Улаанбаатарын замын түгжрэл хүн бүрийн толгойн өвчин болж байгаа учраас хотын удирдлагууд иргэдээсээ аль болох нийтийн тээврээр зорчих эсвэл явган алхахыг хүсэх болсон. Гэтэл автозамынхаа хажуугаар явах зайгүй болоод буй нийслэлд иргэд хаагуур яаж алхах билээ. Үнэндээ авто зам даган жолооч нартай зай булаацалдан амиараа дэнчин тавин алхахаас өөр арга алга. Урин орж нийслэлд бүтээн байгуулалтын ажил өрнөж авто замуудыг өргөтгөж байгаа ч явган зорчигчоос илүүтэй жолооч нарт анхаарал тавиад байх шиг санагдах. Ямартай ч өргөтгөж байгаа замуудын ихэнх нь явган хүнийхээ замыг хойш тавьчихсан юмуу эсвэл бүүр мартчихаж гэлтэй. Тухайлбал, Цайз зах, КТМС-ийн урдах, Ханын материалын зам гэх мэт. Эдгээр зам хэзээ явган хүний замтай болж иргэд автомашинтайгаа зам булаацалдахгүй алхаж болох бол гэж өөрийн эрхгүй бодогдмоор байгаа биз. Энэ онд нийслэлд 36 тэрбум төгрөгийн 127 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Мэдээж энд явган хүний зам орсон нь лав. Явган хүний замыг зураг төсөлдөө автозамаас 2-3 метр байхаар заасан байдаг. Харамсалтай нь газар чөлөөлөх ажил нь удааширсаар сүүлдээ явган хүний замаа танахаас өөр аргагүйд хүрдэг гэдгийг зам барилгын компаниуд нуудаггүй.
Зам барилгын компаниуд гэрэлтүүлэг, явган хүний замыг хамтад нь хийхээр тендер авдаг ч үнэндээ замын ажлаа дуучихаад дараа жилээс нь л явган хүний замд санаа тавьж эхэлдэг. Зарим нь бүр болсон болоогүй авто замаа тавиад л алга болж орхино. Харин нэг хэсэг нь явган хүний зам барих ажлыг мөнгө завших арга болгодгийг нуух юун. Нийслэлийн зарим хэсэгт явган хүний зам тавьсан эвлүүлдэг хавтангаа худалч хүнд бараг жил бүр сольж байхад нөгөө хэсэгт нь явган хүнд зориулж зам тавьдаггүй. Бид энэ удаад явган хүний замын чанарын талаар ярьсангүй. Энэ асуудлыг замтай болсон хойноо ярих нь зүйтэй биз ээ. Энэ талаар нийслэлийн Авто замын газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Зам барилгын ажлыг гүйцэтгэж байх үедээ нэн тэрүүнд авто замыг ашиглалтад оруулах ёстой байдаг. Учир нь ЗЦГ болон ННТГ-аас манайх зөвшөөрөл аваад зам хаадаг. Энэ хугацаандаа амжуулж ашиглалтад оруулахгүй бол болохгүй. Нөгөө талаас явган хүний зам тавъя гэхээр газар чөлөөлөх асуудал маш хүнд байдаг. Хэд алхаад л нэг айл таардаг. Хэдэн зуун мянга, саяар нь мөнгө нэхнэ. Тиймээс бид Газар чөлөөлөх хэлтэс гэж байгуулаад ажиллаж байна” гэв. Үнэхээр ч явган хүний замгүйн нэг шалтгаан бол замбараагүй газар олголт. Түүний уршгаар өнөөдөр нийслэл километр явган хүний зам тавих гэж хэдэн зуун сая төгрөг гарздаж байна. Үүний оронд энэ мөнгөөрөө замаа цааш явуулж байвал хэрэгтэй ч юм шиг.
Энэ онд зөвхөн замын ажилд 101 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа аж. Эдгээр төсөл, арга хэмжээнээс одоогийн байдлаар 58 байршлын зураг төсөл нийслэлийн өмчийн харилцааны газарт ирж судалгааг нь гаргаж чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. 58 байршилд 2000 гаруй нэгжийн 128.2 га газар багтаж буй юм. Явган хүний замгүй учир иргэд шороотой зууралдан гутлаа элэгдтэл алхсаар. Харин ахмад настан болон хүүхдүүдийн хувьд явган хүний зам байхгүй нь хамгийн эрсдэлтэй. Бусад орны хувьд авто замаасаа илүү явган хүний замаа чухалд үздэг юм билээ.
Иймдээ ч явган хүний замыг тахир дутуу, сохор, дугуйтай хүний гээд л төрөл бүрээр нь хийдэг. Харин бидний хувьд ингэж төрөлжүүлэн хийж чадахгүй хойно ядаж авто замынхаа хажуу буланд явган хүний зам гаргаад өгөөсэй. Хотын шинэ удирдлагууд нийслэлийг дугуйн болон явган хүний зам, хүүхдүүдийн роликийн замтай болгоно хэмээн ярьж байгаа. Эхний ээлжинд Сэлбийн даланг ашиглах замаар цардмал зам барьж дугуйн зам хийх мөн Дунд гол, X хорооллын даланг ашиглаж дугуйн зам бий болгох юм гэсэн. Ямартай ч эхний ээлжинд явган зорчигч нараа явах замтай болгооч гэж хүсэхсэн. Эс бөгөөс иргэд шороотой хутгалдан гутлаа ханзлах, зам булаацалдан жолооч нартай маргах үзэгдэл өдөр бүр гарсаар байна шүү.