Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИЙСЛЭЛД ШИЛЖИН ИРЭГСДЭД ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХ ОЛГОХГҮЙ

Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдаж “Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт нийтийн үйлчилгээ дэд бүтцийн хангамжийн хэвийн ачаалал нэмэгдэхээс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” хэлэлцлээ. Сүүлийн үед газрын өмчлөл тойрсон маргаан тасрахгүй байгаа учир нийслэлийн зүгээс төлөвлөлттэй газар олгохыг хичээж байгаа. 2013 оны тавдугаар сарын 30-ны  өдөр НИТХ-аас  нийслэлийн 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор  2013 оны тавдугаар  сарын 30-наас хойш нийслэлд шилжин суурьшсан иргэдэд  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшихийг зогсоов. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуустал дүүргийн Засаг дарга нарт газар олгохгүй байх үүрэг өгөхөөр болсон. Түүнчлэн  инженерийн шугам сүлжээнд холбогдохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй тохиолдолд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохыг зогсоолоо.  Үүгээр ч зогсохгүй шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас сэргийлэх үүднээс зөвшөөрөлгүй буусан айлд өрхүүдэд тухай бүрт нь хариуцлага тооцож газар чөлөөлөх ажил зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Нийслэлд газар өмчлүүлэх асуудлыг ямар нэг байдлаар цэгцлэхгүй бол хүн амын механик өсөлт, дээрээс нь газар өмчилж авах гэсэн сонирхолтой орон нутгаас шилжин ирэгсдийн цуваа тасрахгүй байгаа.  Дээрх ажлыг нийслэлд хэт төвлөрөл бий болохыг зохицуулах үүднээс хийж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гээд суурьшлын бүсийн төлөвлөлт хийгдээгүй газар инженерийн  шугам сүлжээ барилга байгууламж барихгүй байх, зөвшөөрөлгүй суурьшсан аж ахуйн нэгж иргэнийг ус цахилгаан дулаанаар хангахгүй  байх даалгаврыг  холбогдох байгууллагуудад өгсөн хэмээв.

“Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа  байгуулна

Үндэсний их баяр наадмаар наадамчин олон Хүй долоон худагт морины уралдаан үзэхдээ тоос шороонд дарагдаж хаана юу болж байгаа нь   мэдэгдэхгүй  хэдэн жилийн турш наадсаар ирсэн. Иймээс нийслэлийн удирдлагууд “Монгол наадам“ цогцолбор барих нь зүйтэй хэмээн үзсэн юм.  Уг цогцолбор нь “Хүй долоон худаг”-ийн 900 га талбайг дөрвөн бүсэд хуваан тохижилтын ажил хийх бөгөөд, 20 мянган авто машины зогсоол бүхий талбайг хатуу хучилттай болгох юм. Мөн үйлчилгээний хэсэгт 10 мянган хүн нэгэн зэрэг хооллох, 5000 хүн худалдаа үйлчилгээ явуулах боломжтой талбай гаргана.  Түүнчлэн  амралтын бүсийг наадамчин олны ая тухтай байдлыг хангахуйцаар тохижуулж, сэрүүн асар барьж, дэлгэц байрлуулан наадмын морьдыг үзэх боломж  бүрдүүлэх юм. Цогцолбор  барих ажил түргэвчлэхийг  нийслэлийн удирдлагууд дэмжиж Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт оруулсан. Иймээс нийслэлийн удирдлагын зөвлөл өчигдөр хуралдаж “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа ОНӨҮГ байгуулах тухай журам хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Захирагчийн ажлын албаны дарга Э.Энхцэцэг товч мэдээлэл хийсэн. Тэрээр “Монгол наадам” цогцолборын тохижилтын ажил,  ашиглалт хамгаалалтыг сайжруулахын тулд цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа  байгуулах  хэрэгтэй гэсэн саналыг  оруулж ирсэн юм. Тус байгууллага нь дарга, захиалагч инженер, нярав, сахиул гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Эхний ээлжинд нягтлан бодогч няравыг Захирагчийн ажлын албаны ахлах нягтлан бодогч, нярав нарт хариуцуулан хийх төлөвлөгөөтэй байгаа. Харин хөрөнгө санхүүгийн тухайд цогцолборыг зөвхөн баяр наадмаар ашиглах бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах замаар талбайг нь ашиглаж орлого олох боломж бий. Ингэснээр зарцуулсан хөрөнгийн зарим хэсгийг олох боломжтой” гэдгийг хэлсэн. Цогцолбор таван жилийн дотор сүндэрлэх бөгөөд энд 50 тэрбум төгрөгийн санхүү хэрэгтэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа ОНӨҮГ-т хяналт тавих эрх өгөөд хийх гэж байгаа ажлуудын хоёр хувиар санхүүжүүлэх бололцоо бий. Ажиллах хүчний орон тоонд инженерүүд нэмэх хэрэгтэй. Мөн жолооч нэмж өгөх саналыг нэмээд өргөн баръя хэмээсэн.
 Харин Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр “Хүй долоо худагт бондын хөрөнгөөс нүдэнд харагдаж, гарт баригдахаар олон ажил хийж байна. Энэ нэгж бүтцийн хувьд өргөн байвал зүгээр. Том хэмжээний газар нутаг хамарч байгаа тул газрын байршил, ногоон байгууламжууд баригдах ёстой. Яваандаа наадмаа хийдэг 80 мянган хүний стадион болно шүү дээ. Ингэхээр өмчийн асуудал ч  яригдана. Бусад оронд хотын нүүр царай болсон томоохон цогцолборуудаа хот  мэдэлдээ  байлгадаг юм билээ. Түрээс гэрээгээр ажиллуулж болдог. Үнэндээ манайд өмнөх гашуун туршлага бий шүү. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ 51 хувиа алдчихсан сууж байгаа” гэв. Ийнхүү нийслэлийн удирдлагууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараагаар төслийн нэгж байгуулах саналаа УИХ-д  хуралд өргөн барихаар  болсон. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ”Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан барилга, байгууламж нийслэлийн мэдэлд байх ёстой. Өмчлөлдөө бүртгэж авах хэрэгтэй. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхантай яриад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн тэр байгууламж, ямар байдлаар ашиглах вэ гэдгийг тохиролцоно. Ер нь, өмчийн харилцаа тодорхойгүй байх нь сөрөг үр дагавартай. Тухайлбал, саяхан Орон сууц санхүүжилтийн корпорац байхгүй болоод Төрийн орон сууцны корпорац гэх боллоо. Өмчийн харилцаа тодорхойгүйгээс энэ мэт асуудал гарахыг үгүйсгэхгүй” гэдгийг санууллаа.
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Эртхэн ийм шийдвэр гаргах байсан юм
нөгөө дуртай газраа амьдрах ҮХ-ийн заалт хаачиваа
ХӨДӨӨНӨӨС ШИЛЖИН ИРЭГСДЫГ ЦЭГЦЛЭЭЧЭЭ. ОДОО БҮР ЗАМБАРААГАА АЛДАЖ БАЙНА. ОДОО ХОТ ДОТОР ХОРООГОО ШИЛЖҮҮЛХЭД МӨНГӨ НЭХЭЭД БАЙХ ЮМ. ХӨДӨӨНӨӨС ШИЛЖИН ИРЭГСДИЙГ ИРХЭД НЬ МӨНГӨ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. ХӨДӨӨНӨӨС ИРЭГСЭД ДУРТАЙ ГАЗРАА БААЖ, ШЭЭХ, ДУРТАЙ ГАЗРАА ГЭРЭЭ БАРИХ ГЭЭД ЯМАРЧ ХОТЫН СОЕЛ АЛГА. ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ХӨДӨӨНӨӨС ШИЛЖИН ИРЭГЧДЭЭС ИЛҮҮ ГАРЧ БАЙНА. ТЭГЭЭД Ч ХӨДӨӨ НУТАГ ЭЗЭНГҮЙДЭЖ, ХЯТАД ИРГЭД ХЭТ ОЛНООР СУУРШИЖ ГАЗАР НУТАГТ МИНЬ ЭЗЭН СУУЖ БАЙГААГ АНХААРААЧЭЭ.
Хамгийн их уншсан