Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Юндэнбат: Соёлын биет бус өвийг өвлөгчид цөөрч байгаа

Монголын соёлын өвийн төвийн биет бус соёлын  өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбаттай ярилцлаа.

-Монгол Улсын соёлын өвийг хятадууд өөрсдийн нэрээр ЮНСЕКО-д бүртгүүл­лээ гэсэн мэдээлэл монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн. Бид соёлын биет бус  өвөө хамгаалж чадсан уу?
 -Биет бус өвийг хамгаалах конвенцод 145 орон нэгдсэн байдаг. Харин манай улс 16 дугаарт бүртгэгд­сэн. Тухайлбал, өнөөгийн байд­­лаар манай улс ЮНСЕКО-д “Монгол морин хуур”, “Монгол ардын уртын дуу”  (Хятад улстай хамт) “Мон­гол наадам”, “Монгол хөөмэй”, “Шувуучлахуй” (бүргэдээр ан хийх бусад 14 оронтой хамтран), “Монгол тууль”, “цуур”, ”Бие биелгээ”  “Лимбэний битүү амьсгаа” зэргийг бүртгүүлсэн. Нийт бүртгүүлсэн соёлын тоогоороо гуравдугаарт жагссан. Мөн Лу Алтан товч, Данжуур, Ганжуур есөн эрдэнээр бүтээсэн Ган­жуур зэрэг баримтат гурван өв бүртгүүлсэн.

-Монгол хөөмэйг БНХАУ өөрийн нэр дээр бүртгүүлсэн гээд ихээхэн шуугиан болж байсан. Соё­лын өвөө ингээд бусдад алдсаар байх уу?
-Энэ өрөөсгөл ойлголт шүү. Хэдий бид Монголынхоо соёлын өвд санаа зовниж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаар Соёлын өвийг хамгаалах конвенцын утга учрыг сайн ойлгохгүй байна. Эцсийн дүндээ, соёлын өв бүртгүүлнэ гэдэг нь хамгаална гэсэн үг. Жишээ нь, морины эмээлийг дэлхий даяар маш олон үндэстэн ястан хэрэглэдэг. Тэгэхдээ үндэстэн ястан бүрийн онцлог шингэсэн учраас хоо­рондоо ялаатай. Тиймээс тухайн үндэстэн бүртгүүллээ гэхэд өөрийн онцлогоо тусгасан эмээлээ л бүртгүүлж байгаа болохоос Монголынхыг бүртгүүлээгүй шүү дээ. Үүнтэй яг адилхан өнгөрсөн жил  БНХАУ манайхаас нэг жилийн өмнө нэгэн төрлийн хөөмэйг “Хоолойн цоор” гэдэг нэрээр ЮНСЕКО-д  бүртгүүлсэн. Ха­рин  манайх жилийн дараа  “Монгол хөөмэй” гэдэг нэрийн дор бүртгүүлсэн. Тиймээс хүн төрөлх­тний өмнө соёлын өвөө хамгаалах үүрэг оногдсон гэдгийг ойлгох хэрэгтэй.  Манай улс соёлын өвөө бусдад алдсан зүйл байхгүй.

-Та яриандаа биет болон биет бус өв гэлээ. Энэ нь юугаараа ялгаатай юм бэ?
-Соёлын өв гэж он цагийн шалгуурыг давсан олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны болон эд өлгийн зүйлсийг хэлдэг юм. Соёлын өвийг биет болон биет бус өв гэж ангилдаг. Биет өвийг дотор нь хөдлөх, үл хөдлөх гэж хуваадаг. Хөдлөх өвд бүхий л эд өлгийн зүйлс, хувцас орох бол үл хөдлөх өвд археологийн дурсгал зэрэг багтана. Харин соёлын биет бус өв гэдэг нь оюунаар өвлөгддөг өвийг хэлнэ. Энэ  өвийг дэлхий нийт таван төрөлд ангилан авч үздэг. Тухайлбал, тухайн үндэстний төрөлх хэл дээрх аман зохиол, үлгэр домог, язгуур урлаг, дуу хөөмэй, ардын хөгжим, баяр наадам,  газар,  уул ус шинжих, гар урлал буюу оёх хатгах, алт мөнгөний урлал гэх мэт.  Ер нь, соёлын өвийг хамгаалахад монгол хүн бүрийн оролцоо чухал. Манай улсад 1996 онд Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах хууль санаачлан хэрэгжүүлсэн ч төдийлэн хамгаалж чадаагүй. Харин 2001 онд соёлын биет бус өвийг хамгаалах конвенц батлагдсанаар байдал өөрчлөгдсөн. Энэ хүрээнд бүртгэл, судалгаа хийснээр Монголын түүх соёлыг шинээсэн олон зүйлсийг  ЮНСЕКО-д  бүртгүүлж чадсан.

-ЮНСЕКО-д  соёлын өвийг бүртгүүлэхэд ямар шалгуур тавьдаг юм бэ?
-Гол нь, өв өвлөгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Мөн тухайн өв нь он цагийн шалгуураар өвлөгдөн ирсэн, цаашдаа өвлөгдөх боломжтой байх, хамгаалах менежмент нь юу болох гэх мэт таван шалгуураар соёлын өвийг бүртгэдэг юм.

-Одоогоор Монголд хэчнээн өвлөгч  бүртгэгдсэн бэ?
-2013 оны байдлаар Мон­гол Улсын хэмжээнд 6925 өвлөгч бүртгэсэн. Үүнээс ардын урлаг өвлөгч гэхэд 65 хувь, үндэсний уламжлалт зан үйл, баярынх 21 хувь, эх хэл болон аман уламжлалынх 12 байгалийн болон сав шим ертөнцийг танин мэдэх өвлөгч 10 хувь байна. Ер нь, соёлын биет бус өвийг өвлөгч цөөрч байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан