Нийслэлийн иргэдэд зуслангийн газар өмчлүүлэх ажил зохион байгуулах зорилгоор шинэ ажлын хэсэг буюу түр товчоо томиллоо. Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир тэргүүтэй албаны хүмүүс зуслангийн газар өмчлүүлэх талаар мэдээлэл дэлгэлээ. Улаанбаатар хотын харьяалалд зуслангийн зориулалттай 47943 айлын газар бий гэсэн урьдчилсан тооллогын дүн гарчээ. Дийлэнх нь Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг зуслангийн 50 гаруй хувийг шууд өмчлүүлэх боломжтой. Үүний тулд кадастрын зураглалтай, эзэмших эрхтэй ч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байх ёстой гэнэ. Нийслэлд дахин төлөвлөлт өрнөж байгаа учир зуслангийн газар олгох ажил ч ялгаагүй ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалттай хэрэгжинэ.
Одоогоор Хандгайтын богино, Шарга морьт, Ар хустай, Зуунмод, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бэлэн болсон аж. Эдгээр бүсэд зуслан эзэмших эрхтэй өрхийн газар хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцэж байвал өмчлөхөд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Харин зураг, төлөвлөгөөнөөс давж зөрчсөн газарт эрх олгохгүй, улмаар газрыг нь чөлөөлөх юм байна. Жишээлбэл, ойн захаас 100 метр зурвас нь ойн нөөцөд хамаардаг тул газар өмчлүүлэхгүй. Голын сав газар, эрэг орчимд зуслангийн газар олгохгүй гэнэ. Хэрэв заасан газарт хашаа, байшин нь орсон байвал өөрчлөн барих шаардлагатай гэсэн.
Зарим өрх зуслангаа шууд эзэмших боломжтой ч 200-300 ам.метр талбайтай байгаа юм. Иргэн бүрт олгож буй 0.07 га талбайд хүргэж томруулах боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг харгалзан үзэх юм. Тодруулбал, нэмж өргөтгөх талбай нь дэд бүтэц, зам гудамж, эргэлтийн цэг, ойн зурвас болон голын эрэг рүү ороогүй байх ёстой. Хэрэв газар өмчлүүлэхгүй бүсэд нэвтэрч байвал одоо байгаа 200-300 ам.метр хэмжээгээр нь өмчлөх гэнэ. Үүнээс гадна өөр нэг сонголт байгаа нь өөр газарт шинээр зуслан сонгож 0.07 га газраа эзэмших явдал юм. Анхны судалгаагаар тогтоосон 47943 зуслангийн 48 хувь нь дээр өгүүлсэн шалтгаанаар эзэмших эрхтэй газраасаа нүүж, чөлөөлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 23150 өрхийн зусланг шинэ газарт төлөвлөхөөс өөр аргагүй болжээ. Гэхдээ нарийвчилсан тооллого судалгааны үр дүнд дээрх тоо нэмэгдэх магадлалтай юм.
Шинээр зуслан эзэмших хүсэлтэй иргэдийн өргөдлийг ирэх сарын 1-нээс хүлээн авна гэсэн ташаа ойлголт нийгэмд түгээд байгаа. Гэвч одоо байгаа зуслангийн талбар нэгжүүдээ зохион байгуулалт, төлөвлөгөөний дагуу цэгцэлсний дараа шинэ өргөдлийг хэлэлцэж, газар шийдвэрлэх аж. Товчхондоо энэ пүрэв гарагаас зуслан өмчлүүлэх ажил эхлэхгүй харин түр товчоо ажлаа эхлүүлэх юм байна. Эргэлтийн цэг тодорхойлох, газар дээр нь судалгаа явуулах зэрэг ажил хагас сарын хугацаанд хэрэгжиж хэсэгчилсэн төлөвлөгөөг эргэн харах аж. Эзэмших эрхээ өмчлөл болгож солиулах хүсэлтэй иргэд таван төрлийн баримт бүрдүүлж түр товчоонд хандана. Үүнд, газар өмчлөх хүсэлтийн маягт бөглөх, иргэний үнэмлэхээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа байх ёстой. Мөн газрын кадастрын зураг авчрахаас гадна газрын төлбөрөө зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай юм байна. Дашрамд дуулгахад, иргэн бүрт олгож буй 0.07 га газраа эзэмшсэн хүмүүст зуслангийн талбай өмчлүүлэхгүй.