Сургууль цэцэрлэг ажлаа эхлэх гэж байгаа болоод ч тэр юм уу, амралтын өдрүүдээр Нарантуул зах орохоос аргагүй. Тансаг дэлгүүрээс үнэтэй юм авчихаж барахгүй юм чинь тэгэхээс яахав. Саяын ням гаригт бас л тийшээ явах болж Халдвартын эцэс ордог автобусанд суугаад л явлаа. Эцсийн буудал дээр буугаад л шороо бужигнасан замаар хүн машин, тэрэг түрсэн наймаачидтай холилдоод шавар шавхай, тоосон дундуур явсаар нэгэн цагт бетонон ханыг нь цоолчихсон байсан доогуур шургаж байж зах руу орлоо. Энэ бол хүн бүхэнд л тохиолддог явдал.
Гэтэл энэ замыг нийслэлийн удирдлагууд мэдээд, мэдрээд энэ замыг /350 метр / хатуу хучилттай болгоё, гэхдээ үүнийг ердөө хоёр хоногийн дотор хийчихье гэжээ.
Гэтэл Нарантуул зах дээр наймаа хийдэг хэсэг хүн үүнийг эсэргүүцэж байгаа юм байна. Лангуу түрээслэгч Ч.Мэндээ гэдэг хүн “Тухайн газарт эмзэг бүлгийн, нэн ядуу 600 гаруй түрээслэгч худалдаа наймаа хийдгийн дээр ихэнхи худалдан авагч зүүн талын хаалгаар орж ирдэг учраас давхардсан тоогоор 1700 орчим лангуу түрээслэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Хичээл сургууль эхлэх гэж буй худалдаа наймааны ид оргил үед гаргасан энэ шийдвэрээ цуцлаач гэж Нийслэлийн захирагчийн албанд шаардах бичиг хүргүүллээ” /Ардчилал сонин/ гэсэн байх юм.
Энэ юу гэсэн үг юм бол. Нарантуул зах руу иргэдийн очдог замыг засч сайжруулаад, аятай тухтай болговол тийшээ очдог хүний тоо улам л нэмэгдэж, ингэснээр тэнд ажиллаж наймаа арилжаа хийдэг хүмүүсийн ашиг орлого улам л нэмэгдмээр юм. Ер хаана ч гэсэн, манайд, гадаад оронд бизнес эрхэлж байгаа хүн бүр л “Манай энэ рүү хатуу хучилттай зам тавиад өгөөч. Дэд бүтцийг нь сайжруулаад өгнө үү” гэсэн өргөдөл, төвөл бариад холбогдох яам тамгын газар руу нь л гүйж байдаг юм гэсэн. Гэтэл хэдэн мянган хүн арилжаа наймаа хийж “Олон л хүн ирж биднээс юм худалдан аваасай” гэж бодож байдаг энэ зах руу орох замыг хоёр урсгалтай болгож сайжруулах гээд байхад эсэргүүцдаг хүмүүс хаанахын хэн бэ.
Ч.Мэндбаяр гэдэг хүн бол “Худалдан авагч цөөн байгаасай, миний бараанаас хүн аль болох бага худалдан аваасай” гэж боддог хүн юм болов уу.
Ухаандаа автобус ХӨСҮТ-ийн өмнө зогсоод цаашаа автобусны нэг буудал хэртэй шавар устай, хавар зундаа тоостой гудамжаар алхаж байсна хүмүүс шууд захын зүүн хойно буугаад л Нарантуул руу ордог байвал үйлчлүүлэгчид хэдээр нэмэгдэх бол. Тэгээд ч яг ХӨСҮТ-ийн талаас бараа бүтээгдхүүнээ зах руу оруулж ирдэг лангуу түрээслэгч, наймаачин хэд байдаг юм бол. Мэдээж нэлээн олон л бий дээ. Шавар шавхай, тоосон дундуур, том авдартай, гахайтай ачаагаа түрээд явж байх ямар байдаг бол, Хатуу хучилттай замаар явбал ямар байх бол...
Тэгэхээр арилжаа наймаа хийж, магадгүй зарим нь бараа бүтээгдхүүнээ түргэн борлуулах гэж зар сурталчилгаанд мөнгө зардаг бол Төр энэ замыг чинь сайжруулаад, үйлчлүүлэгчдийг чинь улам ойртуулаад, өнөөгийнхөөс илүү олноороо очдог болгоод өгье гэж байхад эсэргүүцээд байдгийг юу гэж ойлгох вэ. Манай наймаачид бол энэ зэргийн илүү тал, ашгийг аль хэдийнээ ойлгохтойгоо болсон. Харин яагаад энэ удаа ингэж байна. Арай улстөрийн эрх ашиг, сонирхол, ар өврөөс нь хэн нэгний түлхээс орсон юм биш биз.
Хэн нэгэн нь олон түмэнд, хүмүүст, тухайлбал арилжаа наймаа эрхлэгчдэд, тэднээр үйлчлүүлж бараа бүтээгдхүүнийг нь худалдан авагчдад хэрэгтэй тустай зүйлийг хийчихвэл хожим нь цөөхөн хэдэн хүнд тусгүй юм болчих вий гэж санаа зовсон цөөхөөн хэдэн хүн далдаас зохион байгуулж байгаа юм биш биз.
Нарантуул захаар өнөөдөр өдөртөө дунджаар 100 мянга орчим хүн үйлчлүүлдэг гэсэн баримжаа тоо байдаг. Үүний хамгийн багаар бодоход ¼ /дөрөвний нэг/ нь хойд хаалгаар ордог гээд бодвол наймаачдад хэдий орлого ордог байна даа, та минь. Зүгээр л энэ ажлыг хотын мэр Э.Бат-Үүл хийх гэж байгаа юм биш, Улаанбаатар хотын Замны газрынх ч хийх гэж байгаа юм биш........хожим нь надад, бидэнд хэрэгтэй юу гээд бодоод үз дээ...........
Хэн нэгний хэлсэн хийрхэл үгэнд биш, улс орны хөгжил энэ тэрд ч биш, зүгээр л өөр өөрийнхөөрөө, надад ямар илүү тал, ашигтай юм бол гээд бодоод үз дээ..... та минь ээ.