Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найр наадмаа өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэлд анхаарахыг үүрэг болгов


Ерөнхий сайд сар бүр аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг сонсч, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцдаг уламжлалтай. Энэ дагуу тус хурал өчигдөр болж, орон нутаг өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар түлхүү ярилцлаа. Хурлын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш бид 12 дахь хурлаа хийж байна. Наадмын өмнөх цахим хурлаар аймгуудад үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, аймагтаа тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлагууд эхлээд ЗГХЭГ-т ирүүлэхээр болсон. Цахим хуралд ярих асуудлаа цаасаар ирүүлэхгүйгээр цээжээр ярьдгийг болиуллаа. Тухайн аймгийн ирүүлсэн бичгийн дагуу холбогдох албан тушаалтныг уг хуралд оролцуулж асуудлыг шийдвэрлэнэ” гэв. Энэ удаагийн цахим хурлаар хэлэлцэх асуудлаа Говь-Сүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг ирүүлээгүй аж. Харин Сүхбаатар аймгийн орон нутгийн хөгжлийн санд энэ сарын байдлаар 5.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс одоо­гийн байдлаар 4.7 тэрбумыг өгөөд байгаа аж. Энэ нь тус сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд хойшлогдоход хүрсэн гэнэ. Тиймээс хөрөнгө мөнгийг хэзээ шилжүүлэхийг тэд асуухад Сангийн яамны холбогдох албаны хүн “Наймдугаар сарын мөнгийг ирэх долоо хоногтоо багтааж шилжүүлнэ” гэв. Харин Ерөнхий сайд ажил хийж байгаа аймагт ажлаа цалгардуулж буй аймгийнх нь мөнгийг аваад өгчихөж болдоггүй юм уу хэмээж байв. Мөн тус аймагт баригдаж буй дулааны цахилгаан станцын захирлыг энэ сарын 15 гэхэд томилж, ажилд нь оруулахаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Ерөнхий сайдад хэлж байв.
Баян-Өлгий аймгийн за­рим суманд шүлхий өвчин гарснаас нэлээд ажил гацжээ. Шүлхийн хязгаарлалтын бүсэд нутаглаж буй өрхүүд хадлангаа хадаж чадахгүй байгаа учир тэдний өвс тэжээлийг бэлтгэж өгөх юм байна. Шүлхийг дарахад улсаас 2.1 тэрбум төгрөг хуваарилж өгсөн гэнэ. Мөн газар дээр нь ОБЕГ-аас гарсан ажлын хэсэг сар орчим ажиллаад уржигдар нийслэлд ирсэн аж. Одоогоор тус аймагт шүлхийн улмаас 1300 орчим малыг устгалд оруулаад байгаа гэнэ. Энэ өрхүүдэд нөхөн төлбөр олгох ажлыг Сангийн яам одоогийн зах зээлийн ханшийг харгалзан үзэж нэг малын үнэлгээг гаргах юм байна. Үүний дараа малчдад нөхөн төлбөр олгох асуудал яригдана хэмээн ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж хэлж байсан. Харин Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургууль, Цагааннуур сумын сургуулийн дотуур байрыг барьж гүйцэтгэх компани өнөөг хүртэл шалгараагүй гэнэ. Уг нь улсын төсөвт мөнгө нь суусан байгаа ч БШУЯ-наас барилгын ажил гүйцэтгэх компанийг шалгаруулахгүй удаасан гэсэн. Үүнд эгдүүцсэн Ерөнхий сайд “Одоо компани нь шалгаараагүй байгаа бол хэзээ барилга барих юм. Ажилд ийм хариуцлагагүй хайнга хандаж болохгүй” хэмээхэд БШУЯ-ны холбогдох албан тушаалтан “Тендерийг зарласан. Удахгүй шалгарах байх. Он дамжсан ажил” гэснээс өөр дорвитой хариулт хэлсэнгүй. Мөн тус аймагт баригдаж буй дулааны цахилгаан станц энэ жил ашиглалтад орохгүй бол өвөлжилтийн бэлтгэл хүндэрч болзошгүй гэнэ. Гэсэн хэдий ч уг станцын ажил ахиц гарахгүй байгааг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав дуулгана лээ. Увсчууд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гацсанаас ажил удаашралтай байгааг мөн хэлж байв. Одоогоор тус санд өгөх ёстой мөнгө 1.5 тэрбумаар дутуу байгаа аж. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Орон нутгийн удирдлагуудтай Ерөнхий сайд ийн цахимаар холбогдсоны дараа зарим мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, шинэ ургацын ногоог 28 цэгээр борлуулах юм байна. Түүнчлэн орон нутгийн бүх замыг нэг стандартын самбар байрлуулж, хаягжуулахаар болсон гэнэ. Ингэхдээ хаягийн самбарын өнгө, үсгийн шрифт бүгд адил байх ёстой аж. Орон нутгийн замын хаяг тодорхойгүй байдлаас болж иргэд осол аваарт өртөх, төөрч түлш шатахууны алдагдалд орох байдлаас сэрэмжлэх давуу талтай гэж тэрээр үзжээ.  Мөн орон нутгийн удирдлагуудыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, аймагт бүрт байгаа АЗЗА компанийг хариуцлагажуулах, аймгууд хот төлөвлөлтөө дахин төлөвлөж, саналаа ирүүлэх хэрэгтэй гэлээ. Түүнчлэн энэ намар гэхэд зарим аймагт  Төрийн үйлчилгээний цахим машин суурилуулахаар болсон байна. Одоогоор нийслэлд байрлуулсан уг машинаас 10 гаруй мянган иргэн хорооны тодорхойлолт зэрэг өөрт хэрэгтэй 12 төрлийн мэдээлэл аваад байгаа гэсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан