэхээр болсон. Бидний үр, хойч үеийн үед гарцаагүй өвлөж авах ёстой үнэт өв соёл юм. Тийм ч учраас хаана баяр наадам болно, тэр бүхэнд очиж уртын дуугаа дуулж, уухайгаа уухайлж зааж сургах гэж зүтгэж явна. Үүнийгээ салбарынхаа яаманд яаж ийгээд мэдүүлэхсэн, хүмүүст хүргэхсэн гэж бодож явтал соёлын өвийг бүртгэлжүүлж эхэлсэн нь цагаа олсон арга хэмжээ болсон. Мэддэг, чаддаг маань биднээр дуусахгүй гэсэн бодол төрөхөөр санаа амарч байна даа.
-Таны ажил мэргэжил?
-Уг нь би эх барих эмч л дээ. Гэхдээ хажуугаар нь дуулж хуурдана, сур харвана. Сүүлийн 40 орчим жил халх сур харваж байна.
-Уртын дуу ард түмний дунд харьцангуй түгсэн шүү дээ. Харин халх сурын уухай гэдэг урианхай, буриад сураас ч огт өөр байх?
-Тэгэлгүй яахав. Халх сур нь буриад, урианхай сурын үндэс. Яагаад гэхээр, дээр үед харваачид ан гөрөө хийж амь амьдралаа залгуулан дайн байлдаанд оролцож, эх орон элгэн түмнээ хамгаалж явсан түүхтэй. Энэ ч утгаараа халх сур бол үндэс нь юм.
-Уухайн хувьд онцлог нь юу юм бол?
-Уухай бол маш онцлогтой. Уухай нь үзэгч олны хөгжөөх, урамшуулах оносон оноог нь тодорхойлдог тийм учиртай. Халх сурын харваанд гурван төрлийн уухай байдаг. Урилга уухай, онооны уухай, самбарын уухай гэж. Урилга уухай гэдэг нь харвах гэж буй харваач нумандаа сумаа онилсон үед зурхай дээр зогсч буй шүүгч харваачид цомнон уухайлж, гараараа үүнийг оно хэмээн зааж сумыг нь урьдаг. Харин онооны уухай сум зурхайд тусч оносон тохиолдолд хангарьдын дэвэлтээр гараа дээш өргөн урагш гурав алхаж, их цоглог уухайгаар харваач болоод суманд нь урам өгдөг. Самбарын уухай нь онооны самбарт сууж байгаа шүүгч сум хэрхэн, хаана оносон эсвэл онолгүй давсан эсэх, шүргэсэн, ойсон гэхчлэн сум оносон болоод оноогүй тухай онооны самбарт монгол бичгээр бичиж тэмдэглэдэг ба хажууд нь зогсоо харваач шүүгчид тэрхүү оноог нь уухайлан дуудаж урам өгдөг.
-Энэ уухайг уухайлдаг, мэддэг хүн хэр олон байдаг юм бол?
-Одоо бол туйлын хомс болсон. Тийм ч учраас би эл сурын уухайг өвлүүлэх үүднээс цомог гаргаж, түүнийгээ сурчиддаа үнэгүй тараан хүүхэд залууст заах юмсан гэж хичээж явна. Яамнаас соёлын өвийг бүртгэхээс ч өмнө энэ ажлаа хийж явлаа.
-Таны сургаж буй шавь байгаа уу?
-Байлгүй яахав. Манай охин өвлөж авсанаас гадна ач, зээ нар маань хоёр ойтоогоосоо л сур харваж сурч байна. Сур харваач бид чинь үндэснийхээ өв соёлыг өмсгөл хувцас гээд хамаг л юмандаа тээж явдаг хүмүүс шүү. Малгай толгой, хээ угалз, уран шаглаа, агсуурга, бүс, хануйн боолт гэхчлэн тоймгүй их зүйл бий. Энэ бүхэнд үндэсний өв соёл гэх цөөнгүй зүйл шингэсэн байдаг. Нэг ширхэг хатгамал, оёдол шаглаанаас сум, нум уухайнд хүртэл улс түмний үүх түүх шингэсэн байдаг.