Өнгөрсөн онуудтай харьцуулахад өнөө жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Гэсэн ч сүүлийн хэд хоног тасралтгүй орсон бороонд нийслэл маань эгээтэй л живчихсэнгүй. Нуулгүй хэлэхэд сая гаруй оршин суугчтай метрополитан хот гэдэг гуншин зүүчихээд хэдхэн өдрийн бороонд гишгэх газаргүй болтол усанд автаж байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг. Бид ч яахав, хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөнө гэгчээр хотын төвд бий болсон бичил “нуур, цөөрөм”-дөө живчихгүйхэн аргаа олоод явчихдаг улс.
Харин, бороонд норсон туулай шиг бээвийж, биеэ хураасан жуулчид энд тэндгүй ус туучин явахыг хараад төрийн төлөө оготно гэгчээр өөрийн эрхгүй ичих юм. Бүхэл бүтэн улсын нийслэл хэр нь ус зайлуулах шугам шуудуу гэх юмгүй болохоор Улаанбаатар урсах дөхөөд байгаа хэрэг. Өчигдрийн борооноор өдрийн сурвалжлага хийхээр нийслэлийн төв талбайг зорилоо. 11 дүгээр хороололд байрлах ажлаасаа гараад такси барих гэж арав гаруй минут гар өргөн зам дагаж алхаад тусыг эс олж усан хулгана болов. Аль болох ус туучихгүйг хичээн болгоомжлон явсан хэдий ч нимгэн ултай зуны гутал минь нэг л мэдэхэд нэвт норов. Бороо намуухан шиврэх хэдий ч нэлээд усархаг байсан нь энд тэндгүй тунарсан багахан цөөрөм мэт тогтоол уснаас илт харагдана. Хавар намрын хүрэмтэйгээ гарсан ч бороонд гэхээс илүүтэй усаар дүүрсэн замаар уралдан давхих машинуудын цацсан усанд бүхэлдээ норж орхив.
Манай замын хөдөлгөөнд оролцогчид хотын соёл гэгчийг төдийлөн ойлгодоггүй хүмүүс юм шиг. Усанд гишгэчих вий гэж үсэрч харайн явахад үе үе эмэгтэй хүний хашгирах дуу гарах нь сахилгагүй жолооч нар гарцаар гарч буй охид хүүхнүүдийг машиныхаа усаар шүршиж хэрэндээ л хөгжилдөж байгаа нь тэр. Хашаа хайс, замын хашлага дамжин томоохон хэмжээний тогтоол усыг нь тойрч, үсэрч хайрах үед нь туулай шиг дэгдэн явсаар талбайд ирлээ.
Мөн л өвч битүү ус болсон төв талбай маань эл хуль эзэнгүй ч юм шиг болжээ. Хаа нэг цув өмссөн, шүхэр барьсан хүмүүс харагдахаас өөр амьд амьтан үгүй мэт. Талбай дүүрэн мэлтийх усанд өнгө өнгөөр гэрэлтэх Төрийн ордон, Тамгын газрын байрууд уруугаа харан туссан нь урсаад явчих гэж байгаа мэт. Тэртээ 367 жилийн өмнө одоогийн нийслэл маань Их Хүрээ нэрээр бий болж өнөөгийн өнгө төрхөө олсон түүхтэй. Сүүлийн жилүүдэд өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлэн хотын өнгө төрх өдрөөс өдөрт сайжирч байгаа ч “газар доор ертөнц” байдгийг мартсан гэлтэй. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг өнгөц харахад өөдлөн дэвжиж байгаа Улаанбаатарт ус зайлуулах стандарт, шаардлага хангасан суваг шуудуу байхгүй гэвэл гайхах хүн олон биз. Дулааны шугам, сангийн хоолойнууд мөнөөх “газар доорх ертөнц”-д багтахаас ус зайлуулах нь үгүй. Чингис бондын хөрөнгөөр багагүй бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаагийн нэг нь авто замын ачааллыг бууруулахаар өргөтгөж буй “Гудамж” төсөл юм. Төрийн бус түмэн олны хэтэвчнээс гарч буй уг төслийн мөнгөөр 33 уулзварыг шинэчлэн сайжруулахаар төлөвлөн одоогоор зургаан уулзварын ажил хийгдээд байна. Хуучин аюулгүйн тойрог байсан та бидний сайн мэдэх Саппорогийн уулзвар өргөн уудам, олон эгнээтэй болсон ч ус зайлуулах суваг шуудуу байхгүйгээс мөн л “нуур” болон хувирчээ. Хэдэн өдөр үргэлжлэн орсон борооноос болоод зам засварын ажил хийгдэхгүй байгаа бөгөөд хуучин замын хучилтыг нь хуулан орхисон замын хөрсөнд ус нэвчин улмаар хөрсний нуралт, суулт үүсдэг. Суулт өгсөн хөрсний нөлөөгөр замын асфалть, хучлага мөн л доош суун хагарч, ан цав үүснэ. Үүссэн ан цаваар нь дараагийн борооны ус шүүрч мөнөөх хөрсийг улам бүр суулгасаар л байдаг аж. Ийм үйл явцын үр дүн нь зам хагаран, цөмрөх юм. Тус уулзварын хувьд ойр орчмын газраасаа хамгийн нам дор байрладаг нь их ус хуралдах гол шалтгаан болдог аж. Дэлхийн томоохон хотуудад үерийн уснаас сэргийлэхийн тулд авто замын засвар үйлчилгээнд чамгүй өндөр шаардлага тавьдаг аж. Тухайн замын гол хэсэг зах хэсгээс 2-5 см-ийн өндөр, 3.5-5.5 хэмийн хазайлттай байна гэхчлэн. Гэтэл манай зам тэр чигтээ тэгш гадаргуутай байх ба зам засварын компаниуд ч нүглийн нүдийг гурилаар хуурдаг нь нууц биш.
Жуулчдыг соронзон мэт татдаг Италийн гайхамшигт Венец хот тэр чигтээ усан дээр байрладаг. Адриатын далайн хойд хэсэгт байрлах нэг сая 600 мянган хүн ам бүхий хотын доор ус зайлуулах суваг шуудуу гэх асар том байгууламж байдаг аж. Цагт мянгаар тоологдох шоо.метр ус зайлуулах хүчин чадал бүхий сувгийг хот анх үүсэх үед бүтээн байгуулсан гэнэ. Манайхан алсын хараа муутайдаа ч тэр үү нүүдэлчин соёл иргэншлээс хот сууринд суурьшаад удаагүй болохоор ч тэр үү хот бүтээн байгуулалтын он жилүүдэд ус зайлуулах сувгийг мартсан гэлтэй.
Энэ тухай ЭЗХЯ-ны “Гудамж” төслийн мэргэжилтэн Ч.Дашдэлэгээс тодрууллаа.
-Сая гаруй хүн амтай хотын ус зайлуулах шугам сүлжээний стандарт ямар байх ёстой юм бол?
-Мэдээж тодорхой стандарт байгаа. Одоогийн байдлаар гол гол төв замуудад ус зайлуулах систем гэж байхаас туслах замуудад байхгүй. Манай төслийн хүрээнд хийж байгаа 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил аль болох инженерийн бүтцийг давхраар нь шийдэхийг зорьж байна. Гэхдээ, анхнаасаа ус зайлуулах цогц системгүй болохоор байгаа боломжиндоо тулгуурлан өргөтгөн шинэчилж байна. Тулгамдсан асуудал гэвэл энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин нэн хомс байдагт оршино. Гадаад улс орнуудаас туршлага судлан хийж буй төсөл төлөвлөгөөндөө тусган, дулааны шугмуудын инженерийн бүтцийн хамгийн боломжтой гэсэн газруудад суурилуулахыг хичээж байна. Ор тас байхгүй газар нь хөрөнгө мөнгө зарж хийж буй замаа бодолцон боломжтой талаас нь шийдэхийг зорьж байгаа.
-Мэргэжилтэн байхгүй болохоор засварын ажлын үед хүндрэл учирч байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ бид Японы “CTI” компанийн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө заавар авч ажлаа явуулж, боломжит талаас нь хэрхэн шийдэх вэ гэдэг гаргалгааг хайж эрэлхийлж байна. Одоогоор өргөтгөсөн уулзваруудад огт ус зайлуулах шугамгүй нь ч байна. Байгаа нэг нь их үерийн усны ачааллыг даалгүй халиад байх шиг байна. Гэхдээ энэ нь огт ус зайлуулах шуудуугүй гэсэн үг биш. Нэгдсэн нэг систем байхгүй учраас засварын ажил хийгдсэн тухайн уулзварт манай инженерийн баг ажиллан хэрхэн ус зайлуулах боломж байна вэ гэдгийг судалж үзээд холбогдох арга хэмжээг авдаг. Мөн ажил нь дууссан уулзварыг улсын комисс манай инженерийн багийнхантай хамт хүлээн авч хяналт шалгалт хийгээд үерийн ус тогтох аюултай, чанарын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн тохиолдолд гүйцэтгэгч компанид буцаан өгч ажлыг дахин хийлгэдэг.
-Одоогоор буцаагдсан ажил байна уу?
-Одоогийн байдлаар NTV телевизийн арын уулзварын ажлыг буцаагаад байна. Өнгөрсөн долоо хоногт хүлээн авах байсан уг уулзварт үер, бороны ус их хэмжээгээр хуралдсанаас ажлыг дахин хийлгэхээр болсон.
Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж дараа жил нь бороо орохгүй мэт жил бүрийн засвараар өнгөн хэсгийг нь тордоод л байхаас өнөөх ус зайлуулах сувагийг мартаж орхидог бололтой. Нэг удаад дорвитойхон хөрөнгөөр асуудлыг нэг мөр шийдэхгүй бол жил бүр зам засварт хөрөнгө зарах нь хэдэн зуун тэрбумаар салхинд хийсгэснээс ялгаагүй болж байгаа юм. Энэ зун ч яахав хотын төв усанд живчилгүйхэн өнгөрлөө гэхэд ирэх зун усны гутлаа, унах завиа бэлтгээрэй.