Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ган замчид газрын магнай тэнийлгэн наадлаа


Улаанбаатараас зүүн зүгт Хонхорын өртөөг зорин телевиз, сонины сэтгүүлч, зураглаач нийлсэн 13 хүн 09 цагт хөдөллөө. Хотын төвөөс 20 орчим км зайд орших зорьсон газраа төд удалгүй хүрч очиход эгээл талд ургасан мөөг гэмээр хүрээлсэн олон гэр, асар майхан дүүрэн харагдав. Наймдугаар сарын 3, бямба гараг. Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын өдөр тохиож байна. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 64 жил, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 5 жилийн ойн баяр наадам болж буй нь энэ юм.

Эх орны эрдэс баялгийн дээжийг чанадын чанадад тээвэрлэн хүргэдэг. Эх орныхоо хөгжил дэвшилд хүрэх ололт, амжилтын түрүүчийг чанадын чанадаас тээж авчирдаг ган замчид маань баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.  Төмөр замынхныг “вант улс” хэмээн өргөмжилдөг нь аргагүй үнэн юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Учир нь зөвхөн дотоод хүч чадлаа ашиглан ийм хэмжээний зохион байгуулалттай наадам хийж байгаа нь улс доторхи улс л чадах зүйл гэмээр. Төмөр замын дуу бүжгийн чуулга болон Төмөр замын ахмадын дуу бүжгийн чуулгынхан наадамчин олонд уйдах зав олголгүй урлагийн үзүүлбэрээр бэлэг барьж байлаа. Тэгвэл гар бөмбөгийн шигшээ багийхан нь сонирхолтой үзүүлбэр гаргаж, үзүүлэх тоглолт зохион байгуулсан юм. Наадам болсон хойно сугалаа, бооцоот тоглоом тоглуулагч ч олон. Төмөр замын хамт олон бяцхан үрсээ хэрхэн наадуулахаа ч бас мартсангүй. Хүүхдүүдэд зориулсан багахан тоглоомын хотхон хүртэл босгосон байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дунд бус зүлэг ногоон талд уул, усаа түшин зохион байгуулсан наадам нь ч наадамчин олны уур амьсгалыг илүү эерүүлэх ач холбогдолтой байлаа.

Хүчит бөхийн барилдаан нь манайхны ярьдгаар гал гарсан, олныг шуугиулсан барилдаан  тасралгүй өрнөж цугласан үзэгчдийг баясгасан. Хүчит 64 бөх барилдсанаас Монгол Улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд нар тунаж үлдэн түрүү, үзүүр булаалдсан юм. Энэ жилийн наадамд Монгол Улсын заан Ч.Санжаадамба уран мэх, бяр чадлаар илүүрхэж түрүү бөхөөр шалгарлаа. Ч.Санжаадамба зааны хувьд төмөр замчдаа хүндэлж олон жил ирж зодоглон наадамчин олныг баярлуулж байгаа юм. Мөн шагайн харваан тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй өрнөж,  Замын албаны баг нэгдүгээр байр, Зорчигч тээврийн албаны баг хоёрдугаар байр, Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны баг гуравдугаар байр тус, тус эзэлжээ. Наадмын дундуур урлагийн нэгэн сонирхолтой тэмцээн өрнөсөн нь Төмөр замын дуу бүжгийн чуулгын удахгүй тавих “Учиртай гурван толгой” дуурийн дүр шалгаруулалт байв. Төмөр замын албадууд багаараа оролцож, Замын албаны хоёрдугаар анги түрүүлж, Барилга орон сууцны албаны хоёрдугаар анги дэд байрт шалгарав. Харин гуравдугаар байрыг Дохиолол холбооны алба, Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Гал унтраах ангийн хамт олон эзэлсэн юм. Ийнхүү Хонхорт болсон Төмөр замчдын наадам дуу хуур цалгисан басхүү шагналын хур буусан, тэгш сайхан наадам боллоо. Газрын элгэн дээгүүр ган хөлөгөөр довтолгогч ган замчдадаа түүх ойн баярын мэндийг хүргэе.
 Ингээд баярын үеэр зарим хүний сэтгэгдлээс хуваалцлаа.


