Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТУУЛ ГОЛЫН ЭХЭНД 2400 ГА ГАЗРЫГ ОЙЖУУЛНА

Монгол Улсын нийт газар нутгийн наймхан хувь нь ой эзэлдэг. Гэтэл  энэ тоо сүүлийн үед ган, цөлжилт, ой хээрийн түймэр байгальтайгаа зүй бус харьцсанаас үүдэж буурсаар байгаа. Тэгвэл БОНХЯ, “Их уст уул”, “Tree Global Mongolia” төрийн бус байгууллага хамтран 2400 га талбайг ойжуулах аяны нээлтийг өчигдөр хийлээ. Энэ үеэр “Оюу толгой” компани энэхүү уриалгыг дэмжиж нийгмийн хариуцлагаа ухамсарлан 600 мянган ам.долларын чек гардууллаа. Ингэснээр Төв аймгийн Эрдэнэ суманд Туул голын эхэнд 2400 га газрыг ойжуулах ажил эхлэв. Ойжуулалтын ажлыг “Их уст уул”, “Tree Global Mongolia” төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд арав гаруй төрлийн мод тарих аж. Эдгээр мод нь гурван жилийн дотор төгөл болно. Өмнө нь манайхан мод тарихдаа байгалийн хөрснөөс нь тасдаж аваад суулгадаг байсан бол энэ удаад бортоготой мод тарьж буйгаараа  онцлог аж. Учир нь бортоготой модыг өөрийнх нь үрээр хүлэмжинд ургуулдаг  тарьц технологи нь дэлхийд шилдэгт тооцогдох дэвшилтэт арга гэнэ. Жилийн аль ч улиралд суулгаж болдгоороо онцлог юм байна.  Төв аймгийн Эрдэнэ суманд  хус модтой  газар хус, хуштай газар нь хуш тарих гэнэ. Энэ талаар “Юи Би Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд “ Манайх бусад бизнесийн байгууллагыг  мод тарих ажилд уриалахаар оролцож байгаа.  Нэг га-д ойролцоогоор 1000 орчим мод  тарина. Нэг модыг 3.5-5 ам.доллароор үнэлсэн. Одоо газраа хашиж ойжуулах бэлтгэл ажлаа хийж байна. Модоо суулгасны дараа БОНХЯ-нд хүлээлгэн өгнө” хэмээн ярив.  Дээрх 2400  га газрыг ойжуулснаар Туул голын усны урсац 30 хувь нэмэгдэх тооцоо хийжээ. Туул голын хоёр цутгал болох Галтай, Булнайн гол нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт оршдог.  “Tree Global Mongolia” төрийн бус байгууллага  нь 2012 онд Ойн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр эдгээр голын ай сав дахь 230 га газар хавтгайруулан мод огтолсон газруудад, ойжуулахаар болжээ. Харин  “Их уст Туул” төрийн бус байгууллага нь  Туул голын эхийг ойжуулахаар байгууллага аж ахуйн нэгжүүдэд урилга явуулах гэнэ.

С.Оюун: Мод тарихад жилд тэрбум төгрөг л төсөвлөдөг

БОНХ-ийн сайд С.Оюунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын төсвөөс ой­жуулах ажилд  хэдэн төгрөг төсөвлөдөг юм бэ. Энэ мөнгө хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Монгол Улс ойн сангаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан  цөлжилт эрчимжлээ. Цөлжилт бэлчээрийн талхлалтыг хам­гаалах нэг арга  бол ойжуулах. Улсын төсөвт ойжуулалтад жилдээ таван  тэрбум төгрөг суудаг. Түүний нэлээд хэсэг нь хортон шавжтай тэмцэх ойн нөхөрлөлүүдийг дэмжихэд зориулагддаг. Харин мод тарихад  тэрбум төгрөг л зориулагддаг. Энэ бол ойжуулахад хангалттай хөрөнгө биш.
-Жилд хэдэн га-г ойжуулах ажил хийж байна вэ. Цаашдаа яамны зүгээс ойжуулалтыг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа бол?
-Жилдээ 8-10 мянган га-д  ойжуулалт хийгддэг. Харамсалтай нь ойжуулах тариф мөрдөгдөөд олон жил болж байгаа. Үүнийг өөрчлөх шаардлага бий.  Нэг га газрыг ойжуулахад 200-350 мянган төгрөг улсаас төсөвлөдөг. Тэгээд ч  ойжуулалт  хийх ком­пани  хангалттай биш байдаг. Энэ жил л гэ­хэд  Баянзүрх, Чингэлтэй хайр­хан, Дорнот аймгийг ойжуулахаар тендер зарлахад компаниуд санал өгөөгүй байх жишээтэй. Иймээс бид ойжуулалтын тарифыг нэмэх талаар ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ тариф үйлчлэнэ. Улсын төсвөөс мөнгө нэмэгдүүлж өгөхийн төлөө ажиллана.
-Ер нь, ойжуулалт хийх гэж буй аж ахуйн нэгж, ир­гэнд  ямар хөнгөлөлт үзүүлж байгаа вэ. Энэ та­лаар иргэд тэр бүр мэ­дээлэлгүй байдаг?
-Зөвхөн төсвөөс хэдэн төгрөг хараад суувал энэ ажил урагшаа явахгүй. Тэгэхээр бид эдийн засгийн хөшүүргийг бий болгоё гээд өнгөрсөн жил хуульд өөрчлөлт оруулсан. Мөн энэ жилээс хэд хэдэн журам гарсан. Тухайлбал, хувийн хэвшил, иргэдийг мод тарих ойжуулах ажилд  идэвхтэй оролцох журам гарсан. Таримал ойг улс буцааж худалдан авах шинэ тогтолцоо бий болсон. Энэ нь юу вэ гэхээр 2000 оноос хойш тарьсан мод нь сайн ургаад  жижиг төгөл болох юм бол тэрийг нь улс үнэлээд худалдан авна. Тэгэхээр хувийн хэвшил өнөөдөр нэг уулыг өөрсдөө ойжуулах юм бол хэдэн жилийн дараа улсын ойн санд худалдах боломжтой гэсэн үг. Дараагийн дэвшилт бол хэрэв өөрийн эзэмшлийн талбайг  ойтой болгоё гэвэл тэр төглөө өмчлөх эрхтэй.  Түүнчлэн ойжуулахтай холбоотой бүх ажлыг НӨАТ-аас чөлөөлсөн.
-Уул уурхайн ком­паниудыг байгаль орчны  нөхөн сэргээлтээ хийдэггүй гэдэг. Тэдэнд тооцох ха­риуцлага хэр чангарч бай­гаа вэ?
-Уул уурхайн болон бусад үйлдвэрийн компаниуд байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлж байгаа бол эргүүлээд  нөхөн сэргээдэг. Нөхөн сэргээлтээ сайн хийсэн ч гэсэн буцаад хуучин байсан төрхөнд нь оруулах хэцүү учир зөрүүлээд өөр газар мод тарих эсвэл ус рашаанаа хамгаалах юм бол дүйцүүлэн байгаль орчин хамгаалсанд  тооцож байгаа.
Түүнчлэн импортоор  орж ирж байгаа мод модон ма­териалыг татвараас чөлөөлсөн. Энэ мэтчилэн ой­жуулалтыг нэмэгдүүлэх талаар олон журам, хуульд өөрчлөлт оруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан