Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАЙСАН, БАЯНЗҮРХ ДЭХ ШИНЭ БАРИЛГЫГ ДУЛААНААР ХАНГАХГҮЙ

Наадам дуусч намар хаяанд ирсэн энэ үед өвлийн бэлтгэлд хамгийн их санаа зовж буй хүмүүс бол дулааны шугам сүлжээнийхэн. Хаврын сүүлчээс эхлээд засвар, шинэчлэлээ хийж эхэлсэн Улаанбаатар дулааны сүлжээ/УБДС/ компани нэгэн жарны турш нийслэлийн орон сууцыг халуун, хүйтэн ус, дулаанаар хангаж буй. Одоогийн байдлаар нийслэлийн дулаан хангамжийг гурван цахилгаан станц зохицуулж буй юм. Хэрэглэгчдийн 57 хувийг дөрөвдүгээр станц, 39 хувийг нь гуравдугаар станц хангадаг бол хоёрдугаар станц үлдсэн дөрвөн хувийн усны хэрэглээг хариуцдаг.
1959 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан компанийн түүх урт. Энэ урт түүхтэй зэрэгцэн хэрэглэж, эдэлж буй шугам, хоолой хуучирсан гэнэ. Тухайлбал, нийт шугамын 15.2 хувь нь эдэлгээний хугацаа дуусч, 35-аас илүү жил ашиглагджээ. Мөн 20.4 хувь нь 25-35 жил, үлдсэн 64.4 хувь нь 1988 оноос хойш ашиглалтад орсон хоолой байгаа гэнэ. Товчхондоо, шугам хоолойн 40 орчим хувь нь эдэлгээний хувьд хуучирч, цоорох, хагарах, гэмтэхэд ойрхон болж. Өнгөрсөн оны хувьд дулааны төв шугам, тоноглолд ашиглалтын 64 удаагийн гэтмэл гарсаныг цаг тухайд нь засварласан аж. Хамгийн их тохиолдож буй гэмтэл хэт хуучирсанаас болж буй нь анзаарагдана. Тэгвэл дараачийн том асуудал нь хамгаалалтын зурвас.
2007 онд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Улаанбаатар хот дахь 374 км урттай дулааны шугамд хамгаалалтын зурвас тогтоож байжээ. Үүнд дулааны шугам, дамжуулан хуваарилах байгууламжаас тал бүр тийш 5-7 метр зайг чөлөөтэй байлгахаар тусгасан байна. Хэрэв эвдрэл гэмтэл үүсвэл дээр заасан талбайд машин, техник, өргөх кран байрлаж яаралтай ажиллах ёстой аж. Дор хаяж 50 см диаметртэй дулааны шугамыг хүн гараараа өргөж дийлэхгүй учраас заавал өргөх кран ашиглах шаардлагатай. Түүнчлэн засвар, үйлчилгээний машин байршуулах, ухсан шороог байрлуулах гэхчлэн ажлын орчин байх нь зайлшгүй. Гэтэл хамгаалалтын зурвасыг зөрчих тохиолдол их гарч байгааг тус компанийн захирал Р.Хайдав хэлж байна. Жишээ нь, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд “Глобал Тесунг” компани автомашины давхар гарааж барихдаа 80 см өргөнтэй шугам хоолойд тулгажээ. Түүнчлэн дөрөвдүгээр хороололд “Жэй энд Би трэйд” ХХК засварын газраа газар доогуурх шугам дээр байгуулсан аж. Баянзүрх дүүрэгт “Ийст” төвийн өмнө “Жаргалан” цайны газар, Сүхбаатар дүүрэгт “Континентал” зочид буудал мөн л шугам дээгүүр барилгаа дайруулан барьжээ. Энэ мэтээр дулааны шугам дээр буюу засвар үйлчилгээний боломжгүй болгосон нөхцөл нийслэлийн хэмжээнд 33 буй аж. Үүнээс гадна шугам хоолойн дэргэд барилга босгосон, эдэлбэр газраар нь шугам сүлжээ дайран өнгөрсөн зөрчилтэйгөө нийлбэл 300 гарчээ. Эдгээрээс Баянголд 80, Сонгинохайрханд 62, Баянзүрхт 51, Сүхбаатар дүүрэгт 48 зөрчил илэрч толгой цохиж яваа юм. Харамсалтай нь, нийслэлийн хэмжээнд гарсан зөрчлүүдээс ердөө 12-ыг нь буулгаж, шилжүүлэх байдлаар шийдвэрлэжээ. Иргэдийн ундны ус болон дулаан байлгах нөхцөлд 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж хүндрэл учруулж байхад тун цөөхнийг хүндрэлгүй болголоо гэсэн үг. Ажил ийм удаашралтай байгаагийн цаад шалтгааныг Улаанбаатар дулааны сүлжээ компани үйлчилгээний байгууллага болохоос гүйцэтгэх, зохицуулах эрхгүй гэдгээр тайлбарлаж болно. Эрх зүйн хүрээнд тус компани ердөө шүүхэд гомдол гаргана. Харамсалтай нь, шүүх хянаж, шалгах, дүгнэх, хурал хойшлогдох, давж заалдах гэхчлэнгээр сунжирч, цаг хугацаа алдах нь элбэг. Энэ хооронд шугам хоолойн засвар үйлчилгээ төдий хэмжээгээр цуцлагдаж, хоолойн гэмтэл улам хүндэрсээр байж болзошгүй.
Гэхдээ УБДС компани шаардлагатай үед шуурхай ажиллахаас өөр аргагүй. Нэг байгууллагын эрх ашиг, нийслэлийн иргэдийн дулаан сууцыг жигнэж үзэхэд аль нь илүү чухал гэдэг нь тодорхой. Дээгүүр нь барилга барьсан шугам хоолой хагарч, гэмтвэл мэргэжилтний тавьсан шаардлагыг тооцож үзээгүй этгээдийн барилгыг шууд нураахаас өөр аргагүй. Яаралтай ажлын талбарыг чөлөөлж, шугам хоолойн гэмтлийг засах нь УБДС компанийн үүрэг. Хэрэв ид өвлийн цагт барилга доор орчихсон дулааны шугам сүлжээ гэмтчихээд засч чадахгүй нөхцөл үүсвэл цаана нь буй олон өрх гэртээ гал түлэх, паар нь хөлдөх аюултай. Төдий хэмжээгээр бүдүүн хүзүүтэй, бодлогогүй этгээдийн барилгаас хэдэн зуу дахин их хохирол үүсэх юм. Нөгөөтэйгүүр дулааны шугам дээр байршсан байгууламж нь тэсрэх бөмбөг дээр байгаагаас өөрцгүй хэмээн хэлэх хүн бий. Жишээ нь, дундаж шугам хоолой хагарвал маш их даралттай ус шахдаг учраас дээр нь буй бага хэмжээний байгууламж дэлбэрч, бутрах гэнэ. Энэ бүхэн нь шугам хоолой дээр, түүнээс долоон метр орчимд юу ч бариад хэрэггүй гэдгийг сануулна.

