Амралт аялал зугаалгын улирал эхэлсэн болохоор хэрвээ та тээшээ бэлтгээд хаа нэг тийшээ амарч аялахаар шийдсэн бол бидний бэлтгэсэн мэдээлллийг заавар уншаарай. Учир нь та аялах гэж байгаа улсынхаа талаар тодорхой мэдээлэл авч амжаагүй бол мэдээлэлгүйгээсээ болоод аяллынхаа зардлын тэн хагасыг торгуульд өгчихөж магадгүй гэнэ шүү. Хэдийгээр танд инээдтэй санагдсан ч усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үгийг бүү мартаарай. Хогийн савны зургийг авч болохгүй, наран шарлагын газар тамхи татаж болохгүй, цэцэрлэгт хүрээлэнд хоол идэж болохгүй гээд улс бүр өөрийн гэсэн хууль журам дүрэм баталчихсан байдаг.
Тэгэхээр таныг элдэв асуудалд оруулахгүйн тулд дэлхийн зарим улсад мөрддөг хачирхалтай 10 хуулийн заалтыг сонирхуулья.1.Гудамжинд бохь зажилж, шувуу хооллож, нулимж болохгүй. Сингапур
Хэрвээ та Сингапурт амрахаар төлөвлөсөн бол халаасандаа байгаа бохийг гаргаарай. Учир нь тус улсад гудамжинд бохь зажлах, шувуу хооллох, нулимхыг хориглосон хатуу хууль үйлчилдэг. Хэдийгээр танд тун хачин хууль мэт санагдаж байгаа ч бохь наалдчихсан, шүлстэй, будаа цацчихсан гудамжинд явснаас дээр санагдаж байгаа биз. Бохийг зөвхөн эмчийн зөвшөөрөлтэй хүмүүс л зажилдаг. Тэр нь энгийн гаатай, жимстэй бохь байхгүй нь лавтай.
2. Жолооны ард зөвхөн майктай явахыг хориглоно. Тайланд
Хэрвээ та Тайландад автомашин болоод мотоцикль унаад явж байгаа бол ямар ч халуун байсан нүцгэлэх хэрэггүй шүү. Учир нь жолооны ард хагас нүцгэн явж байгаа тохиолдолд 10 ам.доллараар торгуулна. Дашрамд хэлэхэд зөвхөн Тайланд ч гэлтгүй цөөнгүй улсад энэ торгуулийн систем үйлчилдэг шүү.
3. Тээврийн хэрэгслийн төвлөрсөн зогсоол дээр үнсэлцэхийг хориглоно. Англи, Франц.
Франц бол хайрын улс. Олон хос бал сарын аяллаа хийх улсаар францыг сонгодог. Гэвч Энд галт тэрэгний буудал дээр үнсэлцэхийг хатуу хориглодог гэдгийг та мэдэх үү. Галт тэрэг, тээврийн хэрэгслийн товлосон цаг хугацаанаас энэ үнсэлт гэдэг зүйл маш их хумсалж байна гэж үзсэн Францын эрх баригчид бүүр 1910 онд ийм хууль гаргасан байна. Хэдийгээр тухайн үеэс байдал өөрчлөгдсөн ч гэлээ энэ хуулийг хэн ч хөндөхийг хүсэхгүй байгаа юм. Гэхдээ хууль зөрчвөл торгоно, баривчлана гэсэн хариуцлагын нарийн систем байхгүй. Эртнээс мөрдсөн уламжлалт хуулийнхаа дагуу нийтийн тээврийн зогсоол дээр үнсэлцэж байгаа хүн харвал танд ойролцоох кафе эсвэл гудамж талбайг журам сахиулагчид эелдгээр зааж өгөх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
4. Рамадан сараар гудамжинд юм идэхийг хориглоно. Арабын нэгдсэн Эмират улс
Хэрвээ та Арабын ертөнцөд зорчих гэж байгаа бол Рамадан сарыг аль болох тааруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ Рамадан сараар нь зочилж байгаа бол ямар ч ресторанд нь ороод маш үнэтэй хоол идэхээс аргагүй болно гэдгийг сайн санаарай. Дээрээс нь энэ үеэр гудамжинд юм идэх нь хориотой учир хоолны газрыг сонгохоос өөр арга үгүй. Хэрвээ гудамжинд хоол хүнс идвэл шууд л таныг бариад хорьчихно. Британийн жуулчдыг гудамжинд хоол идсэн хэргээр гурван долоо хоног хорьж байсан тохиолдол бий. Харин азтай зарим нь 275 ам.доллараас багагүй торгууль төлж байсан гэнэ шүү. Энэ хууль хоол идэх төдийгүй жүүс уухад ч үйлчилдэг юм шүү.
5 Зөвхөн цэвэрхэн автомашинтай байх ёстой. Орос Москва
Манай хойд хөрш ч нийслэлдээ бохир машин нэвтрүүлэх дургүй гэдгийг та мэдэх үү. Та Оросын нийслэл рүү хэрвээ машинтайгаа орохыг хүсч байгаа бол заавал угаалгах хэрэгтэй. Оросын нийслэлийн хилийг бохир машинтай давбал таныг яг үнэндээ замын цагдаагийн таалалд нийцсэнээр торгох болно гэдгийг санаарай. Зөвхөн машинаа ч гэлтгүй номероо ч угаах хэрэгтэй.
6. Германы хурдны зам дээр зогсч бас явган явж болохгүй.
Германы хурдны замд нэг л орсон бол мотороо унтраахыг хориглодог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй шүү. Зөвхөн машинаа унтрааж зугаалбал өндөр торгууль хүлээнэ гэвэл эндүүрэл. Таны машины шатахуун дуусаад зогссон тохиолдолд ч 100 еврогийн торгууль хүртэх болно. Хэрвээ та торгууль төлж, автобензин түгээгч машиныг хүлээхийг хүсэхгүй байгаа бол канистраа бариад ойролцоох шатахуун түгээгүүрийн газрыг зорьж болно. Гэвч энэ бол таны амь насны үнэтэй гэдгийг бүү мартаарай. Тэгэхээр шатахуун чинь дууссан тохиолдолд эхний замыг сонгосон нь дээр байх шүү.
7. Олон тооны задгай мөнгөөр төлбөр тооцоо хийхгүй байх хэрэгтэй.
Канад “Мөнгө л бол мөнгө” гэсэн дүрэм энэ улсад үйлчилдэггүй. Энэ улсын олон үйлчилгээний газар задгай мөнгө бараг л авдаггүй. 1985 онд Канадад таны мөнгө хүрэхгүй тохиолдолд л задгай мөнгө авна гэсэн хууль үйлчлэх болжээ. Тэгэхээр үйлчлэгч таныг задгай мөнгө сарвайх тохиолдолд төлбөр тооцоогоо картаараа хийнэ үү хэмээн анхааруулж хуулийн энэ заалтыг заавал сануулах болно гэдгийг анхаараарай.
8. Тагтаа тэжээж болохгүй-Итали
Италийн үзэсгэлэнт Венец хотод очоод та юу хүссэнээ хийж болно. Гайхамшигт музейгээр зочилж, дугуй унаж, Италийн уламжлалт хоолны газруудаар үйлчлүүлээд л.. Хамгийн гол нь тагтаа хооллож болохгүй гэдгийг маш сайн санаж авахад илүүдэхгүй шүү. Италийн эрх баригчдын хувьд тагтаа гэдэг амьтан жинхэнэ гамшиг гэж үздэг байна. Учир нь тус хотын удирдлагууд түүхэн дурсгалт зүйлсээ тагтааны сангаснаас салгах гэж жил бүр маш их мөнгө зарцуулдаг байна. Гэвч нөгөө талд нь тагтааны хоол бэлтгэдэг бизнесийнхэн багагүй орлоготой ажиллаж чаддаг гэдэг. Тэгэхээр та хэрвээ монгол уламжлалаа бодоод тагтаа хооллохоор шийдсэн бол халаасандаа багадаа 50-60 евротой байхад гэмгүй. Гэхдээ торгуулийн хэмжээ заримдаа 600 евро хүрдэг юм билээ.
9, Зам дээр яваа морийг айлгаж цочоож болохгүй. Дани
Данийн автозамын хөдөлгөөнд машинаас гадна морин тэрэг багагүй үүрэгтэй оролцдог. Хэрвээ морин тэрэгний хажуугаар өнгөрч байгаа бол аль болох дуут дохио хангинуулалгүй явах хэрэгтэй. Хэрвээ хурдтай гарч эсвэл дуут дохио хангинуулан морийг айлгаж цочоовол та тайвшруулах хэрэгтэй болох нь. Морин тэрэгний хөтөч морио тайвшруулж дийлэхгүй бол та машинаа түр зогсоогоод ямар нэг зүйлээр бүтээх хэрэгтэй болдог гэнэ шүү. Одоо яая гэхэв дээ, хууль гэдэг чинь энэ дээ.
10. Усны хувцастай зугаалахыг хориглоно. Гренада
Хэдийгээр энэ улс халуун дулаан уур амьсгалтай ч хуулийнх нь гайгаар энэ арлын үзэсгэлэнт бүсгүйчүүд гоолиг биеэ гайхуулж болохгүй. Учир нь усны хувцастай наран шарлагын газраар явж болох ч гудамж талбайгаар зугаалахаар болвол заавал хувцсаа өмсөөрэй хэмээн танд анхааруулж байна. Хэрвээ та гудамжаар дээгүүрээ эсвэл доогуураа усны хувцастай зугаалбал шууд л 270 ам.доллараар торгуулна. Орон нутгийн аялал жуулчлалынхан энэ бол заавал мөрдөх албагүй хууль гэдэг ч торгохоо хүрвэл хуулийнхаа заалтыг уншаад л гүйцээ шүү дээ.