Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОДДЫН АМЬСГАЛ БООСОН МУХАР СҮСЭГ

Монголчуудад нэгэн цагт эдийн дээд гэгдэж байсан хадаг өнөөдөр хүмүүсийн мухар сүсэг, ухвар мөчид үйлдлийн улмаас байгаль орчныг бохирдуулагч эх үүсвэр, моддын амь таслагч гол хэрэгсэл болж хувирчээ. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, судлаач Б.Галаарид өчигдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.
Монголчууд хамгийн эрхэм нандин зүйлээ хадгаар ороож хадгалдаг. Өөртөө хамгийн хүндтэй хүн, настан буурлууддаа очиж золгохдоо хадаг барьж тохойг нь өргөн хүндлэл үзүүлдэг заншилтай билээ. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн хадаг хэмээх эдийн үнэ цэнэ огт үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Хэн дуртай нь овоо тахилга, онгон дагшин гээд хаана ч хамаагүй хадаг уяж орхидог нь энгийн үзэгдэл мэт болсон. Эдгээрээс хамгийн хортой нөлөөлөл амсдаг нь мод гэнэ.
Модонд хадаг уяж, хүслээ шивнэх явдал бараг хэвийн үзэгдэл. Мод яг хүн шиг амьсгалдаг амьд биет. Холтос нь тэрхүү амьсгалынх нь гол хэрэгсэл болдог. Гэтэл элдэв сүсэг бишрэлдээ хөтлөгдөн модонд хадаг уяж орхих нь тухайн модыг өмхөрч, устаж үгүй болоход хүргэдэг. Тиймээс байгальд аюул учруулаад буй энэ хортой зүйлийг арилгахын тулд сэтгүүлч Б.Галааридын санаачилгаар “Амьд байгалиа хайрлая” сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлсэн байна. Аянд жүжигчин Б.Навчаа тэргүүтэй урлаг соёлынхон ч гэсэн нэгдээд байгаа гэнэ. Тэдний хамгийн анхны хийсэн ажил бол Дархан-Уулаас Сэлэнгэ аймгийн Баруунхараа чиглэлийн 50 км газрын моддыг хадагнаас салгажээ. Цаашид моддоо үхэх аюулаас аврахын тулд олон хүний хүч хэрэгцээтэй байгааг тэд хэлээд, аянд нэгдэхийг уриалж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридаас санаачлан эхлүүлээд буй ажлынх нь талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Бидний мэддэг мөртлөө мэддэггүй зүйлийг хөндөн гаргаж, бас байгальтай хүний буруу харьцсан зүйлсийг залруулахаар аль хэдийнэ ажлаа эхэлж. Аянд байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
-Одоохондоо энэ ажил сайн дурын үүднээс  цөөхөн хүний хүрээнд эхэлж байна. Цаашдаа бидэнтэй яам төдийгүй монголчууд маань хамтран ажиллаж байгаль эхээ хамгаалах байх аа.
-Модноос хадаг зүүх нь хүмүүсийн сүсэг бишрэлтэй шууд хамааралтай. Тийм болохоор буцаагаад тайлж авна гэхээр нэг л цэрвэх байх?
-Тийм ээ, наадах чинь хамгийн хэцүү зүйл. Гэхдээ хүмүүсийг төөрөгдөлд оруулж буй лам, бөө гэх мэт хүмүүс олон нийтэд буруу ойлголт өгдөгөө болих хэрэгтэй. Тэр сайн сайхны төлөө гэж хийлгээд байгаа үйл нь цаанаа бас нэг амьд биеийн амийг таслаад байгааг сайн бодох нь зөв. Нэгэнт уяж болсон юм чинь буцаагаад авчихад буруудахгүй шүү дээ. Гол нь, мухар сүсэгт хэтэрхий автахгүй байх л чухал.
-Судлаач хүний тань хувьд асуухад, монголчууд эрт үед одоогийнх шиг хадаг модонд уядаг байсан юм болов уу?
-Шашин хүчтэй дэлгэрч байсан үед ч тэр, хүчирхэг байсан XIII зууны үед ч гэсэн ийм заншил байгаагүй. Сүүлийн 20 гаруй жилд ийм байдал үүсчихээд байна.
-“Байгаль эхээ хайрлая” аян цаашдаа хэрхэн үргэлжлэх вэ?
-Байгаль дэлхийгээ байгаа хэвээр нь үр хойчдоо үлдээх гэж зүтгэж байгаа болохоор ард түмэн болон төр засаг маань дэмжиж ажиллах байх. Нэг мод 700 гаруй насалдаг. Хадаг уясан мод 15 орчим жил болоод л устдаг гэсэн тооцоо гарсан. Тийм болохоор санаачлага маань шат дараалсан ажил болж өргөжинө гэж найдаж байна.

Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан