Бидний хайрлан хүндэтгэдэг алтан үеийнхний төлөөлөл, дууны урлагийн мастеруудын нэг, XX зууны уянгын дууны ханхүү хэмээн олноо алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Ятгын чуулгын уран сайхны удирдаач Ц.Өлзий-Оршихтой уулзахаар утас цохилоо. Утсаа авахгүй нь хэмээн бодоод таслахаар завдтал дохио дуугарч, цангинасан хэр нь сөөнгөдүү хоолойтой хүн “Байна уу” гэх нь тэр.
-Сайн байна уу, та Өлзий-Орших гуай мөн үү?
-Мөн байна. Өөрөө хэн билээ?
-Аан, би “Ардчилал” сонины сурвалжлагч байна аа. Хэрвээ таныг зөвшөөрвөл уулзаж ярилцлага авах гэсэн юм. Таны цаг зав хэр байна даа?
-Юун тухай ярилцах гэсэн билээ хө?
-Таны уран бүтээл болоод ардын урлагийн өнөөгийн байдлын тухай л..?
-Хмм, Ардчилал сонин гэв үү. Би ч одоо гэртээ ачийгаа хараад л байж байна даа.
-Зүгээр зүгээр, би яваад л очъё /гэвэл гэрийнхээ хаягийг зааж өгөөд уулзаж ярилцах цагаа товлов. Арваннэгдүгээр хороололд байх ажлаасаа гарч автобусны буудал тийш алхах зуураа алтан үеийн гэгддэг уран бүтээлчдийн нэг, ардын болоод эстрадын урлагийн нэрт мастераас асуух асуултаа тунгаана. Сурвалжлагч ярилцагчаа судалж, асуух асуултаа бэлдэлгүй уулзана гэдэг нэг ёсны тухайн хүнээ хүндлэхгүй байгаагийн илрэл. Удсангүй унаа ч ирж, дүүрэн хүнтэй автобусаар дөрөвдүгээр хорооллыг зорилоо. Зам зуур хийсэн юмтай хэлэх үгтэй хүнд хэнэггүй, жудаггүй хандахгүйг хичээн хэдэн асуулт сийрүүлэв. Өврийн жижигхэн дэвтэртээ өнөөх хэдийгээ жагсаан бичээд өөрөө, өөрөөсөө асуух мэт дахин дахин давтана. Хэлэх үгээ цэгнэн хэрэггүйг нь танан явсаар нэг л мэдэхэд зорьсон газраа ирсэн байв. Заасан хаягаар очиж хонхыг нь дарлаа... Хэсэг хүлээсний эцэст төмөр хаалганы түгжээ түр, тар хийн онгойж, ачийгаа тэвэрсэн тэрбээр амар мэнд асуун угтав.
-Сайн байна уу. Би тантай ярьсан сурвалжлагч байна. Хүрээд ирлээ?
-Юутай ч гэрт ор /гээд үүдэнд нь зогсоо намайг өлмийнөөс зулай хүртэл ажна. Сонжсон байртай хэсэг хараад мэргэжлээрээ хэр удаан ажиллаж байгаа, аль сургууль төгссөн болох, нутаг усыг маань хүртэл нэгд нэгэнгүй лавлав./
-Би шинэ залуу сэтгүүлчдэд ярилцлага өгөх дургүй гэх үү дээ. Биеэ тоож байгаа хэрэг биш. Одоогийн залуу сэтгүүлч, сурвалжлагч нар үг, үсгийн алдаа ихтэй бичдэгээс гадна хүний ярьсан, хэлснийг огт өөр болгож орхидог хэцүү улс шүү. Тэгээд л цэрвэдэг хэрэг. Харин чамайг Ардчилалынх гэхээр чинь л зөвшөөрчихлөө.
-Юутай ч баярлалаа. Энэ тухайд тантай санал нийлж байна. Үг үсэг, утга найруулгын алдаатай бичих нь олширч. Гэхдээ та санаа зоволтгүй ээ. Сонины ажил, мэргэжил гэдэг чамгүй хариуцлагатай алба л даа?
-Хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа телевизийн нэвтрүүлэгчид цаанаас нь бэлдсэн текст уншиж, зохиолын дагуу ярьж, хэлж байгаа болов уу. Гэтэл нэвтрүүлнэ, хөтөлнө гэдэг үнэхээр хэцүү. Монгол хэл мэддэг гэж хэлэхэд хэцүүхэн болж.
-Ийм болоход хүргэж буй шалтгаан нь юу юм бол?
-Ерөөсөө юм уншихаа байж, оюун ухаан мэдлэг боловсролоо хөгжүүлж дээшлүүлэх талаар юу ч хийхээ больчихож. Өөрийгөө сурч мэдээд болчихлоо л гэж боддог байх. Гэтэл дээд сургуулиа улаан дипломтой төгссөн хүн бөөн алдаатай л бичиж байна шүү дээ. Тайлбарлахад бэрх юм. Багш нарын сургалт, арга зүйтэй холбоотой байдаг ч юм уу их л хэцүүхэн болчихож.
-Мэдээллийн суваг, хэрэгслүүд нь олон болчихлоо. Хэн дуртай нь л хэвлэн нийтэлдэг болохоор чанаргүйдээд байна уу. Тавигддаг шаардлага ч гэж алга?
-Угтаа, сонин хэвлэлд хянаж редакторлах хүн байна. Хэдий хянаж засав ч нүүр дүүрэн алдаа. Шинэ гарч буй ном зохиол, орчуулгын бүтээлүүд тэр тусмаа телевизийн хэл найруулга бол авах юмгүй. Ямар дээр үеийнхтэй адил хар тугалгаар үсэг өрөөд суух биш. Ер нь, энэ бичиж нийтэлж буй хүмүүсийн мэдлэг боловсрол, зөв бичгийн дүрэм гэж байхгүй болчихож. Бичиг үсэг бол дүрмийн дагуу л байх ёстой зүйл.
-Би таны нэг цахим сонинд өгсөн “Багш маань гартаа барьсан отверткараа толгой руу минь цохиод дуул гэсэн” гэдэг гарчигтай ярилцлага уншиж байсан. Гэхдээ отвертка гэдэг үгийг “автирк” гэж бичсэн байгаа юм. Гэтэл сэтгэгдэл үлдээсэн хүмүүс “Отвертка гэж оросоор нь бичих зөв, автирк гэж бичих нь зөв”гэхчлэн багагүй маргаан өрнүүлж л дээ. Гэтэл бас нэг уншигч “Тэгвэл харандаа гэдэг үгийг карандаш гэж бичих үү” хэмээн сөргүүлсэн байх жишээтэй. Хэл, бичиг хэт их даяаршиж буйгийн илрэл юм болов уу?
-Гадаад үгийг гадаадын дүрэм журмаар нь л бичих хэрэгтэй. Орчуулж болохыг нь орчуулна. Огтоос орчуулаагүй зарим үг хэллэгийг тэр чигээр нь бичих нь зүйтэй. Уншигч би гадаад үг бичиж, уншиж байгаа шүү гэж ойлгох хэрэгтэй.
-Улс орон оршин тогтнохын нэг үндэс нь хэл соёл гэдэг шүү дээ. Та урлагийн хүн хэр нь энэ тухайд их эмзэглэдэг бололтой?
-Монгол хүн монголоороо ярьж, монголоороо бичнэ гэдэг юу, юунаас эрхэм. Сүүлийн үед театр, чуулга хоёрыг ч ялгахгүй бичдэг сэтгүүлчид байна. Дуурь, бүжгийн чуулга, дуу бүжгийн эрдмийн театр гэхчлэн хольж, сольж бичдэг залуу сэтгүүлч зөндөө.
