Дэлхий дахинаа нэгдүгээр дайнаас хойш аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжсөн бөгөөд XX дугаар зууны хамгийн хурдацтай хөгжсөн салбар хэмээдэг. Эдийн засгийн хэлээр “Дэлхийн эдийн засаг, мөнгөний эргэлтийг хөдөлгөгч нийгмийн хөдөлгүүр” хэмээн тайлбарлаж болох уг ойлголтыг “утаагүй үйлдвэрлэл”, “үл үзэгдэгч экспорт” гэх сонгодог утгаар нь хөгжүүлж буй улс орон цөөнгүй. Аялж, жуулчилна гэдэг цүнх, аппаратаа үүрээд хэрэн хэсч явах тухай ойлголт биш. Тухайн жуулчин очсон газар орондоо тодорхой хэмжээний валютыг хоол хүнс, унаа тээвэр, үзвэр үйлчилгээ гээд өдөр тутмын бүхий л хэрэгцээндээ зарцуулдаг нь бизнесийн харилцаанд орж буй бүтээгдэхүүн болдог аж.
Байгалийн баялаг, ашигт малтмалаар хомс, газар тариалан эрхлэх боломжгүй улс орнууд нийгэм, эдийн засаг, төсөв хөрөнгийнхөө гол эх үүсвэрийг аялал жуулчлалын орлогоороо бүрдүүлэх нь цөөнгүй. Аливаа улс оронд нэг жуулчин ирэхэд ойролцоогоор 20-30 ажлын байр идэвхждэг нь дээрх үзүүлэлтийг илтгэх биз. Өнөөдөр аялал жуулчлал нь дэлхийн үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувь, худалдаа үйлчилгээний 30, хөрөнгө оруулалтын долоо, хэрэглээний зардлын 11, татварын орлогын тав, экспортын 10 хувийг эзэлж, хөгжлийн хурдаараа нефть, авто машин үйлдвэрлэлийн дараа орж байна. Дэлхий даяар уг салбарт 250 сая хүн ажиллаж байгаа нь арван ажлын байр тутмын нэг. Олон улсын аялал жуулчлал сүүлийн хагас зуун жилд 30 дахин өссөн ба XXI зууны эхээр 670 сая жуулчин аяласан гэсэн судалгаа байна. Ийм учраас аялал жуулчлал нь хязгааргүй нөөц бүхий “баялаг”, ирээдүй, нийгэм эдийн засаг, хөгжил дэвшлийн хөдөлгүүр юм. Хилийн чанадаас хэдэн ногоон халаасалж ирсэн жуулчнаас түүнийг нь хэрхэн эвтэйхэн салгаж чадна, тэр хэмжээгээр улс орны хөгжилд үзүүлэх нөлөөлөл өснө. Эвтэйхэн гэдэг үгний цаана өргөн цар хүрээ бүхий ойлголт агуулагдах аж. Товчхондоо, ирсэн жуулчинг өндөр сэтгэл ханамжтай буцааваас эргэн ирэх, гэр бүл найз нөхөддөө тухайн улс оронд амарч, аялж зугаалахыг санал болгох зэргээр эерэг үр өгөөжөө өгч эхэлдэг.
1954 оны аравдугаар сарын сарын 2-ны өдөр БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 507 тоот тогтоолоор Худалдааны яамны дэргэд жуулчинд үйлчлэх “Жуулчин” товчоог байгуулснаар Монгол Улсад аялал жуулчлалын салбарын эх суурь тавигдсан гэдэг. Гэвч үндсэн зорилго чиглэлийнхээ дагуу үйлчилгээ явуулдаг гэхээсээ илүү тухайн үеийн ах дүү, найрамдалт улс орнуудын сайд төлөөлөгч нарт зориулагдсан үйлчилгээ байсан гэдэг. 1990 онд нийгэм цаг үе солигдож, ардчилсан нийгмийн тогтолцоог сонгосноор дэлхий дахинд хаалттай байсан манай улс үүд хаалгаа дэлгэсэн нь энэ салбарын үндсэн үйл ажиллагаа тодорхойлогдсон гэж болно. Тэр цагаас хойш 20 жилийн хугацаанд манайд ирэх жуулчдын тоо өссөөр л байна.
Гэвч сайн, муугаар саваа дүүргэдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Айлчлан ирэх жуулчдын тоо өссөөр байгаа ч сүүлийн 20 жилд нэг ч удаа хөрөнгө оруулалт хийгдээгүй эл салбарыг тойрсон толгой өвтгөсөн асуудал цөөнгүй. Наад зах нь ирсэн хэдэн жуулчдаа аятай тухтай амраах зочид буудал, нийтийн бие засах газар цөөн. Жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ гэхээр юм байхгүй. Нэг машинд суулгаж аваад л шороон замаар давхиулж, давхиулж хэдэн зураг даруулсан болоод л буцаагаад явуулчихна.
Гэтэл аялал жуулчлал дэд бүтцийн хөгжлөөс шууд хамааралтай ойлголт. Өнгөрөгч долоо хоногт Жуулчны мэдээллийн төвийг албан ёсоор нээлээ. Хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэдий ч албан ёсны нээлт, үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлоогүй байсан тус төв ашиглалтад орсноор жуулчдыг аюулгүй байдал, мэдээ мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэх аж. 24 цагийн лавлах утсаар үйлчилгээний ажилтнууд англи, герман, солонгос хэлээр мэдээлэл өгөх гэнэ. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх тухайд Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын албатай хамтран ажиллах ба жуулчин эд зүйлээ хулгайд алдах, халдлагад өртөх зэрэг гэмт хэргийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх гэнэ. Мөн “жуулчны аюулгүйн санамж”-ийг гаргасан ба нийслэл, орон нутагт жуулчлах хугацаанд дагаж мөрдвөл зохих мэдээ мэдээллүүдийг багтаасан аж.
Нээлтийн үеэр тус төвийн захирал Д.Баттулгатай ярилцлаа.
-Төвийн үйл ажиллагааны онцлог юу вэ?
-Нийслэлийн аялал жуулчлалын хөгжилд цоо шинэ хуудас нээсэн үйл явдал болж байна. Улаанбаатар хотод ирсэн жуулчид нэг цэгээс бүх төрлийн мэдээ мэдээлэл авч болох төв нээгдлээ. Энэ төвөөр зөвхөн гадаадын жуулчид бус дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэд маань үйлчлүүлэх боломжтой. Мөн нийслэлд аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд хамгийн ихээр төвлөрсөн байдаг учир үйлчилгээний чанар сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнээс хамаарна. Тиймээс аялал жуулчлалын үйлчилгээг дэлхийн жишигт хүргэсэн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийн тулд төвийнхөө дэргэдэх сургалтын төвөөр дамжуулан бэлтгэнэ.
-Манай улс жуулчдад халтай орнуудын жагсаалтад дээгүүр байдаг. Жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Ер нь, хамгийн амгалан тайван орнуудын тоонд Монгол ордог. Гэхдээ бид тайвширч болохгүй. Бидний зүгээс хэв журмын цагдаа, автобус компани, такси баазууд гэх зэрэг жуулчдад үйлчилдэг олон ч газартай хамтран сургалт зохион байгуулж байна. Жуулчдыг дахин ирүүлэх сэтгэгдэлтэй буцаахын тулд бид маш их ажил хийх ёстой. Үүний нэгээхэн хэсэг нь энэ төв юм.
Ямартай ч, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаа. Одоо үйлчилж буй нь төдийлөн бүрэн төгс биш ба энэхүү шинэчилсэн найруулгад нэгдүгээрт жуулчны аюулгүй байдлыг хангахаар тусгажээ. Түүнчлэн жуулчдад үйлчлэх тур оператор, баазууд, гуэст хаус зэргийг нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулж, стандарттай болгох гэнэ.
Дэлхий нийтийн аялал жуулчлалын чиг хандлага адал явдалт, эко жуулчлал, тусгай сонирхлын, тойрон аялал жуулчлал давамгайлж байна. Манайх өнгөрсөн онд 483 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд энэ эрчээрээ өсвөл 2020 он гэхэд нэг сая гаруй жуулчин хүлээн авах ажээ. Дэлхий даяар аялж жуулчлах хүсэлтэй мянга мянган жуулчин, тэдний хүсэл сонирхол байсаар байгаа цагт эл салбар уналтад орохгүй нь мэдээж. Манайх шиг эдийн засгийн чадавхи муу хэр нь байгалийн сайхан бүрдсэн, дэлхийд өөр хаана ч байхгүй ёс заншил, соёл уламжлалтай улс оронд аялал жуулчлалыг өндөр хөгжүүлэх бүрэн боломж бий.