Ард иргэдийн амьдрал, түрүйвч хоёрт халгаатай импортын гол бүтээгдэхүүн бол шатахуун. “Бензиний үнэ өссөн болохоор бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч өссөн” гэх зэргээр үнийн хөөрөгдөл энгийн иргэдийн эдэлж хэрэглэх, идэж уухыг танадаг. Аль нэг голлох бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд дагаад бусад нь үнээ өсгөж хөөрөгддөг нь гэм биш зан. Шатахууны үнэ нэмэгдлээ гэх сургаар уухайн тас дагаж “намирдаг” нь такси баазууд болон хувиараа буюу хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчид. Өнгөрсөн онд хоёр ч удаа “суга” өссөн шатахууны үнэ Засгийн газар, төрийн оролцоотойгоор эргэн буурсан ч таксиныхан хөөрөгдсөн үнээ буулгалгүй үлдээсэн. Манай улсын нийт хүн амын 45 хувь буюу нэг сая 200 гаруй мянга нь нийслэлд амьдардаг. Дэлхийн стандартаар нэг сая хүнтэй метрополис хотод дөрвөн мянгаас доошгүй такси үйлчилдэг байх ёстой ч манайх хараахан энэ стандартыг хангаж чадахгүй. 2003 оны байдлаар 60 гаруй компанийн 3000 орчим такси Нийтийн тээврийн газартай хийсэн гэрээний дагуу албан ёсны үйл ажиллагаа явуулж байсан ч өнөөдөр энэ тоо хоёр дахин буурч 17 такси бааз 1000 гаруй таксигаар иргэдэд үйлчилж байна.
2008-2012 оны Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар Зам тээвэр барилга хот байгуулалтын яам Улаанбаатар такси хамтран шингэрүүлсэн түлш хэрэглэдэг 1200 такси оруулж ирнэ гэж гэрээ хийснээс 800 нь орж ирсэн. Үүнээс одоогоор 400 гаруй нь үйлчилгээ үзүүлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа ч үлдсэн хэсэг нь унах жолоочоо хүлээн харанхуй гараашид байсаар. Ингэж харанхуй гарашинд хэвтэхийн учир гэвэл уг такси баазад жолоочоор ажиллах хүмүүс унаж буй машинаа тав хүртэлх жил ашиглан, өдөр бүр орлого өгч байж өөрийн болгох болзлыг хүлээн зөвшөөрөгчид тун цөөн гэнэ. Хаалганаас хаалганд хүргэдгийн хувьд такси нь тансаг хэрэглээнд тооцогддог аж.
Нийслэлд жижиг оврын 300 гаруй мянган авто машин хөдөлгөөнд оролцож 60-70 хувь нь тогтмол болоод тогтмол бус хувиараа такси үйлчилгээ эрхлэгч байна. Эдгээр автомашины текник үзүүлэлтийг судалж үзэхэд нэг машин 100 км тутамд дунджаар 11,8 литр бензин зарцуулж байгаа нь нэг км-т 180 орчим төгрөгийн үнэ бүхий бензин зарцуулж байгаа гэсэн үг. Үүн дээр элэгдэл хорогдол болоод жолоочийн цалин хөлс, автомашины бусад засвар үйлчилгээний өртгийг нэмэхэд дээд тал нь нэг км газар 400-450 төгрөгөөр үйлчлэх бүрэн боломжтой гэж тогтоожээ. Гэтэл манай такси үйлчилгээ эрхэлдэг компани албан байгууллагуудын доод үнэ ханш нь 600 төгрөг байгаа юм. Цаашлаад энэ тоо 800 хүртэл өснө. Тогтмол үйл ажиллагаатай 17 такси баазуудтай нийтийн тээврийн газрын байгуулсан гэрээгээр эхний нэг км 1000 төгрөг түүнээс хойш км бүрт 600 төгрөгөөр зорчуулна хэмээн заасан байдаг ч олон улсын чанар стандартад нийцсэн гэгдэж буй Улаанбаатар такси транспорт сервис компани л энэ заалтыг хэрэгжүүлж байгаа. Бусад нь км-т 700-800 төгрөгийн ханштай байна. Такси баазууд ч яахав тогтсон үнэ ханшаараа үйлчилдэг.
Харин хувиараа таксинд явдаг жолооч нар аманд орсон үнээ хэлдэг нь нууц биш. Энэ талаар иргэдийн зүгээс гомдол санал их гардаг болохоор өөрийн биеэр шалгаж үзэхээр гэрээсээ таван км зайтай ажил руугаа гурван өглөө өнөө тансаг хэрэглээ болсон таксигаар зорчлоо. Эхний өглөө нэлээн бахим бүдүүн дуутай, хүрлэгэр бор царайтай жолооч 4500 төгрөг нэхэв. Хоёрдахь өглөө 4000 төгрөг гарсан бол удаах нь 3500 буюу нэг км-ыг нь 700 төгрөгөөр тооцож авсан.
Эндээс нэг юмыг анзаарч болох юм. Жолооч нарын хэлсэн үнэ буюу мөнөөх аманд орсон тоо нь дандаа тэгш тоо байгаа нь сонирхолтой. Монголчууд ч нэрэлхүү хүмүүсийг хэлэх үү хэлсэн мөнгийг нь өгөх нь олон. Хэрүүл маргаан хийгээд яахав гээд тоохгүй орхих нь ч бий. Ямартай ч жолооч нарын аманд орсон үнэ зарим нэгний хэтэвчинд байхаасаа байхгүй олонтаа. Хуучин цагт жолооч мэргэжил хэмээн тооцогддог байсан бол орчин үед хүн бүр л машинтай болж байгаа нь такси үйлчилгээ хумигдахад хүрсэн хэрэг. Гэвч хүн бүр машин авч унаад байх боломжтой бил үү. Нийтийн тээврийн газраас тавьдаг стандартаар үйлдвэрлэснээс хойш 10 жил ашиглагдсан тээврийн хэрэгсэл такси үйлчилгээ эрхлэх боломжгүй гэж заасан байдаг гэнэ. Хувиараа таксинд явдаг жолооч нарын орлогыг бодитоор тогтоох боломжгүйгээс патентын татвар гэж сар бүр арван мянган төгрөг авдаг нь зөвшөөрөлтэй мэтээр ойлгогддог аж. Угтаа энэ нь татварын хуулийн дагуу олж буй орлогын татвараа төлж байгаа хэрэг ажээ.
Таксийн цоохор машин нь дайрчих шахаад өнгөрлөө гэдэг шиг такси үйлчилгээнд явж буй жолооч нар хурд хэтрүүлэх нь элбэг. Замын түгжрэлд удаан хугацаанд саатсаар арай гэж гараад хурдлан давхих нь ойлгомжтой. Такситай холбоотой дээрэм тонуул цаашлаад хүн амины хэрэг ч гардаг.
Монголчууд өнөөдөр хөдөө хотынх гэлтгүй гадагшаа аялж зорчиж байгаа учраас ядаж тэдний такси үйлчилгээнээс туршлага судалхад гэмгүй биз.
Аливаа улс оронд ирсэн хүн юуны өмнө нийтийн тээвэр тэр дундаа таксигаар нь үйлчлүүлдэг болохоор улс орны нүүр царай болдог такси үйлчилгээг төрөөс бодлогын түвшинд шинэчлэн зохион байгуулж цаашлаад хөрөнгө оруулалт хийн төр өөрийн гэсэн такси баазтай болох эсвэл хувийн хэвшлийнхнийг дэмжлэг үзүүлэхэд хэрэглэгчиддээ хүрэлцдэггүй такси үйлчилгээний чанар болоод үнэ өртгийн асуудлыг нэг мөр шийдэх болов уу. Мөн аманд багтахгүй үнэ хэлж ацан шалаанд оруулдаг хувийн таксины үнэ өртгөнд О.Магнай дарга Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хяналт тавихад илүүдэхгүй л болов уу.