Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинэчилье” хөдөлгөөний “шинэчлэл”

МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өчигдөр намынхаа Бага хуралд ямар байр суурьтай оролцсон талаараа мэдээлэхээр хэвлэлийнхэнд хандав. Уг нь тэд намаа шинэчлэн өөрчлөх зорилго тавьж, Бага хурлын гишүүдэд хандан уриалга хүртэл гаргасан. МАН-ын удирдлагууд сүүлийн таван удаагийн сонгуульд ялагдсанд хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинэ нам болгохыг уриалж байв. Мөн Тусгаар тогтнолын ордны үүдэнд гэр барьж, түүндээ намын гишүүдээсээ шинэчлэлийг дэмжих, яаж өөрчлөгдөх талаараа саналаа өгөхийг уриалсан.

Сар гаруйхны настай “Шинэчилье” хөдөлгөөнийхөн шаардаж байж хуралдуулахаар болсон Бага хуралд анх байгуулагдаж байсан шигээ зоригтой итгэлтэй оролцож чадсан уу гэдэг эргэлзээтэй. Бага хуралд илтгэл тавих хүсэлт намынхаа Удирдах зөвлөлд хүргүүлснийг томчууд нь зөвшөөрсөн. Гэвч шинэчлэл хүсэгчдийн илтгэл тэдний том том дуугарч буйтай нь даанч дүйсэнгүй. Бүр ойртож ч очоогүй гэхэд буруудахгүй. Шинэчлэл гэдэг ийм байх ёстой, тийм байх учиртай гэсэн заавар зөвлөгөөнөөс хэтрээгүй илтгэл байсныг Бага хурлын гишүүд жиг жуг хийж байв.

Анх удаа МАН-д дорвитойхон хүчтэй фракц бий болох нь уу гэтэл нэг их удаан “амьдрахгүй” нь бололтой гэх боллоо. Учир нь, “Шинэчилье” хөдөлгөөнийхнийг амбицаа дарж чадахгүй дотроо хэдэн хэсэг хуваагдсан талаар мэдээлэл нэг бус гарсан. Үүнийгээ ч сая болж өнгөрсөн Бага хурлаараа харууллаа гэв. Бага хурал болох өглөө Тусгаар тогтнолын ордны үүдэн дэх шинэчлэлийн өргөө гээчээ хулгайд алдчихлаа, энэ бол бидний ажилд саад хийх гэсэн үйлдэл гэсэн сүржин мэдэгдэл хийсэн. Намын удирдлагууд биднээс айсандаа аар саар юмаар оролдож байна, Бага хурлын ирцийг санаатайгаар бүрдүүлэхгүйд анхаарлаа гэсэн мессэж нисгэж ч үзэв. Энэ бол хаалттай хаалганы цаана болдог Бага хурлын гадна өрнөсөн үйл явдал. Харин дотор юу болсон бэ. Дүрмийн дагуу хаалттай хуралддаг МАН-ын ээлжит Бага хуралд “Шинэчилье” хөдөлгөөний цөөнгүй гишүүн оролцсон. Гэхдээ тэдний дуу хоолой төдийлэн газар авсангүй. Урьдчилан ярилцсаны дагуу бүх үйл явдал МАН-ын XXVII Их хуралд өрнөхөөр нэгэнт тохирсон учир “Шинэчилье” хөдөлгөөнийхний үгийг сонсох төдий болоод өнгөрсөн байна.
Намын томчууд нь ч тэднийг дэмжиж буйгаа наанаа инээж байгаад илэрхийлсэн боловч ачир дээрээ улс төрд түүхийгээрээ байгааг нь сануулаад өнгөрчээ. Цөс нь хөөрсөн хэдэн залуучууд намынхаа удирдлагуудыг учраа мэдэхгүй шүүмжлээд эцэстээ ямар ч өөрчлөлт, шинэчлэлтгүй хоцордог өмнөх жишгээр энэ удаагийн Бага хурал болжээ.

Уржигдар МАН-ын дарга Ө.Энхтүвшин ямар асуудал ярьж, юу гэж шийдсэнээ тов тодорхой мэдээлсэн. Харин “Шинэчилье” хөдөлгөөнийхөн дөнгөж өчигдөр дуртай дургүй бид эхний зорилтоо биелүүллээ гэсэн ерөнхий тойм мэдээ өгөв. Тэдний тавьсан агуу шаардлагатай, шаардлагагүй МАН-ын ээлжит Их хурлыг Удирдах зөвлөл товлож, Бага хурал баталгаажуулан, түүгээрээ бүтцийн өөрчлөлт хийхээр шийдсэн. Гэтэл намын даргыг гишүүдээрээ хэлэлцүүлж, сонгох, шинэчлэлийн олон асуудал нь хаа нэгтээ гээгдсэн бололтой. XXVII Их хурал зохион байгуулах ажлын хэсэгт “Шинэчилье” хөдөлгөөний залуус орж ажиллахаар болсоноо тэд зорилгодоо хүрсэн хэмээн мэдээлээд өнгөрөв. Угтаа Их хуралд орж ирж, гишүүдээр хэлэлцүүлэгдэх зүйл бол МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улс төрийн илтгэлд дурдсан дүрмийн болон бүтцийн өөрчлөлт. Энд “Шинэчилье” хөдөлгөөнийхний шаардлагад дурдсан өөрчлөлтөөс багтаагүй нь ойлгомжтой.
Зөвхөн харамсалтай нь, зоригтой дуугарч эхэлж байсан шинэчлэл хийх хүсэлтэй МАН-ын залуу гишүүдийн “шинэчлэл” үүгээр өндөрлөж, “Шинэчилье” хөдөлгөөн намжих тал руугаа хэлбийлээ. Энэ бол “Шинэчилье” хөдөлгөөний “шинэчлэл” байлаа. Жүжиг ч дууслаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан