Оюутан, сурагчдын хичээл эхлэх дөхөхөөр зунжин тайван байсан хот хөл хөдөлгөөнд орж, амьдралын эрчим ч нэмэгддэг. Энэ үеэр хамгийн эрэлттэй нь хажуу өрөө, нийтийн байр болон подваль буюу 00-ын өрөө. Нийслэлд бараадах ах дүү садан төрөл цөөн оюутнууд сургуульдаа ойр, хямд үнэтэй, боломжийн байрны эрэлд гарчээ.
Эрэлт ихтэй байгааг далимдуулан түрээсийн байрны үнэ ч тэнгэрт хадсан байх юм. Тухайлбал, хотын төвдөө хамгийн ойр гэх Гандан, Дарь-Эх орчмын цэвэр бохир усанд холбогдоогүй энгийн нийтийн байрны нэг өрөө сарын 140-150 мянган төгрөг. Хэрвээ дотроо “00”-ын өрөө, цэвэр бохир устай болбол 250-340 мянган төгрөг. Зурагт, Баянбүрд орчмоор гаднаа “00”-той цэвэр бохир усанд холбогдоогүй, нийтийн байр мөн л 140 мянган төгрөгөөс эхэлж байх юм. Ер нь, Баянбүрд, Дэнжийн 1000, Дарь-Эх, Гандан орчим нийтийн байр олонтой, хотын төвөөс ч холгүй учир эрэлт ихтэй байдаг юм билээ. Ингээд зарим нийтийн байраар орж байдалтай нь танилцлаа. Өдрийн 13:00 цагийн үед “Зар мэдээ” сонин харж Баянбүрдэд хажуу өрөө хөлслүүлнэ гэсэн зарын дагуу яривал сарын 250 мянган төгрөг хэмээв.
Байрны эзнээс байршлыг нь асууж байрыг нь очиж үзэхээр боллоо. Баянбүрдийн тойргоос дээш өгсөх замд хоёроос, гурван давхар ихэвчлэн улаан тосгоор барьсан нийтийн байр олноор харагдах аж. Дэнжийн 1000 руу эргэх уулзварын наахна миний үзэхээр тохиролцсон гурван давхар нийтийн байр харагдлаа.
Шинэ баригдсан байр бололтой өнгө үзэмж сайтай нүдэнд аятайхан тусав. Гурван давхар энэ барилга нийт 18 өрөө түрээслүүлдэг. Үүнээс гурван давхрыг бүхэлд нь хөлслүүлсэн, хоёр давхартаа хоёр өрөө үлдсэн хэмээн байрны эзэн хэлэв. Мөн тэрээр байрны хөлсөө зургаан сараар авна хэмээн хатуу шаардлага тавив. Учир нь, мөнгийг нь сар сараар авах нь ямар ч ашиггүй гэнэ. Зарим түрээслэгчид сарын сүүлээр төлбөрөө хийнэ гэчихээд шөнөөр нүүгээд явчихдаг хэмээн ярив. Тэгээд ч одоо оюутнууд ирж байгаа болохоор манайх шиг дотроо “00”-той цэвэрхэн боломжийн үнэтэй нийтийн байр үнэд ороод байна. Есдүгээр сар дөхөх тусам байр олдохоо болино шүү хэмээн сануулах зандрахын хооронд л ярилаа.
Үүний дараагаар тус байрны урд буй хоёр давхар нийтийн байраар орлоо. Гаднаа “00”-той, усаа худгаас зөөдөг гэв. Хашааны хаалгаар оронгуут бие засах газрынх нь хажууд хог овоорч, эвгүй үнэр ханхлав. Үнийн хувьд 140 мянган төгрөг хэмээв. Өрөөнүүдийг нь харвал хоёр хүн ч зөрж болохгүй давчуу бөгөөд хооронд нь нимгэн хавтангаар тусгаарлаж, худалч хүнд ханыг нь налахад нураад унахаар харагдав. Зуны дулаан цагт өрөөнүүдийнхээ ханын цаасыг ч болтугай сольж болоогүй юм байх даа гэсэн бодол төрж л байлаа. Гэтэл ийм өрөөнд оюутнууд гурав, дөрвөөрөө амьдардаг төдийгүй залуу гэр бүл цөөнгүй хөлсөлдөг гэж бодохоор үнэхээр хэцүү санагдлаа. Байрны эзэд ч эрэлт байгаа учраас та нар биш юм гэхэд дараагийнх нь бэлэн гэсэн байдалтай умгар өрөөг сарын 140 мянган төгрөгөөр хөлслөөд хээв нэг сууж байх юм. Уг нь, энэ жил мянган оюутны байр ашиглалтад орж, үнэтэй тав тухгүй байр, айлын хажуу өрөө бараадах оюутны тоо цөөрнө хэмээж байсан. Гэтэл 1000 оюутны байрны төлбөр хэд байх, ямар сургуулийн оюутнуудыг оруулах нь ч тодорхойгүй байна. Нийслэлд 43 оюутны байр байдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд 220 орчим мянган оюутан суралцдагаас 13-14 мянга орчим нь л оюутны байранд хамрагдаж чаддаг гэдэг. Үлдсэн 100 мянга орчим оюутан айлын хажуу өрөө, нийтийн байр, подволь, хамаатан садныдаа толгой хорогддог.
Эрт ирсэн нь “00”-ын өрөө подвальд төвхнөдөг
Сүүлийн үед нийтийн байрнаас гадна орон сууцны подваль “00”-ын өрөөг хөлслүүлэх болсон. Оюутнуудад хотын төвд сургуульдаа ойр боломжийн үнэтэй подваль буюу “00”-ын өрөө олох нь хамгийн таатай нөхцөлтэй орон сууц болдог гэнэ. Учир нь подваль нь гал түлэхгүй, ус авахгүй, дотроо “00”-той гэдгээр нийтийн байраас давуу. Харин үнийн хувьд талбайн хэмжээнээсээ хамаараад сард 230-380 мянган төгрөг. Ингээд “Сансарт падволь хөлслүүлнэ” гэсэн зарын дагуу очлоо. Сансарын аравдугаар байрны хонгил аж. Сарын 240 мянган төгрөгөөр хөлсөлнө гэв. Дотогш орж эргэн тойрныг нь ажвал чийг ханхалсан умгар жижиг өрөө. Цонх байхгүй ханыг нь цоолж жижиг салхивч гаргажээ. Харин нөгөө өрөө нь овоо зайтай хоёр өрөө бөгөөд 380 мянган төгрөгөөр хөлсөлнө, төлбөрийг нь зургаан сараар авна гэлээ. Подвалиуд нь голдоо нэг “00”, угаалгын өрөөтэй юм. Үнийг нь буулгах талаар байрны эзнээс тодруулахад “ 240 мянган төгрөг боломжийн үнэ. Нэг найзтайгаа хамт амьдраад хуваагаад төлбөл нэг нь сард 120 мянган төгрөг л төлнө. Би үнээ буулгахгүй ээ. Одоо тэртээ тэргүй хүмүүс их ирж сонирхож байна. Өдөрт тав, зургаан хүн ирж хардаг. Өнөө маргаашгүй хүн орох байх. Сансарын хуучин байрууд дулаан байдгийг мэднэ биз дээ” хэмээв. Эрэлтийг овжин ашиглаж подваль “00”-ын өрөөнөөс гадна хотын төвд ойр гэр хорооллын айлууд хашаандаа гэр буулгана гэх зар түгээх болжээ. Ингэхдээ сарын 40 мянган төгрөгөөр айл буулгадаг гэнэ.
Нийтийн байраар явж байхдаа зарим оюутантай уулзаж ярилцлаа.
С.Наранцэцэг: Өнгөрсөн жил нийтийн байр 120 мянган төгрөг байсан
-Миний дүү хөлслөх нийтийн байр хайгаад явж байна уу. Үнэ нь хэр санагдав?
-Тийм ээ. Тэгсэн тэнгэрт хадсан үнэ хэлэх юм. Бүр төлбөрийг нь зургаан сараар авна гэж байна. 250 мянган төгрөгөөр зургаан сар гээд бодохоор сая 500 мянган төгрөг болох нь. Өнгөрсөн жил энэ хавьд сарын 120 мянган төгрөгөөр найз маань өрөө хөлсөлсөн. Тэгээд энэ хавиар боломжийн байгаа болов уу гэсэн чинь. Сургалтын төлбөр дээр нь байрны мөнгө гээд овоо хэдэн төгрөг болох нь. Хямд байр хайна даа.
-Нийтийн байруудын орчин нь хэр санагдсан бэ. Хотод ах дүү хамаатныдаа байж болохгүй юу. Тэгвэл мөнгөө хэмнэх юм биш үү?
-Жижигхэн умгар өрөө хэрнээ л өндөр үнэ хэлэх юм. Бас эргэн тойрон нь бохир. Би энэ жил гуравдугаар курст орно. Хоёр жил хамаатныдаа амьдарсан. Хамаатных маань жаахан хүүхэдтэй болохоор хичээл орой тараад орохоор хэцүү. Тэгсэн ч одоо гуравдугаар курс гэдэг биеэ даах болсон цаг. Оройгоор хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд ч болов байрны төлбөрөө олно.