Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ ургацын ногоо худалдах тариаланчдаас газрын түрээс авахгүй


Эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын хүнсний ногооны дээж Улаанбаатарт хэдийнээ ирсэн. Тариаланчид одогоор ногоогоо “Скай” худалдааны төвийн болон “Урт цагаан”-ы өмнө талбайд худалдаалж байна. Энэ жил нийслэлийн зургаан дүүрэгт нийт 28 цэгт төмс хүнсний ногоо борлуулахаар төлөвлөсний түрүүч нь эдгээр юм. Үүнээс гадна 110 лангуу бэлэн болжээ.

Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 3,2 мянган тонн төмс, 800 тонн хүнсний ногоо борлуулж амжжээ. Улсын хэмжээнд энэ жил ойролцоогоор 300 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авах төлөвтэй байгаа гэх урьдчилсан мэдээ гарчээ. Гэтэл хадгалах зоорь нь ердөө тал орчим хувьд нь хүрэлцнэ. Тиймээс сэрүү орж хөлдөхөөс нь өмнө зооринд багтаагүй ногоогоо худалдан борлуулах ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс тариа­ланчдад дэмжлэг үзүүлэн дээрх 28 цэгт лангуу, газрын түрээсийн мөнгийг ҮХААЯ-наас бүрэн гаргахаар болжээ. Тариаланчдаас зөвхөн тээврийн зардал л гарах бөгөөд, хүнсний ногоо худалдан борлуулах хүсэлтээ тус яаманд тавихад хангалттай гэнэ. Ингэснээр иргэдэд хямд хүнсний ногоо худалдан авах боломж нээгдэнэ гэж тооцсон байна. Төмс хүнсний ногоо борлуулж байгаа хоёр цэгийн нэг “Скай” худалдааны төвийн гадна очиход төмс нэг кг нь 800, байцаа, лууван, манжин 1500, сонгино 2000 төгрөгийн ханштай байв. Түрээсийн төлбөрийг нь төр даагаад байхад арай л үнэтэй санагдлаа. Гэхдээ наймаачид өөрсдөө тийм ч үнэтэй бус, боломжийн гэж үзэж байгаа юм. Энэ тухайд харин яамны мэргэжилтнүүд үнийг яамнаас тогтоодоггүй гэдгийг хэлээд, “Эрт ургацын ногоо болохоор эрэлтээ дагаад үнэтэй байгаа” гэлээ. Энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд орон даяар ургац хураалт гүйцэхэд үнэ хямдрах юм байна. Харин орон нутгаас ирж оролцож байгаа ногоочдын хувьд хэсэг бүлгээрээ нэгдэн зохион байгуулалтад орж хоршооллын хэлбэрээр оролцохыг уриаллаа. Учир нь хүнсний ногооны хураалт газар бүрт харилцан адилгүй, түүвэрлэн хураалт хийж байгаа бөгөөд төмсний болц булцуу томрох шатандаа яваа аж. Тиймээс хүн бүр өөрийн ногоог худалдаалах бус ургац хураалт, борлуулалтдаа хүчээ хувааж оролцохыг санал болгож байгаа юм. Төмс, хүнсний ногоог худалдан, борлуулах ажил аравдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд хэрвээ цаг агаар дулаан байвал хугацааг сунгах аж.

Энэ жил нийт 402 мян­ган га талбайд тариалалт хийс­нээс 13,8 мянган га-д төмс, 7,1 мянган га-д хүнсний ногоо, 293 мянган га-д үр тариа, үлдсэн талбайд малын тэжээл болон усны урга­мал тарьжээ. Үр тарианы ту­хайд хадгалах агуулах сав хангалттай хүрэлцээтэй бай­гаа. Улсын болоод ху­вийн хэвшлийн гурилын үйлд­вэрүүдийн елеваторт ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хортон шавж устгаж дууссан гэнэ. Ойролцоогоор улсын хэмжээнд 300 гаруй мянган тоннын багтаамжтай агуулах хоосон байгаа юм. Тариалалт одоогоор сүүн болцны эхний үедээ явж байна. Энэ жил хур бороотой байсны улмаас тариалалт ойролцоогоор долоо хоног хоцорч эхэлсэн. Энэ нь ургац хураалтын ажил мөн төдий хугацаагаар хойшлогдно гэ­сэн үг гэдгийг ҮХААЯ-ны мэр­гэжилтнүүд хэлж байсан. Мөн наймдугаар сарын 20-ноос хойш сэрүүсч шөнөдөө хөр­сөн дээр хасах хэм хүрэх гэнэ. Түүнчлэн энэ сард энэ хэвээр бороо үргэлжлэн орвол тарианы болцод муугаар нөлөөлж боловсорч гүйцээгүй ургац хураах магадлалтай байгаа аж. Өнгөрсөн жил ийм шалтгаанаас болж гурилын ца­вуу­лаг чанар муудаж, ур­самтгай болсон юм. Гэхдээ 10-14 хоногийн хугацаанд л цаг агаарын тааламжтай нөхцөл бүрд­вэл харьцангуй эрсдэлийг да­вах чадвартай болох юм бай­на. Одоогоор Сэлэнгэ, Дар­хан-Уул аймагт үр тарианы болц харьцангуй хэвийн байгаа бол Булган, Хөвсгөл, Хэнтий, Төв аймагт арай хожуу болц гүйцэх төлөвтэй байгаа ажээ.

Дашрамд дурдахад  долду­гаар сард тариалангийн зарим бүс нутгуудад буюу Сэлэнгэ аймгийн Түшиг, Сайхан сум, Архангай, Булган аймгийн зарим сумдаар хүчтэй мөндөр орж ургац авахгүй боломжгүй болгосон. Нийт талбайн хэмжээ 200 орчим га бөгөөд учирсан хохирлын хэмжээг тэрбум гаруй төгрөгт хүрчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан