Аялал жуулчлалын боловсрол, сургалт судалгааны төвийн тэргүүн, доктор профессор Д.Гансүхтэй Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын тухай ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлыг эхлээд та нэг дүгнээд хэлээч?
-Улс орон бүр аялал жуулчлалтай шууд хамааралтай салбаруудаа хэрхэн үнэлж дүгнэн, бодлогын ямар төвшинд авч үзэж байна вэ гэдэг нь харилцан өөр өөр байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд аялал жуулчлал гэдэг нь зөвхөн жуулчин хүлээн авч, үдэх үйл ажиллагаа биш юм. Хүмүүсийн аялж зугаалах, хоол унд, үзвэр үйлчилгээ, цэнгээний болоод буудаллаж хоноглох газрууд гэх мэт олон салбарын үйл ажиллагаатай холбож үзэх болжээ. Тэд эдгээр үйлчилгээг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулан бүтээлч эдийн засгийг бий болгож тусгайлан томъёолсон бодлого боловсруулан ажиллаж байна. Харин хөгжиж буй орнуудад огт өөр. Хуучин эдийн засагт нь ямар салбар ноёлж байна гэдгээс хамаарч эрхзүйн зохицуулалт нь ч өөр. Жишээ нь, Монголд мал аж ахуй, хөдөө аж ахуй, уул уурхай гэх мэт салбарын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт аль эртнээс л зонхилж байсан. Үндсэндээ1990-ээд оныг хүртэл аялал жуулчлалын салбарыг капиталистуудын зугаа цэнгэлийн үйл ажиллагаа гэж ойлгон, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлж байгаагүй. Тиймээс төрийн бодлогоо шинэчлэн томъёолох, үүнийхээ хүрээнд бусад холбогдох салбарыг хамруулан хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэх зэрэг асуулт урган гарна. Зах зээлийн хуулиар явуулъя гэвэл төрийн оролцоог хэрхэн зөв зохицуулах, юунд нь оролцох, юунд нь оролцохгүй вэ гэдгийг нарийн тодорхойлох болоод байна. Гэхдээ хөгжиж буй орнуудаас Малдив, Вьетнам, Тайвань, Тайланд гэх мэт арлын улс, оронд энэ салбарт тэргүүлж буй нь анзаарагддаг. Эдгээр улс халуун бүсийнх болохын дээр ашигт малтмал, мал аж ахуйн эдийн засаг байхгүй болохоор аялал жуулчлалын салбарын хөгжлийн хурдац нь тогтмол бөгөөд өндөр байна. Загасчнаасаа эхлээд төрийн тэргүүн нь хүртэл үүгээрээ л мөнгө олно гэдгээ сайн ойлгож байгаа учраас аялал жуулчлалаа хөгжүүлж чадаж буй юм. Ийм болохоор тэнд дэлхийн шилдэг авиа компаниуд нислэг хийн, өндөр зэрэглэлийн зочид буудлууд бий болж, тэнд хүнийг хөгжөөх, зугаацуулж цэнгүүлэх бүх л юм байна.
-Тэгвэл бидний хувьд яавал тэднийг гүйцэх хурданд дөхөх бол?
-Голлох эдийн засаг нь уул уурхай, үйлдвэрлэл болж буй улс орны аялал жуулчлалын салбарынх нь хөгжил удаан хөшүүн байдаг. Бидний хувьд энэ хөгжлийг эрчимжүүлж чадвал одоо хүлээн авч буй 470 мянган жуулчны тоо нэмэгдэж, Азид эзэлж буй үзүүлэлтээс нэлээн урагшлах боломж харагддаг. Зорилго, зорилтоо зөв тодорхойлон олон улсад өрсөлдөж, уралдаж гэмээнэ хөгжил төдий чинээ хурдсах юм. Азийн 26 орон аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар эрэмблэгдсэн байдгаас манайх голдуу 19-т явдаг бол ойрын таван жилийн дотор эхний 10-т нь оръё гэсэн төлөвлөгөөтэй ажиллах нь бидний нэн тэргүүний зорилт. Ийм л зүйлийг бид одоо ярих ёстой.
-Манайхан уул уурхайн орд газруудаа эдийн засгийн гол эх үүсвэр гэсэн бодлоосоо салж чадахгүй л байна. Шинэчлэлийн Засгийн газраас аялал жуулчлалыг тэргүүлэх салбар гэж байгаа ч одоогоор дорвитой үр дүн алга. Гэтэл аялал жуулчлалын салбар нь тухайн улс орны эдийн засгийн багагүй хувийг бүрдүүлж буй улс орон олон. Таны бодлоор ирээдүйд энэ салбар эдийн засгийн 30, 40 хувийг дангаараа нуруундаа үүрэх боломжтой юу?
-Одоогийн бодит гүйцэтгэлээр тооцох юм бол уул уурхайн хөгжлийн хурдац, ашигт малтмалын хязгаарлагдмал байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хөрөнгө оруулагчдын үл ойлголцол зэргийг ашиглан энэ завшаан дээр нь хөгжлөө түргэсгэх бодлогыг хэрэгжүүлж чадвал ойрын арван жилд 20-иод хувьд хүргэх боломж, потенциал бий. 20-иос илүү гарна гэвэл хэцүү. Өөрөөр хэлбэл эдийн засгийн төрөлжсөн байдлыг хөгжүүлж, тогтвортой хөгжлөө дэмжих ёстой. Бидний өнөөдрийн хүчин чадал, тээврийн хэрэгсэл, зочид буудал, жуулчны бааз, газар нутгийн байдлын бодит бололцоогоо тооцож үзвэл ойрын 10-15 жилд экспортын 20 гаруй хувийг эзлэх бололцоо бий. Уул уурхай сайн хөгжөөгүй 1990-1995 он буюу аялал жуулчлал ид хүчээ авч, хөгжиж байсан тэр үед экспортод эзлэх хувь нь 15 орчим байсан юм. Үнэндээ улс орны жижиг эдийн засгийг тэлээд ирэхээр аялал жуулчлалын эзлэх хувь буураад байгаа мэт ойлгогдож байна. Гэхдээ дотоодын эдийн засагт эзлэх хувиас илүүтэй олон улсын аялал жуулчлалын бүс нутаг ба зах зээлийн өрсөлдөөний хэмжээнд бид ямар хүч тэнхээтэй оролцох вэ гэдгээс хамаарна. Олон улсын зах зээл, эдийн засаг талаас нь харвал аялал жуулчлал нь газар нутаг хоорондын өрсөлдөөн юм. Тэрнээс биш Монголд “Рамада” зочид буудал байдаг юм байна, тэнд очиж амрая гэхгүй. Монголыг үзэхийн тулд ямар буудал сонгох вэ гэдэг асуудал л урган гарна. Энэ утгаараа аялал жуулчлалыг эдийн засгийн хоёр бүтэцтэй гэж үздэг. Нэг нь, бид хоёрын ярьсан дотоод эдийн засгийн бүтцээ яаж төрөлжүүлж авч явж байна, орон нутагт оруулж буй хувь нэмэр ямар байна, ард иргэдийн хөдөлмөр эрхлэлт өссөн үү, нутгийн иргэдээс авч байгаа бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн үү гэх зэрэг нь дотоодод оруулах нөлөө. Нөгөө нэг нь гадаад худалдааны чөлөөт эргэлтэд Монгол бусад улс оронтой ямар хэмжээнд өрсөлдөх хүчин чадалтай юм гэдгийг илэрхийлдэг.
-Юу тарина түүнийгээ хураана гэдэг. Мөнгө хураахын тулд аялал жуулчлалын салбарт юу тарих ёстой юм бол? Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн нь юу байх вэ?
-Сонин асуулт байна. Өмнө нь сэтгүүлчид надаас ингэж харьцуулж асууж байсангүй. Аялал жуулчлалын хамгийн гол онцлог нь нэг удаа зохион байгуулсан аяллын эцсийн дүнд тухайн жуулчинд ямар дурсамж, сэтгэл ханамж үлдэв гэдэг нь чанарын үзүүлэлт болдог. Тэрнээс биш худалдан авсан сувениртээ, амталсан хоолондоо биш. Тэр бүгдийн нийлбэрээр үнэлж дүгнэнэ. Өөрийн чинь хэлсэн юу тарих вэ гэдэг нь, байгаа юмаа зорьж ирсэн хүмүүсийн хүсэл сонирхол, таашаалд хэр нийцүүлсэн аяллын зөв хөтөлбөрийг гаргаж өгч, цагийг нь үр бүтээлтэй зөв өнгөрөөж байна вэ гэдгээр л бүтээгдэхүүн нь тодорхойлогдоно. Бүтээгдэхүүний хувьд хуучин хандлага нь баригдмал хэв загвартай байсан. Жишээлбэл, Улаанбаатараас Жанчивлан хүрнэ, замдаа Цонжин болдогоор дайрч болно. Эсвэл шууд Налайхаас явчихаж болно гэдэг хувилбарууд санал болгодог байсан бол дэлхий нийтийн хандлага нь та юу хүсч байна, Улаанбаатараас шууд гарах уу эсвэл замаараа Туулын эрэг дээр гучаад минут саатаж байгаль, орчинтой танилцах уу, Налайх хоттой танилцан явган аялал зохиох уу гэх зэргээр жуулчдын хүсэл сонирхолд тулгуурлах нь их болсон. Өөрөөр хэлбэл нөгөө бүтээгдэхүүнээ тухайн жуулчнаар тодорхойлуулж байгаа хэрэг. Нас хүйс, мэргэжил боловсрол, хөрөнгө чинээний өчнөөн ялгаатай тэдгээр хүмүүст зүгээр л тарьсан тариагаа шахна гэдэг сонголтгүй болгож байгаа хэрэг. Үүгээрээ аялал жуулчлалын салбар бусдаас ихээхэн ялгаатай гэж хэлж болох юм.
-Товчхондоо арван хүн ирэхэд ес нь миний тарьсан зүйлийг хүлээн зөвшөөрч худалдан авч байхаар зохион байгуулах ёстой гэсэн үг үү?
-Яг тийм. Тэгэхгүй бол тухайн орон нутаг, жуулчны баазуудын давуу тал болсон бүтээгдэхүүн тэдгээрийн имиж үгүй болно. Үүнийг дагаад томоохон төсөөлөлтэй байсан хүний сэтгэл ханамж ч буурна. Юу байна түүнийгээ л аялал жуулчлалын сайн бүтээгдэхүүн, брэнд болго гэсэн үг. Булганыхаа айргаа брэнд болго, Хөвсгөлийнхөө байгалиа гэх мэт.
-Хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэхэд юу чухал юм бол?
-Бизнесийн хэллэгээр бол зах зээлд гаргаж буй амлалт түүний хэрэгжилт хоёр яг ижил байх ёстой. Жишээ нь, өглөө тэр уулнаас нар мандахыг харвал үнэхээр сайхан мэдрэмж, кайф авна гэж амласан л бол түүнийгээ үзүүлэх л хэрэгтэй. Бороо орж үүл гарвал яах вэ гэдгийг тооцоолох нь чухал. Жуулчдад үйлчилж буй тур оператор компаниуд тэдгээрийг дэмжиж ажиллаж буй төрийн байгууллагууд мэргэжлийн түвшинд ажлаа хийх хэрэгтэй. Худал амлалт өгдөг мэргэжлийн бус сайн дурын аялал зохион байгуулагчид багасах ёстой юм. Гадаадад жуулчлуулж буй манай зарим компаниуд амлалтаа биелүүлэлгүй, авч явсан хүмүүс нь хүний нутгаас төрийн оролцоотой эргэж ирэх тохиолдол ч гардаг. Мөн дотоодын зарим нэг компанийн үйл ажиллагаа ч шаардлага хангадаггүй. Ийм байгууллагуудын үйл ажиллагааг зогсоон эрхийг нь түтгэлзүүлэх нь зүйтэй. Тэр ч байтугай хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
-Манайхан сүр болж болж хууль гаргадаг ч хэрэгжилтийг нь хянадаггүй. Тамхины тухай хуулийг жишээ болгож болно. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур баазуудад ямар хуулиар хяналт тавьдаг юм бол?
-Бид аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргахаар ажиллаж байна. Аялал жуулчлалын олон талт асуудал, холбогдох олон салбар тэдгээрийн харилцан уялдаа холбооны асуудлыг хэрхэн яаж зөв зохицуулж шийдэх вэ гэдгийг олон улсын практикаас ажиглан сайжруулж байна. Товчоор хэлбэл, аяллыг зохион байгуулагч сайн дурынхныг дагаад далд эдийн засаг хөгжчихсөн, татвараас маш их мөнгийг нууж байна. Үүнд л гол анхаарлаа хандуулан хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна даа.
-Ирээд буцаж буй жуулчид сэтгэл ханамжийн хувьд харилцан адилгүй байгаа нь мэдээж. Буцаж ирдэг ч юм уу гэр бүл, найз нөхөддөө Монгол руу аялахыг зөвлөх нь хэр их байдаг бол. Энэ талаар ямар нэг судалгаа, тоо баримт хийгддэг үү?
-2005 оноос хойш 3-4 жилээс хэтрэлгүйгээр Монгол Улсад олон улсын жуулчдын судалгаа хийдэг болсон. Тэрхүү судалгаанд аялан ирж байгаа жуулчдын нас, хүйс, сонирхлоос эхлээд манай нийтийн тээвэр, жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээнүүдийн үнэлгээ гээд маш олон асуулт ордог. Жишээлбэл, хаана аялсан, хэчнээн хоног хаагуур явж хэдэн төгрөг зарсан бэ, сэтгэлд чинь нийцсэн болон нийцээгүй зүйл нь юу байв гэх зэрэг асуулт байхаас гадна заавал тавьдаг нэг асуулт бол та Монголд дахин ирэх үү, Монголд амарч аялахыг гэр бүл,найз нөхөддөө зөвлөх үү, санал болгох уу гэх мэт байдаг. Ерөнхий дүнгээр нь хэлэхэд манайх тийм ч муу биш, хөгжиж буй орнуудын жишигт л байдаг. Судалгаанд хамрагдсан ихэнх хүн буюу талаас илүү нь Монголд буцаж ирнэ, сонирхолтой санагдсан гэж хариулдаг. Яагаад ихэнх нь ингэж хариулаад байна вэ гээд цааш нь судлаад үзэхэд биднийг авч гардаг гол зүйл нь дэлхийн өөр хаана ч байхгүй нүүдэлчин ард түмний зочломтгой зан чанар л байдаг юм билээ. Тэдгээр жуулчны дийлэнх нь аль ч улс оронд явахдаа айлд ороод чөлөөтэй дайлуулж цайлуулж амарч үзээгүй байдаг учраас энэ л жуулчдад Монголд дахин ирэх хүслийг үлдээдэг хамгийн гол шалтгаан болж байгаа юм.
-Үүнтэй холбоотойгоор асуухад Монгол өөрөө брэнд, бүтээгдэхүүн мөн үү?
-Миний бодлоор брэндийн сонгодог утгаар нь авч үзвэл Монгол яах аргагүй аялал жуулчлалын брэнд мөн. Бизнес талаас нь авч үзвэл нүүдлийн соёл, байгаль гэсэн хоёр хүчин зүйл Монгол брэндийг бүрдүүлж байгаа гол тулгуур багана юм. Өөрөөр хэлбэл, бусад зүйлсийг ярилаа ч Монголын аялал жуулчлалд дээрх хоёр зүйл байж гэмээнэ аялал жуулчлалын эдийн засаг бүрэн утгаараа бүрдэнэ гэсэн үг.
-Сая та хэллээ хоёр багана гэж. Миний бодлоор энэ хоёр багана улам бүр намсан, хөрсөнд шигдээд байх шиг санагдах юм?
-Яг ч тийм биш л дээ. Монголд аялж зугаалах газрууд тодорхой хэмжээнд байгаа ч ашиглагдаагүй нөөц зөндөө байна. Тэдгээр байгаль, газар нутгийг юу юугүй жуулчдын хөлөөр талхлах нь буруу, бид байгалиа хамгаалж хайрлах ёстой. Жишээ хэлэхэд зүүн бүсийн нутгууд байна. Одоо ч суурин соёл тогтоогүй зэлүүд онгон байгалийн сайхан бүрдсэн газар цөөнгүй. Мөн уул уурхайн талаас нь ярихад бид бүхий л газар нутгаа ухаж төнхөөд байгаа хэрэг биш. Одоо ашиглагдаж байгаа болон цаашид ашиглаж болох орд газрыг байгальд сөрөг нөлөөгүйгээр ашиглаж болох нөөцийг тогтоон, хэтрүүлэхгүйгээр аялал жуулчлалд нааштайгаар ашиглаж болно. Нэг талаар, уул уурхайн үсрэнгүй хөгжил аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлдэг. Үүний гол илрэл нь юу гэхээр дэд бүтцийг сайн хөгжүүлж өгдөг. Жишээлэхэд, Оюу толгой нисэх буудалтай болсноор Өмнөговийн Ханбогд руу зорчиход хамаагүй амар хялбар болж байгаа юм. Үүнийг дагаад зочид буудал, зоогийн газар бий болно гэх зэргээр хот суурин бий болгодог. Гэхдээ сөрөг зүйл нь их.
Байгаль цаг уурт сөрөг нөлөө үзүүлж байна, ан амьтан нь дайжиж байна, усны нөөц хомсдоно. Ер нь аялал жуулчлал уул уурхай гэсэн гал ус шиг хоёр зүйлийг уялдуулан хөгжүүлсэн олон улсын туршлага байдаг. Өмнөд Америкийн улсууд, Канад, Австрали, Африкийн орнуудад янз бүрийн арга замыг хэрэглэж байсан жишээ байдаг. Тэдгээрийн нэг нь одоо ашиглаж буй томоохон уурхайнууддаа “уурхайн ашиглалтын байдлын аялал” нэртэй аяллын төрлийг бий болгон жуулчдад үзүүлж, тэднийг уурхайн ажилтан шиг ажиллаж, уул уурхайн үйл ажиллагаа, олборлолт хэрхэн хийдгийг үзүүлж харуулдаг. Уг нь, манай Эрдэнэт үйлдвэрт ийм аялал хариуцсан мэргэжилтэн инженер хүртэл байдаг л юм. Энэ бол үнэхээр зөв шийдэл юм. Мөн өөр нэг тал нь ашигласан уурхайнуудын агуй шиг болж үлдсэн бартаа саадтай газруудад адал явдалт аяллын хөтөлбөр зохион байгуулж болдог. Адал явдалт аялал хийх гэж заавал хэдэн зуун километр явалгүйгээр аюулгүй байдлаа ханган, мэргэжлийн хөтөч даган уурхайн үлдэц агуйтай танилцаж амьтан ургамал үлдсэн бол тэдгээрийнх нь зураг хөргийг авдаг ч юм уу газарзүй, биологийн талаас нь судалж болдог. Тийм ч учраас манай аялал жуулчлалын гол тулгуур багана арай ч хугарчихаагүй, хөрсөнд шигдчихээгүй байна. Харин ч бид цагийг нь олж барьж авсан гэж бодож байгаа.
-Ийм болохоор аялал жуулчлал хөрвөх чадвар сайтай байдаг байх нь?
-Тийм ээ. Ер нь, зөв сэтгэж, хэрэгтэй юмаа барьж чадвал хүн гэдэг амьтан сармагчин шиг есөн шидийн юм сонирхдог болохоор сонирхлыг нь татахуйц ямар ч зүйлийг ашиг орлого болгож болно. Заавал байгалийн сайхан, ёс заншил гээд байх албагүй.
-Өсөлт нь тогтмол байвал 30 жилийн дараа ч юм уу энэ салбарын хөгжил ямар түвшинд хүрэх бол?
-Газарзүйн талаас нь харахад хүн хамгийн бага аялж байгаа, хүний нягтшил хамгийн бага, аяллын нөөц боломж ихтэй газар бол Зүүн Хойд Ази юм. Монголын говь тал хээр, Оросын Сибирь, Солонгосын хойг зэрэг газруудад одоогоор байгаль экологийн гамшиг, эрсдэл хамгийн бага байх магадлал өндөр байна. Хоёрдугаарт, бохирдолгүй үржил шим сайтай эрүүл хөрс эдгээр газарт л байна. Ямар нэг хордлого бохирдол үүсэх нь ч бага. Тийм болохоор энд хүн нутагших болон жуулчлан ирэх бодит нөхцөл нь бүрдсэн гэж хэлж болно. Манай улс дэд бүтцээ сайн хөгжүүлж, бодлого, маркетингаа сайжруулж, хөрөнгө оруулалтаа багахан нэмэгдүүлж чадвал 2040 он гэхэд Азийн улс орнуудын топ 5-д байж болно гэж бодож байна даа. Энэ бол чамгүй өндөр үзүүлэлт. Өнгөрсөн хугацаанд сайн, муу аль ч менежмент хийсэн жуулчлалын хувь сүүлийн арван жилийн байдлаар жилд ес орчим хувиар өсөөд л байсан. Бид юу ч хийхгүй байлаа ч энэ үзүүлэлт өссөөр л байгаа юм. Тэгэхээр бодлого сурталчилгааны багахан менежмэнт, хөрөнгө оруулалт хийчихвэл энэ тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой. Хоёр дахин гэдэг нь 20-иод хувь болох ба энэ нь дэлхийн аялал жуулчлалын дундаж өсөлтөөс даруй дөрөв дахин их юм.