Сүүлийн үед “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны тухай яриа дэлгэрч, үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа билээ. Кино зохиолыг бичиж, кинондоо дүр бүтээсэн УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-УДЭТ-ын эмэгтэй жүжигчид кино уран бүтээлд нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Кино бүтээх санаа хэзээ төрөв. Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Жилийн өмнө Офелиягийн шалгаруулалтын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, залуу жүжигчин А.Ганчимэг бид гурав кино хийе гэж ярилцаж байлаа. Олон сэдвээр ярилцаж байж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо санааг олсон. Тэгээд “Хувьсал” продакшнд санал тавьж, кино уран бүтээлд нэгдэн ажиллалаа. Цаашид ч бид гурав “Хувьсал” продакшнтай хамтарч уран бүтээл хийхээр болсондоо баяртай байгаа.
-Сайн кино хийхэд юу чухал вэ гэдэг асуултад уран бүтээлчид дуу нэгтэйгээр зохиол гэж хариулдаг. Киноныхоо зохиолыг та өөрөө бичсэн гэсэн. Жүжигчин мэргэжилтэй болохоор зохиол бичихэд дөхөм байсан уу?
-2012 оны долдугаар сард “…галт тэрэгний шунгинан өнгөрөх дүрс...” хэмээн эхний өгүүлбэрээ биччихээд бид гурав их л хөөрч билээ. Хэдийгээр зохиолч нь Д.Ганцэцэг гэж байгаа ч бид гурвын үзэл, санаа, сэтгэмж нийлж байж энэ зохиол бичигдсэн. Кино дэлгэцийн уран бүтээлд хамгийн чухал зүйл нь зохиол байдаг. Тиймээс бид зохиол бичихдээ туршлагатай хүмүүсээс заавар зөвлөгөө авч, 10 сар шаргуу ажилласан. Сүүлдээ ч 80 хуудас зохиолыг цээжилчихсэн байлаа. Ярьж буй үг, байдал, зорилго нь өөр ч яг ижилхэн таван хүн байж болохгүй шүү дээ. Бид гурав жүжигчний хувьд зохиолынхоо дүрүүд дээр нарийн ажилласан. Дүрүүдийн ялгаа, бие биенээсээ ялгарах онцлогийг харуулахыг зорьсон.
-Сүүлийн үед монголд кино урлаг хөгжиж үзэгчид ч дэлгэцийн сайн уран бүтээлийг хүлээх болсон. Та уран бүтээлээ юу гэж дүгнэх вэ?
-Аливаа уран бүтээл шүүмжгүйгээр хөгждөггүй. Тайзны уран бүтээлчид дэлгэцийн уран бүтээл хийхэд мэдэхгүй олон зүйл гарч ирсэн. Тийм ч учраас судалгаа хийж, сүүлийн 10 жилд гарсан монголын уран сайхны кинонуудыг үзсэн. Энэ кинонуудын ололт болон дутагдалыг ярилцаж уран бүтээлдээ тусгахыг хичээсэн. Бид өнгөрсөн хугацаанд сүүлийн үеийн кинонуудад дүр байхгүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ. Жүжигчнийхээ хувиар энэ тал дээр маш их анхаарч ажиллалаа. Энэ хугацаанд хийгдсэн кинонуудад шүүмжлэлтэй зүйл олон байсан ч монголын кино урлагийн хөгжлийг унагалгүй авч явж ирсэн уран бүтээлчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
-“Hollywood”-эд ашигладаг “Red one” камераар кино зургийг авсан гэсэн. Шилдэг техник, найруулагч, зураглаачийн чадвар нийлж дэлгэцийн гайхамшгийг үзүүлэх байх?
-Тийм ээ. Киноныхоо зургийг дэлхийн түвшинд хүрсэн “Red one” камераар авсан. Кинонд найруулагч, зураглаач, зураач гурвын нэгдэл маш чухал. Тийм болохоор бид хийсэн уран бүтээлийг нь үнэлж явдгийн хувьд ямар ч эргэлзээгүйгээр “Улаанбаатар фильм”-ийн зураглаач Б.Отгонзоригтой хамтран ажилласан. Зоригоо маань бидний санааг түргэн ойлгож, өөрийн ур чадвараар баяжуулж мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан.
-Жинхэнэ уран бүтээл хүмүүст нэгийг ухааруулж хоёрыг тунгаах сэхэл өгч, сэтгэл оюуныг тэтгэж байдаг. Уран бүтээлчид маань киногоороо юу хэлэхийг хүссэн бэ?