-Угтаа, таны тухай ярих яриа маань миний тухай болоод эргэчихлээ. Яалт ч үгүй хөндөх сэдэв. Таныхаар, шинэ залуу сэтгүүлч нарт юу дутагдаад байна. Шалтгаан нь бэлтгэж буй багш нартаа байна уу аль эсвэл боловсролын тогтолцоонд байна уу?
-Багш нарыг буруутгаж болохгүй. Залуус өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байна. Өөрийгөө боловсруулахгүй, ном уншихгүй байна. Нийгэм, цаг үе огт өөр болсон ч зөв бичих дүрэм журам, дэлхийн суутнуудын бүтээл, туурвилууд үгүй болчихоогүй. Гадаадын нэртэй, гайхалтай мундаг зохиолч, яруу найрагч, сурган хүмүүжүүлэгчдийн бүтээлийг уншихгүй байна. Дууны үг гэхэд ямар ч хяналтгүй, дуртай нь шүлэг бичдэг болчихож. Жишээлбэл, “Эмээлийн ганзага шиг дэрвэлзээд” гээд дуулаад байх юм. Угтаа, ганзага яаж ч бодсон дэрвэлзэхгүй шүү дээ, нарийхан сур юм чинь. Сугсалзана уу гэхээс дэрвэлзэхгүй байлтай. Харин гөлөм бол том хавтгай юм хойно дэрвэлзэж болно.
-Дээл, бүс нь байж болно...?
-Тийм. Дээлийн хормой дэрвэлзэхээс сугсалзахгүй шүү дээ. Юмны орон зай, хэмжээний хувьд бодолцож л бичих ёстой.
-Магадгүй, нөлөөлж буй нэг хүчин зүйл нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа дэндүү холдсоных байх. Нэг танил маань гэрийн тооно руу өлийж харснаа “Гэр дээрх энэ гурвалжин даавууг юу гэдэг билээ” гэж асууж байсан юм?
-Яг тийм. Гадаадын юм руу хэт их туйлшраад орчихлоо. Одоо англи ч, монгол ч, орос ч биш боллоо.
-Солонгос..?
-Тийм ээ, Солонгос ч биш.../гэсээр нойрмоглон уйлагнах ачийгаа саатуулахаар босов. Жижигхэн тэргэнд суун жимстэй тараг ууж хамар ам, хамаг л юмаа будаж орхисон ач нь нойрондоо дийлдэн үнэгчлэх бөгөөд өвөө нь хошуу дэвсэн байж өөдөө өргөн тэврэв. Ой гарантай болов уу гэмээр энэ жаахан охин хамгийн бага хүүгийнх нь хүүхэд гэнэ. Ачаа харах “алба”-ыг хашиж дадсан бололтой зөөлөн боов, бүлээн хар цайгаар хөнгөн хооллоод эвлэг гэгч нь бүүвэйлсээр хажуу өрөөг зүглэв. Удсангүй уйлагнан байсан ач нь унтсан бололтой Өлзий ах өрөөнөөс гарч ирэв./
-Би таныг зорьж ирэхдээ ардын урлагийн өнөөгийн байдлын тухай ярья гэж бодож байлаа?
-Ардын урлаг, ардын урлаг... хуучин цагийг бодвол төр засаг ч анхаарахаа больж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ хайрлаж хамгаалах сэтгэлтэй нь ч ховордож. Тэр дундаа дууны урлаг, сүүлийн үеийн дуунуудын үг хэллэг, утга санааны хувьд авах юмгүй. Дээр үеийнх шиг олон давхар хяналт, шүүмжлэл гэж байхгүй. Хүн ойлгоход бэрх бүтээл их гарч байна.
-Дуу, ном, кино ч юм уу урлагийн шинэ бүтээл төрөхөд шүүмж бичдэг хүн байхгүй болсон. Шүүмжлэлийг хүлээж авах сэтгэхүйтэй нь цөөн болж?
