Монголоос Эрээнийг жилд дунджаар 2,2 сая хүн зорьдог гэсэн тоо бий. Үнэндээ, монгол хүн бүр жилд нэг удаа тус хотыг зорьдог. Тэгэхээр монголчуудын хувьд Эрээн зайлшгүй зорчдог, зорчих ёстой газар болжээ. Энэ эрэлт хэрэгцээнд үндэслэн МИАТ компани Эрээн рүү долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэж эхлэв.
Бидний суусан Боинг 737-800 онгоц энэ сарын 7-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас 13 цаг өнгөрөөд БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд хөөрөв. Товлосон цаг нь 13 байсан ч анхны нислэгийн туузыг МИАТ компанийн захирал Г.Жаргалсайхан, ЗТЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Билгүүн, Иргэний нисэхийн Ерөнхий газрын дэд дарга Ж.Нямсайхан нар хайчлав. Г.Жаргалсайхан дарга нислэгийг нээж хэлсэн үгэндээ “Манай улс өмнөд хөрш БНХАУ-тай эдийн засаг, нийгмийн харилцаагаа эрчимжүүлэхийн хэрээр иргэдийн харилцан зорчих тоо өсч, хоёр орны нийслэл болон томоохон хотууд төдийгүй хил орчмын хот руу нислэг хийх хэмжээнд харилцаа өргөжин тэлж, энэ чиглэлд МИАТ компани анхлан захиалгат нислэг үйлдэх болсондоо баяртай байна. МИАТ компани цаашид ч аюулгүй, чанартай үйлчилгээгээр зорчигчдодоо үйлчилж, шинэ чиглэл, үйлчилгээгээр бэлэг барьж, улс эх орныхоо хөгжилд өөрийн их хувь нэмрийг оруулах болно” хэмээгээд онгоцны нисэх багт амжилт хүсэв.
Эрээн хотын чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн хийж буй анхны захиалгат ОМ-0251 дугаарын нислэгээр нийт 197 хүн нисэхээр бүртгүүлжээ. Намрын эхэн сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр эхэлсэн нислэг арваннэгдүгээр сарын 20 хүртэл гурван сарын турш тасралтгүй үргэлжилнэ. Мэдээж, цаашид тогтмол болгох талаар хоёр талын албаныхан ярилцаж байгаа аж. Долоо хоногийн даваа, лхагва, бямба гарагт тогтмол нислэг үйлдэхээр тохиролцжээ.
Ийнхүү аялалдаа гарсан Боинг 737-800 онгоц нэг цаг 10 минутын дараа Эрээн хотын нисэх буудалд амжилттай газардлаа. Зорчигчид нэг талдаа 150 мянгаар тасалбар авснаа, боломжийн үнэ ханштай байгааг өөр хоорондоо ярилцсаар Хятадын гаалийн бүртгэл хийлгэв. Гаалийн хувьд гадаадын буюу олон улсын анхны нислэг хүлээж авч буй болохоор жаахан тэвдүү байгаа нь илт. Бүртгэл нэлээн удаашралтай харагдав. Учир нь, Эрээн хотын нисэх буудал нь Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм. Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгийнхнийг нисэх буудлын захиргааныхан төдийгүй Хятадын зарим хэвлэл мэдээллийнхэн, албаны хүмүүс угтлаа. Өвөрмонголчуудын хувьд энэ нислэгийг эдийн засгийн болоод харилцааны олон талын ач холбогдол өндөртэй гэж үзэж буй аж. Эхний нислэг болохоор буцах онгоц маань тийм ч дүүрэн байгаагүй ч бямба гарагийн нислэгийн тасалбар бүгд зарагдсан байсан нь үнэхээр нүдээ олсон чиглэл болжээ гэдэг нь тодорхой.
Улаанбаатар-Эрээн чиглэлийн нислэгийн тасалбарын үнийг нэг талдаа 208 мянга, хоёр талдаа 371 мянган төгрөг байхаар тогтоожээ. Чухам яагаад нэг талдаа энэ удаад 150 мянган төгрөгөөр нисэв гэхээр эхний таван нислэгтээ онцгой хямдрал зарласан аж. Хямдралтай тасалбар худалдан авагчид маань хоёр талдаа 272 мянган төгрөгөөр ниссэн юм.