Жилийн жилд орон нутгийн оюутнуудын толгойн өвчин бол яах аргагүй дотуур байрны асуудал. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 онд таван зуун оюутны багтаамжтай оюутны хоёр дотуур байр барихаар болж, 2013 онд хүлээлгэж өгөх гэрээтэйгээр барилгын ажлыг нь эхлүүлсэн. Тэгвэл хөрөнгө мөнгөний асуудлаас болж энэхүү барилгын ажил бүтэн жилээр сунжирчээ. Учир нь, барилгын зураг төслийн ажил өөрчлөгдсөнөөс ийнхүү “гацсан” гэнэ. Харин өчигдөр БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, 1000 оюутны байрны санаачлагч УИХ-ын гишүүн А.Телейхан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар оюутны байрны Б хотхоны ажлын явцтай танилцсан юм.
Ц.Даваасүрэн: Зарим яамны хүнд суртлаас болж оюутнууд хохирох ёсгүй
УИХ–ын гишүүн, бие даагч Ц.Даваасүрэнгээс уг асуудлын талаар тодруулга авсан юм.
-Удахгүй хичээл эхлэх гэж байхад оюутны байр баригдаагүй л байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Энэ байрны ашиглалтад орох хугацаа жил гаруй хугацаагаар хойшиллоо. 2010 оны төсөвт А.Телейхан, Ц.Сэдваанчиг, П.Алтангэрэл гэсэн нэр бүхий гишүүд оюутны шинэ байр барих асуудлыг тусгасан юм. Гэтэл эхний хоёр байр маань ашиглалтад орохгүй асуудал үүсгэчихлээ. Иймэрхүү завхарсан ажил хиймээргүй байна.
-Компанийнхны яриад байгаа нэмэлт нэг тэрбум төгрөгийг УИХ шийдээд өгчихөж болохгүй юм уу?
-Өнгөрсөн жилийн төсөвт төсөл санаачилсан гишүүд ярилцаж байгаад нэмэлт хөрөнгө болох нэг тэрбум төгрөг тусгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл зарим яамны хүнд суртлаас болоод төсөвт суусан мөнгийг нь элдэв шалтаг тоочин олгохгүй байна. Өөрсдөө оюутан байж, үзээгүй юм шиг оюутан залууст ингэж хандаж болохгүй ээ.
-Одоо үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Оюутнууд дахиад л хохироод үлдэх хэрэг үү?
-Уг нь, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүжилтийг нь олгох боломжтой байсан. Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлээгүй гэсэн техникийн алдаанаас болж ийм байдал үүсч. Бид гүйцэтгэгч байгууллагуудад ямар ч байсан ирэх сардаа багтаан ашиглалтад оруул гэсэн шаардлага тавилаа.
Ж.Оргил: Санхүүжилт шийдээд өгвөл ирэх сарын 1 гэхэд ашиглалтад орно
1000 оюутны байрны Б корпусын барилгын ажлыг гүйцэтгэж буй “Хөвсгөл геологи” компанийн барилгын ерөнхий инженер Ж.Оргилоос барилгын явцын талаар тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар танай компанийн барьж буй “Б” корпусын барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Барилгын ажил ерөнхийдөө дуусч байна. Ажлын гүйцэтгэл 95 гаруй хувьтай байгаа.
-Гэрээнд зааснаар өнгөрсөн жилийн наймдугаар сард ашиглалтад орох ёстой байсан. Чухам ямар шалтгааны улмаас цаг хугацаа алдчихав?
-Ашиглалтад орох хугацааны талаар их ярилаа. Маш тодорхой шалтгааны улмаас ийм байдал үүссэн. Уг нь, нэмэгдэл ажил манайх нэлээд их хийсэн. Өөрөөр хэлбэл, барилгын зурагт тусгаагүй ажлыг хийсэн юм. Жишээлбэл, урд талын “Оюуны ундраа” группийн дулааны шугам сүлжээ бүхлээрээ энэ барилгын дор байсан. Түүнийг зайлуулж янзлах гэж хамгийн наад зах нь хоёр, гурван сар алдаж байх жишээтэй. Дээр нь, бохирын шугам хоолойнуудыг бас сольсон. Мөн хажуу талын залгаа Монгол Улсын Боловсролын их сургуулийн нэгдүгээр дотуур байрны 12 оюутны тасгийн цонхийг цаад талд нь гаргасан. Учир нь, манай барилга баригдсанаар тус тасгуудын цонх нар тусахгүй байна гэсэн. Хамгийн гол нь, нэмэлт хийсэн ажлууддаа шаардлагатай санхүүжилтийг нь л барилга захиалагчдаас хүсээд цаг хугацаа алдсан.
-Албаны хүмүүсийн хэлснээр та бүхэнд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгнө. Одоохондоо өөрсдөө хөрөнгөө гаргаад ажиллаж өгөөч гэсэн санал тавьж байна. Хэрвээ ингэвэл “Б” корпус эцсийн байдлаар хэзээ ашиглалтад орох вэ?
-Барилгын ажил дуусахад ерөнхийдөө гадаад, дотоод гэсэн бага зэргийн ажил үлдсэн. Хэрвээ санхүүжилтийг нь шийдээд өгвөл хичээлийн шинэ жилийн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Г.Дагвасамбуу: Өдий хүртэл өөрөөсөө санхүүжилтээ гаргаж явлаа шүү дээ
1000 оюутны байрын “А” корпусын барилгын ажлыг гүйцэтгэж буй “Хөхий хан” компанийн захирал Г.Дагвасамбуугаас барилгын ажлын талаар тодруулсан юм.
-Танай компанийн гүйцэтгэж буй дотуур байрны барилгын ажил хэдэн хувьтай явж байна. Хэзээ ашиглалтад орох вэ?
-Барилгын гүйцэтгэл 95 хувьтай байна. Хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдээд өгвөл ирэх сарын 15-нд ашиглалтад оруулах боломжтой.
- “Б” корпусын барилга энэ сарын 1 гэхэд дуусна гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ?
- Манайх яаж ч хичээгээд урд талын барилгаас хожуу ашиглалтад орно. Яагаад гэвэл, энэ хоёр барилгын гадна талын дулаан, цэвэр ус, бохир, цахилгаан, холбооны бүх ажлыг манай компани хийх учиртай. Тийм болохоор хугацаа бага зэрэг алдах байх.
-Ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдал үүссэн бэ?
-Эдгээр бүх ажлыг хийхэд 550 сая төгрөг хэрэгтэй гэсэн үнийн саналыг бид БШУЯ- руу явуулсан. Ноднин яам манайхтай 430 саяар урьдчилсан байдлаар гэрээ хийгээд үлдсэн санхүүжилтийг явцын дунд өгнө гэж хэлсэн. Тэр мөнгөө одоо хүртэл өгөөгүй. Мөн нэмэлт зардлыг нь шийдэж өгөхгүй болохоор барилгын ажил зогсоод байна шүү дээ.
-УИХ –ын гишүүд та бүхэнд ирэх аравдугаар сар гэхэд үлдсэн мөнгийг нь шилжүүлж өгнө. Тэр болтол ямар нэгэн байдлаар аргалаад хичээлийн шинэ жилийн өмнө дуусгаж өгөөч гэсэн санал тавьж байна. Тэгэх боломжтой юу?
-Одоо тэгэхээс өөр арга алга. Ер нь, өдийг хүртэл өөрсдөө аргалж ирсэн шүү. Тэр мөнгийг нь тооцож үзвэл 400 сая төгрөг гаргасан.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 300 орчим оюутан хүлээж авах чадалтай 43 оюутны байр үйл ажиллагаа явуулдаг. Монголын оюутны холбооноос мэдээлснээр жил бүрийн хичээлийн шинэ жилд орон нутгаас 90 мянган орчим оюутан шинээр элсдэг. Гэтэл дээрх дотуур байруудад эдгээр оюутны 14 мянга орчим нь орох боломжтой. Үүнд, хэн буруутай вэ?