Хүн өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах гэж амьдралын түмэн нугачаанд бүдэрч боссоор энэ насыг элээдэг. Гэтэл өөрөөсөө илүүтэйгээр өрөөлд санаа тавьж, бусдыг сайн сайхан амьдралын захаас атгуулчих юмсан хэмээн зүтгэж яваа Ц.Тамара эмээгийн тухай сонсоод талархмаар ч заримдаа өр рүү өшиглөчихөөд явдаг ийм хүмүүсийн төлөө зүтгэж буйг нь сонсохоор өрөвдмөөр. Нийгмийн халамж шаардлагатай байгаа иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж, тусалж ирсэн “Заяа үжин” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара өдгөө 68 нас хүрсэн ачтан буурал. Тэрээр ядарсан зүдэрсэн, задарсан, даварсан нэгэнд халуун сэтгэлийн тусламжаа харамгүй сунгаж явдаг хүмүүн. Чухам яагаад задарсан, даварсан гэдэг үгийг хэрэглээд байна вэ гэхээр өвөл нь энэ төвд 200 гаруй хүн өвөлждөг ч зун болохоор зугатчихдаг гэнэ. Ажилд орох хүсэлтэй нь цөөхөн байдаг бололтой. Гол нь эмээгийн хувьд тэдний бяцхан хүүхдүүдийг өмсөх хувцас идэх хоолтой байлгахыг чухалчилдаг учраас ийн зүтгэдэг аж.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн шинэ эцэст байрлах дөрвөн ханатай 25 гэр бүхий энэ халамжийн төв эмзэг бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь зуучилдаг. 70 шүргэж байгаа Ц.Тамара гэх энэ эмээгийн ажил үйлсийн тухай сурвалжлага хийх даалгавар аваад очсон ч харамсалтай нь тэрээр гэртээ байсангүй. Халамжийн төвийн хүмүүсийнхээ хувцас хунар, ахуйн хэрэгслийг нь бэлтгэхээр БНХАУ-ын Эрээн хот явсан гэнэ. Цэлийсэн том хашаан дотор хоёр цагаан гэр цомцойтол нь барьжээ. Энэ төвд өнөөдрийн байдлаар нийт 35 хүн амьдарч буй аж. Тэдгээрийн 14 нь хүүхдүүд. Багачууд нь өнгөрсөн сард сайхан сэтгэлтэй залуусын тусламжтайгаар байгуулагдсан “Эмээгийн цэцэрлэгт” хүмүүждэг аж. Хүүхдүүд цэцэрлэгтээ явах тун дуртай, өглөө болохыг тэсэн ядан хүлээдэг гэсэн.
Тус төвийнхөнтэй ярилцаж байх зуур нэгэн харамсалтай ослын тухай өгүүлсэн юм. Энэ сарын эхээр тус төвийн хүүхдүүд зугаалах гэж явж байгаад хурд хэтрүүлж, дүрэм зөрчсөн жолоочийн машинд мөргүүлж хүнд бэртэцгээсэн байна. Хамгийн бага нь найман сартай, том нь 18 настай нийт зургаан хүүхэд байжээ. Хурд хэтрүүлсэн жолооч явган хүний зам руу орон зургаан хүүхдийг мөргөж маш хүнд гэмтээсэн гэнэ. Зөөлөн эдийн гэмтэл болоод хөл нь хугарсан, найман настай, найман сартай хоёр хүүхдийн тархи нь цоорсон гэмтэлтэйгээр маш хүнд хагалгаанд оржээ. Хүүхдүүд одоо эмнэлгээс гарсан бөгөөд хэрэв бие нь муудвал дахин хагалгаанд орох ёстой гэж эмч хэлсэн тухай надад яриад уйлах ээжийг нь хараад сэтгэл эмтэрч суулаа.
Эмээг эзгүйд халамжийн төвийг хариуцаж үлдсэн А.Баярсайхан гуайтай болон осолд орж тархи нь цоорсон гэмтэл авсан Г.Энхтулга хүүтэй уулзсан юм.Г.Энхтулга: Тухайн үед юу болсныг санахгүй байна
-Ахын дүү хэзээ, хаана явж байгаад осолд орсон бэ?
-Долдугаар сарын 1-нд осолд орсон. Зайсангийн “Оргил” рашаан сувиллын тэнд явж байсан. Уг нь бид баярын өмнө найзуудаараа зугаалъя гэж ярьсан юм. Зургуулаа явж байсан.
-Та хэд зам хөндлөн гарч байсан юм уу?
-Үгүй. Зам гарахгүйгээр зүгээр л цаашаа явж байсан. Тэгсэн чинь гэнэтхэн мөргөчихсөн. Явган хүний замаар явж байсан. Тэгтэл хажуу талаас ахыг маань мөргөөд л бид хэд цаашаа шидэгдчихсэн.
-Их хүнд хагалгаанд орсон гэсэн. Одоо бие нь өвдөж байна уу?
-Мэдэхгүй ээ, миний толгой орой болохоор аймаар хүчтэй өвдөөд байгаа.
-Хагалгааны дараа хүүхдүүдэд эмчийн хяналт тавьж байгаа юу?
-Явган хүний замаар явж байсан хүүхдүүдийг маань хоорондоо уралдаж давхисан хоёр жолоочийн нэг нь замын хашлага даваад мөргөсөн байсан. Хүүхдүүдийн биеийн байдал тааруу байна. Хоёр нь хагалгаанд ороод эмнэлгээс гарсан. Өрхийн эмнэлгээс эмч өдөр болгон ирж үзэж байгаа. Дүүргийн Засаг дарга ийм шийдвэр гаргасан гэсэн.
-Осол гаргасан жолоочид ямар хариуцлага тооцсон бол?
-Одоогоор ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Цагдаагаас хэргийг нь прокурорт шилжүүллээ гэж мэдэгдсэн. Хэрэг нь хүнд л юм гэсэн. Бид хэд хүүхдүүдийнхээ эмчилгээг хөөцөлдөөд энэ асуудалд анхаарлаа тэр бүр хандуулж чадахгүй байна.
-Эмчилгээний зардлыг нь осол гаргасан жолооч өгсөн үү. Тусалж дэмжиж байх юм уу?
-Хоёр хүүхдийн хагалгааны төлбөрийг гаргасан. Өнөө маргаашдаа эмчилгээ хийлгэх мөнгийг нь өгдөг л юм. Утсаар биеийг нь хааяа асууж ярьдаг.
-Танай төвд олон хүн байдаг гэж сонссон. Ер нь нийт хичнээн хүн амьдарч байна вэ?
-Өнөөдрийн байдлаар хүүхэд, хөгшид нийлсэн 35 хүн байна. Зуны цагт хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу, өндөр настай хүмүүс л ихэвчлэн амьдардаг юм. Урин дулаан цагт зарим нь дайжиж явчихаад, өвөл болохоор буцаад хүрээд ирдэг. Өвлийн цагт бараг 200 орчим хүн байдаг.
-Энэ олон хүнийг амьдруулах ахуй нөхцөл нь хэр байна. Хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн зохицуулдаг юм бол?
-Ц.Тамара эмээ тэтгэврийн мөнгөө ихэвчлэн урьдчилаад зээлж авна. Бас сайхан сэтгэлтэй залуусын тус дэмээр болоод л байна. Төрөөс сар бүр бага зэрэг санхүүжилт өгдөг. Ерөнхийдөө санхүүгийн асуудлыг эмээ л шийдвэрлэдэг дээ.