Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Баттулга: Улаанбаатарыг өрлөг түүхт, сэтгэл татам, найрсаг зочломтгой имижээр гадаадад сурталчилна


Аялал жуулчлал нь нийслэл хотын төдийгүй улс орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд онцгой үүрэгтэй салбар билээ. Нийслэл хот жилдээ сая сая гадаадын жуулчид хүлээн авах чадалтай, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ цогцлоосон хот болгох зорилго тавьж байна. Улаанбаатарын аялал жуулчлал ойрын жилүүдэд хэрхэн хөгжих талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.


-Та нийслэлийн аялал жуулчлалын салбарыг тэргүүлэн ажиллаж байна. Ер нь, энэ салбар монголчуудад хэр өгөөжтэй вэ гэдгийг танаас асуух нь зөв болов уу?
-Таны асуултад хариулахын тулд цөөн хэдэн статистик хэлье. Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас нь хот, суурин газар амьдарч байна. 2030 онд хотуудын хүн ам таван тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн цаашид ч нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ олон шинээр суурьшиж буй иргэдийг ажлын байртай, ашиг орлоготой болгох арга замыг хотууд эрэлхийлж байна. Одоогоор олонхийнх нь хувьд хамгийн боломжит салбар нь аялал жуулчлал болчихсон. Учир нь, аливаа газарт нэг жуулчин ирэхэд 30 гаруй ажлын байр эрчимжиж, дагалдах бизнес сэргэдэг. Үүнээс улбаалаад өндөр технологи, нарийн мэргэжил шаарддаггүй хэдэн мянган  ажлын байр бий болдог. Хоёрдугаарт маш их хэмжээний орлогыг тухайн хотын эдийн засагт оруулдаг. Улаанбаатар хот 2000 онд 760.1 мянган хүн амтай байсан бол 2012 онд 1.3 сая хүрсэн. Өнөөдөр нэг жуулчны нэг хоногт зарцуулж буй мөнгө нь монгол хүний нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч өндөр байна. Монголд ирсэн жуулчдын 92 орчим хувь нь нийслэл хотоор дайран өнгөрч дунджаар 2-4 хонодог гэж үзвэл хэр өгөөжтэй болох нь харагдах байх.

-Цаашид нийслэлийн гэх тодотголтой аялал жуучлалыг хөгжүүлэх бодлого, зорилтоо хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Бид мэдээж аялал жуулчлалаа олон улсын жишиг болсон томоохон хотуудын дайтай хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Нийслэл хотуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь хотынхоо онцлогоос голдуу хамаардаг. Он удаан жилийн түүхтэй хотууд үзмэрүүддээ түшиглэж соёлын аялал жуулчлал, шинэхэн нийслэлүүд бол бизнес, ажил хэргийн жуулчлалыг голчлон хөгжүүлж байна. Улаанбаатар хотын тухайд соёлын өв, дурсгалаа түшиглэн Монгол туургатны соёлын аялал жуулчлалын төв болох боломжтой. Эрчимтэй хөгжиж байгаа аялал жуулчлалын дэд бүтэц, зочлох үйлчилгээний салбарын хөгжил, бүс нутгийн орнуудтайгаа бий болгосон найрсаг харилцаа хамтын ажиллагаа, газар нутгийн байршил зэргээ түшиглээд Зүүн Хойд Азийн бизнес жуулчлалын нэг зангилаа болох боломжтой. Эндээс үзвэл зорилтот зах зээлийн  хэрэглэгчдийн онцлог, өөрсдийн давуу талуудыг түшиглэсэн “multi-branding”-ийн бодлого явуулах шаардлагатай байгаа. Энэ бүх зорилт, түүнд хүрэх арга зам, шийдвэрлэх асуудлуудын шийдлийг багтаасан Нийслэлийн аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулсан. Удахгүй Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэнэ. Ер нь, ямар ч аялал жуулчлалын зорих газруудад “Таван E”, “Таван S” гэж товчилдог нийтлэг шаардлага тавигддаг болчихсон. “Таван E” гэдэгт “Entertainment”, “Excitement”, “Education”, “Expertise”, “Experience” буюу аялал нь сэтгэл хөдөлгөж, алжаал тайлж, танин мэдүүлж, туршлага хуримтлуулдаг байх ёстой бол “Таван S” тодорхойлолтод “Security”, “Safety”, “Sanitation”, “Service”, “Satisfaction” буюу аялах газар нь үйлчилгээ сайн, ариун цэвэр, аюулгүй байдал хангагдсан, сэтгэл ханамж төрүүлэхүйц байхыг чухалчилж байгаа юм. Ийм шаардлага хангасан улс, хотууд ойрын ирээдүйд жуулчлалын бизнест амжилт олох боломжтой гэсэн үг. Бид ч ялгаагүй ийм л төвшин рүү зорьж явна.

-Аялал жуулчлал ойрын жилүүдэд өсөн нэмэгдэх хандлагатай гэж мэргэжилтнүүд ярьдаг. Жуулчдын тоо өсөн нэмэгдэх шалтгаан нь чухам юу вэ?
-Олон улсын хэмжээнд жуулчдын өсөлт хэд хэдэн томоохон шалтгаантай. Үүний нэг нь, хүн амын өсөлт. Түүнчлэн хөгжиж буй орнуудын эдийн засаг сайжрахын хэрээр аялах  жуулчлах боломжтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа явдал. Мөн олон оронд ажлын цаг нь уян хатан болсон нь жуулчлал нэмэгдэхэд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, өөр оронд байлаа ч цахим ертөнц, харилцаа холбооны дэвшлийг  ашиглаад ажлаа цалгардуулахгүй байх боломж бүрдээд байгаа. Аялах жуулчлахад тавигддаг визийн нөхцөл шаардлагууд харьцангуй зөөлөрч байна. Техникийн дэвшил, өрсөлдөөнөөс хамаараад аяллын үнэ ч буурах хандлага ажиглагддаг. Энэ мэт олон нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн нийтийн хэмжээнд жуулчдын тоо өссөөр байгаа хэрэг.

-Дотоодын жуулчлалын асуудлыг сүүлийн үед их хөнддөг боллоо. Ач холбогдол, үр нөлөө нь хэр байдаг вэ?
-Гадаад, дотоодын жуулчдын тооны харьцаа улс орон бүрт харилцан адилгүй боловч өндөр хөгжилтэй орнуудад энэ харьцааг 1:10 гэж авч үзэх нь түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал, дагалдах бизнесүүд нь гадаадын жуулчдаас илүү дотоод зах зээлээс хамааралтай гэсэн үг. Статистик мэдээллийн нэгдсэн аргачлал, тогтолцоогүй, жуулчлалын талаарх ойлголт, хандлага өөр байдгаас шалтгаалан хөгжиж буй орнууд дотоодын аялал жуулчлалд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гэвч даяаршлын эдийн засгийн болоод нийгэм, соёлын нөлөө нь цөөн хүн амтай, жижиг орнуудад сөрөг байдлаар илэрч буй өнөө үед уламжлалт өв, соёлоо хадгалан үлдэх, түүгээр бахархах, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд дотоодын аялал жуулчлал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хангахад ч тустай. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь жуулчлалаар гадагш алдагдах валютын урсгалыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Манай улсын хувьд 2012 оны байдлаар гадаадын 475917 жуулчин хүлээн авсан бол монгол улсын 1631452 иргэн гадаадад зорчсоны 1390959 нь хувийн хэргээр зорчсон байна. Энэ тохиолдолд аялал жуулчлалын бодлогыг гадаадын жуулчлалд төдийгүй дотоодын жуулчлалд чиглүүлэх шаардлагатай болж байна. Дотоодын жуулчид нь орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлагчгүйгээр шууд худалдан авдаг учир гадаадын жуулчдаас илүү орлого оруулдаг. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, цаашилбал хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг бууруулах зэрэг эерэг нөлөөтэй. Дотоодын жуулчлал (амралт зугаалга, ажил хэргийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцох, найз нөхөд, хамаатан садныдаа зочлох зэрэг) нь улирлын хамаарал харьцангуй бага учир аялал жуулчлалын үйлчилгээний газрууд жилийн турш ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.

-Олон улсын аялал жуулчлалтай адилаар өргөжих боломж бий юу?
-Монгол дахь дотоодын аялал жуулчлалын өсөлт нь хотжилт, үйлдвэржилт, иргэдийн амьжиргааны төвшин, амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд Монголын эдийн засгийн өсөлтийн талаарх олон улсын байгууллагуудын судалгаанаас үзвэл хөдөөнөөс хот руу, хотоос хөдөө рүү чиглэсэн дотоодын аялал жуулчлал нь ойрын ирээдүйд эрчимтэй хөгжих төлөвтэй байна.

-Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд шийдвэрлэх нэн тэргүүний асуудлууд юу вэ?
-Олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд уул уурхайн салбараас олж буй орлогоос байгаль орчинд сөрөг нөлөө багатай, шавхагдахгүй нөөцтэй аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх нь улс, нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой байх болов уу. Монголд аялж буй жуулчдын олонхи нь Улаанбаатар хотоор зөвхөн дамжин өнгөрч байгаа нь тэдний сонирхлыг хүчтэй татах үзмэр, бүтээгдэхүүн нийслэлд үгүйлэгдэж байгааг харуулна. Өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, онцлог шинж, хэв маяг бүхий үзмэр, үйлчилгээний хослол буюу аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдыг татаж чадна. Бүтээгдэхүүний тоо нэмэгдэхийн хирээр жуулчдын Улаанбаатар хотод хоноглох хугацаа уртсаж мөнгөн зарцуулалт нэмэгдэнэ.

-Тухайлбал ойрын жилүүдэд ямар ажлууд хийх вэ?
-Хотын аялал жуулчлалын үндсэн хэлбэр болох соёлын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж “Монгол наадам” спорт, соёл, амралтын цогцолбор, “Амьд ертөнц” бичил парк, “Туулын шугуй” цогцолбор, Монголын их хаадын музей, Үлэг гүрвэлийн музей, Урт цагааны аялал жуулчлалын мэдээллийн төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Монгол ахуйн хотхон, Усан парк болон амьтны хүрээлэн, Ноён уулын цогцолбор, Монголын язгуур урлагийн төвийг улсын, орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах ажлууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Мөн Богдхан уул, Горхи-Тэрэлжийг “аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх, Улаанбаатар хотод байгаа 16 музей, 24 соёл урлагийн төв, 39 хөшөө дурсгал, 67 уран барилга, есөн түүхт барилга, 11 сүм хийдэд он-сайт аудит хийж, хотын аяллын маршрутын дагуух газруудыг ROS, VIM зэрэг аялал жуулчлалын төлөвлөлтийн орчин үеийн аргуудыг ашиглан тохижуулж эдийн засгийн эргэлтэд оруулна гэж төлөвлөж байгаа. Чойжин ламын музей, Богд хааны өвлийн ордон, Дамбадаржаалин хийд, Гандан хийдийг сэргээн засварлаж,  Их тэнгэрийн амны хадны сүг зураг, Мэргэн Тоньюкукийн хөшөө болон бусад түүхэн дурсгалт газруудыг тохижуулж, аялал жуулчлалын үзмэр болгоно.

