Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гар утас таны эрүүл мэндэд...

Өнөөдөр үүрэн телефон хэрэглэгчдийн гуравны нэг нь ухаалаг утастай, тэдгээр хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсаа хардаг, ярьдаг, ямар нэг байдлаар ашигладаг гэсэн судалгаа бий. Гэтэл гар утаснаасаа зүүгдээстэй, байнга дэлгэц ширтэн суух нь эрүүл мэндэд олон ч талаар муугаар нөлөөлдөг болохыг дараахь мэдээлэл харуулна.

Нүдний хараа муудах


Хэрвээ утасныхаа дэлгэц рүү удаан харсны дараа нүд чинь чилж өвддөг бол та жижиг зүйл рүү хэт удаан төвлөрч харснаас үүсдэг нүд хуурайших, улмаар үрэвсэх, халдварлах байдалд хүрчихээд байна гэсэн үг. Ингэж утсаа удаа ширтэх нь бага насны хүүхдэд бүр ч хүчтэйгээр нөлөөлдөг.  Тэд бага залуудаа холын хараагаа муутгаж, шил зүүхэд хүрнэ. Хүмүүс компьютерийн дэлгэцийг удаан ширтэх муу гэдгийг мэддэг ч гар утсыг тийм аюултай гэж тэр бүр мэддэггүй. Гэтэл гар утас компьютерийнхээс ялгаагүйгээр барахгүй бид гар утсаа ашиглахдаа нүдэндээ ойртуулдаг учир илүү муу нөлөөтэй.  
Гар утасны энэ нөлөөнөөс хол байхын тулд нэгдүгээрт утасныхаа үсэг, тоо тэмдэгтийн хэмжээг нэмэгдүүлэх, нэг удаадаа 15 минутаас дээш хугацаанд ашиглахгүй байх, мөн 3-7 насны хүүхдийг утсаар тоглуулах бол өдөрт 30 минутын нормоос хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ.

Нуруу өвдөх, хүзүү хөших


Гар утас ердийн үед бидний суух байдлыг хүртэл өөрчилж байна. Хүмүүс утсаа оролдохдоо ихэвчлэн  толгойгоо урагш бөхийлгөөд, удаа хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг. Үүнээс болоод нурууны дээд хэсэг дарагдаж, мэдрэлд нөлөөлснөөр хүзүү толгой хөшиж өвдөн ядардаг. Тиймээс утас ашиглаж байгаа үедээ хүзүүний булчингаа сунгах дасгал хийж, цэх сууж байх хэрэгтэй.

Нүүрний батга


Удаан ярьсны дараа утас халчихсан байдгийг бид мэднэ. Яг үүнээс болоод бидний нүүрэн дээр элдэв юм гарахад гайхах зүйлгүй гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь, гар утас дээрх нян бактерийн хэмжээ эрчүүдийн ариун цэврийн өрөөний бариулаас ч их байдаг гэсэн баримт бий. Гэтэл тэр их нян агуулсан утсыг хэдэн арван минут нүүрэн дээрээ наачихаар яаж арьс эрүүл байх вэ. Тиймээс арьсаа эрүүл байлгая гэвэл утсаа нянгийн эсрэг ариутгагчаар арчиж цэвэрлэх, мэдээж аль болох бага ярихыг хичээгээрэй.

Сонсгол муудах

Чихэвчээр хөгжим сонсох нь мэдээж сонсголд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ гар утасных бусад чихэвчээс бүр илүүтэй муугаар нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ихэнх гар утасны чихэвч хүний чихний хэлбэрт таарсан стандартын байж чаддаггүй учир  дуугаа сайн дамжуулж чаддаггүй. Тиймээс хэрэглэгчид илүү сайн сонсохын тулд дууг нь чангалснаар сонсгол муудахад хүргэдэг байна.

Унтахдаа утсаа унтраах

Компьютер, зөөврийн компьютер, таблет, гар утас гээд бидний байнгын хэрэглээ болсон хэрэгслүүд бидэнд мэдэгдэхгүйгээр долгион дамжуулж байдаг. Эдгээр хэрэгслийн долгион нь биднийг унтахад тусладаг мелатонин гэдэг гормоныг ялгаруулахад саад болдог учир унтах гэж байгаа бол утсаа унтраагаад, тэр бүү хэл унтлагын өрөөндөө ч байлгах хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ганцаардуулна

Гар утас холыг ойртуулж, хоёрыг учруулна гэж бид ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ харин ч эсрэгээр байдгийг судалгаа харуулсан байна. Хүмүүс өдөр ирэх тусам гар утсаараа Твиттер, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ сайтад холбогдох нь нэмэгдэж, онлайн ертөнцөд анхаарахын хэрээр бодит ертөнц болсон гэр бүл, найз нөхөд, ажил хэргийн харилцаандаа ганцаардмал байдалд орж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулах болсон. Тиймээс гэр бүлтэйгээ, хоолны ширээний ард байхдаа, эсвэл найзуудтайгаа уулзахдаа гар утсаа багахан шиг оролдвол дээр байх нь.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан