Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХДИЙН ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд цусны хорт хавдартай, эмчийн хяналтад байдаг 700 гаруй хүүхэд бий. Гэвч энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж тус төв ачааллаа дийлэхгүйд хүрч үүнээс улбаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ хүүхэд бүрт хүрч чадахгүй байгаа юм. Тухайлбал, 2009 онд цусны хорт хавдрын 18 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан  бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн байна. Тэгвэл өнөөдөр цусны хорт хавдар өвчнөөр шаналж байгаа бяцхан хүүхдүүдэд улсын хэмжээнд ганцхан ЭХЭМҮТ л эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Тиймээс хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийн асран хамгаалагч, эцэг эх нь умгар  өрөөнд хэцүүхэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөдөг ч төр засгийн зүгээс “нүдэн балай чихэн дүлий байсаар” ирсэн. Харин АНУ дахь түвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар Монголын хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлгийг барихаар болсон. Энэ тухайгаа тус төвийнхөн болон эрүүл мэндийн яамныхан өчигдөр мэдээлэл хийлээ. 2012 оны тавдугаар сарын 9-нд уг эмнэлгийн шавийг ЭХЭМҮТ-ийн хажууд тавьсан бөгөөд энэ оны есдүгээр сарын 21-нд барилгын эхний хэсгийг хүлээлгэн өгөх юм байна. Уг эмнэлгийг барилгын ажлыг дөрвөн тэрбум  нэг сая төгрөгийн өртөгтэйгээр “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэх бөгөөд 50 ортой долоон давхар эмнэлэг баригдана. Мөн  нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүд байрлах өрөөтэй байх юм байна. Тус төвийн эхний ээлж ашиглалтад орсноор  150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол хоёроос гурван  жилийн дараа  энэ төрлийн өвчтэй бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх боломж бүрдэх юм байна.
Энэ талаар “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”-ийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан “Би Хөх нуурын Монгол хүн бөгөөд 1998 онд улс төрийн шалтгааны улмаас АНУ руу цагаачилсан. Тэгээд 2006 онд Монголдоо эргэн ирээд бурхны шашны нэг хэсэг болох нинжин сэтгэлийг олонд түгээх үүднээс хүүхдэд зориулсан хавдрын эмнэлэг барихаар шийдсэн. Хүүхэд баярлуулна гэдэг хамгийн том буян юм” хэмээн айлтгав. ЭХЭМҮТ-д жилд давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд  хавдартай гэж оношлогддог бол үүнээс зүрхний төрөлхийн өвчтэй 200-300 хүүхэд гадаад руу жил бүр мэс засалд орохоор явдаг аж. Ажиа гэгээний санаачлагаар баригдаж буй уг эмнэлэгт хувь хүн, албан байгууллагууд хандив өргөх боломжтой юм байна. Хандивын данс: Голомт банк- 1105049505/ам. доллар/, Худалдаа хөгжлийн банк- 452565325, ХААН банк- 5028569730.
 Ер нь энэ төрлийн өвчний эмчилгээ, оношлогоо өртөг өндөртэй тул манай нөхцөлд хүүхэд бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай авч чадахгүй байсаар. ЭХЭМҮТ нь 0-18 насны хүүхдэд гуравдахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлэг бөгөөд тус төвийн Хүүхдийн эмнэлэгт жилд 35000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 100000 хүүхдэд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага” гэдгийг хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр хэлсэн.

Ш.Энхтөр: Хүүхдийн хавдрыг хүүхдийн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа.


-Цусны өвчтэй хүүхдүүдийн тоо яагаад буурахгүй байна вэ. Энэ төрлийн эмч мэргэжилтэн манайд хэр хангалттай байдаг юм бол?
-Монголд хүүхдэд тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас 32-35 хувь нь цусных байдаг. Уг нь хүүхдийн хавдрын өвчлөлийг ЭХЭМҮТ буюу хүүхдийн бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой ч манайд ийм боломж байгаагүй. Иймээс өнөөг хүртэл цуснаас бусад төрлийн хавдрын өвчтэй хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төв хүлээн авч эмчилж байна.
-Эмч мэргэжилтнүүдийн цалин хангамж хүрэлцээгүйгээс боловсон хүчин дутмаг байна уу?
-Бидэнд жишээ авахаар олон туршлага бий. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган  хүүхдийн эмч нарын цалинг тав дахин нэмсэн. Монголын хувьд 16 хүртэлх насны хүүхэд нийт хүн амын 30 гаруй хувийг эзэлж байдаг бол 19 хүртэлх насны хүүхэд өсвөр үеийнхнээ нэмбэл нийт хүн амын 37 хувийг хүүхэд эзэлж байгаа. 37 хувьд үйлчилж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тоо чанар цалин хангамжийн асуудал өнөөдөр тийм ч хангалттай бус байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Манай эмнэлгийн зүгээс хүүхдийн эмч нарын ур чадварыг нэмэгдүүлэх цалин хөлсийг олон улсын жишигт нь хүргэх хэрэгтэй гэдгийг холбогдох газарт нь уламжилж байгаа.  
-Энэ өвчлөлийг бууруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ. Манайд лаборатор тоног төхөөрөмж хүрэлцдэггүй гэдэг юм билээ?
-Энэ өвчлөлийг бууруулахын тулд нэн түрүүнд маш өндөр төвшний лаборатортой байх ёстой. Манай төв тавдугаар сард лаборатороо иж бүрнээр нь шинэчилсэн. Дараагийн асуудал бол байр орчныг нь шинэчлэх байсан. Уг эмнэлгийн барилга ашиглалтад орсноор 2014 оноос ХСҮТ-өөс хүүхдүүдээ шилжүүлж авна. Ингээд хүүхдийн хорт хавдрыг хүүхдийн эмч нар эмчилдэг болно.
-Өвчилсөн хүүхдүүдийн нарийн судалгаа алга. Энэ өвчин ингэж газар авч байхад яагаад судалгааг нь нарийн гаргаагүй байгаа юм бэ?
-Үндэсний хэмжээнд нэгдсэн судалгаа гаргах боломж хомс. Голцуу давхардсан тоо байгаа учир нэгдсэн тоо гаргахад бэрхшээлтэй. Урьдчилсан байдлаар манай төвд 1000 орчим, ХСҮТ-д 500 орчим хүүхэд  давхардсан тоогоор эмчлүүлдэг. Иймээс манай төв өөр дээрээ хүүхдүүдээ татаж аваад нэгдсэн дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргагчдад хүргэмээр байгаа юм.
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан