Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хичээлийн шинэ жил айсуй


Хичээлийн шинэ жил ердөө 10 гаруй хоногийн дараа эхлэх гэж байна. Оюутан сурагчид болоод цэцэрлэгийн багачууд хичээлийн бэлтгэлээ ханган хотын хөл хөдөлгөөн ихэссэн харагдана. Томоохон зах, худалдааны төвүүдээр хичээлийн хэрэгслийн худалдаа гарч, ээж, аавыгаа дагуулан яваа оюутан сурагч олон байв. Жил жилийн намар их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын төлбөр, сургуулиудын засвар үйлчилгээ, элсэлт, бүртгэл гээд олон ч асуудал сөхөгддөг. Энэ тухай сурвалжлахаар улсын томоохон их, дээд сургуулиуд болон зарим дунд сургууль цэцэрлэгээр оров. Юуны өмнө, ажлаасаа холгүйхэн байрлах ШУТИС -ийг зорилоо. Төв байрных нь үүдэнд цөөнгүй хүн бөөгнөрсөн нь бүртгэл эхэлснийг илтгэнэ. Бужигнасан олны дундуур сүлжин явсаар гол хаалгаар орвол үүдний хэсэгт будаг, замаскаар дүүргэн эгнүүлэн өрсөн хувин сав, барилгын шат, элдэв багаж хэрэгсэл овоорох нь засварын ажил ид өрнөснийг илтгэх аж. Үе үе сүржин чанга дуу хадаах цахилгаан дриллээр хэн нэгэн хана өрөмдөнө. Энд тэнд бужигнасан цагаан тоос манарч нүүр царай, хувцас хунар гээд өлмийнөөсөө зулай хүртлээ өвч битүү будаг замасканд дарагдсан засварчид хана таазыг будах нь будаж, зүлгэх нь зүлгэнэ. Явсаар хоёрдугаар давхарт байрлах захиргааны байр руу орвол доод давхраас илүү нам гүм бөгөөд хана даган зогссон оюутнууд ямар нэг зүйлд дугаарлаж байгаа бололтой. Сургалтын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Баасансүрэнтэй уулзлаа.

Бидний яриа олны анхаарлыг илүү ихээр татдаг сургалтын төлбөрийн тухай яриагаар эхэлсэн юм. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр энэ жилийн төлбөр 13 хувиар нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн жил 38 мянга 14 төгрөг байсан нэг кредитийн үнэ энэ жил 42 мянга 900 төгрөг болжээ. Энэ жилийн хувьд ШУТИС 50 хичээлээр 5600 оюутан элсүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Оюутан элсүүлэх бүртгэл эхлээд хоёр хонож байгаа бөгөөд энэ сарын 20-нийг хүртэл үргэлжлэх учраас засварын ажлаа ч  энэ өдөр дуусгахаар төлөвлөж. Сургуулиас гаран хүүхдээ бүртгүүлэхээр цугласан эцэг эхчүүдтэй сургалтын төлбөр болоод оюутан элсүүлэх журмын талаар хэсэг яриа өрнүүлсэн юм. “Өнгөрсөн жилтэй харьцуулахад төлбөр харьцангуй гайгүй нэмэгдсэн байна. Оюутан элсүүлэх журам нь ч гэсэн боломжийн санагдлаа” гэж ихэнх эцэг эх хэлэв. Тэдний ярианы өнгөнөөс ажвал жилийн жилд сургалтын төлбөр нэмэгддэгтэй  эвлэрчээ.

Цааш явсаар СЭЗДС-ийг зорин очвол үүдний хэсгээр сантехникийн шугам хоолой янзалж байгаа бололтой овоолсон шороогоор дүүрсэн нь мөн л засварын ажил өрнөж буй бололтой. Дотогш орж хамгаалагчтай нь уулзвал “Бүртгэл 20-ноос эхэлнэ, одоогоор сургуульд ямар ч багш ажилчид байхгүй” хэмээв. Дотор засвараас илүүтэй гадна талынх нь засварын ажил хийгдэж буй тус сургуулийн захиргаа хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахыг шавдуулж байгаа гэсэн. Монголын ууган сургууль болох МУИС –ийнх ч ялгаагүй урсгал засварын ажилдаа орж, бүртгэлээ энэ сарын 24-нд хийнэ гэсэн зар тарааж. Ингээд БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангаар мэргэжилтэн Б.Зоригоотой ярилцлаа.


Б.Зоригоо: Оюутнууд олон нийтийг төөрөгдүүлж байна

-Энэ жил сургалтын төрийн сангийн зээлд өөрчлөлт орсон уу, хэчнээн оюутан хамрагдах боломжтой вэ?
-Цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжтай холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. Засгийн газрын шийдвэрээр 2012 оны нэгдүгээр сарын 18-нд баталсан 19 дүгээр тогтоолд ямар нэг өөрчлөлт ороогүй. Уг тогтоолоор хагас өнчин, нэн ядуу болон малчин айлын хүүхдүүдийг төрийн сангийн зээлээр суралцуулна гэж өөрчилсөн. Энэ жилийн хувьд хөнгөлөлттэй болон үндэсний зээл, буцалтгүй тусламжийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай төвд ирж тодорхой мэдээ, мэдээлэл аваагүй байж журам, заалтад өөрчлөлт орсон мэтээр бичиж байгаа нь оюутнууд, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Энэ дашрамд хэлэхэд, их, дээд сургуульд элсч байгаа болон төрийн сангийн зээл тусламжинд дахин хамрагдах оюутнууд манай www.sts.mn гэсэн цахим хаягаас нарийн мэдээлэл авах боломжтой.

-Төрийн сангийн зээлд хамрагдаж сургуулиа төгсчихөөд дипломоо аваагүй хүмүүс хаана хандахаа мэддэггүй. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Тийм ээ. Бичиг баримт дипломоо авч чадаагүй хэр нь сургуулиа төгсчихсөн хүн олон байдаг. Тэдгээр хүн манайд өөрийн биеэр ирж зээлийн үлдэгдэл нь хэчнээн төгрөг байгааг шүүлгэн улмаар зээлээ барагдуулсаны дараа диплом бичиг баримтаа авах боломжтой. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, 2003 оноос өмнөх төгсөгчид сургалтын төрийн сангийн зээлээс чөлөөлөгдсөн. Мөн 2004-2006 оны оны хооронд 2.8 голчтой төгссөн, мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан хүмүүсийг зээлээс чөлөөлөн дипломыг нь олгож байгаа.

-Зээлийн үлдэгдэлтэй дипломоо аваагүй хүн хэчнээн байдаг юм бол?
-Одоогоор нарийн тоо хэлэх боломжгүй. Гэхдээ олон байдаг. Зарим нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй тохиолдол ч их байдаг. Мөн зээлийн үлдэгдлээс чөлөөлөгдсөнөө мэдээгүй хүмүүс ч бий.

Бидний яриа ийн өндөрлөж Багш хөгжлийн ордны хоёр давхарт байрлах Сургалтын төрийн сангийн газраас гартал зэргэлдээх хурлын танхимд Монголын цэцэрлэгийн багш нарын сургалт семинар болж байлаа. БНСУ-ын Боловсролын яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй тус сургалтад нийслэлийн 68 цэцэрлэгийн 100 гаруй багш оролцож байгаа аж. Солонгосын мэргэжлийн сургагч багш, мэргэжилтнүүд цэцэрлэгийн бүх насны ангийн багш нарт цэцэрлэгийн насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, суралцах чадвар, тэдэнтэй хэрхэн харьцах болон заах аргазүйн хичээл зааж эхэлжээ. Нэгэн солонгос сургагч багш “Танай улсын багш нарын ур чадвар сайн ч, цэцэрлэгийн байрнуудын стандарт тийм ч сайн биш байна” хэмээсэн. Үнэхээр ч тийм байгааг хэн хүнгүй л мэдэж буй. Хүрэлцээ муутай учир цэцэрлэгүүд ачаалал хэтрүүлэн ажиллаж, зарим цэцэрлэг тойргийнхоо хүүхдийг ч авч чадахгүй байгаа нь нууц биш. Өнгөрсөн зургаан сард НЗДТГ-аас хувийн хэвшлийн 23 цэцэрлэгт үйл ажиллагаа явуулах гэрчилгээ  олгосон ч төдийлөн энэ салбарын ачаалал буураагүй. Энэ онд шинээр ашиглалтад орсон цэцэрлэг байхгүй бөгөөд хуучин цэцэрлэгүүдийн засварын ажил одоо ч үргэлжилсээр байна. Одоогоор цэцэрлэгүүдийн засварын ажил 70 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдөрийн байдлаар төрийн өмчийн 116 сургуулийн 31-д, 186 цэцэрлэгийн 22-д их засвар хийж байгаа ажээ.

Дээвэр солих,  сантехникийн шугам хоолой шинэчлэх, цонх солих, анги нэмж тохижуулах гэх мэт сургууль, цэцэрлэгүүдэд хийх их засварын тендерт ялсан компаниуд энэ сарын эхээр ажилдаа орсон нь засварын ажил оройтох гол шалтгаан. Гүйцэтгэгч компаниуд энэ сарын 25 гэхэд ажлаа дуусгана гэсэн гэрээний нөхцөлтэйгөөр ханцуй шамлан оржээ. Гэрээнд заасан нөхцөлөө биелүүлээгүй нь ХУД-ийн  15 дугаар сургуулийн засварыг хариуцсан “Мөнх од цацрал” компани. Уг журамдаа “Сургууль, цэцэрлэгийн их засварыг хийж гүйцэтгэх компаниудтай ажлын гэрээ хийхдээ гүйцэтгэл дууссаны дараа хөрөнгө оруулалтыг хийнэ” гэж тусгасан. Гэтэл тус компани ажлын явц 70 хувьтай боллоо, бид цаашаа ажиллаж чадахгүй, хөрөнгөгүй болсон хэмээн ажлаа зогсоожээ. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тус компанид дүүрэг, нийслэлийн Боловсролын газраас ажлаа дууссаны дараа хөрөнгө оруулалтыг нь хийнэ гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн их засварыг “Хааны эрэл” төслийн хүрээнд хийсэн ч хяналт тавьж буй байгууллага байхгүй гэнэ. Дүүргийн боловсролын газрын мэргэжилтэн ажлыг нь шалгах гэхээр барилга руу оруулдаггүй, төслийн удирдагчтай уулзуулдаггүй гэнэ. Хэдий төсөл хөтөлбөрөөр, үнэ төлбөргүй их засвар хийж өгч байгаа ч чанарын шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг Нийслэлийн боловсролын газраас таввсан байна.

Мөн Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалттайгаар хэд, хэдэн сургууль, цэцэрлэг их засвартай байна. Жишээ нь, 73 дугаар цэцэрлэгт 136 сая төгрөгөөр хэмжигдэх их засварыг төслийн хүрээнд хийж буй бөгөөд одоогоор ажлын явц хэвийн, хугацаандаа багтаж дуусгана гэлээ. Харин хөрөнгө оруулалт нь зогссон нэг цэцэрлэг байгаа нь Налайхт баригдаж буй шинэ цэцэрлэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүжилт удааширснаас дээврээ хийж чадахгүй ажил зогсонги байдалд орсон аж.
Түүнчлэн хүүхэд авах боломжгүй, амь насанд халтай гэсэн дүгнэлттэй есөн сургууль, цэцэрлэг тодорчээ. Тухайлбал, БГД-ийн 73, 38 дугаар сургууль, 57, 47 дугаар цэцэрлэг, СХД-ийн 26, БЗД-ийн 146, 10, ЧД-ийн 18 болон ХУД-ийн 32 дугаар цэцэрлэг орж байна. Эдгээр цэцэрлэгт хүүхэд оруулж болох эсэхийг дахин нягталсны эцэст Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргах аж. Тиймээс эдгээр цэцэрлэг, сургуульд сурч байсан хүүхдүүдийг ойролцоох сургууль, цэцэрлэгүүдэд  хуваарилан суралцуулах зохицуулалт хийх гэнэ. 

Ямартай ч, Нийслэлийн боловсролын газрын даргын зүгээс энэ сарын 25 гэхэд их засвар, 20-нд гэхэд урсгал засваруудыг дуусгах үүргийг дүүргийн боловсролын хэлтсийн удирдлагуудад өглөө гэж газраас мэдээллээ.

БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлийг улс орон даяар энэ сарын 19-28-ны хооронд гэж зарлаад байгаа. Энэ цаг хугацаанд цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэнэ. Ингэхдээ энэ сарын 19-23-ны хооронд өмнөх хичээлийн жилд явж байсан хуучнаа, 26-28-ны хооронд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэх юм. Ийн ангилж байгаа шалтгаан нь хүүхдийн тоог гаргах зорилготой аж.  Ингээд сүүлийн гурав хоногт шинээр элсэх хоёр настнуудаа, дээр нь орон тооны дээрх хүүхдүүдээ авахаар зохицуулна. Албаны хүний яриагаар цэцэрлэгүүд нийт хүүхдийнхээ 65 хувийг л хамруулна гэнэ.  Гэхдээ цэцэрлэг бүр  бүртгэлтэй хүүхэд болон нийт ангийн тоо, хэчнээн хүүхдийн багтаамжтайгаас гадна хэдээр хэтрүүлж авч байгаа, энэ жил хэдэн хүүхэд шинээр элсүүлэх талаар нарийн мэдээллээ эцэг,эхчүүдэд өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан