Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэгтэй эдийн засгийн судалгааны төвшин, ажиллах хүчний нөөцийн талаар ярилцлаа.
-Монголын эдийн засгийн талаарх форум, хэлэлцүүлэг олон зохиогдох болсон. Энэ удаагийн форум бусдаас ямар ялгаатай вэ?
-Энэ удаагийн форум нь илтгэл тавьж байгаа хүмүүс ба тэдний бэлдсэн илтгэлийн чанараараа эрс ялгаатай гэж болно. Хурал болох хугацаанд хэлэлцүүлсэн илтгэлүүдээ олны хүртээл болохын өмнө маш сайн шүүлтүүрээр хянасан байгаа. Тиймээс хийсэн судалгааны чанар өндөр төвшнийх гэж болно. Үүний нэг жишээ нь урьж авчирсан гурван гол илтгэгч маань юм. Йонсен Чан, Нажи Мужан, Шломо Вебер нарын эдийн засагч бий. Энэ гурав олон улсад маш их нэртэй хүндтэй судлаач, эдийн засагч гэдгийг онцлох хэрэгтэй.
-Эдгээр судлаач манай эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байгаа бол?
-Энд зөвхөн Монголын тухай судалгаа танилцуулж байгаа хэрэг биш. Харин судлаачид маань өнөөдөр хамгийн эрэлт, хэрэгцээтэй сэдвээр хийсэн ажлаа бидэнд танилцуулж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Бидний зүгээс ч зөвхөн Монголын тухай ярь гэж шаардаагүй. Илтгэгчид маань тус бүрийнхээ судалгаа хийдэг салбартаа тэргүүлэгч хүмүүс. Жишээлэхэд, нэг нь хөдөлмөр эрхлэлтийг макро эдийн засаг талаас нь их судалдаг байхад нөгөөх нь микро эдийн засаг талаас нь судалгаа хийдэг. Ингэж тавьсан илтгэл судалгаа бидэнд ямар хэрэгтэй вэ гэвэл тэдний хийсэн судалгаа, судалгааны арга зүйгээс бид суралцах, дэвшүүлж байгаа санал бодлыг өөрсдийн явуулж буй судалгаанд тусгаж авах, улмаар түүнийгээ чанаржуулах боломж нээгдэж байна гэж болно.
-Тэгэхээр манайхан макро эдийн засгийн судалгаануудаа дэлхийн төвшинд хүрсэн дорвитой хэмжээнд явуулж чаддаггүй гэж үзэж болох уу?
-Хурал дөнгөж эхэлж байна л даа. Миний хувьд одоохондоо хангалттай төвшинд харьцуулж үзэх боломж гараагүй байна. Ердөө хүмүүсийн тавьсан илтгэлээс олон зүйл суралцаж байна. Цаашид ч суралцана гэж бодож байгаа. Мөн эдгээр судлаачтай удаан хугацааны турш хэрхэн хамтран ажиллах аргачлалаа тодорхойлох юм.
-Эдгээр судлаач урьд нь манай улсын талаар судалдаг байсан гэж дуулсан. Ямар төвшинд судалгаа хийсэн байдаг юм бол?
-Манайхыг яг тухайлж судалдаг хүмүүс биш л дээ. Ерөнхийдөө хөдөлмөр эрхлэлтийн салбарын тал дээр дэлхийн хэмжээнд мэргэжсэн хүмүүс. Жишээ нь, Сьерра-Лион улсад үүссэн нөхцөл байдлын талаар нэг нь ярьж байна. Бусад нь Америк, Өмнөд Солонгост энэ чиглэлээр судалгаа хийж байсан хүмүүс байх жишээтэй.
-Хөдөлмөр эрхлэлтийн салбарыг дэмжиж ажиллана гээд байгаа. Энэ бодлого өнөөдрийн форумтай хэрхэн холбогдох вэ?
-Ер нь, бид хийсэн судалгааны үр дүнгээсээ танилцуулсан. Тэгээд дээр нь энэ мундаг эдийн засагчдын хийсэн судалгааны үр дүнгээс суралцах, саналыг нь авах, тэгснээр судалгааны чанарыг сайжруулах гэсэн зорилготой. Бидний судалгааны үр дүн гэвэл хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтийн асуудал хамгийн тулгамдсан зүйлийн нэг болж байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр төрөөс явуулж буй бодлого нь эрэлтийг илүүтэй дэмжсэн гэсэн үг. Жишээ нь, төрөөс зарлаж байгаа тэр том бүтээн байгуулалтуудын цаана нь хүн хүч хэрэгтэй болно. Гэтэл нөгөө талаас нь авч үзвэл хүмүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлт буурч байгаа нь ажиглагдаад байна. Иймд бид судалгаандаа хөндсөн гол асуудал бол ингэж буурч байгаад нөлөөлөх хүчин зүйл юу вэ гэдгийг л тодруулах явдал юм.
-Тэгээд ямар үр дүнд хүрээд байна вэ?
-Одоогоор анхны жишээ гэхэд л эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд оролцоход сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйл нь бага насны хүүхэд гэдэг нь тодорхой болсон. Бага насны хүүхдийн тоо их байх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо багасч байгаа нь ажиглагдсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нэг талаас урт хугацаанд хөдөлмөрийн эрэлтийг дэмжих хүн амын бодлого яваад байдаг. Нөгөө талд нь зэрэгцээд тэр олон хүүхдийг асрах цэцэрлэг, сургуулийн асуудлыг нэгэн зэрэг шийдэж явах зайлшгүй шаардлага бий. Тэгэхгүй бол нэг талдаа хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хангах урт хугацааны төсөл ч гэлээ богино хугацаандаа, бодит байдал дээр хөдөлмөрөөр хангах боломжгүй болж байна гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ.
-Гаднаас ажиллах хүчин авах тал дээр манайх ямар бодлого явуулж байна вэ?
-Гаднаас ажиллах хүч авах тал дээр өнөө хүртэл гадаадын хөдөлмөр эрхлэгчдийн тоог хязгаарлах байсан. Аль болох өөрийн орны иргэдээр хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих гэсэн бодлого баримталж ирсэн. Энэ бол үндэсний эрх ашиг гэдэг үүднээс яалт ч үгүй зөв. Гэхдээ яг ийм байдлаараа цаашдаа үргэлжлэх боломжгүй. Миний хувьд энэ бүх судалгаанаас авч үзвэл цаашид яг энэ байдлаараа үргэлжлэхэд тун хүндрэлтэй. Яагаад гэвэл хөдөлмөрийн зах зээл дээр бид тэр их төслүүдийг хэрэгжүүлэх богино хугацаанд ажиллах хүчний дутагдлыг хаанаасаа нөхөх юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Ийм тохиолдолд гарах нэг гарц нь бид гадаадын ажиллах хүчнийг дэмжих замаар шийдэж болж байгаа юм.
-Ажиллах хүчтэй холбоотойгоор манай дээд боловсролын төвшний асуудал их хөндөгддөг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол өөрөө тусдаа их сонирхолтой судалгааны сэдэв гэж болно. Яг одоо миний хийж байгаа судалгаанаас үүнтэй холбоотойгоор гаргалгаа хийх боломжгүй. Гэхдээ одоо өөрийн хийж байгаа судалгааны хүрээнд харахад үүнтэй холбоотой тохиргоо байхгүй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийлүүлж байгаа мэргэжилтнүүд ба нөгөө талаас эрэлттэй байгаа мэргэжлийн хооронд ихээхэн зөрүү байна гэж болно. Энэ нь ажилгүйдэл өндөр байхад нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл. Яг энэ асуудлыг зөвхөн судлаач гэлтгүй хувийн бизнес эрхлэгчид хүртэл ярьж л байна л даа.
Тэгэхээр үнэхээр эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжилтнүүдээ бэлдэх талаар судалгаа явуулах, яагаад эрэлт ба нийлүүлэлт хоорондын тохиргоо, уялдаа холбоо алдагдаад байгаагийн шалтгаан нь юу вэ гэдгийг илрүүлэх шаардлагатай юм. Зах зээл дээр мэдээлэл хомс болоод ингээд байх шиг. Эсвэл хүмүүсийн хийж байгаа сонголттой холбоотойгоор ийм зөрүү гарна. Мөн төрөөс явуулж байгаа бодлогын улмаас ийм зөрүүд гараад байгаа эсэхийг бид судалгаагаар нарийн тогтоож, ялгаж салгах шаардлагатай байна даа.
-Ер нь, тухайн салбар болгонд төдий хэмжээний ажиллах хүчин хэрэгтэй байна гэсэн судалгаа манайд хэр хийсэн байдаг юм бол?
-Тиймэрхүү судалгааг барометрийн судалгаа гэдэг л дээ. Тухайн салбарт эрэлттэй байгаа ажиллах хүчний багцаа тоог гаргадаг. Тийм судалгаа бол манайд мэдээж байна. Жишээлэхэд, Мянганы хөгжлийн сорилын сангаас энэ талаар судалгаа явуулж байсан бол өнөөдөр Хөдөлмөрийн хөгжлийн институтээс ийм судалгаа аваад явж байна. Энэ талын судалгаа байнга хийж байгаа гэж болно.
Жишээлбэл, барилгын салбарын мэргэжилтэй боловсон хүчний эрэлт ямагт өндөр байгаа. Цаашилбал, хүнд машин механизмын жолоочдын эрэлт их өндөр.
-Гадаадын хөдөлмөрийн зах зээл байгаа байдалтай манайхыг харьцуулбал ямар дүр зураг харагдах бол?
-Манайд гадаадын хөдөлмөрийн зах зээлтэй төстэй зүйл олон харагдаж байна. Жишээ нь, хаана хаана нь гэрлэсэн хүмүүсийн хөдөлмөрийн идэвх өндөр байна гэдгээрээ. Боловсролтой хүмүүс хөдөлмөрөө илүү идэвхтэй нийлүүлдгээрээ адил. Эрэгтэй хүмүүс нялх хүүхэдтэй бол хөдөлмөрөө илүү их идэвхтэй нийлүүлдэг гэх мэтээр бусад орнуудад хийгдсэн судалгааны үндсэн шинж чанаруудтай нийцэж байна л даа.
-Оюутан залуусыг хөдөлмөрийн зах зээлд илүүтэй татах хэрэгтэй, сул ажлын хүчин яваад байна гэж яригдаж байгаа талаар ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бас л тийм амар зүйл биш л дээ. Сул ч гэж болохгүй байх. Тухайн хүний хийхийг хүсч байгаа ажил нь эрэлттэй байна уу үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Хэрэв тэгэж үнэхээр тийм ажил хийх боломж гараад, хөдөлмөрийн зах зээл маань хэдий чинээ уян хатан болно тэр хэмжээгээр хөдөлмөрийн нөөц маань үр ашигтай хуваарилагдаж, түүний үр шимийг бид бүгд хүртэх боломжтой шүү дээ.
-Гадаад руу гарч ажиллаж байгаа ажиллах хүчний тухайд?
-Энэ талаар олон санал гарч байгаа. Яг ямар хүмүүс гадаад руу гарч яваад байна, тэднээс болоод дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр хомсдол үүсээд байгаа юм биш биз гээд улам илүү нарийвчлан судлах зүйл олон байна.
-Ажилгүйдлийн хувь манайд хэдэн хувь орчим байгаа бол?
-Хамгийн сүүлд гарсан өгөгдлүүдээс үзэхэд манай улсын хэмжээнд ажилгүйдэл долоо орчим хувьтай байгаа.
-Ер нь, хүйсээр ялгасан, өөрөөр хэлбэл жендерийн ялгаанаас үүдэлтэй цалингийн ялгаа хэр байдаг вэ?
-Энэ бас л их сонирхолтой, нарийн судалгаа явуулах ёстой нэг сэдэв. Манай нэг оюутны явуулсан судалгаан дээрх өгөгдлүүдээс үзвэл энэ ялгаа их байгаа болж таарсан. Эрэгтэйчүүд гол төлөв илүү цалин авдаг гэж гарч ирсэн. Гэхдээ ингээд гаргаад орхих биш ийм ялгаа үүсэхэд хүргээд байгаа шалтгааныг маш нарийвчлан судлаж гаргаж ирэх ёстой юм.