Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол шуудан” ТӨХК их ажилд дарагдав уу


НИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг баталсан. Уг журамд заас­­наар замын хөдөлгөөний дү­рэм зөрчсөн жолооч нарын торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргэж байгаа. Ингэснээр жолооч та дүрэм зөрчсөн тохиолдолд нэг л өдөр гэрийн хаягаар тань торгуулийн хуудас очно.  Уг ажлын эхлэл болгож наймдугаар сарын 1-нээс зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн хуудсыг “Монгол Шуудан” ТӨХК гэрийн хаягаар нь хүргээд байгаа. Тэгвэл журам хэрэгжиж эхэлсэн эхний өдрийн байдлаар 500 гаруй зөрчил камерт бүртгэгдэж жолооч нарт хаягаар нь торгуулийн хуудас хүргэсэн нь уг ажлын амжилт хэмээж буй. Үүнээс 400 нь гэрлэн дохио зөрчсөн зөрчил гэнэ. Харин өнөөдрийн байдлаар нийт 2006 хурд хэтрүүлсэн, 817 гэрлэн дохио зөрчсөн тохиолдол гарч, торгуулийн хуудсыг гэрийн хаягаар нь хүргүүлж эхэлсэн байна. Өдөрт 500 зөрчил илэрч байна гээд  бодохоор “Монгол Шуудан” ТӨХК-ийнхан торгуулийн хуудас хүргэлтийн ажилд дарагдах нь. Хаяг нь тодорхой байдаггүй шилжилт хөдөлгөөн асар их байдаг нийслэлчүүдийн хувьд хаяг тогтооно гэдэг хэцүүхэн ажил. Үүгээр ч зогсохгүй Замын цагдаагийн бүртгэл техникийн хяналтын хэлтэст өдөрт 500-600 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгддэг. Тэгээд ч гэр хорооллын айл болгон шуудан хэрэглэж сураагүйг хэлэх үү. Шуудангийн хайрцаг байтугай цахилгаангүй айл ч нийслэлд  бий шүү дээ. Нөгөөтэйгүүр нийслэлд замын хөдөлгөөнийг хянах камер хангалттай гэж үү. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн “Нийслэлийн хэмжээнд замын нөхцөл байдлыг хянадаг 27, үүнээс гадна зөрчил илрүүлэгч хурдны болон улаан гэрлэн дохионы зөрчлийг илрүүлэгч камер суурилагдсан байгаа. Үүний тоо болон хаана хаана байрлуулсныг хэлэх боломжгүй” гэдэг хариулт өгч байгаа. Тэгэхээр жолооч нарын толгойд хаана камер байрлаж байгаа гэсэн бодол эргэлдсээр байгаа нь нууц биш.

 “Монгол шуудан” ТӨХК нэг албан бичиг, захидлыг 1650 төгрөгөөр хүргэдэг юм билээ. Харин энэ удаад торгуулийн хуудсыг хол ойроос хамаараад ялгаатай үнээр хүргэж байгаа гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлсэн. Торгуулийн  мөнгө нийслэлд орлого болон орж хүргэлтийн мөнгийг хотын төсвөөс хариуцаж байгаа. Ингээд бодохоор нэг жолооч дараалан гурван удаа зөрчил гаргахад гурван удаа торгуулийн хуудсыг нь хүргэнэ гэсэн үг. Үүнд нэг удаад 10 мянган төгрөгийн торгууль гэж тооцвол 30 мянган төгрөгийн торгуулийг хүргэхэд  таваас зургаан мянган төгрөгийн зардал гаргана гэсэн үг. Цаашдаа зөрчил гаргаж буй жолооч нарын тоо буурах болов уу. Хэрэв буурахгүй өдөрт 500-гаараа зөрчил гаргаад байвал хэцүүхэн л юм болох нь тодорхой. Одоогийн байдлаар 2000 гаруй жолоочид торгуулийн хуудсыг нь хүргэсэн гэж байгаа ч гарын үсэг зурж өөрийн биеэр торгуулийн хуудсаа хүлээн авсан нь хэд байгаа бол. Торгуулийн хуудас авсан жолооч 14 хоногийн дотор торгуулиа төлөх үүрэгтэй. Тиймээс энэ сарын 14-ны өдөр гэхэд нийслэлийн дансанд багадаа таван сая төгрөг орсон байх учиртай. Хэрэв жолооч нар торгуулийн хуудсаа авсан бол шүү дээ.

Л.Батцоож: Жолооч нар арав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй

Шинэ журамтай холбоотой толгой эргүүлсэн тодорхой бус  олон асуудал байгаа бөгөөд энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос зарим зүйлийг тодрууллаа.

-Зөрчил гаргасан жо­лооч хаяг дээрээ байхгүй торгуулийн хуудас бу­цаагдсан тохиолдолд яах вэ гэсэн асуулт их гарч байгаа. Энэ тухайд?
-Торгуулийн мэдэгдлийг гурван удаа хүргэнэ. Мөн тодорхой хаяггүй, гэртээ байхгүй буцаагдсан тохиолдолд тухайн хороогоор нь дамжуулах болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гар утасны дугаарт мэдэгдэл хүргүүлж ажиллана.

-Тэгвэл авто машин нь банк, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа тохиодолд?
-Тухайн авто машиныг эзэмшиж байгаа хаяг дээр торгуулийн хуудсыг хүргэнэ. Ингэхээр банкны нэр дээр байгаа бол тухайн банкинд хүргэнэ гэсэн үг. Банк  цаашаа зээлдэгчдээ дамжуулна.

-Торгуулийн хуудсыг шуудангийн хайрцгаар хүргэнэ гэж байгаа. Гэтэл шуудангийн хайрцагны барааг нь ч хараагүй өрх байгаа?
-Гэр хорооллын хорооны дунд шуудангийн хайрцаг байрлуулна. Тухайн тээврийн хэрэгсэлд эзэмшигчид буюу хаягаар гарт нь хүргэх ажлыг “Монгол шуудан” ТӨХК хариуцна.

-Хяналтын камер нь зөрчлийг хэрхэн илрүүлэх вэ. Жолооч нарыг хохироолгүй үнэн байж чадах уу?
-Хяналтын камер нь автоматжуулсан системтэй. Тээврийн хэрэгслийг аль, замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг, аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, зөрчлийн тухай мэдээлэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэвлэгдэн гарна гэсэн үг. Шууд автоматаар. Жолооч нар зөрчил гаргасандаа эргэлзэж байгаа бол арав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Камеруудыг Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч, хэмжих хэрэгслийн улсын бүртгэлийн 395 дугаар гэрчилгээ олгосон. Тиймээс зөрчлийг буруу хэвлэх, иргэдийг хохироох асуудал гарахгүй. Олон улсад хэрэглэж байгаа стандартын шаардлага хангасан камерууд.

0 Сэтгэгдэл
Hervee ter camera n avtomat yum bol zohitsuulagchiin dohiogoor ulaan gerleer orson bol yah uu
Хамгийн их уншсан