Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
ХАРМЫН СЭТГЭЛ ОГШООХ МОНГОЛЫН БАРУУН ХЯЗГААР

Улс доторхи улс. Харуул хамгаалалт, захирагч, үйлчилгээний ажилтан, хилийн зурвас, хоол хүнс гээд л энэ бүхнээ өөрийн нөөц бололцоогоороо шийдэж чаддаг газар бол хилийн отряд. Энд байхгүй зүйл гэж үгүй. 80 жилийн турш өөрсдийн түүхийг зөвхөн өөрсдийнхөө хүчээр л тэд бичжээ. Түүхийн жимээр алхахдаа алдаж оносон зүйл ихтэй ч тэдний талаар бичихэд сонины нэг нүүр багадах, нутгийн түшигтэй, 80 насыг зооглож яваа ууган отрядын төрсөн өдөрт уригдлаа.
Ховд аймгийн Үенч суманд байрлах Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, “Цэргийн алдар” алтан медальт, Монгол Улсын баатар армийн генерал Батын Доржийн нэрэмжит хилийн 0130 дугаар ангийн түүхт 80 жилийн ой энэ сарын эхээр тохиосон юм. Баруун хязгаар нутгийг хамгаалан 80 өвлийн хүйтэнг ажралгүй зогсч, 80 зуны нарыг хилийн баганаар сүүдэрлэн нутгаа манасан хилчдийн баярт ойг хамт угтахаар бидний хэсэг нөхөд замдаа гарлаа. Алтан шаргал зам ивээж, аян замдаа саадгүй явсаар зорьсон газраа хүрэхэд ангийн захирагч хурандаа Э.Энхтайван болон ангийнхан хүндэтгэн угтсан юм. Тэдний ярианаас ойн арга хэмжээнд бэлтгээд их ажил ундарч байгааг нь дуулсан ч хэрхэн ажиллаж, амьдарч байгаатай нь танилцаад хилчин хүний тэсвэр хатуужлыг үнэхээр нүдээр харсан юм. Өмнө нь тус ангид ажиллаж байсан гавьяандаа гарсан, өөр анги руу шилжсэн гээд олон зочид ирэх учраас бэлтгэх зүйл их. Бууриа сахиж, голомтоо залгасан өнөө үеийнхэн тэднийхээ нүдэнд ангиа өөдлөн дэвжиж байгааг харуулах гэж хичээх нь илт. Айл бүрийн ар талыг эмэгтэй хүн л хариуцаж өөд татдаг. Тэгвэл энэ айлын эмэгтэйчүүд ч гэсэн хамаг чадлаараа хичээн ажиллана. Шөнийн 02 цагаас үүрийн 05 цаг хүртэл нүднийхээ хорыг түр гаргаад л ажиллах бүсгүйчүүдийн ажил барагдана гэж үгүй. Өглөө босоод хоолны бэлтгэлээ хийнэ, өдөр жагсаал болон ойн концертоо давтана. Үүнийхээ хажуугаар зочдод үйлчилнэ. Ийм л нүсэр ажлыг хилчин эмэгтэйчүүд, хилчдийн эхнэр хариуцаж байлаа.
Говийн элсэн дунд орших энэ ангийн үүдээр ороход хангайг санагдуулам жагсаалын талбайгаа тойруулан тарьсан хус, улиасных нь үнэр сэнгэнэнэ. Тэдэн дунд ургах чацарганы мөчирт хараахан боловсорч гүйцээгүй жимс нь ногоорон харагдах нь арааны шүлс асгаруулна. Тус анги ойгоо угтаж олон бүтээн байгуулалт хийж, ангийнхаа өнгө төрхийг ч сэргээсэн нь ирсэн зочдын санааг амрааж, нурууг тэнийлгэсэн юм. Цэргийн алба хаагаад л тус ангид улиран хилчин гэдэг алдрыг насаараа зүүж яваа хүмүүсийн хоёр дахь гэр нь энэ анги. Энэ л модон дунд дүнхийх байшингуудтай холбоотой үүх, түүх уулзсан хүн бүр л ярих.
Түүхэн ойн өглөө... Бүрээн дуу хүнгэнэн, бөмбөр нижигнүүлэн алхах цувааг харсан ахмад хилчид цэх зогсоод ёслох нь эр чадлаа гайхуулж, олны бахдал болсон хурдан хүлэг наадам дөхөхөөр уяан дээр ирээд өөрийгөө уяхтай адил сүрлэг, бас бахадмаар. Насаараа ахлагч байсан өвөө ч өөрөөсөө залуухан офциеруудад хүндэтгэл үзүүлэхийг хараад цэргийн дүрэм ёсыг мэдрэх шиг.
Энэ ойн хамгийн хүндтэй зочин бол бэлтгэл хурандаа З.Хийс. Энэ хүнийг хилийнхэн “Эцэг” хэмээн авгайлах. Арга ч үгүй биз. Бүхэл бүтэн отрядыг 11 жил удирдан тэдэндээ аавынх нь оронд аав, ахынх нь оронд ах болон түшиж тулж явсан хүн нь юм билээ. Хүнийг барагтай л бол загнана гэж байхгүй. Харин нэг ёжтой жуумалзаад эхэлбэл дарга ууртай байна гэж мэддэг байсан гэх. Заставын даргаар ажиллаж байгаад 1973-1976 онд ЗХУ-ын М.В.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийг төгсч ирсэн шинэхэн офицер тэр оныхоо долдугаар сард Ховд аймгийн Хилийн 0130 дугаар ангид штабын даргаар томилогдож, зургаан сар ажиллаад, 1977 оны гуравдугаар сарын 1-нд тушаал нь гарч энэ отрядын даргаар томилогджээ. Олон булагийн заставын доод талд Цагаан шалын хоолой гэх хөндийд байдгийг буцах замдаа үзлээ. Бараг км-ийн зайтай босгосон 10-аад чулуун овоо байх. “Хийс хурандаагийн овоо гэж тэнд бий. Тэр үеийг дурсахаар одоо ч цээжинд цус амтагдаж байна шүү” хэмээн жаахан хачирлан ярьсан тэр үеийн цэргүүдийн яриаг санан санан явлаа. Түүхт ойгоороо тус ангиас олон хилчин алдар гавьяагаа үнэлүүлж, мөрдсөө сольж, энгэртээ гялалзах одон тэмдгээ нэмлээ. Үүний дотор хамгийн эрхэм шагнал нь ууган отрядын отгон цэргүүдийн заримд нь олгосон цол. Нэг жилийн цэргийн насан туршийн дурсамжийн гэрч болсондоо тун ч баяртай байлаа. Тэд насаараа түрүүч байсан тухайгаа бахдан ярина. Тэгэхдээ бүр эх орны баруун хязгаарыг сахиж явсан нь тэдний хамгийн том бахархал болох вий.
Хилчдийн сүрт алхаа, цэргийн гэж хэлэхийн аргагүй тэгсэн мөртлөө гэрийг маань үе үе сануулах амтат хоолонд нь бялуурсаар нэг л мэдэхнээ орой болжээ. Магадгүй энэ өдөр зарим хүмүүсийн хувьд хамгийн урт өдөр байсан ч байж болох. Гэхдээ ойн арга хэмжээг сурвалжлах, хилчдийн баяр жаргалыг хуваалцах үүрэгтэй бидний хувьд хамгийн богино өдөр байлаа.
Түүхэн ойн цэнгүүн бэлэн болжээ.
Армийн генерал Доржоор овоглосон
Арван баатрын гавьяагаар бахархсан
Алдар гавьяаны опон медалиудаа
Аранзал улаан тугандаа дээдэлсэн
Алдар түүхтэй Үенчийн отряд
Амжилт бүтээлээр арвин байна
Хийморь цогтой хилчин дайчин нь
Харуулын албандаа соргог байна... хэмээн цуурайтсаар эхэлсэн концертын үзүүлбэр бүр нь сонихон. Тус ангид Баян-Өлгий, Говь-Алтайн цэргүүд татагдан ирж алба хаадаг учраас тоглолтонд казах, захчин гэх үндэстнүүдийн язгуур урлагийн үзүүлбэр ч багтжээ. Алга нижигнүүлсэн тоглолт хоёр цаг үргэлжлэхэд ангийн соёлын төв хөл гишгэх зайгүй үзэгч дүүрэн байлаа. Тоглолт эхлэхээс өмнө хилчдийн сүр жавхааг биширсэн бол харин тоглолт дуусахад тэдний авьяасын талаар ярьсаар л...

Тайван цагийн хилчдэд боловсрол чухал

Ийм л бодлогыг Хил хамгаалах ерөнхий газраас ч баримтлан ажилладаг. 0130 дугаар анги ч дэмждэг. Тийм ч учраас ангидаа Хилийн менежментийн танхимыг байгуулжээ. 22 ширхэг компьютер, интернэт, 3,2 сая төгрөгийн үнэ бүхий дэлхийн сонгомол зохиол бүхий номоор тохижуулсан энэ тэнхимд тус ангийн харьяалалтай хэн ч ороод ном уншаад, бас эинтернэтийн сонин сайхнаар зорчиж болно. “Шинэ гарсан ном бүрийг худалдан авах гэж хичээдэг. Хүн нь хөгжиж байж, байгууллага урагшлана” хэмээн ярих ангийн захирагч Э.Энхтайванд ангийнхан ч ам сайтай. “Манай захирагч өөрөө ном сайн уншдаг. Биднийг ч ном уншуулах гэж чадлаараа л хичээнэ” гэх үг хүн бүрийн амнаас л гарна. Ямар сайндаа л эмэгтэйчүүдийн баяраар зохион байгуулсан тэмцээний үеэр “Ангийн захирагч менежмент ярьж, ном унш, ном унш гэнээ” гээд дуу зохиох вэ дээ.
Тус ангийн бас нэгэн содон зүйл бол ангийнхаа дэргэд “Өсвөрийн хилчид” гэх клуб нээн ажилуулж байгаа явдал. Сумынхаа болон хилчдийн хүүхдүүдийг хөгжүүлэх зорилготой. Энэ тэнд томилогдон ажиллах аав, ээжийгээ дагасан хүүхдүүдийн боловсрол багагүй орхигддог. Тийм ч учраас долоо хоногийн зургаан өдөр хоёр цагийн хугацаатай хүүхдүүддээ хятад хэл, теннис, бие бялдрын хичээл сургуулилалт заахаас гадна хоцрогдсон хичээлийг нь давтуулах, ном уншуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна. Хилчдийн шинэхэн парад хувцсаар жигдэрсэн “Өсвөрийн хилчин” клубын хүүхдүүдийн жагсаал ч ойн арга хэмжээний чимэг байлаа. Тэднийг өхөөрдөн бас хүндэтгэн харах хүн ойд оролцогч дунд олон байсныг ажсан билээ.

Сүрт жагсаалтай наадам ч гэсэн тэдний омогшил

Хүнд гайхуулах зүйл ихтэй байна гэдэг үнэ цэнэтэйнх. Бидний үзэг, цаасаар зэвсэглэсэн нөхдийг гайхуулах зүйл хилийн 0130 дугаар ангид арвин. Түүхэн ойн хоёрдахь өдөр хилчид Үенч сумын наадмын талбайд сумын наадмаас арай нүсэр наадлаа. Байлдааны хуягт тээвэрлэгч, машины цуваа, морь, тэмээн хөсөг, парад гээд л Сүхийн талбайд хаа нэг тэмдэглэлт өдөр зохиогддог сүрт жагсаал Үенч суманд боллоо. Ачааны машины тэвшин дээр бэхэлсэн турник дээр сэнс шиг эргэлдэх залуу, хилийн манааны өвөл, зуны хувцас, хуягт тээвэрлэгч, ижилссэн парад хувцас гээд л анх удаа биш ч гэсэн хамгийн ойроос харсан хилчдийн жагсаал. Хаа нэгтэйгээс “Эх орны хил ийм үнэ цэнэтэй байдаг юм. Тэр үнэ цэнийг өдөр бүр цээжиндээ агуулж явдаг хүмүүс бол хилчид. Тэднийг сайн харж ав” гээд тушаасан мэт жагсаалаас нүд маань огтхон ч салсангүй. 0130 дугаар ангийн захирагч Э.Энхтайваны хэлсэн үгээр нээлтээ тунхагласан наадамд 128 бөх зодогложээ. Бидний эгнээнд багтсан 25 дугаар суваг телевизийн зураглаач А.Ууганболд ч гэсэн энэ тоонд багтлаа. Сэтгүүлч нөхдийгөө төлөөлж наадамд зодоглосон бөх маань нэгийн даваанд шинэхэн байлдагчид унаж, өвдөг шороодсон ч аяллын багийн маань барцдыг арилгалаа хэмээн бэлгэшээн ерөөл дагуулснаар бидний хувьд наадам сайхан боллоо.

Эх орны амь хилчдийн зүрхэнд бий

Баруун хязгаар нутагт түүхэндээ хамгийн олон тулгаралт болсон гэдэг. Осман, гоминданы үлдэгдэлтэй дайтах, хилээ хамгаалах гээд энд хамгийн олон цэрэг эрийн цус урссан газар. Одоо ч нэр нь үл тогтоогдох хилчний хэрэглэж явсан эд зүйл олдсоор байгаа энэ газар тийм их үнээр олдсон гэдгийг сонсох бүр агаарыг нь ахиухан амьсгалах ч хайран. Ийм л хайрлах зүйл арвинтай эх орны минь жинхэнэ амь хилчдийн зүрхтэй нэгэн хэмд цохилж байдгийг хилийн сүлдэт багана дээр очих бүрийдээ мэдэрч явснаа нуух юун.
Байтаг богд, Алтайн уулсаа түшин орших энэ отрядад бахархах түүх арвин. Тайван цагт сонсоход үлгэр ч юм шиг баатарлаг түүх энэ ангийн хамгаалах бүсэд хэдэн зуугаараа мөнхлөгдөн үлджээ.
Түүхт 10 баатарын гэгээн алдар ч гэсэн энэ л ангийн түүхийн шаргал хуудаснаа зурайна. Монгол Улсын баатар Б.Тэгшээгээр ахлуулсан есөн баатар 130-аад дайсны эсрэг тулалдаад арга ядаж хүчгүйдэхдээ Б.Тэгшээ өөрийн сартай хүрэн морио С.Пэлжээд унуулан давхиулж хэл хүргэхийг үүрэг болгоход 35 км-ийг 45-хан минутанд туулан төв рүү хэл өгсөн ч нэгэнт оройтжээ. Довтлох дайсантай тулсан үед алтан амиа ч үл хайрлах тангаргаа санан хугарсан хөл нь шөрмөсөн дээрээ л тогтож байсан Монгол Улсын баатар Б.Тэгшээ эцсийн гранатаа өөр дээрээ дэлбэлэн дайсны олон цэргийн хамт амь үрэгдсэн гэдэг. Харин алдарт сартай хүрэн энх цагийн хилчдийн дунд амьдарсаар байсан тухай хилчид ам уралдуулан ярина. Энэ л түүх эх орны минь үнэ цэнэ. Бас тус ангийн бахархал.
80 өвөл, 80 хавар, 80 зун, 80 намар. Өтөл насандаа яваа ч 18-т шиг л дүүхэлзэх баруун хилийн түүхийн арвин жимд саатаад ирлээ. Энэ түүх ихээ урт бас ихээ өргөн аж. Тийм ч учраас зах зух руу нь хөл тавьснаа сийрүүлсэн маань энэ.
Хилчин нөхрөө харуулаас ирэхэд нь халуун цай, хоолтой угтах гэж цагаа харан, нойроо хугаслах бас сэтгэлээ эмтлэн хүлээх эхнэр хүний хэвлийд амгалан бойжих ирээдүйн хилчнээс эх орон маань эхэлдэг ажээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
сайхан нийтлэл болжээ. хамт олондоо баярын мэнд хүргэе
Baatar tegsheegiin huren halzaan gej
Хамгийн их уншсан