Монголын шинжлэх ухааны академийн олон улсын судалгааны тэргүүлэх ажилтан, Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн улс төрийн зөвлөлийн гишүүн, түүхийн ухааны доктор, профессор Лувсангийн Хайсандайг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн “Найрамдал” одонгоор шагнасныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко гардуулан өглөө.
Улс хоорондын эв найрамдал, хамтын нөхөрлөлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүмүүст энэ одонг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1994 оноос эхлэн олгодог болсон билээ. Өнгөрсөн оны сүүлээр энэхүү шагналаар МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам багшийг шагнасан юм.
1990 он гарснаас хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал авсан тохиолдол ховорхон билээ. Тийм учраас бид түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
-“Найрамдал” ордон хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач. Таны хөдөлмөрийг чухам юуны учир ийн үнэлсэн гэж бодож байна?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Оросын төр засгийн өндөр дээд шагнал “Найрамдал” одонгоор намайг шагнасанд их баяртай байна. Энэ шагналыг хүртэх болсон шалтгаан бол би гэдэг хүн хуучин ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэнээс хойш 50 шахам жил Монголын гадаад бодлого, Монголын гадаад харилцаа, олон улс судлалын салбарт тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Оросын ард түмэн, Оросын шинжлэх ухааны байгууллагуудтай ойр дотно хамтарч ажиллаж байлаа. 10-аад ном, хамтын бүтээл, 400-аад эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл тавьсан. Түүнээс гадна бид Орос-Монголын харилцааны холбогдолтой олон улсын ба үндэсний хоёр талын хурал, чуулган цөөнгүй зохион байгуулсан. Бидний хамтын ажил, бүтээлүүд манай хоёр орны харилцааг хөгжүүлж, бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байгаа юм. Цаашдаа ч оруулах болно. Энэ хөдөлмөрийг минь үнэлж Оросын засаг төрийн дээд байгууллага энэхүү шагналаар намайг шагнасан гэж бодож байна. Ингэснээр надад цаашид улам ихийг бүтээж, туурвих их урам, зориг өгч байна.
-Та хоёр улсын цаашдын харилцааг хэрхэн харж байгаа вэ?
-“Аль ч улсад мөнхийн дайсан гэж байхгүй. Мөнхийн анд ч гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэж нэгэнтээ Их Британийн Ерөнхий сайд Черчиль хэлж байсан гэдэг. Манай хоёр улсын харилцаа яг үүнтэй адил. Цаашид ямагт харилцан ашигтай, хэн хэнийхээ эрх ашигт нийцсэн чиглэлд л явах болно. Тэгээд ч Монгол, Орос хоёр улс олон зуун жилийн турш хөрш явж ирсэн учраас зан зангаа сайн мэднэ. Цаашдаа хоёр улсын харилцаа улам хөгжиж бэхжих нь дамжиггүй юм.
-1990-ээд онд харилцаа муудсан. Барууныхнаас сайн, оросуудаас муу улс гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэр үеийг бодвол одоо хоёр улсын харилцааг сайжирсан гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Таны бодлоор хоёр улсын шинэ үеийн түүхэн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн?
-Тийм шүү. 2000 оноос хойш, ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилснаас хойш манай дээд удирдлагуудын төвшинд харилцан айлчлал, төрийн төв байгууллагуудын харилцаа, худалдаа эдийн засгийн харилцаа тогтмолжиж ирсэн. Элчин сайд В.В.Самойленко хоёр орны харилцааг бэхжүүлэхэд санаачлагатай ажиллаж байгаа. Бас бэрхшээлтэй талууд ч байна. Тухайлбал, олон нийтийн дунд үе үе их сөрөг агуулгатай цуурхал гардаг болсон. Гэхдээ энэ тал дээр аль аль талдаа сайн ажиллаж байгаа.
-Орос хэл судлалын талаар ямар бодолтой байдаг вэ. Орос сургууль шинээр их байгуулагдаж байна?
-Бид нэг хэсэг Орос хэлийг хаялаа шүү дээ. Даяаршлын үед Англи хэл сурах нь зүйтэй. Үүний зэрэгцээ хоёр хөршийнхөө хэлийг сурч байвал сайн. Яагаад гэвэл хэлээр дамжиж бүх харилцаа явагддаг.
Ер нь гадаад бодлого хаяанаас эхэлдэг гэсэн үг байдаг. Манай хуулийн заалтад гадаад бодлогод тэнцвэртэй харилцаа хөгжүүлнэ гэж заасан. Гэхдээ энэ нь тийм ч амар биелүүлчих зүйл биш. Одоо улс орнуудын харилцаанд эдийн засаг чухал болж байна. Бидний хамгийн гол зорилго эдийн засгаа тэргүүлэх эгнээнд авчрах хэрэгтэй.
-Та Ерөнхийлөгч В.В.Путины талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын тэргүүнээр гурван ч удаа сонгогдлоо. Би түүнд нааштай ханддаг. Яагаад гэвэл тэр Монголд ирээд “Танай орон манай улсын дорно дахинд хэрэгжүүлдэг бодлогод хамгийн чухал байр эзэлдэг” гэж хэлсэн. Өмнө нь ямар ч улсын төрийн тэргүүн ийм үг хэлж байгаагүй. Тэгэхээр Монголыг Путин шиг үнэлсэн төрийн тэргүүн гарч байгаагүй гэсэн үг. Оросын гадаад бодлогын нэг чухал чиглэл нь хил залгаа улс орнуудтайгаа сайн хөршийн харилцаа хөгжүүлэх. Тэгэхээр Монгол Улс жижиг орон боловч Оросын гадаад бодлогод чухал байр эзэлдэг нь үнэн.