Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг голлон хариуцаж зангиддаг газар “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа нарыг АТГ-ынхан баривчилж цагдан хорьжээ. Агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, үүний тулд утаагүй түлш, утаагүй зуух үйлдвэрлэх, авто машинаас гарах утааг багасгах ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг энэ байгууллагад улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөг олгохын зэрэгцээ гадаадын олон төсөл хэрэгжүүлдэг нэлээн мөнгөтэй газар юм. Гэтэл энэ байгууллагын данснаас их хэмжээний мөнгө хувийн аж ахуйн нэгж байгууллагын данс руу шилжиж байсныг илрүүлэн мөрдөн шалгаж, тэднийг байцаан, улмаар цагдан хорьжээ. Одоогоор 10 гаруй тэрбум төгрөг төрийн бус данс тухайлбал туслах нягтлан бодогч А.Болдмаагийн нөхөр, ах дүү нарын данс руу шилжсэнийг тогтоон шалгаж байгаа юм байна.