Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИЙСЛЭЛИЙН БҮХ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ ЕСДҮГЭЭР САРД НЭЭНЭ

Жил бүрийн зам засвар хэл ам дагуулсаар байдаг. Тэгвэл энэ жилийн  ажлын явц, чанарын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.  Энэ жилд 41 цэгт зам засварын ажил хийж байгаа билээ.

-Нийслэлийн зам зас­варын ажил хэдэн хувьтай байна вэ. Хугацаандаа ашиглалтад орохгүй замын ажил гарах болов уу?
-Зам засварын ажил эхний хагас жилийн байдлаар 62  хувьтай байна. Өнөөдрийн байдлаар ихэнх замыг төлөвлөсөн хуга­цаанд нь ашиглалтад оруулах боломжтой., Одоо­гоор нийс­лэлийн төсвөөр хийгдсэн Цайз захын уулзвараас Скадрилын хөшөө хүртэлх замын хучлага, хашлагын үндсэн ажил дууссан. Замынхаа зүүн талд ус зайлуулах  шугам сүлжээний ажил хийгдэж байгаа учир  явган хүний замын ажил хийгээгүй. Энэ замын ажил наймдугаар сарын дундуур бүрэн дуусна. Мөн Шүүхийн гудамж буюу Жигүүр грандын гудамжаас урагшаа явдаг зам бий. Энэ замыг зургадугаар сард эхлүүлсэн. Шугам сүлжээний ажил хийгдсэн.
Гранд плазагийн  уулзвар хамгийн их түгжрэл үүсгэдэг. Иймээс гурван замын уулзвар болгож гэрэлтүүлэг, гарц хийхээр төлөвлөн ажиллаж  байсан ч тендер шал­гаруулалтын хугацаа оройтсон учраас арав­дугаар сарын 1-нд ашиглалтад өгөхөөр байгаа. Гэхдээ дахиад хугацааг нь шахаад есдүгээр сарын 1-н гэхэд нээсэн бай гэсэн үүрэг өгсөн.
-Өнөөдрийн байдлаар бүрэн ашиглалтад орсон  замыг нэрлэвэл?
-Ашиглалтад орсон дөрвөн замын /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0,6 км зам, СБД 1-р хороо- Олимпын гудамжны 1,1 км зам, Цагаан давааны хогийн цэг хүрэх хайрган хучилттай 1,66 км зам, Шалган бүртгэх товчоодын зам/ зорчих хэсгийг бүрэн нээсэн. Харин  Дандарын гудамжны 0,9 км зам, Бэлхийн 5 км замын шинэчлэлтийн ажил, Сэлбийн хос гүүрний  явган хүний зам, гэрэл­түүлгийн ажил хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатар хот дотор хийгдэж байгаа бүх замын зорчих хэсгийг бүрэн нээнэ.
-Энэ жил улсын төсвөөр хэчнээн зам барьж байна вэ?
-Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14  төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Тухайлбал, Яармагийн гүүр­нээс Сонсголонгийн уулзвар, Сонс­­голонгийн уулзвараас ураг­шаа Яармагийн товчоо хүртэл 3.3 километр зам мөн Сонс­голонгийн уулзвараас Нисэхийн товчоо хүртэлх зам их ачаалал авдаг. Үүнийг Монголын олон улсын зам гэж нэрлэж болох юм. Учир нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд бууж хилээр орж ирж буй зочид төлөөлөгчид энэ замаар явдаг тул замыг гурав, гурван эгнээтэй зургаан урсгалтай болгохоор ажиллаж байна. Ажлын явц 40 гаруй хувьтай байгаа. Үндэсний их баяр наадмын өмнө хуучин Баянхошууны эцсээс Зүүн салааны эцэс хүртэлх 3.6 километр замын хучилтын ажлыг хийж дууссан. Одоо тойргийн хэсэгт зам барилгын ажил хийгдэж байгаа. Наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад орно.
-Өмнө нь танай газраас мэдээлэл хийхдээ зуслангийн замын ажил зогсонги байдалд орсон гэж байсан. Одоо байдал ямар  байна вэ?
-Сэлхийн зуслангийн 4.5 километр замыг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах ёстой. Одоо  газар шорооны ажил хийгдэж байна.
Уг ажлыг гүйцэтгэж байхад  хөрсний ус замын хэсгээс гарч ирж багагүй саад учруулсан ч энэ асуудлыг шийдсэн. Ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.
-Баригдаж байгаа замуудын ихэнх нь явган хүний замгүй байгаа харагдах юм?
-Нийслэлд явган замын асуудал нэг хэсэг хаягдсан. Харин ойрын 2-3 жилээс шинэчилж гэрэлтүүлэг, явган хүний замыг цогцоор нь хийхээр зураг төсөлд  тусгаж эхэлсэн. Гэтэл газар чөлөөлөх асуудлаас бо­лоод явган хүний замаа зураг төслийн дагуу барьж чадахгүйд  хүрдэг. Баригдаж байгаа замуудыг явган замгүй бариад байна гэж шүүмжлэх болсон.  Уг нь зураг төсөлд  явган хүний замыг тусгадаг ч газраа чөлөөлж чадахгүй байгаа учраас авто замаа эхний ээлжинд барьж байна.
-Газар чөлөөлөхөд оршин суугчид багагүй мөнгө нэхэж байна уу?
-Доржийн гудамжний замын трасст л гэхэд хүнсний дэлгүүр, угаалгын газар, 2-3 айлын хашаа орсон. Тэнд есөн объектыг чөлөөлж чадахгүй байна. Иймээс бид эхний ээлжинд авто замаа барьж хөдөлгөөнийг нээж, түгжрэлийг багасгая гэсэн гол зорилт тавьсан. Ингээд дараагийн асуудал явган зам барих л болоод байна даа.  Туул жин пангийн уулзвараас Цайз зах хүртэл хийгдэх ёстой 2.8 километр  ажлын зураг бий. Энэ замын эхний хэсгийг баярын өмнө нээсэн. Туул жин пангийн уулзвараас Хил хамгаалах ерөнхий газар хүртэлх хэсгийг нээж хөдөлгөөн оруулсан. Харин одоо Цайз захаасаас нааш Монелийн уулзвар хүртэл замын ажил хийгдэж, маргааш өнгө асфальтыг хийж дуусна.
-Ойрын хугацаанд ашиг­лалтад орох ямар замууд байна вэ?
-Зүүн сэлбэ орон сууцны хорооллыг Нарны замтай холбох зам барилгын ажил, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос  зүүн тийш Нарантуул ОУХТ орох замын ажлыг өнгөрсөн жилээс эхэлсэн.
Энэ замыг “Гудамж” төсөл рүү шилжүүлсэн. Ирэх сарын 20-нд дуусна. Мөн Энхтайваны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртэл замд үнэлгээ хийж байна. Наймдугаар сарын 25-нд ашиглалтад орох ёстой. Эдгээр замын ажил  нийслэлийн төсвөөр хийгдэнэ.
-Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр орон нутгийн иргэд нийслэлийг зорино. Энэ үеэр шалган бүртгэх товчоодын ачаалал ихэсдэг. Олон улсын жишигт нийцсэн товчоодтой боло­хоор ажлыг нь эхлүүлсэн. Ажил ямар шатандаа явж байгаа бол?
-22-ийн товчоог хоёр хувааж баруун талаас орж ирж байгаа жолооч нарыг Эмээлтийн шалган бүртгэх товчоогоор оруулахаар барьж, тохижилтын зам талбайн ажлыг дууссан.
Хөдөлгөөнийг нээсэн.  Мөн хойшоо Дархан руу явж байгаа замыг “Буян” ХХК-ийн ойролцоо шалган бүртгэх товчооны байрны ажлыг дуусгаж байна. Товчоодын барилгын ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгах төлөв­лөгөө­тэй.  Төлөвлөгөө ёсоор товчоогоо шилжүүлээд олон улсын жишигт нийцүүлж камержуулан, сүүлийн үеийн техник технологиор хангагдсан 24 цагийн ажиллагаатай хийх юм.

Б.Мягмаржав


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан