Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.НАЧИН: ЦЭРЭГ БАЙХДАА ОХУ-ЫН “ОНЦ ХИЛЧИН” БОЛСОН

Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг гурван үеэрээ хамгаалсан эрхэм бол бэлтгэл дэд хурандаа С.Начин. “Манай өвөө, аав хоёр цэргийн хүн байлаа. Дайнд ч оролцож явсан. Энэ баатарлаг түүхийг таслахгүйн тулд эхнэртээ ч хэлэлгүй нууцаар цэргийн албанд морьдсон доо” хэмээн хуучлах түүний бахархал эх орны минь эхлэл хилийн сүлдэт багана. “Цэргийн сургууль төгсөөгүй болохоор хурандаа цол авч чадалгүй гавьяандаа гарсан даа. Гэхдээ чамлах зүйл юу байхав. Би чинь ОХУ-ын “Онц хилчин” хүртэл болж явлаа” хэмээн хүүрнэх тэрээр “хилчин” гэх алдраа үүрч, алба хашиж явсан хилийн 0130 дугаар ангийнхаа түүхт 80 жилийн ойд хүрэлцэн ирээд байхад нь энгийн яриа өрнүүлсэн юм.

-Таныг бага залуу байх үед цэргийн алба бол эр хүний аархал байсан биз дээ. Гурван жилийн цэргийн алба хаагаад ирчихсэн залуу бол нутаг усандаа хүндтэй байсан үе. Чухам яагаад хилтэй холбогдчихов?
-Би чинь уг нь Ховдын Цэцэг сумын хүн. Ховддоо Хөдөө аж ахуйн техникум төгсөөд, “Буянтын мал аж ахуйн машинт станц”-д механикч хийж байгаад 1964 онд Эвлэлийн үүрийн дарга боллоо. 1965 оны цэрэг татлагаар  эх орноо өөрийн биеэр хамгаалах хүсэл оргилж цэргийн албанд морьдож байлаа. Миний өвөг эцгийн ах нь Ард Аюуш хэмээх Цэцэг нуурын дугуйланг үүсгэн байгуулж явсан хүн бий.
Харин аав маань Халх голын дайнд оролцож явсан Санжмятав гэгч. Өвөг, аав хоёр маань эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан болохоор би ч гэсэн тайван цагт тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх нь миний үүрэг гэж шийдээд өөрийн саналаар цэргийн албанд орсон. Тухайн үед эвлэлийн үүрийн дарга мэтийн хүмүүсийг цэрэгт татдаггүй байсан. Сэлэнгэ аймгийн хилийн 0101 дүгээр ангид хоёр жил зургаан сарын хугацаанд цэргийн албыг түрүүч цолтой бага даргын үүрэг гүйцэтгээд 1967 онд офицер болсон.
-Таны офицер болоод томилогдсон анги бол хилийн 0130 дугаар анги шүү дээ. Анх энд ирж байсан тухайгаа дурсахгүй юу?
-Баруун хязгаарыг товхинуулж энэ отрядыг дахин байгуулж байх үед эвлэлийн үүрийн даргаар томилогдон ирж байсан. Тэр цагаас хойш намын комиссын дарга, маневир ротын даргаар 15 жил ажилласан. Миний гэр бүлийн хүнийг Жаргал гэдэг. Анхны эмэгтэй ахлагч нарын нэг. Мөн л 14 жил энэ ангид ажилласан даа.
-Эндээ 15 жил ажиллачихаад буурь сэлгэсэн хэрэг үү?
-Хилийг бэхжүүлэх хойд хилийн отрядуудыг дахин байгуулах үед Сэлэнгэ аймагт  томилогдон 27 жил ажилласан.
-Гурван жилийн цэргийн албаны  хажууд ганц жилийн цэргийг ямар цэрэг гэх үү гэдэг. Энэ асуудал дээр хилчин хүн өөрийн бодлоо хуваалцвал сонин байх?
-Аливаа зүйл үе үеэрээ л байдаг. Хүн цаг үеийн бүтээгдэхүүн. Бидний үед бол улс орны хөгжил ирээдүйн тухай бодож байсан ч юм уу бүү мэд. Ямар ч байсан Монгол гэдэг нутаг байх ёстой. Эх орноо хойч үедээ үлдээх ёстой гэсэн бодолтой л тэмцэж явлаа шүү дээ. Миний аавын алба хаасан таван жил бол буу мөрнөөсөө салгалгүй үргэлж л дайтаж, амьд ирсэн нь азтайд тооцогддог байсан цаг. Гурван жилийн цэргийн алба хашидаг байх үед БНХАУ зэргэлдээ орших социалист гэж хэлэгдэж байсан орнуудаас харьцаагаа тасалсан нь манайд хилийн болоод улс орны байдалд аюултай хүндрэл учруулсан. Энэ үед манайх өмнөд хилээ бэхжүүлэх арга хэмжээ авсан нь маш ухаалаг бас бахархалтай үйл явдал. Энэ үеийн гурван жилийн цэрэг ухаан суусан, хатуужсан, бие хаа нь хөгжсөн сайхан залуус албанаас халагддаг байсан. Нэг жил бол маш бага хугацаа. Бид хоорондоо ярьдаг юм. “Махир хөлтэй нөхөр л цэрэгт явсан. Тэр хэвээрээ л буцаад ирж” гээд. Нэг талаараа ийм ч гэсэн нөгөө талаараа хүмүүсийн боловсрол дээшилснээ дагаад бидний гурван жил заалгасан бүх зүйлийг нэг жилийн дотор сураад, хийгээд л явчихдаг. Тийм учраас хүндрэлгүй л дээ. Тэгэхээр цэргийн алба хэр хугацаатай байх нь миний бодлоор нэг их чухал зүйл биш.
-БНХАУ-д цагийн байдал хүндэрсэн үеийг одоогийн тайван цагийн хажууд бараг л хүйтэн дайнаас дутахааргүй хүнд байсан гэдэг. Тэр үед шинэхэн офицер хилээ хэрхэн хамгаалах талаар өөрийн тактикаа битүүхэн боловсруулж л явсан биз?
-Ер нь, юу юугүй байлдана гээд л бэлэн байдалд ажилладаг байлаа. Биднийг Сэлэнгэд цэргийн алба хааж байхад Европт сурч байсан бүх хятадуудыг буцааж татсан. Суудлын вагоноор явж байсан бүх хүнд Маогийн улаан номыг хүчээр өгөөд, Москва, Улаанбаатарын төмөр замын өртөөн дээр үймээн их гардаг байсан үе. Энэ үед манайхруу довтлохгүй гэсэн баталгаа байгаагүй. Тийм учраас байнга л бэлэн байна. Одоогийнх шиг задгай энгэртэй олон сольдог хувцас байгаагүй. Шинелиэ тайлахгүй, ташаанд үргэлж буу цэнэгтэй. Хэзээ дуудсан ч бэлэн л явдаг байсан.
-Тухайн үед хилийн зурвасаа тусгаарлаж тор татаагүйгээс манайхан харуулд явахдаа төөрөөд хил зөрччихөөд шийтгүүлсэн олон тохиолдол байдаг юм билээ. Таны үед ийм айхтар зүйл болж байв уу?
-Манай талаас хил зөрчөөд гарсан зүйл миний үед нэг их байгаагүй ч гэсэн өөрийн орондоо амьдрах аргагүй болсон хүмүүс гэр бүлээ дагуулан хилээр орж ирдэг байсан. Тэднээс нэлээд хэсгийг нь хилийн сумдуудад суурьшуулсан зүйл бий. Тэр үед хоорондоо зай нь хол хилийн баганатай. Тэрийг нь хилчид л мэддэг байсан. Хятадууд хилийн харуулаа манайхруу их тулгаж байрлуулна. Тийм болохоор аюул занал хэзээ бол хэзээ орж ирэхээр байсан.  
-Хүмүүс эх орондоо хайртай гэх ч энэ хайрыг хилчид хамгийн ихээр мэдэрч байдаг юм шиг. Таны хувьд хилчин болсны бахархал?
-Наад зах нь л гэхэд хилчид их тэсвэр тэвчээртэй болдог. Өлсөж, цангаж, нойр дааж, явган явж сурдаг. Үүний буянд 70 гарчихсан мөртлөө хөл тэгш, хараа хурц хэвээрээ л байна. Нөгөө талаар их найрсаг болдог. Нэг нэгэндээ их хүндэтгэлтэй ханддаг. Одоо ч гэсэн би хамт алба хааж явсан нөхдөө гэр бүлийнхэнтэй нь овог нэрээр нь хэлж чадна. Түрүүлж хорвоогоос одсон нөхдөө ч насан туршдаа дурсаж явдаг юм.
-Таны энгэрт их олон одон медаль байна. Хилчдийн хамгийн үнэтэй шагнал бол “Онц хилчин” тэмдэг гэдэг. Энэ хүндтэй шагналыг хэзээ авч байв?
-Намайг Сэлэнгэд цэргийн алба хааж байхад Нийгмийг аюулаас хамгаалах ангийн 45 жилийн ой болоод, ойн бөхийн барилдааны үеэр Нэхийт баатрыг дуудаад “Онц хилчин” тэмдгээр шагнасан. Тэр үед би гайхаад “Та энэ тэмдгийг хэддэх удаагаа авч байна” гэсэн чинь “Монгол Улсын баатар, Сүхбаатарын одон тэмдгийн оройд ганц л тэмдэг байдаг. Би “Онц хилчин” тэмдгийг анх удаагаа авч байна” гэсэн. Тэр үед л энэ тэмдгийн үнэ цэнийг мэдэрсэн дээ. Би 1998 онд авсан. 1990 онд тэтгэвэртээ суучихаад 1993 онд буцаж орж ажилласан юм. Хэрэв Хил хамгаалах байгууллага намайг буцаж татаж аваагүй бол би одоо хүртэл энэ тэмдгийг энгэртээ зүүхгүй л байсан. Гэхдээ 1964 онд би цэрэг байхдаа ОХУ-ын “Онц хилчин” тэмдгийг авсан. Хиагтаас нэг оргодол оргосныг нь манайд мэдээлсний дагуу бид гурван өдөр, шөнө хориглолт хийж байж оргодлыг барьж өгсөн учраас ОХУ-аас талархалаа илэрхийлж, энэ тэмдгийг өгсөн юм.
-Хилчдийн ар талыг хамгаалж дааж явдаг ар гэрийнхэн нь хамгийн их үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Гэр бүлийн хүнээ дээр танилцуулсан шүү дээ. Бид уг нь зургаан хүүхэд төрүүлээд, хоёр нь эндчихсэн юм. Одоо дөрвөн сайхан хүүхдээ түшээд сайхан л байна.
-Хилчид ийш тийш томилогдоод л явахаар гэр бүлийнхэн жаахан зутардаг юм шиг...?
-Хилчдийн гэр бүл хилчин л гэсэн үг. Одоо бол гэр бүлийн эмэгтэйчүүд цэргийн алба хаах болж. Миний залууд хилчин хүний гэр бүл дээд боловсролтой байна уу, багш байна уу, эмч байна уу огт хамаагүй бүгд л гэрийн ажилтан болохоос өөр аргагүй байсан. Ачааны хүндийг үүрч, өвдөх ч эрхгүй амьдрах ёстой хүмүүс бол хилчин эмэгтэйчүүд. Манай гэр бүлийн хүн бол их хүнд зам туулсан даа. Өөрөө хилийн албанд зүтгэнэ, гэр орноо авч явна, хүүхэд төрүүлж өсгөнө. Гэхдээ одоо эргээд харахад энэ бүхэн ханьдаа үнэнч, эх орондоо хайртай байсных нь баталгаа.
-Ирээдүй хойчийн хилчдэд үнэтэй сургаалиа хайрлаач...?
-Орчин цагт чинь телевизор, интернэт гээд техник технологи хөгжсөн болохоор залуучууд уншихаа хойш тавиад, үзэж харахдаа цаг их зарцуулаад байх шиг харагддаг юм. Би эх орны тухай аугаа найрагчдийн шүлэг, найраглалыг унших дуртай.  Тэднийг уншихаар л эх орныхоо үнэ цэнийг улам мэдэрдэг. Тийм ч учраас хилчдийг эх орны сэдэвтэй зохиол бүтээл олныг уншиж байгаарай гэж уриалмаар санагддаг.

Ийн ярилцсаар С.Начин гуайн гэргий Б.Жаргал эгч дээр очлоо. “Цэргийн эмэгтэйчүүд их даруухан, үг цөөнтэй. Амнаас нь илүү үг унагана гэдэг хэцүүхэн зүйл” хэмээн замдаа бодсоор алхлаа. Гэтэл ахлах ахлагч цолтой Б.Жаргал эгч инээмсэглэн, асуусан зүйлд дуртай нь аргагүй хариулж, мөн л сайхан яриа хөөрөө өрнүүлсэн юм.

Б.ЖАРГАЛ: НӨХӨР МААНЬ НАДАД ХЭЛЭЛГҮЙ ЦЭРЭГТ ЯВСАН

-Хилчдийн ар гэр наанаа гэрийн ажилтай мэт хэрнээ цаанаа застав, отрядын ар талыг хариуцаж байдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Буу үүрээгүй болохоос биш хилчид шүү дээ. Гэр орноо өөд татахаас гадна цэргүүдээ усанд оруулна, хооллоно, холбоогоо барина гээд хийхгүй зүйл байхгүй.
-Та хоёр маань хэзээ гэр бүл болоод, хилээ манах замруу орчихсон юм бэ?
-Бид хоёр нэг сургуулийн оюутнууд. Ховдод ирээд танилцаж, амьдралаа холбоод хоёр хүүхэд гарсны дараа нөхөр маань цэрэгт явчихсан. Хоёр жил хагасын дараа офицер болж ирээд намайг аваад явсан. Бараг захиалга маягаар л намайг авч явсан даа. Хил дээр тусгай дунд мэргэжилтэй хүн ажиллуулна гээд дарга нь явуулсан байсан. Очоод л ахлагч болсон. Сэлэнгэд нэг их удалгүй 0130 дугаар ангидаа ирээд нууцын эрхлэгчээр ажиллаж эхэлснээс хойш 38 жил өнгөрчээ.
-Цэрэгт явсан нөхрөө хүлээнгээ хоёр хүүхдээ өсгөх бас л амаргүй шүү дээ?
-Хамгийн сонин нь манай нөхөр надад цэрэгт явахаа огт хэлээгүй. Бид хоёр сургуулиа төгсөөд би Увс аймагт гэр бүлийн хүн маань Ховдод ажиллаж байсан. Гэртээ ээжтэйгээ хоёр хүүхдээ хараад байж байтал ээж үхрийнхээ хашаан дээр гарчихсан цэргүүд татагдаж байна гэхээр нь би харчихаад “Нэг л баяртай гээд явуулсан бол гэрийнхэн нь яах гэж араас нь салбалзаж байдаг байна аа” гэсэн юм яриад өнгөрсөн. Түүнээс хойш 45 хоногийн дараа манай хүн утсаар яриад цэрэгт ирснээ дуулгасан даа. Хүн шоолоод байсан чинь нөхөр маань надад хэлэлгүй цэрэгт явчихсан байсан. Нэгэнт л явчихсан юм чинь ажлаа л сайн хийгээд хүүхдээ эрүүл өсгөе гэж бодсон. Хоёр жил хагас болоод ирэхэд нь хоёр хүүхэд маань аавыгаа танихгүй, бага охин маань аавыгаа “манайхаас яв” гээд л хөөнө. Их хөгтэй юм болж билээ.

-Тэгээд нөхрөө дагаад хилчин болчихдог байж. Тэр их ажлын хажуугаар амаржаад гэртээ суух завгүй л байсан байх. 45 хоноод л ажилдаа ордог байсан гэсэн?
-Дүүг нь тэргэнд хийж тавиад арай томд нь харуулчихаад л ажилдаа гүйчихдэг байсан. Ихэнхдээ л аав, ээждээ харуулсан даа. Төрөөд 45-аас илүү хоног амрах юм бол шууд албанаас нь халчихна. Дахиж тушаал гаргаж буцааж авдаг байсан болохоор 45-аас илүү хоног хүүхдээ харах ямар ч аргагүй байлаа.
-Нутгаасаа хол, ижий аавдаа очихгүй алба хааж байгаа мөртлөө бас хүүхдээ харуулна гэхээр хүндхэн хэрэг шүү?
-Тухайн үедээ бодож санах зүйлгүй л хүүхдээ хүргээд өгчихдөг байж. Гэхдээ эх орноо хамгаалж байсан маань бахархалтай шүү дээ. Нүдэнд харагдаад л байдаг. Би хилчин хүн шүү гэж бодохоор л сайхан. Өвлийн хүйтэнд цасанд суугаад “ГАЗ-66” машинтай явж байсан нь тухайн үедээ хүнд байсан ч одоо санахад сайхан л байдаг. Говьд элсэнд их сууна. Гутлаа тайлчихаад л хоёр банз зөөж тавьж өгсөөр байгаад машинаа гаргачихаад л суугаад явчихдаг байсан. Жолооч цэрэг “Та машин барьж сур. Би банз зөөгөөд, та машинаа баривал сэтгэл амар байхсан” гэнэ. Тэр үедээ ч хүнд хүчир санагддаггүй байж.
-Гэр бүлийн хүн тань удмынхаа баатарлаг түүхийг таслахгүй гээд өөрийн саналаар цэргийн албанд мордсон гэсэн шүү дээ. Танай хүүхдүүдээс үүнийг үргэжлүүлсэн хүн бий юү?
-Байхгүй ээ. Хэдийгээр цэргийн албанд ороогүй ч гэсэн хүүхдүүд маань хил дээр өссөн болохоор хилийн цэрэгт их элэгтэй. Уг нь нэг хүү маань мундаг хурандаа болно гэж ярьдаг байсан ч би хилрүү хүүгээ өгчих хүсэлгүй байсан. Хоёр биеэрээ, насаараа эх орны хилийг хамгааллаа. Энэ л хангалттай гэж бодсон. Гэр орондоо халамж муутай хүнд алба.
-“Онц хилчин”  энгэрт тань гялалзах тэмдгүүдээс нүдэнд содон туслаа. Хэзээ авсан бэ?
-1989 онд авсан.
-С.Начин гуайгаас түрүүлж авсан юм байна шүү дээ?
-Тэгсэн. Цолоор бага ч гэсэн түрүүлж “Онц хилчин” болсон. /инээв/ Гэхдээ том дарга нар чинь өөрсдийгөө тодорхойлох боломж гардаггүй байхгүй юү.

Б.Сүрэн

0 Сэтгэгдэл
tegeed yadag yum cham shig yumnuudiig mataj zailuulj bsan tuldaa uls maani tusgaar bgaa ch yum biluu hen medlee
дээр үеийн Улс Төрийн ажилтан (коммунист комисар)гэж ёстой нэг хогын товарищууд байж билээ. Хийдэг ажил нь дарга нарын хошного долоох, бусдыг шиншиж матаас бичих өөр ажил хийх мэдлэгэ боловсролгүй долигнож далганаж байж цэрэгт улираад авбал цаашлаад офицерийн бүрэлдэхүүнд ороод авбал нэг насныхан хүсэл биэлэж байгаа нь тэр дараа нь ёстой болосролтой мэдлэгтэй хүмүүст шавар хаана матаас хор 2-ыг харин чиг нэг гаргуун хийдэг байлаа
Хамгийн их уншсан