Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн шинэчлэл


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар баталсан Шүүхийн багц хуулийг мөрдөж эхэлснээс хойш гурван сар өнгөрч байна. Эл багц хуулийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч  Л.Бямбаатай ярилцлаа.
 

-Шүүхийн тухай багц хуулийн эрх зүйн шинэчлэлийн талаар тодруулан ярихгүй юу?
-Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж хуваарилснаар шүүхийн байгууллага бие даасан байх эрх зүйн үндэслэлийг тогтоосон. Энэхүү  үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор 1993 онд Шүүхийн тухай хуулийг баталснаас хойш 20 жил өнгөрлөө. Энэ хугацаанд шүүхийн үйл ажиллагаа шинэчлэгдэн, боловсронгуй болж ирсэн ч шүүх бие даасан, хараат бус байдлаар ажиллах эрх зүйн орчин учир дутагдалтай явж ирсэн гэж хэлж болно. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн багц хуульд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай,  Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль багтаж байна. Үүнээс үзвэл, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн тухай хууль үйлчилж байсан бол одоо багц хууль болгон задалсан нь эрх зүйн хомсдолтой байсныг харуулж байгаа юм. Энэ таван хуулиар зохицуулах харилцаа өөр өөр. Гэвч шүүх эрх мэдэлд хамааралтай бүх харилцааг цогцоор нь зохицуулснаараа шинэ хуулийн ач холбогдол оршино.

-Та Шүүхийн багц хууль зайлшгүй хэрэгтэй байсан гэж үзэж байна уу?
-Багц хууль яагаад хэрэгтэй байсан бэ гэдэг асуудал нь нийгмийн болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага байсан гэж үзэж болно. Шүүхийн багц хууль тус бүрийн үзэл санаа,  зорилго, зохицуулах харилцаа бүрийг авч үзвэл тус бүрдээ л  онцлог бие даасан сэдэв боловч шүүх бие даасан, шүүгч хараат бус байх шаардлагыг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтын цогц хууль болсон гэж үзэж болно.

-Шүүхийн багц хуулийн  бүрэлдэхүүнд орж байгаа зарим хуулийн онцлог зохицуулалтын талаар тодруулахгүй юу?
-Шүүхийн тухай хуулиар шүүхийн  зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж байна. Тухайлбал, анхан шатны шүүхийг тогтолцоо нь дүүргийн эрүү, иргэний анхан шатны шүүх, захиргааны хэргийн  анхан шатны шүүх, сум буюу сум дундын шүүх гэсэн бүтэцтэй боллоо. Ингэснээр анхан шатны шүүхийн шүүгч эрүү, иргэн, захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх боломжтой. Давж заалдах шатны шүүх  шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулагдана. Улсын Дээд шүүхийн шүүгч эрүү, иргэн, захиргааны аль нэг танхимд харьяалагдан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг энэ хуулиар хориглосон.  Эдгээр өөрчлөлт нь шүүгчдийн хэргийн төрлөөр дагнан мэргэшүүлэх, үр дүн нь шүүн таслах ажлын чанар сайжирч эцсийн үр дүнг хэргийн оролцогчид л хүртэнэ шүү дээ.

-Шүүхийн захиргааны хууль гаргах болсон шалтгаан юу юм бэ?
-Энэ хуулиар шүүхийн захиргааны үйл ажиллагаа анх удаа бие даан ажиллах боломжтой болсон. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгааг сайжруулахад чиглэж байгаа.
Энэ ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар гүйцэтгэх юм. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулахын зэрэгцээ шүүгчдийг хуульчдаас шилж олох, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн захиргааны бүхий л үйл  ажиллагааг бие дааж явуулна.  
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын чиг үүргийг өмнө нь Улсын Дээд шүүхийн дарга хавсран гүйцэтгэж байсныг өөрчлөн Шүүхийн ерөнхий зөвлөл анх удаа бие даан тусдаа ажиллаж, шүүгч  хэрэг маргааныг талаар шийдвэр гаргах  түвшинд ажиллаж, харин шүүхийн захиргааны байгууллага шүүгчийн суух сандал, авах цалин, нийгмийн болон аюулгүй байдлыг хангах зэрэг шүүн таслах ажил хийх бүхий л боломжийг хангах зорилгыг хэрэгжүүлэх юм. 

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын тухайд?
-Эл хуулиар шүүгчид тавигдах болзол шаардлагын босго өндөр болж, шүүх бие даасан, шүүгч  хараат бус байдлаар ажиллах эрх зүйн орчин бүрдэхэд чиглэсэн харилцааг улам боловсронгуй болгосон. Шүүгчийн улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг шүүгчээр томилогдохоос эхлээд тэтгэвэрт гарах хүртэлх баталгааны асуудлыг зохицуулсны дээр шүүгчийн үйл ажиллагааны төвшинг 3-5 жил дутам тогтоож байх, шүүгчид хориглох зүйл, шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт,шүүгчид болон шүүгчийн хараат бус байдалд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог шинээр хуульчилсан.

-Шүүхийн багц хуулийн нэг Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр иргэд шүүгчтэй адил хэрэг шийдвэрлэх эрхтэй болсон гэсэн?  
-Тийм ээ. Хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч шүүгчтэй адил эрхтэйгээр  оролцоно. Энэ нь шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгоход зохих дэмжлэг үзүүлнэ гэж хууль тогтоогчид үзсэн.

-Сүүлийн үед хуульчид эвлэрүүлэн зуучлах асуудлын талаар их ярьж, мэдээлэх боллоо. Та Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлыг товчхон яриад өгөөч?
-Эвлэрүүлэн зуучлах тухай” хуулиар талууд эрх зүйн маргаанаа эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгааар шийдвэрлэдэг болох эрх зүйн үндсийг тогтоолоо. Ингэснээр  талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэх шийдлийг  олох, үүссэн зөрчил маргаанаа эвийн журмаар шийдвэрлэснээр сэтгэл ханамжтай үлдэх, цаг хугацаа болон зардал  хэмнэх зэрэг эерэг үр дагаврыг бий болгох зэрэг ач холбогдолтой.

-Шүүгчийн ажлыг  үнэлэх шалгуур  гэж байна уу?
-Шүүгчийн ажлыг үнэлэх гол шалгуур бол тэр шүүгчийн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх явдал. Үүнд  шүүгч өөрөө хараат бус дархлааг бүрдүүлсэн байх нь чухал. Энэ нь олон нийтийн дунд нэр хүндтэй байх асуудалтай зайлшгүй холбоотой асуудал.  Шүүгчид хэрэг маргаан  хувиарлагдан очлоо гэхэд шударга хандаж шийдвэрлэнэ гэдэг итгэл хэргийн оролцогчид байх тэр л чанарыг шүүгч бий болгож чадснаар шүүгчийн өөрийн нь хараат бус байх дархлааг бий болгоно. Нөгөөтэйгүүр шүүгчийн шүүн таслах ажлын чанарын асуудал мэдээж чухал. Шүүгч мэргэжлийн хувьд тэнцэж байгаа эсэх асуудлаар эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргасан тохиолдолд Мэргэжлийн хороо дүгнэлт гаргаж байсныг өөрчлөн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд  дүгнэхээр болж байна. Энэ нь шүүгчид тавигдаж байгаа шаардлагыг хариуцлагажуулж байгаа хэлбэр гэж үзэж болно. 

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааны шинэчлэлийн талаар та юу хэлэх вэ?
-Шүүх үйл ажиллагаагаа бие даан явуулах боломжтой болж байж, шүүгчийн хараат бус байдлын баталгаа хангагдана.   Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал гэдгийг хоёулан салгаж судалгааны хэсэг болгон авч үзэж болох ч хоорондоо салшгүй нэг зүйлийн хоёр тал юм.
Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан  байж, үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх гол баталгаа нь эрх зүйн хамгаалалт  гэж үзнэ. Тухайлбал, Үндсэн хуулийн 48.2-т “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг өмнө үйлчилж байсан  Шүүхийн тухай хуульд шууд хуулж  оруулсныг учир дутагдалтай гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь Үндсэн  хуулийн үзэл баримтлалыг хэрхэн яаж, хэрэгжүүлэх асуудлыг эрх мэдлийн түвшинд задлан зохицуулж байж шүүхийн эдийн засгийн баталгааг бүрэн хангагдах учиртай.

0 Сэтгэгдэл
saihan huuhen bainashde chi mini
Хамгийн их уншсан