Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зуслангийн хогийг 250 сая төгрөгөөр тээвэрлэв үү


Урин дулаан цагт зусландаа гарч цэвэр агаар амьсгалан хотын дуу чимээнээс хол зуны гурван сарыг үдэхийг нийслэлчүүд хүсдэг. Гэвч зуслангийн хог  асуудал хэвээр байна. Уг нь энэ жилээс зусланд хог хаягдлын шинэ менежент нэвтрүүлснээр хоггүй болно гэж байсан ч өнөө л хур хогтой зуслан  биднийг угтсан. Долоон буудал өнгөрөөд Яргайт, Жигжид, Шарга морьт гээд зам дагуу өгсөхөд өнгөрсөн жилийн хогондоо дарагдсан газраар хөглөрсөн хог, золбин ноход, үхэр мал тэнүүчлэн хогийг нь ийш тийш бусниулна. Үүний хажуугаар жижиг худалдааны төвүүд шил дараалан нээгдэж, эргэн тойрондоо хогтой харагдав.

Нийслэлийн байгаль орчин,  ногоон хөгжлийн газраас хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлснээр зуслангийнхан хогны мөнгөө цахилгааны төлбөртэйгөө хамтатган төлдгийг болиулж, зуслангийн гурван сард хүчинтэй үйлчлэх 10 мянган төгрөгийн ногоон карттай болгоно. Ногоон картаа худалдаж авсан өрхүүдэд  сар бүр 15 ширхэг зориулалтын хогийн уут өгч ууталсан хогийг тогтсон хуваарийн дагуу шуурхай тээвэрлэнэ. Ингэснээр зуслангийн айлууд зуны гурван сар 10 мянган төгрөг төлөөд зориулалтын уутанд хийсэн хогоо ачуулдаг шинэ тогтолцоонд шилжинэ  хэмээж байсан нь саяхан. Гэсэн ч хогны шинэ менежмент нэвтрүүлсэн нь нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч  болсныг зуслангийн оршин суугчид хэлж байна. Хамгийн наад захын жишээ л гэхэд Майхан толгойн ам дахь айлуудын хогийг өнөөдрийг  хүртэл аваагүй гэнэ. Энэ талаар оршин суугч С.Өнөрөө “Манайх зургадугаар сард зусландаа гарсан. Түүнээс хойш хогийн цэг дээр хог овоорсоор л байна. Манайх хогийн цэгтэйгээ ойр байдгийг ч хэлэх үү ялаа,  шумуул овоорч муухай үнэр гараад байх юм. Айлуудад 10 мянган төгрөгөөр уут өгсөн гэсэн. Гэтэл айл болгон тэрийг нь хэрэглэхгүй ил задгай хаяаад л байна. Ер нь, манай энэ орчимд хогийн цэг, нийтийн  бие засах газар  гээд эмх замбараагүй. Үүнийг цэгцлэх арга байдаггүй юм байх даа. Жилийн жилд л ийм төрхтэй биднийг угтдаг” гэв.

Харин Шарга морьтын амны оршин суугч  С.Цэндээ “Зуслангийн  оршин суугчдаас арван мянган төгрөг хурааж авч хогоо хийж бай гэж уут өгсөн. Гэвч хогоо уутлаад хогийн цэг дээр хаяхаар цаг хугацаандаа ирж хогоо ачихгүй болохоор талаар нэг тарах юм. Бүр хогийн машин ирэхээр хогоо хаяж байгаарай гэснийг яана. Тэр машиныг нь ирэх гэсээр байтал хог өмхийрнө. Ингэх л байсан юм бол заавал айл бүрээс 10 мянган төгрөг авах хэрэг байсан юм болов уу” хэмээн бухимдангуй ярьсан. Харин энэ талаар нийслэлийн Байгаль орчин,  ногоон хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Билэгсайхан “Энэ жил Зуслангийн товчоо нийслэлийн ногоон бүсийн хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах хүрээнд шинэ менежмент хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хотын газар нутгийн багахан хувийг эзэлж буй ногоон бүсийн хог хаягдлын цэгийг сайжруулах замаар нийслэлийн Засаг даргын Иргэн бүрт ногоон карт, эко үйлчлэгч нэртэй захирамжийг хэрэгжүүлж байна. Ингэснээр ногоон бүсэд зусч буй айл өрхүүдэд 10 мянган төгрөгийн үнэтэй ногоон карт өгч зуслангийн ам болгонд хоёр эко үйлчлэгч хог хаягдал цэвэрлэж байгаа” хэмээн ярьсан. Гэвч хогийн цэг дээр зориулалтын ууттай хог цөөн харагдсан. Зуслангийн зам дагуу иргэдэд та уутаа авч хогоо хийнэ үү гэдгийг сануулсан хаягийг алхам бүрт байршуулсан байлаа.

Ер нь, нийслэлийн зуслангийн бүсийн 20 гаруй аманд 25 мянга орчим өрх зусланд гардаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр зусланд гарах айлын тоо ч огцом нэмэгдэж байгаа. Энд нэг бяцхан тоо бодъё. Айл бүрээс 10 мянган төгрөг гэхээр 25 мянган айлаас авна гэж  бодоход  250 сая төгрөг цуглана гэсэн үг. Энэ мөнгө зуслангийн хог хаягдлыг тээвэрлэхэд хангалттай биш гэж үү. Тэгээд ч зуны гурван сард сайндаа л хогийн нэг цэгээс хоёр удаа тээвэрлэхэд хангалттай. Сүхбаатар дүүргийн ТҮК зуслангуудын хогийг ачихад жилд 27 орчим сая төгрөгийн бензин шаардагддаг гэсэн судалгаа гаргасан юм билээ. Өмнө нь нийслэлийн ногоон бүс хогондоо дарагдахад хог тээвэрлэх төсөв мөнгө байхгүй иргэд  хогны мөнгөө төлөхгүй байгаагаас хог тээвэрлэж чадахгүй байна гэдэг шалтаг хэлдэг байсан. Харин одоо...

0 Сэтгэгдэл
Дарга байх ч сайхан даа Ингээд тэнэг монголчуудын халааснаас нь мөнгө гоожуулж болдогт л хамаг учир нь байгам даа. Үхэр монголд дарга байх сайхаан
Хамгийн их уншсан