БШУЯ-ны цахим хуудаст байрлуулсан “Монгол-Германы технологийн дээд сургууль элсэлтээ авч байна” гэсэн мэдээг олзуурхан уншлаа.
Монгол-Германы технологийн дээд сургууль ирэх намраас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. БШУЯ-аас ч гэсэн энэ ажилд ханцуй шамлан орсон байна. Аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн диплом олгох учраас чих тавин хүлээх хүмүүс их байсан биз. Германд эзэмших боловсролыг өөрийн орондоо эзэмшинэ гэдэг том боломж.
Гэтэл хамгийн харамсмаар зүйл нь төлбөр. Нэг жилд долоон сая 500 мянган төгрөг төлнө. 4-5 жилийн хугацаанд сурах учраас жил бүр ийм хэмжээний мөнгө төлөх юм. Манайхаар бол дөрвөөс таван их сургууль төгсөх хэмжээний төлбөр. Монгол-Германы технологийн дээд сургууль бэлтгэл ангидаа элсэлт авахаар энэ оны наймдугаар сарын 1-нээс бүртгэлээ эхлээд байгаа аж. Тус сургуульд 2012, 2013 онд ЭЕШ өгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон их дээд сургуулийн оюутнууд, хүндэтгэх шалтгаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд бүртгүүлэх боломжтой. ЭЕШ-д математик, физик, хими, англи хэлний шалгалт өгч, хоёроос доошгүйд нь 600 ба түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай гэнэ. Гэхдээ энэ урт өгүүлбэр. Товчоор хэлбэл хэн ч элсэж болно гэсэн үг.
Их, дээд сургуулийн элсэлтийн хамгийн гол шалгуур бол ЭЕШ. Гэтэл ямар нэг баталгаатай шалтаг зохиогоод л тэгээд төлбөрөө төлөх чадвартай байхад л тус сургуульд элсчих гэнэ.
За тэгээд элсээд орсон хойно нөгөө сүүлийн хэдэн жилийн турш манайхны мөрөөдөөд буй оюутны хотхон, номын сан, дадлагажих талбай гээд цогцоороо шийдэгдсэн сургууль угтах аж. Уг нь сургуулийн үндсэн хугацаа дөрвөн жил байхаар анхнаасаа тогтоогдсон. Гэтэл эхний жил бэлтгэл ангидаа оюутнуудаа элсүүлэх учраас энэ жилийнхэн нэг жилийн төлбөр болох долоон сая 500 мянган төгрөгөөрөө шатах хэрэгтэй болж байна.
Засгийн газраас их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэнэ. Шавыг нь Налайх дүүрэгт тавилаа гээд л шуугиулаад байсан. Гэтэл тус сургуулийнхаа шавыг тавьж байсан аж. Элсэлтийн зар дээрээ “МГТДС-ийн орчин үеийн оюутны хотхон Улаанбаатар хотын төвөөс ойролцоогоор 40 км-ийн зайд орших Налайх дүүрэгт баригдаж байгаа бөгөөд Монголын анхны цогц оюутны хотхон юм” гээд дурьдчихаж.
Бэл, бэнчинтэй хүмүүс тус сургуульд элсэх нь тодорхой. Гэхдээ төрийн өмчийн гэсэн нэрний ард энэ хэрийн төлбөртэй байна гэдэг нь уур, бухимдлыг маань төрүүлээд болдоггүй. Үнэхээр авъяас чадвартай, инженер болох хүсэл эрмэлзэлтэй ч амьдралын боломж тааруу, сургалтын төлбөрөө төлөх хэмжээний орлогогүй бол бас л “золиос” болоод нөгөө гадаадын оронд зүгээр л цаасны үнэ цэнэтэй диплом олгодог сургуульдаа сурах хэрэг үү. Хэн ч байсан эзэмшсэн боловсролоо бусад оронд улаан гэрлээр үнэлүүлэх хүсэл эрмэлзлийг тээж буй.
Гэтэл сургалтын төлбөр гэсэн хазаараар амаа татуулсаар байх хэрэг үү.