Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажил удааширлаа

Улаанбаатар хотод өдгөө 184 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ тоо 1998 онд ердөө 76 мянга байсан. Хөдөөнөөс хот руу чиглэсэн энэ их нүүдлийн ихэнх хувь гэр хороололд шингэдэг. Ямар нэгэн бодлого, хяналтгүй 10 гаруй жил явсны эцэст гэр хороолол эцэс төгсгөлгүй бөгөөд эмх замбараагүй хөгжлийн хоцрогдол болж хувирсан юм. Нэг сая гаруй хүн амтай космополитан хотод цахилгаан чийдэн, тосон лаа хаяа нийлэн гэрэлтэж байна. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөх нь цаг үеийн шаардлага мөн. Гэр хорооллыг шинээр төлөвлөн хөгжүүлэх бодлого Хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт тусгасан ёсоор дахин төлөвлөлт хийсэн юм.
Дахин төлөвлөлтийн дагуу гэр хорооллыг гурван бүсэд хувааж гурван хэсэг ажил хийгдэнэ. Эхний ажил бол барилгажуулах хөтөлбөр. Нэгдүгээр хэсгийн айлуудын газрыг худалдаж авах зарчмаар чөлөөлж шинэ хороолол босгоно. Энэ удаагийн дахин төлөвлөлтийн үр дүнд долоо, арвандөрөвдүгээр хороолол бий болж, бидний хэлдгээр “Дэнжийн мянга”, “Зурагт” маань орон сууцны хороолол болно. Дан ганц орон сууц бус сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гээд бусад асуудлыг цогцоор нь шийдсэн байх аж.
Хоёр дахь хэсэг ажил бол дахин төлөвлөлтийн гол цөм гэж хэлж болно. Энэ бол “тохилог амины орон сууц” хөтөлбөр. Өвөл нүүрс түлж утаа тортог болохгүй. Ундны усаа авах гэж хүйтэнд хөрж, халуунд халж худгийн гадаа дугаарлаж зогсохгүй. Дулааны станцын халуун илчээр гэрээ халааж, цэвэр бохир усны нэгдсэн шугаманд холбогдоно. Дэд бүтцийг нь ийнхүү шийдэж өгсөнөөр гэр хороолол бидний төсөөлж байгаагүй тохилог орчин болох юм. Зөв зохистой шийдэж чадвал нийслэлийн “шүдний өвчин” болсон олон асуудал үгүй болно. Тухайлбал, агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасч, хөрсний бохирдол арилна.
Гурав дахь хэсэг нь айлуудыг нүүлгэн шилжүүлэх юм. Эх толгойгоо алдсан гэр хорооллыг эмх цэгцэнд оруулахад зарим хэсгийг нь нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа бололтой. Тэгээд ч төлөвлөлт хийгдсэн газар илүү олон өрх айл байрших боломж бүрдэж буй. Тэгвэл эдгээр ажлын явц чухам ямар шатанд байгааг сонирхсон юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд хамгийн түрүүнд хийгдэх ажил бол барилгажуулалт. Наадмын дараа намар гэж удахгүй намрын хүйтэн бороотой өдрүүд эхлэх нь. Үлдсэн жаахан хугацаанд амжиж тодорхой ажлыг хийж гүйцэтгэхгүй бол нэг жилээр хойшлоход хүрнэ. Тиймээс энэ ажлын явцыг холбогдох албаны хүмүүсээс тодруулсан ч “Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажлыг гүйцэтгэх компанийг иргэд өөрсдөө санал асуулгаар шалгаруулжээ. Одоогийн байдлаар найман компани шалгарчихаад байгаа. Гандангийн дэнж, МҮОНРТ орчмын иргэд өөрсдийн газрыг хэт өндөр үнэлж байгаа учир одоохондоо ажлыг гардаж гүйцэтгэх компани тодроогүй байгаа гэнэ. Шалгарсан компаниуд ажлаа эхлэхийн тулд төлөвлөгөө, зураг төслөө батлуулах шатанд удааширчихаад байгаа” гэв. Энэхүү төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар батлах ёстой. Яагаад удааширч байгаа тухай бид дахин сурвалжлах болно.
Шалгаруулалтанд тэнцсэн “Хе Ра Холдинг” компанийн ажил ямар шатанд байгааг сонирхож дараахь тодруулга авлаа.

Б.Эрдэнэбилэг: Гурван барилгын ажил эхэлсэн

“Хе Ра Холдинг” ХХК-ийн төслийн удирдагч Б.Эрдэнэбилэгтэй холбогдож ажлын явцын талаар тодруулсан юм.

-Танай компани иргэдийн санал асуулгаар шалгарсан юм байна. Зураг төсөл, төлөвлөгөөгөө батлуулж амжсан уу. Ажил хэзээ эхлэх вэ?
-Ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн төлөвлөгөө батлагдчихсан байгаа. Ажлын зураг төсөл батлуулах үлдээд байна. Батлагдахгүй сар орчим болж байна. Ажлын зураг батлагдсаны дараа найман сарын эхээр ажил эхлэх байх.
-Яагаад ингэж удаж байгаа юм бол. Танай компани хаана ажиллах ёстой вэ?
-Аливаа ажил дэс дараалалтай явагдах ёстой. Түүнийхээ дагуу л явж байна. Сонгинохайрхан дүүргийн тав, зургадугаар хороо буюу Ханын материал орчимд ажиллаж байна. Манайх гурван ч барилгын ажлаа эхлээд байгаа. Гэхдээ орон сууцны зориулалттай барилга биш.
-Тохилог амины орон сууц хөтөлбөрийн тухайд ажил эхэлсэн болов уу?
-Энэ ажил хийгдэж эхлээгүй байна. Яагаад гэвэл одоо шууд гэр рүүгээ шугам хоолой татуулъя гэх иргэн маш цөөхөн байгаа. Иргэдийн санхүүгийн боломж муу байна. Бид иргэдэд ямар нэгэн дарамт учруулахгүйгээр ажиллахыг зорьдог.
Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан