Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс гэхээр танд ямар дүр зураг буудаг вэ? Дэлхийн дийлэнх хэвлэл мэдээллийн агентлагуудын тарааж байгаа мэдээллээс болоод Хойд Солонгос гэхээр ядуурч үгүйрээд, өнөө маргаашгүй өлсгөлөнгөөс болж үхэх гэж байгаа ард түмэн, техник ба технологийн хөгжил нь манай 1970-аад оны үеийнх шиг, цахилгаан тасарсны улмаас хамаг хөгжил нь саатсан орон гэсэн төсөөлөл буух байх. Ядуу дээрээ их түрэмгий, байсхийгээд л мөрөөрөө байгаа Өмнөд Солонгос руу их буугаар бууддаг, усан онгоцыг нь живүүлдэг, цөмийн пуужин харвана гэж айлгадаг.
Дэлхийн мэдээллийн том агентлагуудаар тарааж байгаа бүх мэдээлэл яг ийм чиглэлээр байгаа болохоор өөр яалтай. Гэтэл хачирхалтай нь хүн амын дийлэнх нь өнөө маргаашгүй өлбөрч үхэх гээд байгаа улс өчигдөрхөн өөрийн гэсэн дэлгэц нь мэдрэгчтэй утас үйлдвэрлэснээ албан ёсоор зарлаж байх юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Ариран” нэртэй гар утас үйлдвэрлэж байгаа үйлдвэр дээр өөрийн биеэр очиж эрдэмтэн инженерүүд, мэргэжилтнүүдийнхээ чадварыг өндрөөр үнэлсэн гэнэ.
“Ариран” утсыг гаднаас нь харахад “нүдэнд дулаан төдийгүй дотроо ийм төрлийн гар утсанд байх ёстой бүх л функцууд, түүний дотор бага оврын камертай” байгаад Ким Чен Ун тэргүүлэгч сэтгэл хангалуун байсан юм байх. Хойд Солонгосын гар утас хэрэглэгчдийн тоо хоёр сая давсан болохоор өөрийн гэсэн нэг юмтай болох талаар бодоод үзэхэд яагаад болохгүй гэж. Хойд Солонгосчуудыг гайхуулсан зүйл гар утсаар дуусахгүй.
Тэртээ 1965 онд оросуудын барьж өгсөн цөмийн реакторыг хөгжүүлэн ашигласаар өөрийн хүчээр цөмийн зэвсэгтэй болсон гэдгээ 2006 онд туршилт хийж дэлхий дахинаа тунхагласан.
Дэлхийд цөмийн зэвсэгтэй цөөн хэдэн улс байдаг нь Орос, Америк, Франц, Хятад, Их Британи, Энэтхэг, Пакистан, Израйль. Олон улсын хорио цээр байгаагүй бол үүн дээр ахин тав зургаан улс нэмэгдэх байсан биз. НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтносон 195 улсын дотроос арав хүрэхгүй нь цөмийн зэвсэгтэй. Цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай уран, плутонийг баяжуулан гаргаж авах, шаардлагатай эд ангийг үйлдвэрлэх, үйлдвэрлэсний дараагаар хадгалах хамгаалах, техник үйлчилгээ хийх, энэ бүхэнд шаардлагатай мэргэжилтэн, боловсон хүчин бэлдэнэ гэдэг ярвигтай, олон салбарын олон арван үйлдвэр, шинжлэх ухааны институтын хэдэн мянган эрдэмтэн, ажилтнууд шаардлагатай зүйл болохоор л ийм хэдхэн улс цөмийн зэвсэгтэй байгаа хэрэг.
Сансарт хиймэл дагуул хөөргөх хэмжээний технологитой хэдхэн улс бий. ОХУ, АНУ, Энэтхэг, Хятад, Япон, Иран, Франц, Их Британи. Зөвлөлт задран унасны дараагаар Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Хойд Солонгосыг оросуудын тусламжгүйгээр бут үсрэн үгүй болохыг хүлээгээд инээлдэж суусан. Гэтэл хэзээ мөдгүй задран унах ёстой Хойд Солонгос нь 1995 онд гэнэт Японы арлууд дээгүүр алсын тусгалтай пуужин давуулж харван Америк, Япон, Өмнөд Солонгосыг алмайруулсан юм. Ингэж дуулиан тарьсан «Тэпходон-1» дундын зайн баллистик пуужинг үгээгүй ядуу хойд солонгосчууд өнгөрсөн зууны тавиад оны үед оросуудын боловсруулсан 300 км-ийн тусгалтай “СКАД” пуужинг өөрийн мэргэжилтнүүдийн хүчээр хөгжүүлэн гаргаж ирсэн. Зүгээр ч нэг өөрийн болгосонгүй өнгөрсөн жил хиймэл дагуул хөөргөж баллистик пуужинтай цөөн хэдэн улсын нэг болох нь тэр. Зүгээр ч үгүй Ирак, Иран, Ливи, Сири гэх мэт улсад өөрийн болгосон ойрын тусгалтай баллистик пуужингаа амжилттай зардаг улс байв.