-Хүн бүр дотроо эмзэглэлтэй явдаг. Тэрхүү эмзэглэлээ уран бүтээлээрээ илэрхийлэх боломж олддог нь уран бүтээлч хүний аз юм даа. Зохиолч А.М.Горькийн “Болесь” хэмээх өгүүллэгт Тереза “Сул дорой хүн ч гэсэн бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулах эрхтэй ” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг бид уран бүтээлээрээ хүмүүст, үзэгчдэд бүрэн төгс хүргэхийг хичээсэн. Хүний сэтгэлд хэн нэгнийг хайрлах хүч, бусдаар хайрлуулна гэсэн итгэл байхад амьдрал нь гэгээтэй сайхан байна гэж би боддог. Киног үзээд л санаа алдаад өнгөрөх биш уран бүтээлийн санааг амьдралдаа хэрэгжүүлж ойлгох нь л чухал. Уран бүтээлийн мөн чанар ч үүнд оршдог.
-Уран бүтээл хүмүүст хүргэсэн санаагаараа тухайн цаг үедээ яригдаж, хүмүүсийн оюун санааг дамжин давалгаалдаг. Харин нэрээрээ түүхэнд мөнхөрдөг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээн кино бүтээлээ нэрлэсэн нь нэлээд гүн утгыг илэрхийлжээ?
-Зэрлэг цэцэг хэзээ ч хүлэмжинд ургадаггүй. Зэрлэг цэцэг гэдэг нь онгон байгальд ургадаг тансаг үнэрт олон өнгө, төрлийн үзэсгэлэнт цэцэгсийг хэлдэг шүү дээ. Зэрлэг цэцгээр эмэгтэй хүнийг төлөөлүүлсэн. Энэ нэрийг найруулагч маань өгсөн. Маш олон нэрний санаа гарч, уран бүтээлчид маань санал болгосон ч бид энэ нэрийг бүтээлдээ өгсөн.
-Найруулагчид дүрээ жүжигчний хувь хүний онцлогийг харж сонгодог юм шиг санагддаг. Таны хувьд кинондоо зориулж үсээ тайруулсныг харахад энэ удаагийн дүр Д.Ганцэцэгийн өмнө гаргаж байсан уян налархай эмэгтэйчүүдээс тэс ондоо бололтой?
-Би Саарлаа гэх эмэгтэйн дүрд тоглосон. Танхай этгээд. Үсээ тайруулахад жаахан хэцүү л байсан. Тайруулаад сар болж байгаа ч эрэгтэй хүн шиг харагдаад дасаж өгөхгүй л байна /инээв/. Найруулагч жүжигчдийг маш оновчтой сонгосон гэж бодож байгаа. Ганцэцэг, Ганчимэг, Уранчимэг гэдэг гурван уран бүтээлч энэ уран бүтээлээр огт өөр хүн болж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Киноны дүрүүдийг проб хийж шалгаруулсан гэсэн. Киноны бусад дүрийн тухайд?
-Дүрүүдийн шалгаруулалт их өрсөлдөөнтэй байсан. Тухайлбал, Яргуй хэмээх дүрд олон уран бүтээлч өрсөлдсөнөөс мэргэжлийн жүжигчдээс шалгарч, бид бүхний итгэлийг алдаагүй УДБЭЧ-ийн бүжигчин М.Бямбаадаа баяр хүргэмээр байна. Мөн залуу уран бүтээлчид биднийг дэмжин ажиллаж урам зориг хүч өгч байсан. Киноны Дашзэвэгийн дүрийг чадварлаг бүтээсэн гавьяат жүжигчин Б.Тунгалаг эгчдээ талархлаа илэрхийлье.
-Киноны нээлтийн тов гарсан уу?
-Одоогийн байдлаар зураг авалт дуусч эвлүүлгийн ажил хийгдэж байгаа. Ирэх сарын эхний долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэ дашрамд киног бүтээхэд сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байж биднийг дэмжиж тусласан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Тэр дундаа ХХЕГ, ЗЦГ, ЦЕГ, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга, иргэд, “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн уран бүтээлийн түшиг тулгуур болсон Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Б.Даваасүрэн, Ж.Пүрэвдорж, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, Э.Батхүү, А.Алтантөр, Э.Ёндоншарав, Б.Баяржавхлан нартаа дахин дахин талархлаа илэрхийлье.