Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адгуугаас л хамаг юм эхэлдэг юм биш үү

Нийслэл хотод өчигдөр төмөр замын том осол гарлаа. Замын ажил хийж байсан компаний КамаЗ машины жолооч хаалттай гарцаар галт тэрэгнээс өрсч гарах гэж яваад галт тэргэнд дайруулж урьд хожид манайд гарч байгаагүй том осол гарлаа. Азаар хүний амь нас үрэгдээгүй ч гурван ч хүн бэртэж, аж ахуйн нэгж байгууллагад ямар их хохирол учрав аа. Хэдэн галт тэрэг хэдий хугацаагаар саатаж, хэд хэчнээн хүн ажлаа алдав.

Нийслэл хотод гудамжны ажиглалтын камерийн бичлэгээр, дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулийн хуудас хүргэдэг журам мөрдөж эхлээд хэдхэн хонож байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний зөрчил өмнөх оны мөн үеийнхээс 40 хувь буурсан сайн тал байгаа ч мөн л зөрчил гарсаар байна. Эдгээр зөрчлийн ихэнх нь гэрлэн дохиогоор нэвтэрсэн, хурд хэтрүүлсэн зөрчил байна гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

Эндээс юу харагдаж байна вэ. Монголчууд бид чинь нэг л их яаруу улс болчихож. Галт тэрэг яваад өнгөрөх,  гэрлэн дохио солигдохыг хүлээж чаддаггүй нэг минут, нэг хормын ч болов өмнө амжуулах барагдашгүй их ажилтай хүмүүс юм уу даа.
Уг нь галт тэрэг яваад өнгөрөхөд хэдий хугацаа орох  юм бол. Олон вагонтой уртхан цуваа байлаа гэхэд сайндаа тав гурван минут болно биз.
Авто замын уулзварын гэрлэн дохио бол 26-30 секунд байдаг гээ биз дээ.
Гэтэл энэ хэдхэн секунд, минутыг л тэвчээд хүлээчихээгүй, өмнүүрээ өнгөрөх машиныг явуулчихаад хөдлөөгүйгээс л  болж хэд хэчнээн хүн амиа алдаж, бэртэж гэмтэн, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирдог билээ. Өөрийгөө ч төдийгүй, өрөөл бусдыг амь нас, эрүүл мэндээр нь хохироож өөрөө хэрэгтэн болдог.

Ингэхэд бид чинь өнөөдөр юунд тэгтлээ их яараад байгаа билээ. Шинжлэх ухаан техникийн хөгжил улам эрч хүчээ авсан их хурдны эрин цагт амьдарч байгаа нь маргашгүй үнэн.
Гэхдээ бид юу хийж бүтээх гээд, ямар амжилтад хүрэх гээд ингэж яараад, адгаад байгаа юм. Ингэснээрээ бид юу хожиж, юу бүтээв. Гарцанд дээр гэрлэн дохио солигдохыг хүлээж хэдэн минут зогссоноор юу алдаж, ямар юмаар хохиров. Энэ хүмүүс тэгээд хаашаа яараад байдаг юм бол. Лавтай л энд тэнд болдог хурал зөвлөгөөн уулзалт семинар цагтаа эхэлдэггүй юм билээ. Энд тэндэхнийн албан байгууллага, ялангуяа төрийн байгууллагынхан бол нэг бичиг хийгээд өгөх бүү хэл асуусанд хариулах гэж янцаглаад хэдэн арван минут болдог юм билээ.
Өөр бусад зүйлд л тэгээд яараад байдаг байх нь дээ.

Өчигдрийн тэр КамаЗ машины жолооч галт тэрэг яваад өнгөрөхийг хүлээсэн бол сайндаа л нэг машины дараа ачаагаа ачуулах байсан биз. Гэтэл нэг машины өмнө очиж ачаагаа ачуулах гэж яарсныхаа төлөө улсад ямар их хохирол учруулав. Тэр жолооч энэ бүхнийг төлж барагдуулж ёстой харагдаач.
За зам саатсан, галт тэрэгний хөдөлгөөн зогссон гэдэг ч юм уу шууд биш хохирлыг байг гэхэд ердөө л саяхан авсан шинэ зүтгүүрийн болон замын засварт хэдий зардал гараа бол.....
Энэ жолоочоос  одоо асуувал “Миний чихийг огтлоод ав” л гэх байх л даа.
Та бид ийм л хүмүүс. Эрт цагаас л эцэг өвгөд маань “Бушуу туулай борвиндоо баастай”, “Яарвал даарна” гэж хэлсээр сургасаар ирсэн. Өнөө болтол үүнийг ухаараагүй л явна даа бид.

0 Сэтгэгдэл
yag unen heljee
Хамгийн их уншсан