“МАК: Шугамаа зайлуул, барилга барья”


Аж ахуйн нэгжүүд, ялангуяа барилгын компаниуд дулааны шугамын хамгаалалтын зурвасыг барилгын талбай болгож хардаг. Саяхан “МАК” компаниас 41 давхар барилга босгох гэж байгаа тул шугам сүлжээгээ зайлуулж өгөхийг шаарджээ. Боломжгүй гэдгээ учирлаж тайлбарлатал өөрсдийн хөрөнгөөр өөр газраар тойруулж өгье хэмээсэн аж. УБДС компани зөвшөөрөөгүй учраас тэднээс дээгүүр “харж” холбогдох яам, агентлагаар хөөцөлдөж байгаа бололтой. Энэ мэт ашиг хонжоо хөөцөлдсөн арилжааны байгууллагууд нийслэлийг дулаан, уух устай байлгаж буй төрийн нэгжийн ажилд хүндрэл учруулдаг аж. Үүний тодхон илрэл нь зөвшөөрөлгүй барьсан барилгаа дулаанд холбуулахыг шаарддаг явдал. Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өссөн. Гэтэл хотын зүүн хэсэгт дулаан доголдох нөхцөл үүсээд байгаа аж. Тиймээс Зайсан орчим, Баянзүрх дүүргийн зарим хэсэгт шинээр дулаан олгох зөвшөөрөл өгөхийг түр цуцалжээ. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 88 барилгад 64.29 Гкал/цаг дулааны хэрэгцээ шаардагдаж буй юм. Үүнээс Баянгол дүүрэгт 35, Хан-Уул дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 22 барилга зөвшөөрөлгүй сүндэрлээд байна. Жишээ нь, “Саруул Тэнгэр” хороолол барилгын зөвшөөрөлгүйн улмаас өнгөрсөн онд дулаанд холбогдож чадаагүй. Өөрсдөө галлаж, жижиг станцаар халаасан гэнэ. Харин энэ жил УБДС компанид дахин хандаад байгаа аж. Дур зоргоороо барилгаа босгочихоод “Нэгэнт дуусчихсан өндөр барилгыг нураалтай биш, заавал дулаан, цахилгаан залгуулна” гэх хандлага барилгын компанийн дунд түгээмэл болсныг дээрх нөхцөл харуулна. Гэвч хууль журам зөрчсөн бол  хариуцлагаа хүлээж байхыг ойлгуулахын тулд дулаанаар хангахгүй гэв. Харин эрх зүйн болон албан ёсны зөвшөөрлийн дагуу ашиглалтад орж буй шинэ барилгын дулааныг цаг тухайд нь холбож өгөхөө Р.Хайдав дарга хэллээ. Мөн тэрээр цаашид зөвшөөрөлгүй барилга, дулааны шугам дамнан барьсан, хамгаалалтын зурваст халдсан байгууламж компанийн тухай мэдээлнэ гэсэн юм. Эдгээр байгууламж нь шугам хоолойд үүссэн эвдрэл гэмтлийн үед нурааж болзошгүй тул иргэд, худалдан авагч, бизнесийн байгууллагууд анхааралдаа авахыг хүслээ. Ялангуяа зээл олгож буй банк, санхүүгийн байгууллага шугам сүлжээний хамгаалалтын зурвас, газрын зургийг сайтар нягталж, эрсдэлтэй зээл гаргахгүй байхыг сануулсан юм.