-Үзмэрүүдээс гадна жуулчдад зориулсан үйлчилгээ ч төдийлөн сайн биш санагддаг.
-Жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тэдний дахин ирэх хүсэл сонирхлыг төрүүлэх гол зүйл нь үйлчилгээ байдаг. Энэ утгаараа аливаа газрын аялал жуулчлалын хөгжлийг үйлчилгээний чанар тодорхойлдог. Үйлчилгээний чанар нь сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнээс шууд хамааралтай. Улаанбаатар хотын аялал жуулчлалын үйлчилгээнд гардаг дутагдлууд нь жуулчид хотын аяллаас зайлсхийх нэг шалтгаан болж байна. Монгол улсад 2012 онд аялсан жуулчдын дунд явуулсан судалгаагаар зочид буудал, жуулчны баазын менежмент муу, өрөөний үйлчилгээгүй, халуун ус тасалддаг, ажилчид нь англи хэл мэддэггүй, үйлчилгээний соёлгүй, бүдүүлэг харьцдаг, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, хоол муутай, үйлчлэгч нь олддоггүй, удаан хүлээлгэдэг, цагаан хоолны сонголтгүй зэрэг үйлчилгээтэй холбоотой гомдлыг жуулчид олноор гаргасан байдаг. Түүнчлэн орон нутгийн тээвэр, дотоодын нислэг, буудлын үйлчилгээ, шөнийн клубүүдийн үйл ажиллагаа, хөтчийн ур чадварт хамгийн муу үнэлгээг өгсөн байгаа. Энэ болгоныг засч сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байгаа.

-Жуулчдыг татах үндсэн үйл ажиллагаа бол маркетинг, сурталчилгаа байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл нийслэл хотыг тодорхой бодлого, чиглэлтэйгээр гадаадад сурталчилсан үйл ажиллагаа явагдаагүй байна. Энэ талаар юу хийх вэ?
-Тантай санал нэг байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улс гадаадын жуулчдад хандах хандлага, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааны чанар, хүртээмжээр дэлхийн 140 орноос 131 дүгээр байрт орж байна. Тур оператор компаниудад бие даан зорих газрын маркетинг хийх санхүүгийн бололцоо байдаггүй тул төр, орон нутгийн захиргаанаас хувийн хэвшилд үзүүлэх томоохон дэмжлэгийн нэг нь нэгдсэн бодлого, дүр төрхтэйгөөр сурталчилгаа явуулах явдал юм. Дэлхийн улс орнууд, нийслэл хотууд төдийгүй жижиг сум суурин, тосгод хүртэл өөр өөрсдийн онцлог дүр төрхийг бүрдүүлж түүгээрээ жуулчдыг даллаж байна. Энэ хүрээнд бид зорилтот зах зээлийн орнуудад зохиогдож буй зарим аялал жуулчлалын үзэсгэлэн яармагуудад оролцоно. Аялал жуулчлалын маркетинг сурталчилгаанд интернэт маркетинг, техник технологийн дэвшлийг түлхүү ашиглана. Жуулчны зан төлвийн болон зах зээлийн судалгааны дүнг үндэслэн нийслэлийн аялал жуулчлалын маркетингийн стратегийг боловсруулсан байгаа. Улаанбаатар хотыг Historic буюу Өрлөг түүхт, harmonic буюу Сэтгэл татам, hospitable буюу Найрсаг зочломтгой “UB” гэсэн имижтэйгээр гадаадад сурталчилна. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн үрээр гадаадын бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орсон боломжоо ашиглан гадаад ертөнцийн Монгол улс, Улаанбаатар хотын талаарх ойлголт, төсөөллийг эергээр өөрчлөхөд анхаарна. Жуулчдыг татахын тулд Монгол улсыг Mine-golia, Улаанбаатар хотыг Утаанбаатар, дэлхийн хамгийн бохирдол ихтэй хот гэсэн нэрнээс салгах шаардлагатай болно. Судалгаагаар хамгийн үр дүнтэй болох нь тогтоогдсон “pre-departure information” буюу аяллын өмнөх мэдээллүүдээр дамжуулан жуулчдын ойлголт, хандлагыг өөрчилнө.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан