Энэ жил нийслэлийн гудамж талбайд мод зүлэг, цэцэг тарьсан нь хүмүүсийн таашаалд үнэхээр нийцэж байна. Урьд нь хэдэн арван жилийн туршид халцгай байж, салхи гарвал хар шороогоор булдаг байсан газрууд өнгө зүсээ гоёж зүлэгтэй болсны зэрэгцээ өнгө өнгийн цэцгэн эмжээртэй болсон. Сайхан зүйлийг хайрладаг жишгээр хүмүүс ч зүлгэн дээгүүр туучаад байхаа больж байна.
Хотын өмнөх удирдлагууд нийслэлийн ногоон байгууламж байсан, хүүхдийн тоглоомын талбай, хөгшчүүлийн амрах талбайг бүгдийг нь шахам зарж үрээд, үлдсэн жаахныг нь хайхралгүй орхисон болохоор халцгай л байсан. Тэгээд нэгэнт зүлэг тарьж ургуулж чадахгүйгээ мэдсэн үү, зүлэг ногоон байгууламж байгуулах мөнгийг нь идчихсэн болохоороо танил талынхаа, найз нөхрийнхөө аж ахуйг дэмжих гэсэн үү, юутай ч зүлэгжүүлэх ёстой багагүй талбайг бетонон хавтангаар бүрсэн. 11 дүгээр хороолол, МУИС-ын орчны зүлэгний талбайг өмнөх эрх баригчид хавтангаар бүрсэн нь өнөө хүртэл хэвээрээ л байгаа.
Гэтэл нийслэл Улаанбаатарын нэг иргэнд ногдох ногоон байгууламж хэдийнээ байх ёстой хэмжээнээсээ 4-5 дахин багассаныг албаныхан хэлж байна. Зүлэг мод тарих ёстой газрыг нэг бол наймаалж зардаг, эсвэл бетондож нүд хуурдаг явдал М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гэсэн гурван хүний улиг болсон арга байсаар ирсэн.
Гэсэн атлаа өнөөдөр хотыг зүлэгжүүлээд, цэцэг бут тариад ирэхээр энэ хүмүүсийн нүд нь хорсч, аль болох муу хэлж муухай харагдуулах гэж арга ядацгааж байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин намынхаа Бага хурлын YIII хуралдаан дээр тавьсан илтгэлдээ “Эрх баригчид Нийслэлийн хэдэн газарт цэцэг суулгаад, хүмүүсийн чихэнд цэцэг ургуулаад, их зүйл хийж байгаа мэт сурталчлаад хүмүүст нөлөөлөөд байна.....” хэмээн их л хорсолтойгоор,чанга дуугаар айлтгаж байна.
“Хэдэн газарт” гэжээ. Үнэхээр Сөүл ч юм уу, Токио, Бээжин шиг болтол өдий байгаа нь үнэн. МАН-ын луйварчдын, М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын 20 гаруй жил юу ч хийгээгүй, зарж үрж, сүйтгэж орхисон хотыг бүгдийг нь зүлэгжүүлж, цэцэгжүүлж сайхан болгоход нэг жил бүү хэл, нэлээд хэдэн жил ч хангалтгүй. Зүлэг байсан газарт хууль бусаар барьчихсан барилгыг яаж ч чадахгүй арга тасарч байхад тэр газрын наймаалсан мөнгөөрөө гэдэс нь тэнхийчихсэн яваа М.Энхболд инээгээд л сууж байгаа.
Энэ бүхнийг засч залруулах нь өнөөгийн эрх баригчдад шинээр хийхээс хэцүү байгаа нь мэдээж. Одоо хүний төлөө ажилладаг хүмүүс, хүмүүсийн төлөөх ажлаа дөнгөж эхэлж байна. Энэ жил нэг алхам, дараа жил гээд дахиад нэг алхам.......Магадгүй хэдэн жил, арван жилийн дараа хот маань эрх биш хотын өнгө төрхтэй болох биз...
Нийслэл хот доторхи халцгай газруудад зүлэг ургаж, цэцэг алаглах нь яахаараа энэ хүмүүсийн, МАН-ын дарга нарын уур цухлыг хүргэж нүдийг нь хорсгодог байна аа. Үүнээс өмнөхөн зүлэг, цэцэг суулгах гэж 4-5 тэрбум төгрөг идчихлээ хэмээн баахан сүржигнэсэн. Гэтэл албаны хүмүүс энэ бол хот тохижилтын нийт зардал, хийх олон ажил арга хэмжээг санхүүжүүлэх нийт дүн, харин зүлэг, цэцгэнд 350 сая төгрөг зарцуулснаа тайлбарласны дараа сая дуугаа хамхисан.
Гэтэл одоо зүлэг тарьчихлаа, цэцэг ургуулчихлаа гээд Бага хурлынхаа индэр дээрээс загнаад байдаг.
Энэчлэн энэ улс оронд, нийслэл хотод ажил үйл бүтэж, олон түмний сэтгэлгээ өөрчлөгдөн “Юмыг чинь хийж болдог юм байна. Аштай юу даа” гэх тутам МАН-ын хуучинсгуудын нүд нь хорсч, тэчьяадан муу хэлэх үгээ олж ядаж байна.
Иргэн надад бол энд тэндгүй зүлэг ногоороод, цэцэг алаглаад сайхан л харагдаж байна. Зөвхөн би ч биш, бүх л хүн үүнд талархаж, улам л хайрлаж хамгаалах юмсан гэж байгаа. Ер нь хот гэдэг ийм л байдаг юм билээ. Харин Ө.Энхтүвшин, М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр болон МАН-ынханд муухай л харагдаад байгаа юм байх даа. Тэд ерөөсөө зүлэг ногоо, цэцгэнд дургүй юм байна. Тэгээд л тийм зүйл харагдвал л газрыг нь зарж байшин бариулаад, эсвэл цементлээд, үгүй бол бүр талхлаад шороогоороо байсан нь дээр гэж үздэг юмсанж.