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад төмөр замчин С.Нацагдорж: Би анхны таван төмөр замчны нэг

-Би 1939 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн төмөр замын албанд ажиллаж ирлээ. Монголын төмөр замын салбар байгуулагдахад л ажлын гараагаа эхэлсэн анхны таван хүний нэг нь байгаа юм. Сумчингаас замын даргын ажил албыг хашиж өнөөг хүртэл 75 жил Монголын төмөр замд зүтгэж явна даа. Одоо 94 настай. Төмөр замд надаас ахмад хүн байхгүй болжээ. Миний ажиллаж байх үед дөнгөж л төмөр зам тавигдж эхэлж, нэг цуваанд 80 тонн ачдаг, 43 км замтай байлаа. Одоо ч дөрөв, таван мянган тонныг ачдаг болж, бараг л улсыг бүтэн тойрох хэмжээний шинэ төмөр зам баригдах гэж байна. Төмөр замын тээвэр хөгжсөний 75 жил, өргөн төмөр зам тавигдсаны 64 жилийн ой болж байна. Монголын бүх төмөр замчид, Монголын бүх ард түмэнд, одоогийн бүх ажилчин албан хаагчдад чин сэтгэлийн баяр хүргэе.


Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж: Төмөр замчид улсын ачааг үүрч яваа хүмүүс

Нийт төмөр замчиддаа Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 75, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 64 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойн баяраа угтаж бид олон ажил хийсэн. Техникийн хурдыг нэмсэн, төмөр бетон дэрээр замаа засч байна, дөрвөн өртөөнд 26 айлын орон сууц барьж байгаа, таван хатуу зурмагт галт тэрэг аялуулж барилгын материалыг түгжрэлгүй, 20 цагийн дотор Улаанбаатарт хүргэдэг боллоо. Оны эхний долоон сарын байдлаар 11,8 сая тонн ачаа тээсэн байна. Энэ жил нийтдээ 21 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болж байна. Цаашдаа нүүрс болон төмрийн хүдрийн тээвэрлэлт улам өснө. Улаанбаатар төмөр зам бол Монгол Улсын эдийн засгийн хөшүүрэг. Энэ байгууллагад улсын ачааг үүрч явдаг 15 мянган төмөр замчин ажилладаг юм. Нийт төмөр замчдынхаа өмнөөс Монголынхоо ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа: Төмөр замын салбарын ирээдүй гэрэлтэй харагдаж байна

Төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 75 жил, “Улаанбаатар төмөр зам”-ын 64 жил, “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн таван жилийн ой тохиож байна. Энэ жил шинэ төмөр замын санхүүжилт гацаанаас гарч, шинэчлэлийн Засгийн газар санхүүжилтийг шийдэж өглөө. Бодит үйл хэрэг болгох ажил эрчимтэй эхэлж байна. 1900 орчим км төмөр замын техникийн зургийн ажил хийгдэж, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 30 гаруй хувьтай урагшилж байна. Энэ бүхнээс харахад Монгол Улсын эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулагч төмөр замын салбарын ажил улам эрчимжиж, ирээдүй нь гэрэлтэй харагдаж байна.


Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
DAVARCAN NOVSHNUUD...ARD TUMNII TATVARIIN MUNGUUR NAADAMLAJ,ARHIDAJ,BANZALDAJ,BOOLJIJ,BAYARHAJ,HUDLAA BIY BIYNIIGEE HOORGOJ YAASAN IH ZARDAL MONGO URNE VE....IIMOLON UTGAGUI NAADMUUDIIG BOLIVOL TAARNA SDAAAAAAANUUUUD
Хамгийн их уншсан