Дахин төлөвлөлтийн орон сууцны 50 хувийг хангана

Энэ бүх хүндрэлээс гадна өөр нэг бэрхшээл бий. Агаарын шугам буюу дулааны ил хоолойн тулгуурыг гэмтээх, шугамыг нурааж болзошгүй аюул олон гардаг. Жишээ нь, Нисэх рүү дулаан, цэвэр ус дамжуулах хоолойн хажууханд барилгын ажил эхлүүлэхээр 3-4 метр гүн ухжээ. Тулгуурын сууринд хэтэрхий ойрхон ухсан тул өндөр эрэг нурж болзошгүй юм. Хэрэв нурвал нэлээд урт шугам хоолой хугарч, Нисэх, Яармаг тэр чигтээ усгүй болох эрсдэлтэй. УБДС-ний хамт олон шуурхай ажиллаж зөрчил гаргасан этгээдээр өндөр эргийг буцаан булуулж эхэлжээ. Өнгөрсөн оны өвлийн хүйтэнд мөн энэ орчимд замын хальтаргаанаас үүдэж маш том осол гарах дөхсөн. Тодруулбал, машинтай иргэн замын хажуу руу унахдаа шугам хоолойг гэмтээснийг мэргэжилтнүүд хурдан зассан. Хэргийн эзэн саатуулагдаж, автомашин журмын хашаанд нэг сар болж, шүүх хурлаар хэлэлцсэн ч өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй сунжирч яваа гэнэ.
Бусдын буруутай үйлдэл, гөжүүд зангаас болж дээрх асуудлууд ар араасаа цуварчээ. Харин компанийн үйл ажиллагаанаас хамаарах бас нэгэн хүндрэл үүсч буй нь даацаа давсан дулааны хэрэглээ. Горимын ажиллагаанд доголдол үүсч болзошгүй газрыг 3, 4 дүгээр хороолол, хотын төв, 13 дугаар хороолол, 12, 16 дугаар хороолол хэмээн тодорхойлов. Түүнчлэн нийслэлийн удирдлагаас зохион байгуулж буй дахин төлөвлөлт, шинээр байгуулах хорооллыг дулаанаар хангах асуудал сонирхол татаж буй юм. УБДС компани хотын захын шинэ хорооллын дулааны хэрэглээг бүрэн хангаж чадна. Харин Гандан, МҮОНТелевиз, Дэнжийн мянга, 100 айл буюу долдугаар хорооллын хэрэгцээг 50 хувьтай хангана гэдгээ илэрхийлэв. Гэхдээ үүний тулд Амгалан дулааны станц болон Дөрөвдүгээр ДЦС-ын дэд станцыг тус тус ашиглалтад оруулсан байх шаардлагатай. Мөн шугам сүлжээгээ өргөтгөх, тоног төхөөрөмжүүдээ нийслэлийн өмчид шилжүүлэн ашиглахыг зөвлөж байгаа юм. 2003-2007 онд “Дулааны үр ашгийн төсөл” хэрэгжиж багагүй үр дүнд хүрчээ. 16 ширхэг насосыг шинэчилж, хэрэглэгчийг үндсэн сүлжээнээс тусгаарлах зориулалттай халаалтын 417 төхөөрөмж суурилуулсан аж. Харин орон сууцанд 979 холигч насосны узель байршуулжээ. Эдгээр систем нь гадаах агаарын температураас хамаарч дулааны хэмээ тохируулдаг ухаалаг төхөөрөмж гэж болох юм. Нөгөөтэйгүүр хуучин барилга буюу угсармал орон сууцыг өвлийн цагт дулаалж байх нь алдагдал багатай ажиллах нөхцөл бүрдүүлдэг. Өнөөдөр манай нийслэлд мянга гаруй угсармал барилга байдаг. 25-35 жил ашиглаж буй орон сууцны хана, шал, тааз зай завсартай болж, дулаан алдагдах нь ихэсдэг аж. Тодруулбал, дулааны алдагдлын норматив хэмжээнээс 35-40 хувь илүү байгааг хэмжих төхөөрөмжөөр илрүүлжээ. Улаанбаатар дулааны сүлжээ компанийнхан хуучин барилгыг хөөсөнцөр буюу полистрол материалаар дулаалвал алдагдалгүй болгох боломжтой хэмээн дүгнэж байна.


Дулааны шугамын чанх дээр 33 барилга сүндэрлэжээ

Дулааныг хэмжих нэгж нь калори. Харин шугам сүлжээний мэргэжилтнүүд хийж буй ажлаа цагт хэчнээн калори зарцуулж буйгаар тодорхойлдог. Оны эхний хагасын байдлаар дээрх гурван станцаас дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал цагт 1585 Гегакалори/Гкал/ хүрсэн гэнэ. Цаашид шинээр барьсан барилга, орон сууц, байгууламжуудад шаардлагатай хэрэглээг нэмж үзвэл эх үүсвэрийн дутагдалд орох төлөв гарчээ. Өөрөөр хэлбэл, дулаан хангамжийн хүчин чадал цагт 1585 Гкал байгаа бол энэ жил шинээр 107 Гкал дулааны эрэлт нэмэгдэх аж.
Сүүлийн дөрвөн жилд улсын төсвийн 29.3 тэрбум төгрөгөөр 32.7 км урт дулааны шугам өргөтгөн шинэчилжээ. Мөн даралт нэмэх таван насосын хүчин чадлыг сайжруулж, шинээр нэг насос ашиглалтад оруулсан байна.

Б.Ганбилэг
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан