Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын хилээр юу авч гарч болох вэ


“Усыг нь уувал ёсыг нь дага”гэж эртнээс монголчууд очсон улс газрынхаа хууль журам зан заншлыг хүндлэн дээдэлдэг билээ. Энэ үг маань биднийг зорин ирж байгаа гадаадын жуулчдад ч хамаатай. Монголын хил гааль дээр гардаг  зөрчлийн багагүй хувийг гадаадын иргэд түүх соёлын хосгүй үнэт дурсгал, эд өлгийн зүйлийг хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг эзэлдэг учраас энэ талаар манай аялал жуулчлалын компанийнхан зочиддоо маш ойлгомжтой сануулж байх хэрэгтэй болов уу. Ингээд нийтлэг зарим асуултын хариуг танд хүргэе.

Хилээр юу нэвтрүүлэхийг хориглодог вэ?
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл гэдэгт Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ, ЗГ-ын шийдвэрээр улсын хилээр гаргах оруулах эсвэл зөвхөн гаргах ба оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон бараа, түүхий эд, эд зүйлсийг хамруулна. Үүнд, мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, бүх төрлийн спирт, хуш модны үр-самар, тарваганы арьс, садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг, Монгол Улсад хэрэглэх болон ашиглахыг хориглосон химийн хорт бодис, цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхит бодис, аюултай хог хаягдал, түүхийн дурсгалт ховор нандин бүтээл гэх мэт 14 төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн, эд зүйлийг зааж өгсөн байдаг. Харин тухайн зорчигч, гадаад болон дотоодын жуулчдын хувийн хэрэглээний зүйлс болох ном, сонин сэтгүүл, зургийн аппарат, тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн архи согтууруулах ундаа гэх мэт нэр бүхий зүйлсийг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Архи нэг литрээс ихгүй, пиво гурван литр хүртэл байдаг бол тамхи 200 ширхэг буюу нэг блок байна гэх мэт.

Гадаадын иргэдийн гаргадаг нийтлэг зөрчил юу вэ?
Зөвхөн 2013 оны эхний хагас жилийн байдлаар 2200 орчим зөрчил илэрч, 280 орчим сая төгрөгийн торгууль ногдуулж, 500 гаруй сая төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн хураан авч, улсын орлого болгожээ. Алт, үнэт эдлэл, ангийн үс, үнэт чулуу, түүх соёлын дурсгалт зүйл хууль бусаар гаалиар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй 70 гаруй үйлдлийг гаалийнхан илрүүлсэн байна. Жишээ нь, Данийн иргэн хууль тогтоомж сайн мэдэхгүйн улмаас 25 см цул алтан Авид бурхныг хувь хүнээс худалдан авч гаалиар гаргахыг завдаад саатуулагдсан. Мөн Азийн бусад орноос ирсэн жуулчид алт үнэт метал болон үнэт чулуу хилээр гаргахыг завддаг байна.

Ямар тохиолдолд түүх соёлын өв, үнэт бүтээлүүдийг гаалиар гаргах вэ?
Үнэт болон хосгүй үнэт өвийг хилийн чанадад сэргээн засварлах, үзэсгэлэнд тавьж сурталчилах болон судалгаа шинжилгээнд хамруулах гэсэн гурван зорилгоор түр хугацаагаар гаргахыг зөвшөөрдөг.

-Зарим улс орон тодорхой мансууруулах төрлийн бодис, ургамлыг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Манай улсын хуульд тийм зүйл заалт байдаг уу?
-Мансууруулах бодис, түүнийг хийдэг ургамал мөн үйлдвэрлэхэд зориулагдсан багаж хэрэгслүүд гэх мэт мансууруулах нөлөөлөл, үйлчилгээ бүхий бараа бүтээгдэхүүнүүд хуулийн дагуу бүгд хориотой байдаг. Эдгээрт хэн ч зөвшөөрөл өгөх эрхгүй, ямар нэг байдлаар гаалиар нэвтрүүлэхийг хориглодог.

-Татваргүй барааны дэлгүүрээс авах архи согтууруулах ундааны хэмжээ?
-Архи виски бол нэг литрээс ихгүй, тамхи 200 ширхэг хүртэл, пиво гурван литр гэхчлэн хуульд заасны дагуу хилээр гаргадаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан