Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Л.Энхсайхантай ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс мэдрэлийн ядаргаанд орчихжээ хэмээн ярих болсон. Шалтгаан нь юу юм бол?
-Мэдрэлийн ядаргаа нь ажил, амьдралын буруу дэглэмээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, нойр, хоол, ажил амралтаа зохицуулж чадаагүйтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр, байнгын стресс нь мэдрэлийн ядаргаанд оруулах гол шалтгаан болдог. Ажил амьдралд нь ямар нэг зүйл бүтээгүйгээс шийдэж чадахгүй байнга бодож, шаналж явдгаас иргэд мэдрэлийн ядаргаанд орох нь их байна. Зах зээлийн нийгэмд асуудалгүй амьдрал гэж байхгүй. Байр, машин, хоол ундны мөнгө гээд л толгой өвтгөсөн олон асуудал урган гарч ирэх нь зүйн хэрэг. Тиймээс мэдрэлийн ядаргаанд орохгүй байя гэвэл тулгамдсан асуудлуудаа богино хугацаанд шийдэж сурах хэрэгтэй.
-Тэгвэл өртөхгүй байхын тулд яах ёстой вэ?
-Зөвхөн ядаргаанаас сэргийлэх арга гэлтгүй бүх өвчнөөс ангид байх үндэс нь амьдралын зөв хэвшил, дадал байдаг. Дээр хэлсэнчлэн, нойр, хоол, ажил амралтаа зөв зохицуулж сурах. Өдөр болгон арван цаг хүртэл ажиллаад байвал тэр хүний сэтгэл санаа ямар байх уу... Бодоод үз дээ. Тэгэхээр амралтаа зөв өнгөрөөх хэрэгтэй. Зөв гэхээр гэртээ орон дээрээ хэвтээд байх биш. Харин өөрийнхөө хийдэг зүйлээ солихийг хэлнэ. Тухайлбал, бичгийн ажил хийдэг бол биеийн хөдөлмөр хийх ч юм уу. Биеийн хөдөлмөр хийдэг бол юм бичих эсвэл ном унших гэх мэт.
-Ядаргаанд өртөж буйн анхны шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Мэдрэлийн өвчин нь дотроо олон учраас нэг шинж тэмдгээр илэрдэггүй. Жишээ нь, харвалтын хамгийн эхний шинж тэмдэг бол ам муруйх, гар сулрах, хэл яриа ээрэх, ярьж чадахаа болих. Хэрвээ энэ гурван шинж тэмдэг илэрвэл харвасан байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хандаарай. Бусад мэдрэлийн өвчин нь толгой өвдөх, нуруу, хөл дагасан өвдөлт, гар хөл бадайрах гэх мэт олон шинж тэмдгээр илэрч болно.
-Танай тасагт хандаж байгаа өвчтөнүүд ямар шалтгаанаар ирж байна вэ?
-Тархины харвалт гэсэн оноштойгоор ирсэн хүн олон байна. Энэ өвчнийг хүмүүс хамгийн их мэддэг. Учир нь, монголчууд хамгийн их өртөж, амь насаа алддаг. Иймдээ ч тархины харвалттай өвчтөнүүд манай тасгийн 90-ээс илүү хувийг эзэлдэг. Түүнчлэн тархины бүрхүүлийн, эдийн, нугасны үрэвсэл ч мэдрэлийн өвчлөл дотроо томоохон байр суурийг эзэлдэг. Мөн захын мэдрэлийн эмгэгүүд хамгийн түгээмэл. Нүүр муруйх, гар сарвуу, хөлийн тавхай саажих гэх мэт. Ер нь, мэдрэлийн өвчин туссан хүний хөдөлмөрийн чадвар алдагдаж, буурдгаараа их аюултай.
-Танай мэдрэлийн тасаг хэдэн эмч ажилчидтай вэ. Хавар ачаалал эрс өснө биз?
-Манай тасаг 46 ортойгоор ажилладаг. Үндсэн есөн эмчтэй. Одоо таван эмч л ажиллаж байна. Эмч ажилчид хаанаа ч хүрдэггүй. Учир нь, мэдрэлийн өвчлөл нэмэгдсэнээс гадна хүнд өвчтөн олон бий. Уг нь, гуравдугаар шатлалын эмч ажилчдын бүтэц зохион байгуулалтыг 2012 онд ЭМЯ баталсан ч, өөрчлөгдөөгүй л байна. Ядаж, шинэ баталсан стандартынхаа дагуу эмч, ажилчдынхаа орон тоотой болмоор байна гэдгээ илэрхийлэн төсөв тооцоогоо яаманд уламжилсан. Өмнө нь 15 өвчтөнд нэг эмч ногддог байсныг шинэ стандартаар долоон өвчтөнд нэг мэдрэлийн эмч ногдохоор баталсан. Тиймээс ирэх оны төсвөө хурдан баталж өгөөч ээ гэж хүсэх юм. Шинэ стандартаар ажиллавал бидэнд ч, өвчтөнүүдэд ч хэрэгтэй. Өнөөдөр эмнэлгийн шинэ барилга ашиглалтад ороогүйгээс бид хэцүү байдалтай байна. Учир нь, эмнэлгийн шинэ байр барьж байгаатай холбогдуулан тасгуудыг нь нүүлгэн хэвтэх орыг нь багасгасан. Гэтэл долоо хоногт хамгийн багадаа арван харвалт, өдөртөө 2-3 харвалттай хүн манай тасагт ирж хэвтдэг.
-Танайх манай улсын өмнөө барьдаг том эмнэлэг. Тэгвэл мэдрэлийн тасгийн эмчилгээ оношилгоонд сүүлийн үеийн ямар дэвшилтэт технологи нэвтрүүлж байна вэ?
-Дэлхий дахинд анагаах ухаан тэр тусмаа мэдрэл судлалын шинжлэх ухаан өндөр хөгжиж байна. Мэдрэлийн өвчин төвөгтэй, нарийн байдагтай адил мэдрэлийн тогтолцоо нь өөрөө далд нуугдмал байдаг. Тиймээс шинжилгээ нь өртөг ихтэй. Үүнийг оношлох техник технологи манайд орж ирээгүй байгаа. Манай улс мэдрэл судлалын салбарт нэвтрүүлэхийг зорьдог нэг том эмчилгээний арга бол бүлэн хайлуулах эмчилгээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэх юм. Төслийн хүрээнд харвалтын нэгж байгуулагдсаны дараа бүлэн хайлуулах эмчилгээг хийх учиртай. Энэ эмчилгээ дэлхийд нэвтрээд 20 гаруй жил болж байгаа ч манайд одоо л нэвтрэх гэж байна. Харвалт нь дотроо хоёр янз байдаг. Нэг нь, судас задран тархины гадуур цус хурдаг. Нөгөөх нь, судас бөглөрөн тархины тодорхой эдэд шигдээс үүсэн тархины дотор эд үхэждэг. Тэгвэл бүлэн хайлуулах эмчилгээ нь бөглөрсөн судасны бөглөөсийг хайлуулдаг. Тархины эд үхжихээс өмнө бүлэнг нь хайлуулж амжвал тархины эд үхжилгүйгээр сэргэх боломжтой. Энэ эмчилгээг улсын гуравдугаар төв эмнэлэг болон манайх нэвтрүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
-Харвалт залуужиж байна гэсэн. Өмнө нь, бид өндөр настай хүн л харвадаг гэсэн ойлголттой байсан?
-2000 оны эрүүл мэндийн статистик тоог өнөөдрийнхтэй харьцуулбал маш том ялгааг харж болно. Ер нь, даралт ихсэх шалтгаан нь даралт ихсэх, судасны өөрчлөлтөөс болдог. Тэгэхээр хувь хүний бухимдал дээр нийгмийн бухимдал нэмэгдэхээр маш их стресст өртүүлж байна. Харин нийгмийн стресс гэдэг нь энд тийм юм гарчээ, тэнд тийм аймшигтай гэмт хэрэг гарчээ гэх мэт нь болж бүтэхгүй хар бараан мэдээлэл нь хүнийг хэт их стресст өртүүлдэг. Хүн өөрт хамаагүй зүйлийг анхаарч сонссоныхоо дараа сэтгэл санаа нь хямрах тохиолдол олонтаа гардаг. Нийгмийн харилцаанд, ажил дээрээ болсон бухимдлаа гэр бүлийнхээ гишүүдэд гаргадаг. Тиймээс аж ахуйн нэгжийн удирдлагууд ажилчдаа ажлын байран дээрээ бухимдалгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлага ажил дээр юу нь болохгүй байна, ажилчдын сэтгэл зүйд таарахгүй зүйл юу байгааг судалж, тохирсон арга хэмжээг авч чадвал ажлын байрны бухимдал үгүй болж, хөдөлмөрийн бүтээмж ч гэсэн нэмэгдэнэ.