Зөвлөлтийн лицензээр үйлдвэрлэж байсан Т-62, Т-70 танкийг өөрийн болгож сайжруулсаар орчин үеийн дайны шаардлагыг хангасан “Seon"gun-915” танкийг олноор нь үйлдвэрлэж байна.
Өдгөө үгүй болсон Югослав улсын шумбагч онгоцыг өөрчлөн өөрийн улсын нөхцөлд тохируулж бага оврын шумбагч завь үйлдвэрлэдэг болсон. Мөн л Зөвлөлтийн үеийн агаарын довтолгооноос хамгаалах пуужинг шинэчлэн өөрчилж, өөрсдөө үйлдвэрлэдэг. Хойд Солонгосын хүнд аж үйлдвэр нь жилдээ 200 мянган автомат, 3000 их буу, 200 танк, 400 хуягт үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээрийн дотор сум үйлдвэрлэх 35 үйлдвэр, танк ба хуягт үйлдвэрлэх тав, онгоцны сэлбэг үйлдвэрлэх найм, усан онгоц үйлдвэрлэх найм, пуужин үйлдвэрлэн таван үйлдвэр байх юм. Нийт батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэрийг уул ухан, газрын гүнд байрлуусан гээд жишээ дурдвал олон гайхалтай зүйл бий. Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад зэвсэглэлдээ анхаарч байна гэсэн шүүмжлэх нь зүйн хэрэг. Гэхдээ ингэж батлан хамгаалах салбартаа асар чухал ач холбогдол өгсөн тулдаа Хойд Солонгос 90-ээд оны хямралын үеэр өмнөд хөршдөө эзлэгдчихэлгүй үлдсэн гэж болно.
Ерээд онд Америкийн Ерөнхийлөгч байсан Клинтон эдийн засгийн гүн хямралд ороод байсан Хойд Солонгосыг цэргийг хүчээр буулган авах талаар бодолхийлж армийн удирдлагууддаа хандан дайн эхлүүлсэн тохиолдолд ямар хохирол гарахыг тооцох даалгавар өгөхөд зөвхөн эхний сарын дотор 40 мянга гаруй Америк цэрэг, 100 мянга гаруй солонгос цэрэг алагдана гэсэн урьдчилсан тооцоог хараад дайн эхлүүлэхээс татгалзаж, зөөлөн аргаар илбэн дагуулах замыг сонгосон гэдэг.
Ард түмнээ хагас өлсгөлөн байдалтай байлгаад ДНБ-ийхээ 45 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуул гэж Хойд Солонгосыг жишээ татсангүй. Аливаа нэг улсын хувьд батлан хамгаалах салбар гэдэг ямар чухал ач холбогдолтой байдгийн жишээ болгож татав. Иргэдийнх нь дундаж цалин 10 ам.доллар гэгддэг Хойд Солонгос ядаж л буугаа, сумтай нь өөрсдөө үйлдвэрлэчихэж байна. Гэтэл манайх зэс, хар тугалгын олон том ордтой атлаа алдарт АК буугаа бүү хэл сумыг нь ч өөрсдөө хийчихэж чадахгүй. Танк, хуягтын сэлбэгийн талаар бол яриад ч хэрэггүй байх. Манайх шиг Орос Хятад хоёрын завсар байгаа улсад буу, сумны үйлдвэр бүү хэл арми ер нь хэрэг байна уу гэх яриа олон дуулдах болов. Америк тэргүүтэй өрнөдийн орнууд батлан хамгаалах салбарынхаа төсвийг танаж хасч байна л гэнэ. Үнэн хэрэг дээрээ өрнөдийн батлан хамгаалах нь тооноос илүүтэйгээр чанарт анхаарсан, шинжлэх ухаан ба технологийн хамгийн сүүлийн үеийн ололтыг шингээсэн зэвсэг ашиглаж байгаа болохоор хүн хүчээ цомхотгох, зардал ихтэй хуучирсан зэвсгийг халах арга хэмжээ авч байгаа хэрэг. Дээр нь манай хоёр хөршийн батлан хамгаалахын төсөв жил ирэх тусам нэмэгдсээр. Америк, Орос, Хятад, Их Британи гэх мэт орнын зэвсэг зарж олдог орлого ч жил дараалан нэмэгдсээр.
Ямар ч байсан Хойд Солонгосынхон овоо гарууд шүү. Буу зэвсэг, цөмийн бөмбөг, алсын тусгалтай пуужингаараа далайлгаж байгаад ямар ч улсаас айлгүй өөрийн эрх ашгаа хаана ч хамгаалж чаддаг.