-Шүүмжлүүлэх дургүй шүү манайхан. Сүүлийн үеийн дуулаачид мэргэжлийн хувьд дуулаач хүн ямар чадвар, чадамжтай байх талаар ямар ч онолын мэдлэггүй. Ерөөсөө, найм, арван такт нотыг шууд хараад дуулчихдаг хүн байхгүй шүү.
-Яруу найрагч Р.Чойном гуайн хэлсэн үг байдаг. “Та нар чинь хүмүүс юм уу, тавьтын цагаан мөнгө юм уу” гэж. Урлаг, тэр дундаа дууны урлаг мөнгө болчихлоо?
-Урлагийг ерөөсөө л мөнгө олдог хэрэглээ болгочихлоо. Өнөөдөр Монголд мэргэжлийн хөгжмийн зохиолч цөөхөн байгаа шүү. Жанцанноров, Шарав ингэсхийгээд л...
-Ганц нэгхэн залуус гарч ирж байна?
-Тийм. Мундагчуул нь бурхан болоод цөөрөөд л. Гэхдээ сүүлийн үед ганц нэгхэн чадвартай залуус гарч ирж байна. Жишээлбэл, Чинбат, Бирваа багшийн хүү хэн билээ дээ.., ингээд цөөрөөд л байна даа.
-Шинэ залуу дуучид барууны дуу хөгжим, тэр ч бүү хэл клип, дүрсийг нь байгаагаар нь хуулах явдал цөөнгүй. Энд ёсзүйн талын юм баймаар?
-Тийм шүү. Сонсоод байхад Хятадын мундаг алдартай дуучдын хөгжмийн вистепленийг тэр чигээр нь хуулаад дуулчихсан манай айхтар нэртэй уран бүтээлчид цөөнгүй байна шүү. Тэрийг нь мэддэг, анзаардаг хүн байна. Гэхдээ ихэнх сонсогч гайхалтай сайхан гээд л бахдаад өнгөрдөг. Ер нь, өнөөгийн дуунууд хүнд юу өгч, юу ойлгуулах гээд байгаа нь тодорхойгүй, залуу үед ямар ач холбогдолтой нь ч мэдэгдэхгүй болчихож.
-Клип, дуу дүрс, хөгжим гээд бүгдийг нь дуурайж нэг ёсондоо хулгайлж байна. Тэгэхээр үнэ цэнэ нь юундаа байна?
-Клип гээд нэг зохиомж хийчихдэг. Түүнд нь нэг ч гэрэл гэгээтэй юм орохгүй. Бүгд биш шүү, гэхдээ дийлэнх нь. Цус нөж, алаан хядаан, нэгнийгээ хороосон, амь насаа хорлосон дандаа хар энергитэй үйл явдал, өрнөлтэй. Сайхан жирэмсэн эмэгтэй морьтой давхитал нэг нь бугуйлдан татаж унагаснаас дутуу төрөөд л... Ашдын билгээс амны билгэ гэдэг дээ. Клип гээч юм чинь заавал тийм байх албагүй шүү дээ. Хэт их ашиг, мөнгө төгрөг хөөцөлдөөд ийм болсон хэрэг.
-Заримдаа бид энэ чөлөөт зах зээл, мөнгө гэгчид хэт дарлуулчихсан юм шиг санагдах юм?
-Тэгэлгүй яахав. Мөнгө бодохоос гадна цаад хийж байгаа юмаа үнэ цэнэтэйгээр хойч үедээ үлдэхүйц хийхийн тулд ухаантай байх хэрэгтэй /гээд хажуу өрөөнд унтаж буй ач охиноо хэлж байгаа бололтой толгой дохив. Түүнийг ийн хэлэхэд нь, “Нээрээ л бид чинь юу л хийгээд байна даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Өлзий ах ч энэ тухай бодож байгаа бололтой өмнөх аягатай цай руугаа ширтэнэ. Бид хоёрын хэн хэн нь хэсэг бодолд дарагдав. Залуу уран бүтээлчид, тэр дундаа хип хоп гэж нэрийдсэн барууны танхай “урлаг”-т байж болох хамаг л хараалын үг хэрэглэдэг нь санаанд буув. Тэдгээр дууг дунд сургуулийн сурагчид үг үсэггүй цээжилж, даган дуулж, дуурайж байна. Түүгээр хүмүүжиж байна.../
-Тэгэхээр бид тоглолтод зориулж дуу хийх бус ирээдүй хойч үеэ бодолцож уран бүтээл туурвих хэрэгтэй байх нь?
-Бидний үр хүүхэд, ач, гуч, тэдний үр хүүхдэд зориулж юм хийх хэрэгтэй байгаа юм.
-“Хурааж, хуримтлуулсан мэдлэг туршлагаа өөртэйгөө аваад буцахгүй гэсэндээ шавь нараа бэлдэж байна” гэсэн таны үг санаанд орлоо?
-Тийм ээ. Мэддэг чаддагаа хойч үедээ зааж сургаж үлдээхийг л хичээж явна. Би тэнгэрт мандчихсан тийм айхтар дуучин биш. Одоо хэр нь суралцсаар л явна. Нас ахих бүрт нэг алдаагаа олж харж, дахин давтахгүйг хичээдэг. Шинэ зүйл сурлаа гэхэд өөртөө хадгалж хар толгойгоо бодоод байж болохгүй. Одоо өөрийнхөө дуулсан дээхнэ үеийн дуунуудыг сонсоод байхад маш их алдаатай байдаг. Алдаагаа олж мэдсэн, сонссон даруйдаа л шавь нартаа ингэх байсан юм байна шүү, ийм байвал зүгээр гэхчлэн зааж сургах нь л миний үүрэг. Одоо ятгатай дуулдаг дуучин цөөн болж. Энд тэндэхийн урлагийн тоглолтуудад ятга үзэгдэх нь цөөрч. Би өнгөрсөн оны дөрвөн сард ятгын чуулга байгуулаад хөл дээр нь босгоё гэтэл хөрөнгө мөнгөнөөс аваад л асуудал их байх юм. Одоохондоо хүнээс дэмжлэг хамжлага гуйгаагүй л байна. Угтаа, ятга нь Монгол үндэсний хөгжим. Хятадууд тэр бүр манайхтай булаацалдаад байдаггүй ч цаагуураа манайх л гэдэг. Солонгосчууд ч ялгаагүй. Гэтэл Франц судлаач, эрдэмтэд эхнээсээ Монголын хөгжмийн зэмсэг гэдэгтэй санал нийлдэг. Удахгүй батлагдах болов уу гэж найдаж л сууна даа. Ядаж нэг хөгжмөө Монголынх гэдгээр нь аваад үлдэхсэн гэсэндээ Ятгын холбооны тэргүүн Зоригтбаатартайгаа хамтарч энэ чуулгаа байгуулсан юм. Мөн ардын урлагаа авч үлдэх, залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх үүднээс ажиллаж, ятгатай дуулдаг хэдэн дуучин гаргачих юмсан гэж хэдэн шавь нартайгаа үзэж л байна даа. Болно доо. Чадахгүй юм гэж байдгаас болохгүй юм гэж бараг байдаггүй шүү дээ.
-Таны хувьд нас дээр гарлаа. Миний мэдэхээр урлагт 50 орчим жил зүтгэсэн хэр нь ийм үзэл бодолтой байгаа тань залууст сургамжтай санагдлаа?
-Би 50 гаруй жил урлагт хүчин зүтгэж байна. Үлдээх юмаа үлдээнэ гээд л шавь нартайгаа үзээд л байна. Өнөө, маргаашгүй бурхан болчих гээд байгаа биш л дээ. Залуучууд маань биднийг байгаа дээр хуучин цагийн сайхан бүтээлүүдээс авч үлдээсэй гэсэндээ л тэр. Миний шавь нараас Гавьяат жүжигчин Ганзориг, Амаржаргал, сүүлийн үеийн хөөрхөн, хөөрхөн дуулдаг залуус ч байна. Эднийгээ би нэрд гаргахдаа биш чанартай уран бүтээл хийлгэх гэж цаг заваа зориулж байна. Өвөрмонголд ч миний шавь нар байна. Мундаг дуулж байгаа хүүхдүүд ч бий. Гэхдээ хятадууд манай ардын урлаг, хөгжмийн зэмсэгийг өөрсдийнх мэтээр идээшүүлэн хөгжүүлж байхад манайхан зөнд нь хаячихсан байна шүү дээ. Ямар ч бодлогын түвшний хөрөнгө оруулалт, дэмжлэг гэж байхгүй. Цөөн хэдхэн хүн л дөнгөн данган тогтоож байна.
-Тийм шүү. Жишээ татахад, Цэвэл гуайн толийг олоод авъя гэхээр үнэнхүү ховордчихож. Олдож байгаа нь чамгүй үнэтэй, дахин хэвлэхгүй. Яг үүнтэй адил би ятгын тухай ганц нэг юм олоод сонсоно гэвэл та бүхнээс хойш хэн дээрээ очих билээ. Ингээд бодохоор нэг бодлын ирээдүй... бүрхэг?
-Ятга судалдаг ганц нэг эрдэмтэн бий л дээ. МУИС-ийн нэг залуу. Тэр бидэнтэй уулзаад цөөн хэдэн юм сонсч, судлаад л яваад байгаа. Манай залуус огт зүгээр суусан хэрэг ч биш л дээ. Гагцхүү, “Би монгол хүн учраас монгол уран бүтээл хийх хэрэгтэй, гэхдээ хийж буй зүйл маань дэлхийн алдартай сонгодгуудын хэрэгтэй, сайн талыг агуулсан байх ёстой” гэж сэтгэх хэрэгтэй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь чухал. Хэрэв Монголоороо байя гэж бодож байгаа бол монгол хэл, соёлоо дээдэл. Монгол хэл бол бүхий л зүйлийн чинь үндэс. Урлаг хэдий сайхан зүйл байж болох ч өмнүүр нь монгол хэл, соёл гишгэнэ.
Бидний яриа өндөрлөх ахуйд Өлзий ахын шавь болох Ятгын чуулгын залуу дуучин О.Баднаанямбуу шинэ уран бүтээлдээ зөвлөгөө авахаар ирсэнтэй таарсан юм. Багш нь чуулгынхаа ажлаар урд хөршийг сарын хугацаатай зорих болохоор урьтан ирсэн нь энэ. Би ч мөн адил хүний нутгийг зорихоос нь өмнө түүнтэй уулзаж ярилцсандаа ихэд олзуурхсан юм. Баднаанямбуу бид хоёр чуулга болоод залуу уран бүтээлчдийн тухай хэсэг яриа өрнүүлсэн юм. Тэрээр ардын урлагаа гэсэн сэтгэлтэй хүний шавь нь хэмээн дуудуулж яваадаа баярладаг хийгээд урлагийн эл төрлөөр уран бүтээл туурвих туйлын хүсэлтэй нэгэн аж. Багштай нь ярилцсан болохоор “Урлагийн хүн олны танил, од болохыг хүсэх нь мэдээж. Гэхдээ юуны өмнө багшийнхаа үйл хэргийг залгаж үлдэх нь хамгаас чухал юм болов уу гэж ойлголоо” хэмээхэд “Тэгэлгүй яахав, ийм хүний шавь бид ч азтай шүү” гээд талархсанаа илэрхийлсэн юм. Багш, шавь хоёр уран бүтээлийн тухай яриагаа үргэлжлүүлсээр үлдэж, харин би хорооллын эцсээс хоосон автобус хөлөглөн ажлын зүг хөдөллөө.